Монголын нийт экспортын дийлэнх нь нүүрсний салбарт ногддог. Боловсруулах үйлдвэргүй, баялаг барагтай бүтээдэг Монгол Улсад ачааны хүндийг уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбар нуруундаа үүрсээр ирсэн. Гэвч энэ жил цар тахлын сүүдэр бүх салбарыг нөмөрсөн нь нүүрсний зах зээл дээр ч тусахад хүрэв. Коронавирусээс шалтгаалж энэ жил хоёр ч удаа хилээ хаасан нь экспортын гүйцэтгэл тасалдахад хангалттай нөлөөлжээ.
Тахлын сүүдэр нөмөрч байхад нэг том боломж гарч ирсэн нь Австрали-Хятадын харилцаа хурцадсан явдал байлаа. Чухамдаа Австралийн өндөр чанартай нүүрсийг монгол нүүрс орлох боломж гарч ирсэн ч тахлын сүүдэр энэ боломжийг үндсэндээ үгүй хийчихлээ. Одоо Хятадын дотоодод Австралийн ч, Монголын ч нүүрс хомсдож эхэлжээ.
Сар гаруйн өмнө коронавирусээс шалтгаалж хөл хорио тогтоов. Өнгөрсөн III-VI сарын хугацаанд хөл хорьж, хилээ хаасантай харьцуулахад асуудал энэ удаад арай өөр байсан юм. Учир нь дотооддоо халдваргүй “тогтоон барьж” байсан бид дотооддоо халдвараа тавиад туув. Цар тахлын сургаар бүсээ хангалттай чангалаад байсан Монголын эдийн засаг ийнхүү амьсгал авч чадах эсэх нь эргэлзээтэй болж ирэв. Австрали-Хятадын маргаанаас шалтгаалан Монголын нүүрс өндөр чанартай Австралийн нүүрсийг орлож эхэлж байхад ийнхүү тахлын сүүдэр туслаа. Хятадын дотоодод Монголын ч, Австралийн ч нүүрс хомстолд ороход хүрэв. Бээжин Австралийн нүүрсний салбарт хориг тавьснаас хойш Монголын нүүрс хүссэн ч, эс хүссэн ч гол тоглогч болж цойлсон. Хятадын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, дипломат нөхцөл байдлаас шалтгаалан Монголын нүүрсний үнэ ч өссөн. Монгол Улсын Засгийн газар ч ирэх жилийн төсөөллөө энэ эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан өөдрөг болгосон. Гэвч коронавирус өөдрөг төсөөллийг унтраах нөхцөл болж байгаа нь харамсалтай.
“Эхний хагас жилд коронавирусний цар тахал ид дэгдэж байхад ч Монголын нүүрсний олборлолт нийлүүлэлтэд төдийлөн нөлөөлөөгүй. Тухайн үед Монголын экспортын хэмжээ бага байсан нь дэд бүтцийн саад бэрхшээлтэй холбоотой байсан юм” гэж Маккензи фирмийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Саймон Ву ярьсан юм.
Монголын дотоодод халдвар тархсан гэх мэдээллийн дараа тээвэрлэлт тасалдаж эхэлсэн. Хятадын талаас жолоочдыг заавал шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэх шаардлага тавьсан нь нүүрсний тээвэрлэлтийн тасалдалт үүсгэхэд нөлөөлжээ. Нэмэр дээр нэрмээс гэгчээр манай талаас нэвтэрч буй нүүрс тээврийн жолооч нар хуурамч шинжилгээний бичиг баримт бүрдүүлж байгаа нь хяналт, шалгалтыг улам чангатгасан. Алив зүйлийг аргалах гэсэн манайхны зан ийнхүү гаалын бүрдүүлэлт удаашрахад нөлөөлжээ. Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ өслөө. Далянь боомт дээр коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 4.1 хувиар өсөж 1535 юаньд хүрчээ. Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ хамгийн сүүлд 2016 оны намар л ийм өндөр хувиар өсөж байсан.
БНХАУ-ын томоохон үйлдвэрүүд Монол Улсад тавьсан хөл хорионы хатуу дэглэм энэ сарын 11-нд буурна гэсэн хүлээлттэй байна. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжилбэл зах зээл дээр коксжих нүүрсний үнэ үүнээс ч өснө гэдгийг шинжээчид анхааруулсан юм. БНХАУ-ын Cauxing Coal цахим хуудаст мэдээлснээр Монголоос нийлүүлэх нүүрсний тээвэр өнгөрсөн аравдугаар сараас хойш бараг 80 гаруй хувиар унажээ.
Өнгөрсөн сарын байдлаар Тавантолгой-Цагаан хад чиглэлд тээвэр хэвийн үргэлжилж байна. Харин Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн богинын тээвэрт саатал үүсжээ.
Коронавируст цар тахлын сүүдэр хоёр талын нүүрсний нийлүүлэлтэд тэртээ тэргүй сүүдрээ тусгаад эхэлсэн учраас Монгол-Хятад харилцан хэлэлцэн байж “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр талын нийлүүлэлт эргэн сэргэх дүр зураг ажиглагдаж байв. Гэвч Монгол Улсын дотоодод халдвар тархсан нь энэ дүр зургийг огцом эргүүлэхэд хүргэсэн. Өнгөрсөн сарын сүүлээр арай тодруулбал XI сарын 25-ны өдөр Хятадын “SXCoal” цахим хуудаст БНХАУ-ын талын Ганцмод боомтын агуулахад нүүрсний хэмжээ нэг сая тонн болж ердийн үеийнхээс эрс буурсан тухай мэдээлж байв. Түүнчлэн тээврийн зардал ч нэмэгдсэн гэдгийг мэдээлэв.
Дорноговь аймагт “COVID-19”-ийн халдварын 17 тохиолдол илэрсний дараа БНХАУ-ын тал хилийн хяналтаа чангатгаж, Монголын нүүрс тээврийн жолооч нарыг Монгол Улс, БНХАУ-ын талд нэг, нэг удаа “COVID-19”-ийн шинжилгээ өгөхийг шаардаж эхэлсэн байна. Энэхүү шинжилгээ нь долоо хоногийн хугацаанд хүчинтэй. Мөн Ганцмод боомтоор үдээс өмнө нүүрс тээврийн автомашинуудыг нэвтрүүлж, үдээс хойш татан авалтаа зогсоож, хоосон автомашинуудыг буцаан гаргаж байгаа бөгөөд Монголын жолооч нарыг БНХАУ-ын талд хонуулахгүй байх шаардлага тавих болов.
Коронавируст халдвар Монголын эдийн засгийн гол ачааг үүрдэг нүүрсний салбарт аль хэдийнээ сүүдрээ тусгаад эхэлсэн. Тэртээ тэргүй хүнд байдалд байгаа Монгол Улсын эдийн засаг хэрхэхийг түүхий эдийн экспорт харуулна. Одоогоор бол бүх зүйл байж болох хамгийн муу нөхцөлд байна. Ялангуяа БНХАУ Австралитай марган байж хориг тавьсан нь ацан шалаанд орох нөхцөл болж байгаа. Ний нуугүй хэлэхэд Хятад бол коксжих болон эрчим хүчний нүүрсний импортоос хараат биш. Хилийн чанадад нийлүүлэлт тасалдахад хүрвэл дотоодын хангамжид тэр бүр нөлөөлөөд байдаггүй. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд Монголын тал хөл хорионы хатуу дэглэмээ хэзээ бууруулах тухай хүлээлт үүсгээд байна. Шинжээчид нөхцөл байдлаас шалтгаалан Австрали-Хятадын харилцаа эргэн сэргэж болох юм гэж таамаглаж байгаа ч Хятадын засаг захиргааны байр суурь арай өөрийг хэлж байгаа юм. Энэ тохиолдолд хүхрийн агууламж өндөртэй ч Монголын коксжих нүүрс Австралийн коксжих нүүрсийг орлохоос өөр аргагүй болно. Гэвч цар тахлаас болоод монголын нийлүүлэлт ч саарчихсан...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН