Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлт хоёр дахин нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 05

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханmтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал“-аа өнгөрсөн амралтын өдрүүдээр хийлээ. Хурлын талаар тодруулахгүй юу?

-Энэ удаагийн “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” дэлхий дахинд тархаад буй цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын үед анх удаа цахимаар явуулж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан хурлын заал танхимыг мэргэжлийн байгууллагаар хоёр цаг тутамд халдваргүйжүүлэлт хийлгэн, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд бүгд шинжилгээнд хамрагдаж, амны хаалт, бээлий гэх мэт нэг удаагийн хэрэгслийг тогтмол хугацаанд солих зэрэг халдвар, хамгаалалын дэглэмийг нарийн баримтлан ажиллалаа.

Сонгон шалгаруулалтын тухайд аль болох олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, шалгаруулалтыг явуулахыг зорилго болгон ажиллалаа. Ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-ыг байгууллагынхаа youtube дэх Жижиг, дунд үйлдвэрийн газар SME Agency of Mongolia сувгаар хоёр өдрийн турш шууд дамжууллаа. Энэ зорилгодоо хүрсэн болов уу гэж бодож байна. Өмнөх жилийг бодвол бид техник технологийн дэвшилт, цаг хэмнэсэн илүү хурдан, хүмүүст ойлгомжтой, нээлттэй нөхцөлд шалгаруулалт болж өнгөрлөө гэж ойлгож байна. Төслийн хорооны гишүүдэд МХАҮТ, Төслийн удирдлага Хөгжлийн хүрээлэн ТББ, Баялагч бүтээгчдийг дэмжих холбоо ТТБ, “Зах, зээл судлалын хүрээлэн” ТББ-ын төлөөлөл оролцлоо. Жижиг дунд үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагаа гурван талт оролцооноос бүрдэж байгаа. Нэгдүгээрт төрийн байгууллага, хоёрдугаарт төрийн бус байгууллагын төлөөлөл, гуравдугаарт бизнес эрхлэгчид гээд гурван талт үйл ажиллагааг ханган ажиллаж байна. 

Төслүүдийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү сайжирсан байна. Төслөө хамгаалах бэлтгэлээ хүмүүс маш сайн хийдэг болж. Төслүүдийн үнэлгээ маш бага онооны зөрүүгээр  эрэмбэлэгдэж байгаа нь өрсөлдөөн маш их байгааг харуулж байна. Мөн Олон улсын төслийн стандартад ойртож очсон гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл,  төслүүд маань Эрсдэлийн удирдлагын талаар тодорхой ойлголт авсан байна. Даатгалын зардлаа тооцоод оруулж ирж байна. Чанарын нэгдсэн удирдлагын стандартаар бүтээгдэхүүн үйл ажиллагааг ямар стандартад нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах вэ, Хэрэглэгч болон өрсөлдөгч зах зээлээ судлаад орж ирж байгаа зэргээс ингэж дүгнэж болохоор байна.

-Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах  хэдэн төсөл хүлээж авсан бэ. Үүнээс хэд нь Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар оров?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд нийт 1579 төсөл, 238.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс орон нутаг /21 аймаг/ 810 төсөл 78.7 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод 769 төсөл 159.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээлийн багцыг Жижиг, дунд зээлийн багц, Орон нутгийн зээлийн багц, Бичил зээлийн багц гэж гурав ангилсан. 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангилалд  хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Бичил зээлийн багц”-ын ангилалд холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлдсэн. Эдгээр төслийн эзэд  “Төсөл сонгон шалгаруулах  хорооны хурал”-д хоёр өдрийн турш цахимаар оролцож өөрсдийн төслөө танилцуулж, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох “Бичил зээлийн багц”-аас 64 аж ахуй нэгж, 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болоод байгаа юм. Үлдсэн 48 төсөл улаан шугамын ард эрэмбэлэгдсэн бөгөөд дараагийн шатны санхүүжилт орж ирэхээр шийдэгдэнэ гэж ойлгож болно.   

-Эдгээр 64 аж ахуй нэгжийн санхүүжилтийг шууд олгох уу?

-Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа хийгддэг том ажил бол хөрөнгийн үнэлгээ. Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээ хийдэг 30 гаруй байгууллага бий. Тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг эдгээр байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгож эхэлнэ

-Зээл олгож буй салбар чиглэлийн хувьд тодруулахгүй юу?

-Хуулиараа жижиг дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоодог. Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн  зүүн бүс гээд  тогтоосон. Бүс бүрт  нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэлийн нөөцөд нь тулгуурлаж тогтоосон гэсэн үг. Үүнийхээ дагуу  жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 онд дэлхий нийтийг хамарсан  цар тахлын улмаас ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл,  ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан. Эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл, зоорь, хүлэмжийн салбар чиглэл багтжээ. Эдгээрээс гадна нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон. БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсний дагуу энэ салбарт Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч судалгаа хийсэн. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбар 90 гаруй гаруй хувьтай өртөж байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг  зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлсон байгаа. Хэрэв зээл олгох салбар чиглэлээ тогтоогоогүй бол хэд дахин олон төсөл хүлээж авна гэсэн үг.

-Зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэв?

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 688 мянган тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зээлийн сандаа бүрдүүлсэн. Зээл өгөх мөнгөө эхлээд бүрдүүлнэ гэсэн үг. Үүнээс Засгийн газрын бонд 290  орчим тэрбум төгрөгийг, Хөгжлийн банкны бондоос, улсын төсвөөс 180  орчим төгрөг тэрбум төгрөг бүрдүүлсэн. Зээл олгосон нь 968 тэрбум  төгрөг. Яагаад 968 болчихов гэхээр эргэн төвлөрүүлсэн хөрөнгөө буцаан зээлнэ дээ. Тэгэхээр би өнөөдөр 100 төгрөгтэй байлаа. 100  төгрөгөө таньд зээлье эргээд 110 болгоод авлаа. Дараачийн хүн дахиад 110 төгрөг зээлнэ. Ингэхээр чинь хоёр дахин үржигдэнэ шүү дээ. Тэгээд нэмэгдсээр 968 тэрбум болчихож байгаа юм.

-Бүрдүүлсэн эх үүс­вэрүүдийн буцаан төлөлт хэр үлдэгдэлтэй байгаа вэ?

-Хөгжлийн банкны бондыг 2020 онд хүүтэй нь бүрэн дарж дууслаа. Засгийн газрын бондоос 280 тэрбум төгрөгөөс 44 тэрбум төгрөг төлөх үлдсэн. Энэ ондоо багтаад бид 3.3 тэрбум төгрөгийг төллөхөөр ажиллаж байна. Ирэх онд 41 тэрбум төгрөгийг төлнө. Энэ асуудлаар салбарын сайд болон сангийн яамтай зээлийн эргэн төлөлтийг хойшлуулъя гэсэн байдлаар танилцуулаад ажиллаж байна. Эргэн төлөлт дээр илүү сайн ажиллах шаардлага тулгарч байгаа. 

-Зээлээ төлж дуусаад эдгээр аж ахуйн нэгж дахиад л үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг.  Улсаас өгч байгаа энэ хөнгөлөлттэй зээл  байнгын тасралтгүй явж байж нийт аж ахуйн нэгжийн  66.3 хувийг эзлээд байгаа  дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг нийлүүлээд байгаа тэр аж ахуй нэгжүүд амь бөхтэйгөөр үлдэх биш үү?

-Ер нь энэ салбар өөрөө тасралтгүй байнга хөгжих ёстой. Жижиг, үйлдвэр дунд болоод дундаасаа том болоод олон ажлын байр бий болоод явах учиртай.  Таны хэлснээр ийм асуудал бодит амьдралд байна. Монголд төдийгүй дэлхийд ийм асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдэх тал дээр дэлхийд ямар арга хэрэглэж байгааг бид судалж үзсэн. Олон улсын хувьд жишээлбэл Казахстаны Жижиг, дунд үйлдвэрлэлийн турршлагаас нь  судлаад үзэхэд “3өвлөх үйлчилгээ”-ний ажлыг цогцоор нь маш сайн хийдэг юм байна.  Хүмүүс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэдэг бол зээл олгодог газар юм байна л гэж хараад байдаг. Гэтэл нөгөө зээлийн эргэн төлөлтийн  хувь хэмжээ ямар байгаагаас дахиад энэ зээлийг хэчнээн аж ахуйн нэгжид олгох вэ гэдэг шууд шалтгаалаад явчихдаг. Тийм учраас манай газар дотроо Бүртгэл статистик нэг цэгийн Үйлчилгээний хэлтэс байгуулсан. Энэ хэлтсээс маань хэн ч ирээд дуртай үедээ мэдээлэл авч болно. Бүх талын зөвлөгөө  авах боломжоор нь хангах ийм зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл салбарын талаар ямар ч ойлголтгүй нөхөр цаасан дээр төсөл бичээд мөнгө авчихдаг байсан бол одоо эхлээд бодит мэдээллээ авна гэсэн үг. Дараа нь сургалтандаа сууна. Эцэст нь сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төслүүдийг хүлээж авъя гэж байгаа юм. Тэгэхээр бизнес эрхлэх хүн маань бизнесийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй, санхүү нягтлангаа яаж удирдах, ямар татвар төлөх вэ, эрсдэл, боломжоо харчихна. Цалингаа яаж бодох вэ, бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр зарах юм гээд бүгдийг өөрөө тооцоолчих мэдлэгтэй болно. Үүндээ  тулгуурлан төслөө бичнэ. Төсөл бичихэд нь ч туслалцаа үзүүлэх үйлчилгээ өгнө.  За ингээд төслөө бичээд өөрөө хамгаална гэсэн үг. За нэг хэсэг нь мэдээж хөрөнгө санхүү дутагдаж авч чадахгүй байх нь. Авсан аж ахуйн нэгжүүдэд зээлээ авангуут нь бид зөвлөгөө өгөөд үргэлжлүүлээд аваад явна. Нөгөө хүн маань ямар нэгэн байдлаар санхүү дээрээ доголдоод байна уу. Эсвэл бүтээгдэхүүнийхээ борлуулалт дээр доголдоод байна уу гэдэг дээр нь олон улсын болон дотоодын зөвлөхүүдийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Ингэж байж бид зээлээ бүрэн төлүүлнэ. Компанийг ч хөл дээр нь босгоно. Нэг талдаа гол зорилго маань өөрөө өөрийгөө тэжээгээд явж байгаа аж ахуйн нэгжээ хөл дээр нь босгоно. Нөгөө талдаа олгосон зээлээ бүрэн авах ажил юм. Зээл дууссан ч гэсэн нөгөө аж ахуйн нэгж “Зөвлөгөө аваад зээлээ нэмэх, ж үйл ажиллагаагаа томруулмаар байна” гэвэл нээлттэй. Ингээд явах боломжийг хангаж өгч байгаа юм.

-Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 262 тэрбум төгрөг, 1124 зээлдэгчтэй байна. Үүнээс  зээлийн эргэн төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон буюу 90-ээс дээш  хоногийн хугацаа хэтрэлттэй 360 орчим аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлтийг сайжруулах талаар олон ажил хийж байна. Жижиг, дунд үйлдвэрийн газар дотроо Хууль, тусгай активийн хэлтэс байгууллаа. Банкны өр барагдуулах албатай адилхан үүрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь энэ хэлтэс  маань зургаа долоохон хүнтэй. 360 орчим өрөө төлөхгүй байгаа нөхдүүдийн араас хөөцөлдөнө гэсэн үг шүү дээ. Энэ бол хэцүү даалгавар. Гэхдээ хэцүү гээд шантрах эрхгүй. Эхнээсээ бага гэлтгүй үр дүн гарч байна. 2019 онд зөрчилтэй байсан зээлүүдээс 6.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2020 онд аян зохион байгуулаад 12 тэрбум төгрөг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх онтой харьцуулбал хоёр дахин их эргэн төлөлт төвлөрүүллээ. Эргэн төлөлтийн чиглэлд ахиц гарч байна, ажиллаж болох нь гэж харж байгаа.

-2021 онд танайхаас улсын төсөвт 90 тэрбумын санхүүжилт тусгуулахаар саналаа өгсөн. Гэтэл төсөвт нэг ч төгрөг тусгасангүй. Коронагийн үед дэлхийн бүх орон эдийн засгаа аврах бодлого барьж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад мөнгө өгөхийг хориглосон шийдвэр гарангуут ЖДҮ санд улсаас мөнгө төвлөрүүлэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд энэ зээлийг авах нөхцөл бүрдэнгүүт улс нүүрээ бууруулж эх үүсвэрээ өгөхгүй болж байна гэж ярьж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Засгийн газар бодлогоор Жижиг, дунд үйлдвэрийн салбарыг дэмжиж байгаа. Агентлагаа байгуулчихлаа, тодорхой бодлогын бичиг баримтуудаа боловсруулаад ажиллаж байна. Таны хэлсэнчлэн дэлхий нийт коронагийн үед эрүүл мэндийн салбар, жижиг дундын салбартаа  хамгийн их хөрөнгө оруулалт хийж байна. Үнэхээр энэ цар тахлын үед эрүүл мэндийнхээ салбарт илүү хөрөнгө оруулалт оруулах ёстой байх гэж харж байгаа. Хөрөнгө санхүүгийн хувьд хүрэлцээ муу, улсын эдийн засаг  ч хүнд байна. Гэхдээ бид зөвхөн төсөв харахгүйгээр олон улсын, донор байгууллагад хандаж байна. Жайка-тай олон улсын байгууллагатай хамтраад 30 орчим аж ахуйн нэгжид томоохон хэмжээний зээл олгох талаар ажиллалаа. Жайка-гийн ОУБ Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажиллах бодлого барьж байгаа. Тиймээс жижиг дундынхаа салбарууд дээр  дэмжих бодлого барья гэдэг шийдвэр гаргасан. Жайка банкаар дамжуулан зээл олгодог учраас шаардлага хангасан жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчдэдээ зээл олгох талаар ажиллана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.47.6) 2020 оны 12 сарын 05

Бидний сэтгэлгээний нэг том хоцорогдол бол заавал зээл авахгүй бол болохгүй юм шиг Бид японд очиж сонитой өрсөлдөж зурагт хийхгүй харина одоо манайд бол тал шиг сайхан боломж байна та нар минь бодоорой

0  |  0
Top