АНХААРЛЫН ТӨВД: УИХ гунигт шийдвэрээ залруулах уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

-Стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд орлого Монголын банкаар дамжуулах заалт 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг-


Гадаад худалдаанаас хараат, уул уурхайн түүхий эдээс өөр шальтай экспортгүй Монгол Улс ам.доллар олохын тулд байдаг бүхий л арга чаргаа хэрэглэж ирсэн. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд давхар санаачилсан Валютын зохицуулалтын хуульд хийх өөрчлөлт. УИХ-аар хэлэлцэж буй хоёр хуулийн төсөл ерөнхийдөө ижил зорилготой. Товчхондоо бол Монгол Улсад орох гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боон хязгаарлах бус харин Монголоос гарч буй байгалийн баялгийг мөнгөн дүнгээр нь эргэлзээгүй тоолох агуулгатай.  Энэ зохицуулалт стратегийн ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалттай компанийг хамарна гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын санаачилсан төсөлд тусгаснаар стратегийн ач холбогдолтой орд ашиглаж, экспортоос их хэмжээний гадаад валютын орлого олдог компаниудын төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулах юм. Улмаар Монголын төр стратегийн гэж тодорхойлсон ордоос гарч буй баялгийг тоо ёсоор бүртгэх замаар төгрөгийн дархлаа болдог валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тодотгожээ. Бусдаар бол ямар нэг гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боосон заалт байхгүй. Гадаадаас хөрөнгө оруулалттай  компани Монголбанкинд орлогын дансаа нээгээд, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад л болох асуудал. Харин зарим эдийн засагчийн зүгээс хуулийн төслөөр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд олгох гүйлгээний тооцоо хязгаарлах эрх гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэж үзэж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл УИХ-ын гишүүдийнхтэй агуулгын хувьд ижил. Ерөнхийлөгч Х.Баттулга үүгээрээ стратегийн ордууд дахь төрийн хяналтыг сайжруулах УИХ-ын хэсэг гишүүний байр суурийг дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлсэн гэхэд болно. Гэвч УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлэхдээ Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гуравдагч хөршийн ашиг сонирхол шингэсэн Оюутолгойн ордыг онилсон мэт тайлбарыг хуулийн төсөлдөө зүүсэн. Энэ нь ч парламентын гишүүдийг уг хуулийн төслөөс зугатаах шалтгаан болж мэднэ. Ерөнхийлөгч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан. УИХ-ын ажлын хэсэгт мэдээллээ гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан зэргийг эш татсан юм. Уржигдар УИХ-ын даргад хаягласан бичигт энэ тухайгаа дурдсан бөгөөд гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх эрхтэй Ерөнхийлөгчийн зүгээс гаднын аль нэг компанийг онилох нь өөрөө зохисгүй алдаа боллоо. Гаднын түншүүдэд ч гуравдагч хөршийн бодлоготой Монгол Улсын талаар нэгийг бодуулсан биз. Магадгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ШХАБ-д элсэх байр суурийг эргэн сануулсан байх.

Учир нь барууны чиглэлтэй Монгол Улсын гадаад түншүүд Валютын зохицуулалтын тухай хуулийг эсэргүүцэж ирсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын 2017 онд хамгийн их маргаан дагуулсан 29 дүгээр тогтоол гэж бий. Уг тогтоолд гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалттай компанийн орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг байхаар тусгаж баталсан байдаг. Гэвч уг тогтоол Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй зөрчилдсөн гэдэг шалтгаанаар батлагдсан өдрөөсөө хэдхэн хоногийн дараа УИХ-ын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон түүхтэй. Тогтоолыг хүчингүй болгосон чуулганы портоколийг эргэн сануулахад, тухайн үеийн УИХ-ын гишүүд хүндхэн нөхцөлд гутамшигтай үйлдэл хийж буйгаа гайхацгаасан байдаг юм. Дараа нь буюу 2018 онд УИХ-ын олонх Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг  дэмжиж шийдвэрлэсэн. Тэр үед Сангийн сайд Ч.Хүрэбаатар стратегийн ордыг ихэвчлэн олон улсын гэрээний дагуу ашигладаг. Олон улсын дүрэм, журмыг дагах ёстой. Монгол Улс олон улсын дүрэм журмаас ангид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Засгийн газар дээрх  хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгийг хэлж байлаа. 

Эдийн засгийн салбаруудад, валютын зах зээлд томоохон өөрчлөлт үзүүлэх магадлалтай Валютын зохицуулалтын тухай хуулийн өөрчлөлт ийнхүү 2016 оноос хойш яригдаж байгаа. Гаднын улсын туршлагаас үзэхэд,  АНУ-ын Холбооны нөөцийн банк нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс зарим банкны бус салбарын хуулийн этгээд төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор Төв банктай харилцах данс нээж эхэлсэн. Мөн Косово Улсын Төв банк банкнаас бусад хуулийн этгээд, нийтэд үйлчилгээ үзүүлдэг. Литва Улсын Төв банк өөрийн чиг үүргийн хүрээнд зах зээлийн оролцогч гэж тооцогдох хуулийн этгээдийн дансыг өөр дээрээ байршуулах үйл ажиллагаа явуулдаг. Малави Улсын Төв банк төрийн өмчит компанид данс нээх, төлбөр тооцоог гүйцэтгэх зэргээр банкны үйлчилгээ үзүүлдэг зэрэг жишээ олон юм байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын Төв банкууд эдийн засгийн өсөлтөө дэмжих тулд санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг   компани, төрийн өмчид байгууллагуудад данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
И(59.153.112.14) 2020 оны 12 сарын 10

ЗГ ШИЙДВЭР ХЭРЭГЖИЛТ УДААШРАЛТАЙ Б.А..ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХОЙШЛУУЛЛАА ГЭЭД БАНК НЬ ХҮСЭЛТЭЭ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ДЭЭРЭЭС ШИЙД ИРЭЭГҮЙ Б.А ГЭЭД ТАМЛААД БАЙХ ЮМ.ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ Б\nА..АМЬДРАЛ ДЭЭР АМ АЖИЛ ЗӨРӨӨД Б.А ШҮҮ ДЭЭ..ХҮЛЭЭГЭЭП СЕТРЕСДЭЖ ДУУСЛАА.

0  |  0
иргэн(202.9.46.49) 2020 оны 12 сарын 11

МОНГОЛ ТӨГРӨГ УУГ НЬ АРДАА АЛТААР БАТАЛГААЖСАН БАЙДАГ , ГЭТЭЛ АЛТНЫ ХАНШ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙХАД ТӨГРӨГИЙН ХАНШ ЯАГААД БАЙНГА УНААД СУЛРААД БАЙДАГ ЮМ БЭЭ. ЭНЭ БОЛ ОУВС , ДЭЛХИЙН БАНКНЫ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БАЙХ ДАА

4  |  0
Өмхий ацнууд (66.181.181.118) 2020 оны 12 сарын 10

Засаж залруул

3  |  0
Top