Халдвар авсан иргэний хүүхдүүдийг байранд нь оруулахгүй гадуурхжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Халдвар авсан иргэний ар гэр тусгаарлалтын хугацаагаа дуусган, өнөөдөр гарсан ч амьдардаг байрных нь оршин суугчид, СӨХ-ийн дарга нь оруулахгүй, хөөж, чичилсэн асуудлаар иргэнээс ирсэн гомдлын дагуу ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр сурвалжилжээ.


Арваннэгдүгээр сарын 09-ний өдөр иргэн Х ажлынхантайгаа "Говь гурван сайхан" караокед үйлчлүүлжээ. Энэ нь халдвартай ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын хүний үйлчлүүлсэн газар бөгөөд үүнээс улбаатай халдварын тохиолдол олноор гарсан.

Иргэн Х үйлчлүүлсэн өдрөөсөө хойш гурав хоногийн дараагаар халуурч, толгой нь өвдөн, халдвар авсан шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Ингээд эмнэлгийн байгууллагад хандахад халдвартай буюу эерэг гарчээ. Тэрбээр гурван хүүхдийн хамт байрны подволд амьдардаг байсан.  

Түүний ар гэр болох гурван хүүхдийг ч мөн тусгаарлан, шат дараатай шинжилгээ авсан ба азаар хоёр хүүхдийн шинжилгээ сөрөг гарч, "Улаанбаатар" зочид буудалд тусгаарлагдсан бөгөөд дунд охин, ээж хоёроос халдвар илэрч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
 
"Улаанбаатар" зочид буудалд тусгаарлагдаж байсан халдваргүй хоёр хүүхдийн 14 хоногийн тусгаарлан ажиглалтын хугацаа дууссан тул өнөөдөр өглөө гэрийн тусгаарладтад гарсан байна. 
 
Гэтэл БЗД-ийн 4 дүгээр хорооны ... байрны оршин суугчид тэднийг гэрт нь оруулахыг эсэргүүцжээ. Хүүхдүүд энэ талаар СӨХ-ны даргадаа хэлсэн боловч "Дээрээс оруулахгүй бай гэсэн тушаал ирсэн учраас гэр бүлийн бусад гишүүдийг эмнэлгээс гарч иртэл оруулахгүй" гэж мэдэгджээ. Ингээд 4 настай, 17 настай хоёр хүүхэд байрныхаа гадаах цагдаагийн байранд яахаа мэдэгдэхгүй хорогдох үеэрээ ТВ8 телевизийн 19001952 дугаарт хандсан байна.
 
Хүүхдүүдийн ээж буюу ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа эмэгтэйн ярилцлагад анхаарлаа хандуулна уу!
 

Top