Ираны “ЦӨМИЙН БӨМБӨГИЙН ЭЦЭГ”-ийн аллагын эргэн тойронд

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Ираны физикч, цөмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Мохсен Фахризаде амь үрэгдээд удаагүй, түүнийг хөнөөсөн хэрэгт нарийвчилсан олон зүйлс гарч ирэн, тухайн өдөр үйлдэгдсэн аллагын талаар олон хувилбарууд нэмэгдэж байгаа хэдий ч Ираны улстөрчид дуу нэгтэйгээр Израилийг буруутгасаар байна. Иранд болсон энэхүү эмгэнэлт явдал АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены ажлыг нэлээн хүндрүүлж болзошгүй хэмээн зарим шинжээчид үзэж байгаа аж. Фахризаде бол Ираны хамгийн алдартай физикч, цөмийн бөмбөгийн мэргэжилтэн, Исламын хувьсгалт харуулын Корпусын өндөр тушаалын офицер байсан бөгөөд  Америкийн тагнуулынхны мэдээлж буйгаар, тэрбээр цөмийн цэнэгт толгой үйлдвэрлэх нууц хөтөлбөрийг удирдаж байсан аж. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Америкийн цөмийн зэвсгийг үүсгэсэн Манхэттен төслийн удирдагч асан Роберт Оппенгеймер-тэй зүйрлэн, Израилийн “Моссада”-ын гол бай хэмээн нэрлэжээ.

Фахризаде өнгөрөгч баасан гарагт Ростамкол хотоос гурван хамгаалалтын машин дагалдсан цуваанд хуяглагдсан автомашинд сууж явахдаа Тегеран хотоос зүүн зүгт 80 км зайтай байрлах зам дээр амь үрэгдсэн юм. Түүний аллага Ираны парламент болон дээд түвшний эрх баригчдын уур хилэнг бадрааж, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /International Atomic Energy Agency, IAEA/-ийн хяналт шалгалтыг хязгаарлаж, уран баяжуулах хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх хуулийн төслийг хэлэлцэх ажлаа хурдавчилсан байна. Мөн энэ үеэр өдөөн хатгалгын тухай сэрэмжлүүлэг ч сонсогдон, аллагын гол зорилго нь Израилын зүгээс байнга эсэргүүцсээр ирсэн 2015 оны цөмийн хэлэлцээрт Ираныг эргэж орохоос урьдчилан сэргийлж, саад учруулах явдал бөгөөд АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден Тегерантай бүтээлч хэлэлцээр хийхэд ихээхэн төвөгтэй болно хэмээн зарим шинжээчид үзэж байгаа аж. Халдлага болсны дараахан албаны эх сурвалжийн зүгээс, цөмийн хөтөлбөрийн удирдагчийн хамгаалалт болон “үл мэдэгдэх террористуудын” хооронд мөргөлдөөн болсны уршгаар алдарт физикч, түүний бие хамгаалагч, мөн дайрагч талын хэдэн этгээд амь үрэгдсэн талаар мэдээлж, тэдний ойролцоо байсан нэг машин дэлбэрсэн тухай Ираны Фарс агентлаг онцолж байжээ.

Өнгөрөгч ням гарагт Фахризадегийн цогцосыг тус улсын сүм хийдүүдээр авч яван салах ёс гүйцэтгэж, даваа гарагт хөдөөлүүлсэн байна. Ираны парламент уг аллагад хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж, Аятолла Али Хаменеи, Ерөнхийлөгч Хассан Рухани нар гэм буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг шаардсан бөгөөд хүчний байгууллагуудын дарга нар уг шаардлагыг биелүүлэхээ амласан аж.  Тагнуулын байгууллагын төлөөллүүд чухал сэжмүүд олсон талаар ням гарагт товчхон мэдээлж байсан бол Ираны үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани тус улсын тусгай албад уг аллагыг зохион байгуулагчийг олж тогтоосон тухай даваа гарагт мэдэгдээд, “Энэ бүхнийг хэн төлөвлөсөн болон 

түүний өнгөрсөн амьдралын тухай бидэнд тодорхой болсон” хэмээн өгүүлэхдээ чухам хэн гэдгийг нэрийг нь дурдсангүй.  Ингээд уг аллагатай холбоотой янз бүрийн хувилбарууд гарч байгаагийн заримаас сонирхуулъя.

Алсын удирдлагат, өөрийгөө устгагч пулемёт

Аллагын бүхий л хувилбаруудад Фахризадегийн цувааг буудсан болон ойролцоох автомашин дэлбэрсэн талаар өгүүлэгдэж байгаа хэдий ч уг машин дотор хүн байгаагүй тухай Фарс агентлаг онцолсон байна. Исламын хувьсгалт харуулын Корпустай холбоотой агентлагийн мэдээлснээр, аллагын дараахан дэлбэрсэн Nissan маркийн пикап машин дотор суурилуулсан алсын зайн удирдлагатай пулемётын суманд физикч эрдэмтэн оногдож амь үрэгдсэн гэжээ. “Гурван минут хэртэй үргэлжилсэн тэрхүү аллагын ажиллагаанд гэмт хэрэгтэн гэгдэх алуурчин-агентууд биечлэн оролцоогүй. Автомат зэвсэгээс гал нээхэд зөвхөн бие хамгаалагч амь үрэгдсэн. Харин дараа нь тэдний машинаас 150 метр зайтай зогсож байсан Ниссан машин дээр суурилуулсан алсын удирдлагатай пулемётоос эрдэмтэн рүү хэд хэдэн удаа буудаж, хоёр сум хажуу тал руу нь, нэг сум нуруунд нь тусаж нугасыг нь гэмтээсэн. Төд удалгүй нөгөө Ниссан машин дэлбэрсэн” хэмээн уг агентлагийн мэдээнд дурдсан байна.

Анхаарал сарниулах маневр

Харин Ираны Цөмийн эрчим хүчний агентлагийн дарга асан Ферейдун Аббаси Давани телевизэд ярилцлага өгөхдөө өөр маягийн хувилбарыг дэвшүүлсэн аж. Түүний өгүүлснээр, аллагын газарт хүмүүс байсан бөгөөд тэсрэх төхөөрөмж бүхий Ниссан машины дэргэд Фахризадегийн цувааг зогсоохын тулд буудсан хэдий ч Фахризаде буун дуу сонсонгуут пикап руу хүрэлгүй машинаа зогсоон, эхнэрээ хамгаалахын тулд хуягласан машинаас гарч ирэн суманд оногдсон” гэжээ. Буудалцааны үеэр Фахризадегийн бие хамгаалагчдын нэг амь үрэгдсэн бөгөөд Ниссан машин дэлбэрсэн явдал бие хамгаалагчдын анхаарлыг сарниулж, дэлбэрэлтээс үүссэн шороо тоосны улмаас тэдний харах хүрээ хязгаарлагдсан гэж Давани өгүүлсэн байна.

 

Мэргэн буучдын баг

Исламын хувьсгалт харуулын Корпустай ойрын харилцаа бүхий зохиолч, нийтлэлч Жавад Могуи өөрийн инстаграм хуудсанд бас нэгэн өөр хувилбар дэвшүүлжээ. Тэрбээр Ниссан пикап машин дотор мэргэн буучид суугаад физикч эрдэмтнийг хүлээж байсныг “нотлох” өөрийн эх сурвалжуудыг нийтэлсэн байна. Тэрбээр машин доторх дөрвөн зорчигч, дөрвөн мотоциклч, хоёр мэргэн буучийн талаар бичсэн хэдий ч түүний энэхүү мэдээлэл бусад эх сурвалжуудад батлагдаагүй аж. Могуи өөрийн нийтлэлээр дамжуулан улсынхаа тагнуулын байгууллагыг шүүмжилсэн бөгөөд аллагыг зохион байгуулагчдад мэдээлэл дамжуулдаг дотоод тагнуул тэдний бүтцэд шургалсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буйгаа нуусангүй.

ЭНЭ ЯВДАЛ ЮУГ ӨӨРЧИЛЖ БОЛОХ ВЭ

Иран улс Фахризадегийн аллагын хариуд тооцоотой, шийдвэртэй алхам хийх болно гэж шашны удирдагч Хаменеигийн зөвлөх, Ираны олон улсын харилцааны Стратегийн зөвлөлийн тэргүүн Камаль Харази мэдэгджээ. Мөн Ираны консерватив Kayhan сонин Израилын Хайфа боомт хотод цохилт өгөхийг уриалсан байна.

Иймэрхүү хариу алхам нь Америкийн шинэ засаг захиргааны зүгээс Тегерантай харилцаагаа сайжруулах дурын оролдлогыг ихээхэн төвөгтэй болгож болзошгүй аж. Ираны парламент өнгөрөгч ням гарагт Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /International Atomic Energy Agency, IAEA/-ийн хяналт шалгалтыг хязгаарлаж, уран баяжуулах хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх хуулийн төслийг хэлэлцэх ажлаа хурдавчлах шийдвэр гаргасан энэ үед Ирантай харилцаагаа сайжруулах нэн төвөгтэй алхам АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены өмнө тулгарч болзошгүй хэмээн зарим шинжээчид дүгнэж байна. “Энэхүү гэмт хэрэгт Израиль улс хамаатай гэдэгт өчүүхэн ч эргэлзээ байхгүй талаар тагнуулын төлөөллүүд ярилцаж байна. Хэрэг гарах үеийн шинж тэмдгүүд ч мөн “Моссада” тусгай ажиллагааны төлөвлөгөөний дагуу явагдсан болох нь илэрхий байгаа. Израильчууд энэ талаар үгүйсгэх юм юу ч ярихгүй байгаа бөгөөд тус улсын Ерөнхий сайд Нетаньяху Ираны аюулын тухай, амь үрэгдсэн эрдэмтэн Фахризадег найман сая үндэстэнг нэг дэлбэрэлтээр устгах чадалтай зэвсгийг бүтээж буй нэг номерын дайснаа хэмээн нэрлэж байсан” хэмээн New York Times-ийн тоймч Дэвид Сангер бичсэн аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(24.252.135.173) 2020 оны 12 сарын 04

Novshiin Isrealiig gazariin hursnuus archuul taarna

0  |  0
Top