“Уулын бугыг хараад унасан морио яаран хаях” осолтой

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

ОРШЛЫН ОРОНД

Боловсрол нь оюун ухааны том “үйлдвэрлэл” бөгөөд байнга шинэчлэл шаардаж байдаг онцгой салбар. Нийгмийн  хөгжлийн зүй тогтол болон шаардлагаар боловсролын системийн агуулга, бүтэц, арга хэлбэр байнга өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирснийг хүмүүс андахгүй. Аливаа улс  орны хөгжил нь боловсролын системийнхээ шинэчлэл, эцсийн үр дүнгээс ихээхэн хамааралтай байдаг нь хүн төрөлхтний түүхийн явцад батлагдсан “үнэн” юм. Тодруулбал хөгжсөн оюунлаг бүтээлч хүн л нийгмийн хөгжлийг түүчээлдэг бөгөөд тийм хүн нь шат дараалан системчлэгдсэн боловсролын байгууллагаар дамжин бэлтгэгддэг. Тэгэхээр аль ч оронд нийгмийн болон хүний хөгжлийн үүр уурхай нь боловсролын салбар гэдэг нь тов тодорхой хэрэг. Боловсрол мэдлэгээс ангид хөгжил дэвшил хүн төрөлхтний түүхэнд байсангүй. Монгол орны хувьд XIII-XIV зууны үеэс дорно дахины тэр дунд Хятад, Энэтхэг, Төвөд зэрэг орны шашин соёлын нөлөөгөөр, тодорхой хүрээнд боловсрол соёлын тогтолцоо тогтож эхэлсэн түүхтэй. Улмаар Монголд буддын шашин дэлгэрч ирсэн үеэс сүм хийдийн боловсролын тогтолцоо бүрэлдэн хөгжиж ХХ зууны эхтэй золгожээ. ХХ зууны эхэн үед төвөд бичиг эрдмийн сургалтын зэрэгцээ, манж, монгол бичгийн хэд хэдэн тэнхим байгуулагдаж бичиг хэргийн түшмэл, бичээч нарыг бэлтгэж эхэлсэн нь боловсролын систем бүрэлдэн тогтох угтал болсон юм. Улмаар ардын хувьсгал ялсны дараагаар Зөвлөлт Орос улсын хэв маягаар бага сургууль, удалгүй дунд сургууль, техникум байгуулагдаж, шинжлэх ухаан боловсрол мэдлэг олгож ирсэн түүхтэй. Монголд  тэр үед 49 сургууль, тэнхим ажиллаж байсан аж. 1940 онд үндэсний их сургууль байгуулагдаж, боловсролын бүрэн бүтэн тогтолцоо буй болж, салбарлан хөгжсөн. Хөгжлийнхөө явцад ЗХУ-ын /хуучин нэрээр/ боловсролын системийн агуулга бүтэц, зохион байгуулалтыг хуулбарлаж, үндэсний түүх, уламжлал, онцлогоор баяжуулан хөгжүүлсээр 21-р зуунтай золгосон билээ. Одоо ч ЗХУ-ын буюу  Орос улсын боловсролын системийн хэв маяг, бүтэц зохион байгуулалт хадгалагдсаар байна. Энэ хугацаанд шавь болон уламжлалт сургалтаас гадна хөгжүүлэх сургалт, программчилсан /сургалтын машин ашигласан/ сургалт зэргийг сургалтын практикт нэвтргүүлж сургалтын арга барилд өөрчлөлт гаргах оролдлогууд хийж байсан нь түүх болон үлджээ.  Мөн дунд сургуулийн практикт ЗХУ-ын сурган хүмүүжүүлэгч Шаталовын тулгуур дохионы /опорный сигнал/ систем болон эрдэмтэн Сухомлинский, Макренка, Бабанский, Лернер нарын сурган хүмүүжүүлэх онолыг нэвтрүүлэх гэж багш нарыг захиргаадаж байсан үе ч бий. Тэр бүхнээс ямар үр дүн гарч байсныг өнөөдөр хэлэхэд бэрх ч багш нарын арга барилд шинэчлэлийн салхи оруулалт байсныг үгүйсгэх аргагүй. 21-р зуун гарсаар боловсролын салбарт Английн Кембриж, АНУ-ын Харвардын сургалтын хөтөлбөрийг хуулбарлан авч хэрэгжүүлэх оролдлого хийгдэх боллоо. Энэ нь буруутгах аргагүй алхам мөн боловч ултай судалж, эрэмбэ дараалалтайгаар хэрэгжүүлэхийн оронд сэтгэлийн хөөрлөөр, хувийн ашиг сонирхол илт шахалзуулан зүтгэж байгаа нь “Уулын бугыг хараад унасан морио хаяв” гэгчийн замаар орж магадгүй байгаа нь харамсалтай. Ингэж хөнгөн гоомой хандсаны улмаас манайхаас илүү хөгжилтэй, хөрөнгө материаллаг баазын асар их нөөцтэй Азийн хэд хэдэн орон боловсролын системээ самарч орхисон  гашуун түүх бий билээ.

 

ТОМ ХЯТАДЫН АЛДААТАЙ АЛХАМ

Хятад орон 1911 оноос Японы боловсролын хөтөлбөрийг хуулбарлан хэсэг яваад ЗХУ /хуучин нэрээр/-тай коммунист үзэл суртлаар холбогдож, нийгэм журамт нийгмийг байгуулж эхэлсэн үеэсээ Орос болон европын орнуудын боловсролын систем, тогтолцоо, хөтөлбөрийг авч хэрэглэсэн гэдэг. Энэ нь ч Хятад улсад манай улсын ижил ач тусаа өгчээ. Гэсэн ч Хятад улсын төр засаг нэг намтай, чөлөөт зах зээлийн тогтолцоотой коммунист нийгмийг байгуулж эхлэх үеэсээ Харвардын боловсролын х өтөлбөр авч шинэчлэл хийж эхэлсэн гэдэг. Энэ шинэчлэлийн магнайд Шэньжэний их сургууль, Бээжингийн их сургууль гарч иржээ. Энэ үед Шэньжэний их сургуулийн захирал Ло Жүн Чи “Их дээд сургуулийн зүрх нь намын албан тасалгаа биш номын сан” хэмээн хэлж бүхний анхаарлыг татсан түүхтэй. Чухамдаа Хятадын боловсролын системийн шинэчлэлийн “галт тэрэг” хүчээ авсан хэрэг.  Төлбөртэй сургалт, төгсөгчид ажлын байраа сайн дураар сонгох, багш ажилтныг урих, суралцахын хажуугаар ажиллах зэрэг шинэ тогтолцоонууд бий болжээ. гэсэн ч Шэньжэний их сургуулийн энэ шинэчлэл өргөн хүрээг хамран хол явж чадаагүй. Үүний учир шалтгааныг Хятадын нэрт эрдэмтэн, багш Лан Шэнь Пан хэд хэдэн нөхцлөөр тодорхойлсон. Юуны урд Хятадын их дээд сургуулиудад үзүүлэх төр засгийн болон нийгмийн шахалт сул учраас хатуу хөшүүн, царцанги байдал газар авч, сургуулийн захирал, эрдэмтэн багш нар оюутнуудтай тулж ажиллах ажиллагаагаа орхигдуулж чанарыг биш тоог хөөцөлдөх хандлагатай болсон. Төрөөс суралцаж байгаа оюутны тоогоор санхүүжилт олгох учир энэ байдлыг улам өөгшүүлсэн аж. Нөгөө талаар дээд сургууль төгссөн нэр зүүх, дипломтой болох хүсэл сонирхол нийгмийг хамарч 5-6 мянган юань төлчихөөд хүссэнээ гүйцэлдүүлэх болжээ. Ийм сул бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг үндэсний баян корпорацууд шилж сонгож аваад өөр дээрээ дахин сургалт явуулж, шаардлагатаа нийцүүлэн хөгжүүлж эхлэв.  Ингэснээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд олширч, их дээд сургуульд нийгмийн зүгээс тавих шахалт шаардлагыг сулруулж дөнгөсөн аж. Нийгмийн болон төр засгийн шахалт шаардлага сулаас болж сургууль гоё ганган барилга байгууламжаар өрсөлдөж, эрдэмтэн багш нар нь цалин  хангамж сайтай, хөшүүн хойрог байдалд орох явдал элбэг болжээ. Ингэснээр Хятад улс боловсролын үнэлгээний хувьд Англиас 105 жил, Хонконгоос 45 жил, Америкаас 31 жил хоцорч байна гэж дүгнэжээ. Эрдэмтэн багш Лан Шэнь Пан энэ үнэлгээгээр нарийн тооцож үзвэл манай улс боловсролын үнэлгээгээр хаана тоосорч байгаа нь тодорхой. Дээр дурдсан гажиг тогтолцоо манай их дээд сургуульд байсаар байгааг хэн үгүйсгэх билээ.

 

ТАЙВАНИЙ СУРГАМЖ

 

Тайвань нь хөгжлийн хувьд манайхаас хол түрүүлснийг хүмүүс мэднэ. Боловсролын системдээ ч онцгой анхаардаг орон аж. Гэхдээ боловсролын системийн шинэчлэлдээ бидэнд сургамж болохоор алдаа хийснийг энд  дурдъя. Тайвань 1990 оноос Америкийн маягаар олон их дээд сургуулийг байгуулж багшийн цалин хөлсийг нэмж, сургалтын төлөвлөгөө, сурах бичгийг өөрчлөн шинэчилж “Олон талт их дээд сургууль” хөдөлгөөн өрнүүлжээ. Оюутан элсүүлэх босго оноог доошлуулж 11,2 болгосноор дунд сургуульд элсэхээр шалгалт өгсөн сурагчдын 96,3 хувь нь тэнцсэн дүн гарсан байна. Энэ тоо 2008 онд 97,10, 2009 онд 97,14 болж өсчээ. Гэсэн ч оюутны тоо төлөвлөсөн хэмжээнд хүрэлгүй 4000-6000 суудал эзэнгүй үлдэж байв. Сургуулийн хотхон, анги танхим, ахуй хангамж, багш ажилтны ажиллах нөхцөл бүгд л шинэчлэгдсэн байна. Гэсэн ч энэ шинэчлэл ямар ч үр дүнд хүрсэнгүй. Оюутны мэдлэг боловсролын түвшин муудаж, Америкийн энд хүрэх тухай ярих нь хэт эртэдсэн хэрэг болжээ. Яагаад ийм алдаанд хүрэв гэдгийг эрдэмтэн багш Лан Шэнь Пан: “Оюутныг эн тэргүүнд тавихгүй юм бол, ямар ч шинжлэл амжилт олохгүй. Энэ талаар Тайвань “Овор багатай их дээд сургууль” гэдэг ойлголтыг бүхэлд нь үл ойлгосноор том алдаа хийсэн. Тайваний олон мэргэжилтэн үргэлж Америкийн Харвардын их сургууль, Пенсильваний их сургууль, Ейлсийн их сургууль зэрэг судалгаанд суурилсан нэгдсэн их сургуулиудын цар хүрээг хар гэцгээж, том сургууль байгуулах хийрхэлд автсан. Гэтэл Америкт их дээд сургуулиасаа бага хэмжээний коллежууд олон бөгөөд сургалт нь сайн, чадварлаг боловсон хүчнийг сонгон ажиллуулдаг. ...Үүнийг олж хараагүй” хэмээн дүгнэжээ. Энэ нь монголчууд бидэнд том сургамж биш үү. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрнэ” гэсэн хаа ч үйлчилдэг философи бий. Энэ үүднээс авч үзвэл дэлхийд гайхагдсан Кембриджийн их сургуулийн  хөтөлбөрийг тэр чигээр нь хуулбарлан Монголд идээшлүүлнэ гэдэг нь ултай судалж, нарийн тооцож үзүүштэй асуудал болж байна. Монгол хүүхдүүдийн тархи, оюун ухааны чадамж хүрэхгүй гэж бодохгүй байна. Багш нарын  мэргэжлийн бэлтгэл, сэтгэлгээний хэм хэмжээ, сургуулиудын сургалт, технологи мэдээллийн бааз, лабораториудын хүрэлцээ, хангамж, сул сургалттай олон дээд сургууль, оюутнаа орхисон сургалт зэрэг нь боловсролын хөгжилд тушаа болж байгаа билээ. Кембриджийн боловсролын хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхийн өмнө эдгээр асуудлуудаа шийдвэрлэж, оюутнаа анхаарлын төвдөө оруулж ирэх шаардлага байна гэж хэлэлтэй.

 

ХОНГКОНГИЙН ТУРШЛАГА

Хонгконг нь Англи маягийн сургалтын хөтөлбөртэй бөгөөд түүнийгээ шинэчилж хэрэгжүүлэх талаар Эх газрын Хятадаасаа хол давсан орон аж. Эх газрын Хятадаасаа боловсролын үнэлгээгээр 45 жилээр түрүүлсэн статистик байдгийг дээр тэмдэглэсэн. Яагаад Хонгконг ийм үр дүнд хүрчихээ вэ гэсэн асуулт гарч ирнэ. Юуны урд Хонгконгийн их сургуулийн багш нарын мэргэжлийн бэлтгэл, ур чадвар жигд өндөр. Тэднийг сонгож авахдаа хичээл заах ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын туршлага, байнга бичиж туурвих сэтгэлгээний чадамж зэргийг нарийн шалгадаг аж. Жишээ нь Хонгконгийн Жүнюнь их сургуульд шинээр багш болохоор өрсөлдөх хүн тус сургуульд зочилж нийт багш нарын өмнө эрдэм боловсролын түвшингээ харуулах нэг бүтээлээрээ илтгэл тавьж, хэл яриа, сэтгэлгээний  хөгжил, заах чадвараа харуулна. Энд хичээлд оролцсон бүх багш нар үнэлэлт дүгнэлт өгч, санал бодлоо  хэлдэг бөгөөд эдгээр саналыг нэгтгэж дүгнээд онцгой өндөр мэдлэгтэй, нэр хүндтэй гурван эрдэмтэн, багшийг ажилд авах эсэх талаар шийдвэр гаргадаг аж. Энэ нь хэр баргийн багш давж гарахааргүй шүүлт юм. Нөгөө талаар сургуулийн удирдлагууд, багш нар оюутнуудтай байнга харьцаж ойр дотно ажилладаг. Ямар ч оюутан аль ч асуудлаар захиралтай харьцах нь нээлттэй. Дээр нь Хонгконгод их дээд сургуульд хүлээлгэх нийгмийн шахалт буюу хариуцлага өндөр байдаг аж. Эцэг эх хүүхдээ суралцуулахын тулд сургуультай гэрээ байгуулж, хариуцлага үүрүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлдэг байна. Ингэснээр багш, оюутан нарын хэн хэн нь “гэрээний хариуцлага”-аа ухамсарлаж боловсролын шинэчлэлийн хөдөлгөх хүч болдог хэрэг. Мөн сургуулийн санхүүжилтыг яамнаас томилогдсон санхүүгийн хороо шийдвэрлэдэг. Энэ хороонд сургуулиа сайн мэддэг, олон жил ажилласан, мэдлэг туршлагатай, эрдэмтэн багш нар болон гадаадын санхүүгийн мэргэжилтэн оролцдог аж. Яам тамгын түшмэл, төрийн төлөөлөл ордоггүй, дан мэргэжлийн баг шийдвэрлэдэг гэсэн үг. Тийм учраас ямар нэг ашиг сонирхол ороогүй, сургуулийнхаа хөгжилд түлхэц өгөх санхүүжилт хийгддэг байна. Их дээд сургуулийн газар авсан “өвчин” болох захиргаадалтаас бүрэн ангижирсан хэрэг. Эдгээрээс харахад Хонгконгийн сургалтын систем нь ихээхэн ардчилсан хэв шинжтэй, нийгмийн шахалт шаардлага өндөртэй, хариуцлагын чанга тогтолцоотой болох нь тодорхой байна. Ийм болохоор Америкийн их дээд сургуулиудын нэгэн адил ойр ойрхон шинэчлэл хийгдэж хөтөлбөр нь улам бүр төгөлдөржиж байгаа аж.

 

“УУЛЫН БУГЫГ” ХАРААД “УНАСАН МОРИО” ШИНЖИХЭД...

Бидний Орос улсаас хуулбарлан авсан боловсролын хөтөлбөр тийм ч муу биш. Дээр нь ганц нэг шинэчлэл хийж Кембриж мэтийн сургуулиудын хөтөлбөрийг хэрэгжүүлэх оролдлого хийгдэж байна. Мөн овор багатай дээд сургууль, коллежиуд байгуулж, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг сэргээлээ. Монгол хүүхэд залуучуудын оюуны чадамж, дэлхийн хөгжилтэй орнуудынхаас төдий хол хаягдаагүй байна. Гэсэн ч манай улсын боловсролын үнэлгээ дэлхийн жишгээс 200 орчим жилээр хоцорч байгаа нь нууц биш. Үүнийг ойлгон мэдэрч Кембрижийн боловсролын хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх санал дэвшигдэж байгаа нь сайн  хэрэг. Гэхдээ улс төр хийгээд хувийн ашиг сонирхолтой хольж хутган, нийгмийн гишүүдэд тэгш бусаар үйлчилж, баян хоосны ялгаа үүсгэж, ардчиллын хэв хэмжээг эвдсэн тогтолцоо үүсгэвэл “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэр болно. Ингэж нийгэмд эмгэнэл тарихгүйн тулд юуны урд судалгаанд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, багш бэлтгэдэг тоготолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Багш бэлтгэдэг сургуулиудын материал баазыг бэхжүүлж, тухайн сургуульд элсэгчдийн хангамж, урамшууллын системийг сайжруулах шаардлагатай байна. Барилга байгууламжийг нь том, гоё ганган болгохоос илүүтэй лаборатори, сургалт, технологийн бааз, туршилтын төвүүдийг дэлхийн жишигт ойртуулах нь чухал. Сул сургалттай их дээд сургуулиудын тоог цөөлөхийн тулд шалгуур үзүүлэлтүүдийг шинээр тогтоож, эрдэмтэн багш нарт тавих шаардлагыг өндөржүүлэх цаг болсон. Оюутнуудад өгөөж муутай, бардам ихэмсэг зантай "хусран” академич, “хууранбай” докторууд боловсролын хөгжилд чөдөр  тушаа болж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Мөн хөгжилтэй орнуудын туршлагаас харахад өндөр алба хашиж байсан хүмүүс багшлах нь оюутан сурагчдад ямар ч наалдацгүй, хуурай номнол урсгаж цагийг бардаг аж. Оюутнуудыг анхаарлынхаа төвд оруулж, нягт нямбай ажиллаж чаддаггүй багшийг ямар ч зэрэг цолтой байсан боловсролын салбарын гадна орхихгүйгээр хөгжлийн тухай ярих нь алдаатай алхам болдгийг дээрх орнуудын туршлага харуулж байна. Манай улсын боловсролын хөгжлийн хоцрогдол энэ бололтой. Багшийн сайнд эрдмийг өвлөдөг, шавийн сайнд багшийн үйлс мөнхөрдөг нь эртний уламжлал билээ. Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн боловсролын тогтолцоогоо сайжруулах нь эхний алхам гэдэг үүднээс энэ мэтийг бичив. Тариаланч хүн ургац арвин авахын тулд хөрсөө л сайн боловсруулдагтай үлгэр нэг буюу. Мөн модыг эхлээд тархиндаа ургуулж дараа нь тарьдаг үлгэрээр  боловсролын шинэчлэлийг хийхийн тулд эхлээд сэтгэлгээндээ шинэчлэл хийх хэрэгтэй.

Н.Даваадаш /Соёлын гавьяат зүтгэлтэн/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top