Ерөнхийлөгчийн хоригт авсан хариу арга хэмжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Айсуй 2021 оны төсөв хэл амтайхан батлагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл хориг тавиад алдав.

Тэрээр төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах санал оруулсан нь цаг үеэ олсон зүйл байв. Мөн өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан, нэн даруй хэрэгжүүлэх санал нь яг өнөөдрийн нөхцөлд анхаарал хандуулахуйц зүйл байсныг хаа хаанаа ярьж байна. 

Хамгийн чухал зүйл гэвэл үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарах тухай дурдсан нь өнөөдөр биш өчигдөр хэрэгжүүлж эхлэх ёстой ажил байв. Ерөнхийдөө төсөв, Төсвийн тухай хуульд халдаж, асуудал үүсгэхгүй саналууд байсан гэхэд болно.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан эхний үед нэлээд улс төрийн шинж агуулгатай, илтэд хөндлөнгийн оролцоотой хориг тавьдаг байсан бол энэ удаад чамгүй хөрсөн дээр хэрэгжих боломжтой, авууштай санал гаргасан байв. Ерөнхийлөгчийн сонгууль өдөр хоногоор ойртож байгаа өнөө үед хийтэй алхам хийж болохгүйг ч мэдэж байгаа биз ээ.

Гэвч холбогдох Байнгын хороо, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй. УИХ ч юу байхав. МАН-ынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээн аваагүй л гэсэн үг.

Ерөнхий сайд маань ч өөрөө “Мөнгө байдаг бол ард иргэд, өвгөд хөгшид, үр хүүхдүүдээсээ харамлах зүйл алга. Засгийн газарт байхгүй. Харамсалтай нь бидний боломж хязгаарлагдмал байна. Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмнийг хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас болж юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаатай адил” хэмээн олон нийтэд шуудхан мэдэгдэнэ лээ. Олон нийтэд гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчид зориулсан гэлтэй мэдэгдэл байв. Мөнгө байхгүй нь ч үнэн байх. Гэвч нөхцөл байдал дордвол “Бидэнд мөнгө байхгүй. Цаасан мөнгө хэвлэж улс орноо, иргэдээ хорлохгүй” гээд ард иргэдээ турааж алахгүй байх. Үүний цаана улс төрийн ямар нэгэн агуулга илтэд нуугдаж байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед Х.Баттулгын тавьсан хоригийг хүлээн авч хэрэгжүүлэх юм бол Ерөнхийлөгчийн рейтинг өсөж, МАН-ын рейтинг доошилно гэх айдас эрх баригчдад байж болох юм. Түүнээс бус Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлд цагийн байдлаа үнэлсэн, гарцаагүй хэрэгжүүлэх ёстой зүйлс тусгагдсан байв. Ерөөсөө үүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль нь ч бай хэрэгжүүлэх ёстой ажил байсан гэхэд болно. Тэгэхээр энэхүү санал санаачилга өнөөдөр зайлшгүй шаардлагатай байгаа тул хаяг шошгоо өөрчлөөд хэн нэгний нэрээр хэрэгжиж таарна. Яагаад гэхээр өөр гарцгүй цаг үед амьдарч байна. Гэхдээ бүх зүйлд цар тахал гэсэн хөшиг татчихаад хандаж болохгүй. “Жоомоо устгах гээд гэрээ нураах, шатаах”-тай адил зүйл болно.

Ерөнхийлөгч маань төсөвт хориг тавихаасаа өмнө “Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох” тухай саналыг Засгийн газарт хүргүүлсэн ч хүлээн аваагүй. Үүнийг эрт яаран сандран гаргаж ирэх шаардлага байсангүй. Ерөнхийлөгчийн хувьд нэг ч гэсэн өдрийн өмнө ард олонд таалагдах санал санаачилга гаргах нь юу юунаас чухал байгаа ч үүнийг дэмий л яарч, гэрэл цохиулсанаас газар авсангүй.

Одоо энэ санааг МАН хэрэгжүүлэх нь гарцаагүй. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тодотгож хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн тэргүүнээр ажилласан дөрвөн жилийн ажилд ард түмэн дүн тавина. Түүнд дөрвөн жилийн өмнө чухам юу юу гэж амлаж байсныг сануулна, нэхнэ гээд ажил бий. Тэгэхээр хэн Ерөнхийлөгч байхаас үл хамааран, энэ мэт ард иргэдэд таалагдах гэсэн акц өрнөж таарна. Ерөнхийлөгчийн хоригт “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарах” хэмээн дурдсан нь бий. Энэ бол яах аргагүй өнөөдөр биш өчигдөр хэрэгжүүлэх ёстой ажил мөн. Өнгөрөгч сарын 11-ээс хойш хөл хорио тогтоон, сар шахам болоход энэ чиглэлд нөхцөл байдал хүндэрсэн. Бүх зүйл зогссон байдалтай байна. Засгийн газраас 23 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж, шахмал түлшнийхээ үнийг 50 хувь бууруулж байна, зарим татвар гувчуурт хөнгөлөлт үзүүлэх, тэглэх замаар арга хэмжээ авч байгаа боловч энэ нь хөрсөн дээр бодит дэмжлэг болсонгүй. Захын хороололд иргэд өлсөж байна, даарч байна. Худалдаа эрхлэгчдийн орлого зогсож, “Өдрийн зээл” нэртэй мөнгө хүүлэлт, банкны зээл гэх мэтэд дарлуулж сууна. Дундаж түвшингүй болсон Монгол Улсын нийгэм тэр чигээрээ хүнд байдалд орсон учраас хэн ч ийм санал гаргах байв.

Хэрвээ Засгийн газар ч бай, УИХ ч бай Ерөнхийлөгч Х.Баттулгын өрх бүрд нэг сая төгрөг өгөх саналыг дэмжсэн бол айсуй сонгуульд Х.Баттулга “Би өрх бүрд нэг сая төгрөг өгсөн” хэмээн сонгуульдана. Одоо энэ санал дэмжигдээгүй учраас “У.Хүрэлсүх, МАН өгөөгүй” гэх байх. Гэвч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэг сая төгрөг олгох саналын хэлбэр дүрсийг өөрчлөөд амиа аварчихаа эрх биш мэдэх байх. Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт МАН, У.Хүрэлсүх ийм л хариу арга хэмжээ авч байгааг буруутгах аргагүй. Улс төр бол улс төр. Гагцхүү Ерөнхийлөгчийн энэхүү санал ямар нэгэн хэлбэр дүрсээр ард түмэнд хүрэхгүй бол хариу арга хэмжээ биш болох нь гарцаагүй. Эсрэгээрээ Ерөнхийлөгчид оноо авчирна гэсэн үг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.6) 2020 оны 12 сарын 10

нэг өрхөд нэг удаагийн нэг сая эсхүл сар бүр хүүхэд бүрт нэг зуун мянган төгрөг гэвэл би лав хоёр дах хувилбарыг сонгоноо тнэг л биш бол

0  |  0
Эмээ(202.21.108.6) 2020 оны 12 сарын 10

Буцаагаад өгчих. Тэгвэл эвийг эвдэж, өөрийнхөө рейтингийн төлөө засгийн газрыг цаасан мөнгө хэвлүүлж нэг удаа биднийг хуурах гээгүй гэж итгэе.

0  |  0
Эмээ(202.21.108.6) 2020 оны 12 сарын 10

Хүүхдийн мөнгө 4 хүүхэдтэй манайх сар бүр 400000 төгрөг аваад хуучнаасаа илүү хоолтой сайхан л байна. 10 сар өвчний айдасгүй зүсэм диваажин шиг амьдралд байлаа. Монгол хүний хууль дүрэм биелүүлдэггүй дандаа нэг заваарч байдаг, ариун цэвэр сахьдаггүй заваан зан нь ард түмэн эх орондоо гай болох юм.юмны үнийн өсөлтөнд хяналт тавиад боломжийн л нэмэр болж байна. Ганц манай орны аж ахуйн нэгжүүд биш дэлхийн орон бүрд хүнд байна шүү дээ. Баттулга ерөнхийлөгчөө бидэнд мөнгө өгмөөр байвал ард түмний өмч байхад нь авсан мах импекс, баян гол, талх чихэрч билүү, бас тэр төмөр замын мөнгөө ард түмэнд буц

0  |  0
Наран(64.119.23.35) 2020 оны 12 сарын 10

Тороос ард иргэдээ дэмжлэг узуудэх нь зов л доогэхдээ хавьгайруулах нь юу л бол манай еронхийлэгч монгоор л иргэдээ татан тайвшруулах саналтай хун юмаа даа

0  |  0
Top