Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаар ахлуулсан “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хурлын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 27-28-ны өдөр хуралдааныг цахимаар зохион байгуулж, Төсөв сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцуулагдсан билээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангилалд хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн ба Жижиг, дунд үйлдвэрийн газраас холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлдсэн юм. Эдгээр төслийн эзэд “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-д хоёр өдрийн турш цахимаар оролцож, өөрсдийн төслөө танилцуулан, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох “Бичил зээлийн багц”-аас 64 аж ахуй нэгж, 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон юм.
Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгох ажил эхлэх аж.
ЖДҮХС-аас 2020 онд зээл олгох тэргүүлэх салбар чиглэлийг танилцуулъя.
Хуулиараа жижиг, дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоодог. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн зүүн бүс гэж тогтоосон. Бүс бүрт нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэлийн нөөцөд нь тулгуурлаж тогтоосон гэсэн үг. Үүн дагуу жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг аж.
2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл, ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарчээ. Тиймээс эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн байна. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл, зоорь, хүлэмжийн салбар, чиглэл багтжээ.
Эдгээрээс гадна нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон. БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсний дагуу Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтарч судалгаа хийжээ. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбар 90 гаруй гаруй хувьтай Ковидын сөрөг нөлөөнд өртөж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг зээл олгох салбар чиглэлдээ оруулж, бодлогоо тодорхойлжээ.