Монголчууд  “авьяаслаг” биш

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Энэ удаад дуулж, хуурддаг тухайгаа түр хойш тавья. Учир нь дэлхийн олон улс үндэстнүүд авьяас, чадвараа хэрхэн нөөц бололцоондоо тулгуурлан зөв удирдан ашиглаж буйг уралдуулахад монголчууд олон жил дараалан сүүл мушгиж байна.

Хэдхэн хоногийн өмнө “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2020”-ийг танилцуулахад Монгол Улс 63 орноос 63-т эрэмбэлэгдэв. Монгол Улс өнгөрсөн оны  тайлангаар мөн л 63-т жагссан бол түүний өмнө 62 дугаар байранд орсон. Манайх 2018 онд ардаа нэг улс хийсэн нь нийгэм, эдийн засгийн  гүн хямралд өртөөд буй Өмнөд Америкийн Венесуэл Улс байжээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс бид өнөөдөр дэлхийн улс орнуудын дундах хөгжлийн уралдаанд хаана яваагаа харчихаж болно. Улс үндэстнүүдийн хөгжлийн өрсөлдөөнийг хэт холын марафон гэж үзвэл бид өнөөдөр 63 тамирчнаас 63-т явж байна гэсэн үг. Ерөнхийдөө монголчууд авьяас, чадвар татах, дэмжих үзүүлэлтээрээ олон улсад 2015 оноос хойш тасралтгүй сүүл мушгисан муу мэдээтэй байна. Тэгэхээр монголчуудын авьяасаа ашиглах тал дээр “авьяаслаг”  биш болж таарч байна. Швейцарт төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг уг тайланг Монголд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв олон улсын стандартаар нь хийж, эрхэлдэг. Олон улсын гэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц аргачлалаар монголчуудын авьяас, чадварын ашиглалтыг тодорхойлоход ийм харамсалтай үр дүн гарч байна. Товчхондоо бол дэлхийд ард иргэдийн амь амьжиргаа, сэтгэл ханамж гэх мэт нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Швейцарын стандартыг тус төвийнхөн Монголд нутаглуулсан гэж болно.

Энэ ч утгаараа Швейцар Улс таван жил дараалан авьяас, ур чадвар татах, ашиглах үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэв. Үүнд, чанартай боловсролын систем,  амьдралын өндөр чанар, цалин хөлс зэрэг олон улсад жишиг болсон үзүүлэлтүүд нь нөлөөлсөн байна. Удаах байруудад Дани, Люксембург, Исланд, Швед зэрэг мөн л Европын холбооны улсууд эрэмбэлэгдсэн. Тэдгээрийн араас Хойд Америкийн орнуудаас Канад, Ази тивийн орнуудаас Сингапур эхний 10-т багтжээ. Харин өндөр хөгжилтэй АНУ 15-д, Япон 38-д эрэмбэлэгдэв. Үүнээс гадна манай хөрш орнууд болох БНХАУ 40-д, ОХУ 54-т эрэмбэлэгдсэн бол Бразил, Венесуэл, Словак, Энэтхэг, Монгол Улс сүүл мушгиж байна. Тус судалгааны тайлангаас тухайн улсууд дахь аж ахуйн нэгж, байгууллагууд тогтвортой хугацаанд авьяас ур чадварыг татах, урт хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон үзүүлэлтүүдийг харах боломжтой гэдгээрээ хөдөлмөрийн зах зээлийн тод үзүүлэлт болдог аж.

Дэлхийн өрсөлдөх чадварын төв нийт 63 улсыг авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ, хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development), дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal), бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) гэсэн үндсэн  гурван бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг байна. Эдгээр үндсэн гурван хүчин зүйл нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг. Энэ оны тайлангийн үр дүнгээс харахад, 27 улс авьяас, ур чадварын эрэмбээ ахиулсан, 11 улсын эрэмбэд өөрчлөлт ороогүй бол 25 улсын эрэмбэ буурчээ. Монгол Улсын хувьд авьяас, ур чадварын ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-т эрэмбэлэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн, ажиллах хүчинг ажиллуулах нээлттэй байдлаар 56-рт жагсжээ.   Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад амьдралын чанар 61-рт, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ 63-рт, мэргэшсэн ажиллах хүчний хүртээмж 63-рт, санхүүгийн ур чадвар 62-рт зэрэг үзүүлэлтүүдэд 60-аас хойш эрэмбэлэгдсэн нь нөлөөлсөн байна. Хэдийгээр дээрх үзүүлэлтүүд буурсан ч ажилчдын сургалт, авьяас чадварыг татах, шинжлэх ухааны чиглэлээр төгссөн хүмүүс, их сургуулийн боловсрол, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин зэрэг үзүүлэлтэд тодорхой ахиц гарсан гэдгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн судлаачид онцолсон байна. Монгол Улс ерөнхий үнэлгээгээр хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн ч ерөнхий оноогоо өмнөх жилээс 13.071-ээр, үндсэн гурван бүлэг болох мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал дэд бүлгийн оноог 24.173-аар, ур чадварыг татах дэд бүлгийн оноог 8.173-аар, хөрөнгө оруулалтын хөгжил дэд бүлгийн оноог 5.396-аар ахиулсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс урд чадвар татах, хөрөнгө оруулалтын хөгжил зэрэг ажиллах хүчний үзүүлэлтүүдээ хэмждэг болсноос хойш тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан байна. Мэдээж, улс орны нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй асуудлуудыг нэг л өглөө босоод засах боломжгүй. Нэн тэргүүнд тулгар буй асуудлуудын үр дагавар бус учир шалтгааныг нь зөв, бодит тодорхойлох ёстой. Асуудлынхаа голыг хэмжээд гаргаад ирсэн цагт хөгжил дэвшилд хөтлөх төрийн зөв зүгтээ хөдлөх нь дамжиггүй юм. Хамгийн гол хэмжиж, харьцуулахгүй бид хаана яваагаа ч мэдэхгүй төөрсөөр байх болно. Ийм шалтгаанаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны улсынхаа өрсөлдөх чадварын  тайланг 2010 оноос хойш тасралтгүй 10 жил гаргаж, Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд нэгтгэн өөрсдийнхөө байр байдлыг 63 улстай харьцуулагдаг болсон. Энэхүү тайланд дэлхийн 63 улсыг харьцуулдаг бөгөөд нийт 332 үзүүлэлттэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг. Эдгээр 235 үзүүлэлтийн 143 статистик мэдээлэл 92 нь санал асуулгаас бүрддэг. Тайлангаас өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбэ болон үндсэн хүчин зүйлс болох эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц үзүүлэлтүүдээр ямар оноотой хэддүгээрт яваагаа мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирсан уу, муудсан уу, бүс нутгийн хувьд хаана эрэмбэлэгдэж буй учир шалтгаантай нь харах боломжтой. Мөн тус төвийнхөн нийслэлийн дүүргүүд болон Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг жил бүр гаргадаг болсон нь орон нутгийн удирдлагуудын хөгжлийн зураг болсон гэхэд болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(202.126.88.68) 2020 оны 12 сарын 03

Ийм тэнэг юманд ач холбогдол өгч өөрсдийгөө муулж байгаа оркуудыг одоо яалтай ч бил ээ дээ.

0  |  0
бодох л бодол(64.119.26.3) 2020 оны 12 сарын 03

Цус ойртсоны хар гай. Европод цэвэр цустай хүн гэж байхгүйтэдний хэнтэй нь хууч хөөрч удам угсаагаа ярьвал аль нэгтэгээ холилдсон байдаг.

0  |  0
63(202.179.25.144) 2020 оны 12 сарын 03

Монголыг зүгээр л 63 гэмээр ч юм шиг. Коммунист нам, коммунистуудаас болж ийм байдалд орсноо ухаарах цаг болсон.

0  |  0
Зочин (66.181.179.54) 2020 оны 12 сарын 03

УРГЫН БИЧИГИЙГ ЦАХИМЖУУЛААД 9 ҮЕДЭЭ ЦУС ХОЛИЛДОХГҮЙ ХАМГААЛАЛТ БҮХИЙ СИСТЕМИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
иргэн(202.9.46.9) 2020 оны 12 сарын 03

ЮМ ХИЙЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ЯАЖ ХӨГЖИНӨ ДӨӨ , ДЭЭРЭЭС НЬ БААХАН БӨХЧҮҮД ИХ ХУРАЛДАА СУУЛГАЧИХСАН ЯАНА Д АА

1  |  0
Top