Коронавируст халдварын улмаас хөл хорионы дэглэм баримталж байгаа энэ үед хэрхэн ажиллаж байгаа талаар нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор З.Балдандугартай ярилцлаа.
-Нийслэлчүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, амьдраад сар болж байна. Энэ хугацаанд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн үйл ажиллагаандаа хэрхэн анхаарч байна вэ. Хөл хорионы үед эмнэлгийн ачаалал ямар байгаа вэ?
-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс энэ хугацаанд УОК, НОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ үндсэн чиг үүргийн ажлаа гүйцэтгэж байна. Бид өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу дэглэм тогтоосон хугацаанаас эхлэн төвийн хэмжээнд нийт ажилчид болон өрхийн эмч сувилагч нартаа 28 удаа бэлэн байдлаа хангах, хамгаалах хувцас хэрэгслийг зөв хэрэглэх, шинжилгээний сорьц авах чиглэлээр онолын болон дадлага сургалт, эмнэлзүйн сургалт хийсэн, Эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэх, ор дэлгэх бэлэн байдлыг хангах, зохион байгуулалт хийх зэрэг бэлтгэл ажлуудыг хийлээ.
-Эрүүл мэндийн төвөөс иргэдэд ямар үйлчилгээнүүд үзүүлж байгаа вэ. Хөл хорионы үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний цагт өөрчлөлт орсон уу?
-Хөл хорионы үед Эрүүл мэндийн төвөөс иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг додооддоо сахих, эмч эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдээ халдвараас сэргийлэх нь хамгийн чухал юм. Үйлчилгээнийхээ цагийн хувиарт өөрчлөлт оруулаагүй. Гэхдээ хөл хорио тогтоосноос хойш эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо 50 хувь буурсан. Үүнтэй холбоотой гүйцэтгэл тасарч, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт буурч байгаа нь эргээд ажилчдын цалин, илүү цагийн хөлсийг олгоход хүндрэлтэй болж байна.
-Баянгол дүүрэгт Улаанбаатар төмөр зам буюу вокзал байрладаг учраас төмөр зам дагасан халдварууд гарч байна гэх мэдээлэл бий. Нийслэлийн хэмжээнд КОВИД-19 халдвар хамгийн их гарсан дүүрэг гэж одоогоор бүртгэгдээд байгаа. Ямар учраас халдвар гарч, дүүргийн хэмжээнд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Улаанбаатар төмөр замын албан байгууллагууд байрладаг бөгөөд гол үйл ажиллагаа нь Баянгол дүүрэгт явагддаг. Тиймдээ ч манай дүүргийн хүн ам их суурьшсан 1, 3, 4, 6, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замчид маань амьдардаг. Төмөр зам дагасан голомтууд үүсч байгаа нь үүнтэй холбоотой бөгөөд тохиолдлууд их гарсан нь ч үүнтэй холбоотой. Бид эдгээр хороодын хүн амд тандалт болон илрүүлэг шинжилгээг зорилтот болон сайн дурын цэгүүдээр тасралтгүй хийж байна. Төвийн 400 орчим, Өрхийн эрүүл мэндийн төвийн 300 орчим ажилчид бүгд дайчлагдан оролцож хамтын хүчээр хийж байгаа. Гэхдээ нэн тэргүүнд эмч эмнэлгийн ажилчдаа халдвараас сэргийлэх, дархлааг дэмжих нь хамгийн чухал бөгөөд энэ тал дээр байнга анхаарч байна.
-Тэгвэл коронавирусний шинжилгээг хэрхэн авч байгаа вэ?
-Баянгол дүүргийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 12-ноос эхлэн “Эмүжин” төв, “20 дугаар сургууль”, “Сэтгэмж” цогцолбор сургуулиуд дээр зорилтот бүлгийн, Өрхийн эрүүл мэндийн 11 төв дээр сайн дурын шинжилгээг хийж нийт 20 мянган иргэнээ хамруулсан. Нэг өрх нэг иргэн тандалт илрүүлэг шинжилгээг нэмж дөрвөн цэг байгуулан нийт шинжилгээний долоон цэг, тандалтын 44 багаар зохион байгуулж байгаа. Мөн орон нутгийн иргэдийг дөрвөн цэг шинээр нээж шинжилгээнд хамруулсан.
-Халдвараас сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудыг тодруулбал, эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, орны хүрэлцээ гээд хэр хангагдсан бэ?
-Эрүүл мэндийн төвөөс халдвараас сэргийлэх чиглэлээр төвийн болон өрхийн эмч эмнэлгийн ажилчдад тасралтгүй сургалт зохион байгуулж, цаг үеийн мэдээллийг тогтмол өгч чадавхжуулах ажлыг хийж байна. Хамгаалах хувцас хэрэгслийн хувьд өөрсдийн гамшгийн үеийн бэлэн байдлаар бэлтгэсэн нөөц болон НОК, НЭМГ, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжлэг үзүүлж байгаа.
-Коронавирус гарсан үед шинж тэмдэгийг нь ханиад, томуутай андуурч болзошгүй гэж анхааруулж байгаа. Тэдгээрийг хэрхэн ялгах вэ?
-Коронавирус улирлын томуугийн дэгдэлтийн үед идэвхжиж байгаа нь ялган оношлоход төвөгтэй. Гэхдээ клиник шинж тэмдэг болон асуумж судалгаа, түргэвчилсэн оношлуур болон ПСР шинжилгээгээр баталгаажуулан ялган оношилж байгаа.
-Танай эмнэлгийн хувьд мэс заслын үйлчилгээндээ анхаарч, тэр дундаа хавдрын хэвлийн хөндийн мэс заслыг хийдэг болохоор эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?
-Хавдар судлалын үндэсний төвийн хэвлийн хөндийн мэс заслын тасаг засварт орсон тул ЭМЯ, ХӨСҮТ-тэй зөвшилцөн тус төвийн мэс заслын тасаг манай эмнэлэг дээр шилжин байршиж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Бид харилцан гэрээний үндсэн дээр өөрсдийн гурван эмч мэргэжилтнүүдээ ажлын байран дээр сургах болон хамтарч хавдрын мэс заслыг нутагшуулах боломж бүрдэж байна гэж харж байгаа. Эрүүл мэндийн төв дээр одоо хими болон хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байна. Түүнчлэн манай төвийн мэс заслын тасгийн хамт олон яаралтай мэс засал, чих хамар хоолой, гэмтэл, хүүхдийн мэс заслаа өөрсдөө хийж эхэлсэн.
-Цаашдаа танай төвийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн чанар, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх тал дээр ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
-Иргэдэд тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүй хүргэхэд чадвартай эмч эмнэлгийн ажилчидтай байх, тэднийг бэлтгэх болон олон төрлийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд шаардлагатай байгаа. Жишээлбэл, СТ, СРМ, Ходоодны дуран, Урологийн дуран гэх мэт тоног төхөөрөмжүүд шаардлагатай.
-Дэлхийн улсуудад коронавирусний хэд хэдэн төрлийн вакцин гараад байна. Таны бодлоор энэ вируст ямар вакцин нь тохиромжтой, вируснээс хэрхэн урьдчилан сэргийлж эмчилбэл зохимжтой вэ?
-Дэлхийн хөгжилтэй олон улс орон энэ вирусээс хамгаалах вакцины судалгаа хийж, туршиж байгаа. Манай улс ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакциныг хэрэглэдэг. Иргэд маань хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. Гараа тогтмол ариутгах, маск зүүх, хүн хоорондын зайг барих, олон нийт цугларсан газраар зорчихгүй байхыг зөвлөе.
Эх сурвалж: Өглөөний сонин