ОУПХ-ноос Ж.Эрдэнэбатын эрхийг зөрчсөн асуудлаар хэрэг нээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

-Н.Энхболд: Халдашгүй байдлын дэд хороо Ж.Эрдэнэбатын эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа-


Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны хуралдаан аравдугаар сарын 31-ний өдөр болж зургаан жилийн ялаар шийтгэгдээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлыг хэлэлцсэн байна.

Тус хорооны албан вэб сайтдаа тавьсан нээлттэй мэдэгдэлд дурдсанаар бол “Жаргалтулгын Эрдэнэбат нь 2012 оноос хойш УИХ-ын гишүүн байгаа бөгөөд 2020 оны зургаадугаар сарын 13-ны өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр болсон Монгол Улсын парламентын сонгуулийн өмнөхөн өөрийн гэрээс баривчлагдаж, цагдан хоригдсон. Ж.Эрдэнэбатыг барьцааны 10 тэрбум төгрөгийг байршуулаагүй гэх үндэслэлээр цагдан хорьсон. Гомдол гаргагчид нь, парламентийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсхүл эгүүлэн татах Улсын Ерөнхий прокурорын парламентад хандсан хүсэлтгүйгээр Ж.Эрдэнэбатыг баривчилж цагдсан хорьсон нь түүний парламентийн гишүүний халдашгүй байдалд халдсан гэж үзсэн. Түүнчлэн Ж.Эрдэнэбат парламентын сонгуульд нэр дэвшигч байсан тул түүнийг баривчилж, цагдан хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлийг авах ёстой байсан гэж гомдол гаргагчид үзсэн. Гэсэн хэдий ч Ж.Эрдэнэбат нь сонгуульд шоронгийн өрөөнөөс үргэлжүүлэн оролцож, улмаар ялалт байгуулж УИХ-д суудал авсан байна.

Зургаан сарын турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны дараа Ж.Эрдэнэбатын шүүх хурал 2020 оны долоодугаар сарын 03-ны өдөр болж, хуралдаан гурав хоногийн турш үргэлжилсний эцэст түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн. Гомдол гаргагчид Ж.Эрдэнэбатад холбогдуулсан хэргийг улс төрийн сэдэлтэй гэж үзэж байгаа болно. Сонгуулын ерөнхий хороо нь Ж.Эрдэнэбатыг баривчилж, цагдан хорих зөвшөөрөл өгөөгүй болохыг 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-аас баталгаажуулсан болно” гэжээ. Мөн“Мөрдөн шалгах ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, шүүх ажиллагаа шударга явагдаагүй, парлементийн гишүүний халдашгүй байдалд халдсан гэх гомдол гаргагчид холбогдох хүний эрхийн зөрчил үндэслэлтэй тул Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо шийдвэрлэхдээ нэгдүгээрт, Гомдол шалган шийдвэрлэх журмын I.1.(a) болон (c) хэсэгт зааснаар (Парламентийн гишүүний Хүний эрхийн хорооны шинэчилсэн дүрмийн хавсралт I) гомдол гаргах эрх бүхий этгээдээс зохих шаардлагыг хангасан гомдол ирүүлснийг тэмдэглэж, хоёрдугаарт, гомдол нь анх хэрэгт холбогдуулах үед УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж байсан гишүүнд хамаатай болохыг тэмдэглэж, гуравдугаарт, гомдолд хөндсөн Мөрдөн шалгах ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, шүүх ажиллагаа шударга явагдаагүй, парлементийн гишүүний халдашгүй байдалд халдсан гэх асуудлууд нь тус Хорооны бүрэн эрхэд хамаарч байгааг тэмдэглэж, дөрөвдүгээрт, иймд, Гомдол хянан шийдвэрлэх журмын IV хэсгийн заалтын дагуу уг гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв” гэсэн байна.

Н.Энхболд: СЕХ-ноос зөвшөөрөл аваад, Ерөнхий прокурор УИХ-д санал тавьж шийдүүлээгүй нь ил байгаа

Товчхондоо ОУПХ-ноос Ж.Эрдэнэбаттай холбогдох хэрэг нээсэн үг. Ингэснээр Монгол Улсад ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм. Тиймээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдоос сэтгүүлчид тодруулахад тэрбээр “Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа ярилцаж холбогдох материалуудтай танилцсан. Шүүх, прокурорын байгууллагад бид хүсэлт хүргүүлсэн байгаа. Олон улсын парламентын холбооноос бидэнд Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх нь, халдашгүй байдал нь хадгалагдаж байгаа УИХ-ын гишүүн, дээр нь Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор нэр нь дэвшээд сонгуульд өрсөлдөж байгаа хүнийг баривчлахдаа хуульд заасан холбогдох заалтуудыг зөрсөн эсэх талаар тайлбараа илэрхийлээч гэсэн бичиг ирсэн. Тэр дундаа Ж.Эрдэнбатыг баривчлахдаа Улсын Ерөнхий прокурор санал УИХ-д оруулсан, СЕХ-ноос зөвшөөрөл авсан эсэх асуудлаар тайлбарлах тухай дурдсан байна лээ. Одоогоор бидэнд холбогдох байгууллагуудаас хариу гүйцэт ирээгүй байна. Хариу ирсэн үед бид танилцана. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний болоод УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгуульд оролцож байгаа этгээдийн халдашгүй байдал нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Энэ байр сууриа ч албан ёсоор илэрхийлсэн. Олон улсын парламентын холбоо парламентчдын эрх зөрчигдсөн гэж үзвэл хэрэг нээгээд, яагаад ийм шийдвэр гарав гэдгийг шалгадаг дүрэмтэй.

-Энэ байгууллага хэр нөлөөтэй юм бэ. Хэрэв хүний эрх зөрчсөн нь тодорхой болбол Монгол Улсын нэр төрд хэр халгаатай бол?

-ОУПХ-нд олон улс орны парламентчдын хэрэг байдаг. Манай дээр хоёр хэрэг нээгдээд явж байгаа. ОУПХ шалгаж, шаардлага тавьдаг байгууллага. ОУПХ-ноос ирж үзэж, шалгана гэж бодож байна. Зөрчигдсөн гэж үзвэл Монгол Улсын хууль шүүхийн байгууллагуудын нэр хүндийн хувьд таатай байхгүй.

-Халдашгүй байдлын дэд хорооны хувьд ямар арга хэмжээ авах вэ?

-Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Халдашгүй байдлын дэд хороо бол тухайн хүний халдашгүй эрх зөрчигдөж үү гэдэгт хяналт тавина. Бусад нь хуулийн байгууллагаар шийдэгдэх асуудал. Жишээ нь, СЕХ-ноос зөвшөөрөл аваад, Ерөнхий прокурор УИХ-д санал тавьж шийдүүлээгүй нь ил байгаа. Ер нь бол парламентын халдашгүй байдал парламентад өөрт нь хадгалагддаг. Гэхдээ гишүүнээр нь дамжиж баталгааждаг тогтолцоо. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бүгдээрээ санал нэгтэй эрх нь зөрчигдсөн байна гэж үзэж байгааг хэлье.

Олон улсын парламентын холбоо гэж юу вэ

ОУПХ нь 1889 онд байгуулагдсан, 179 улсын парламентын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. ОУПХ нь ардчилсан засаглал, институц, үнэт зүйлийг сурталчилж, парламент болон парламентын гишүүдтэй хамтран иргэдийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг байна. Мөн энх тайван, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал, залуучуудыг хүчирхэгжүүлэх, тогтвортой хөгжлийн төлөө улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, парламент хоорондын үйл ажиллагаагаар ажилладаг аж. Түүнчлэн  ОУПХ 1976 онд парламентын гишүүдийн эрхийг хамгаалах, улмаар парламентын институцийг хамгаалах зорилгоор Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороог байгуулсан байдаг. Энэ хүрээнд саатуулагдсан парламентын гишүүнийг суллах, өмнө нь чөлөөлөгдсөн парламентын суудалд эгүүлэн тогтоолгох, хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулах, зөрчлийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хууль ёсны дагуу арга хэмжээ авах зэрэг олон хэлбэрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг юм байна. Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо нь үүсгэсэн хэргийг зохистой байдлаар шийдэгдэж дуусах хүртэл уг хэргийг хаадаггүй, хэргийг зохистой шийдвэрлүүлэх талаар зогсолтгүй ажиллахыг дүрмэндээ тусгасан байна.

Өнгөрсөн хугацаанд ОУПХ нь Монгол Улсын парламентын гишүүнийг хамгаалахтай холбоотой нийт найман асуудлыг хэлэлцэж, хоёрт нь хэрэг нээж шалгахаар шийдвэрлэсэн байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн агсан С.Зоригийг хөнөөсөн хэрэг бөгөөд, хоёрдахь нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон уг хэрэг юм. Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо 2020 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 162 дугаар хуралдаанаар Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон асуудлыг хэлэлцэж, уг асуудлыг хэрэг нээн хянан шалгахаар шийдвэрлэжээ. Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо нь эрх нь зөрчигдсөн парламентын гишүүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлүүлэх талаар хэд хэдэн төрлийн арга хэмжээ авч ажилладаг аж. Үүнд, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, сонсгол зохион байгуулах, шүүх хуралд ажиглагчаар оролцох, ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулах, дүгнэлт гаргаж эрх баригчдад шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээг авдаг байна. ОУПХ-ны гаргасан дүгнэлт нь НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын анхааралд хүрч, Монгол улсын засаглал, шударга шүүхийн тогтолцооны талаар сөрөг үнэлэлт өгөх, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авах хэмжээнд нөлөөлж болзошгүй юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.20.76) 2020 оны 12 сарын 15

ЗОРИГИЙН ХЭРЭГЭЭР ОЛОН ЖИЛ ХООЛЛОГСДЫН Л НЭГ ХЭСЭГ ХҮМҮҮС ТЭР БАЙГУУЛЛАГА ЧИНЬ

0  |  0
zochin(1.75.7.225) 2020 оны 12 сарын 15

olon jil horoh n zuv hereg hsen bol olon yum yarilgui bdag gazna blga da... Mgl huuli gej dandaa neg chalchagnah yum aa fuck yal ugsun bol ter hun yalaa edel de hench naad balaig chin toohiig husehgui bna naad balai chin shorond oo virus dvel tna

0  |  0
Kkkkk(83.20.231.208) 2020 оны 12 сарын 15

Bid hulgichaa shorond bailgah aa me die ee hoo

0  |  0
Top