Зүүн бүсийн үйлдвэр гурван дүүргийг ШАХМАЛ ТҮЛШЭЭР хангаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

"Тавантолгой" түлш компани Налайхад “Зүүн бүсийн үйлдвэр” барьж байгуулан энэ сарын 8-нд ашиглалтад оруулсан юм. Энэ удаагийн сурвалжилгаараа тус үйлдвэрийн ажилтай танилцлаа.

Төв замаас салж, сайжруулсан замаар гурван км яваад үйлдвэр дээр ирдэг юм байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөсөөр нийт талбай 130 га болсон гэнэ. Энэ том талбайд сайжруулсан түлшний нэг, хоёрдугаар үйлдвэр, мөн дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Нэг, хоёрдугаар үйлдвэр нь гурав, гурван шугамтай бөгөөд нэг шугам нь цагт 30 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин дахин боловсруулах буюу дээрх хоёр үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийн хаягдлыг дахин боловсруулан хоёр шугмаар цагт 30 тонн түлш үйлдвэрлэж байгаа аж. Тус үйлдвэр нь хоногт 1500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийг хангах зорилго, үүрэгтэй гэнэ. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байгаа бөгөөд одоо орчны тохижилт үлдээд байгаа гэдгийг “Тавантолгой түлш” компанийн “Зүүн бүсийн үйлдвэр”-ийн дарга Б.Жигжид хэлж байв.
 


Ийнхүү үйлдвэр ашиглалтад орсноор нийтдээ 1056 тогтмол ажлын байр бий болж байгаа юм. Одоогоор 500 орчим хүн ажлын байраар хангагдан ажлаа хийж байна. Ажилчдын дийлэнх нь Налайх, Хонхор орчмын хүмүүс байгааг ажилчид нь хэлж байсан. Ажилчдын цайны газрын гал тогоонд ажилд орсон эмэгтэй “Сайхан хамт олонтой, сайхан ажилтай болсондоо баяртай байгаа. Манай Налайхад тогтмол ажлын байр олдох нь ховор, хотод ажилд орохоор хэтэрхий хол байдаг байсан. Харин гэр оронтойгоо ойрхон ийм сайхан ажилтай болсон нь сайхан байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Сайжруулсан түлшнийхээ үйлдвэрлэлийг одоогоор жигдлээд явж байгаа ч удахгүй 300 хүний багтаамжтай хоёр ч ажилчдын амрах байр ашиглалтад бүрэн ороход бэлэн болжээ. Ингэснээр тус үйлдвэрийн ажилчид долоо, долоо хоногоор ээлжлэн үйлдвэр дээрээ байрлан ажиллах боломжтой болох юм. Мэдээж хүмүүс байрлаж ажиллаад ирэхээр усанд орох зэрэг наад захын хэрэглээ үүснэ. Энэ бүгдийг ч нарийн тооцож халуун усны газар, хувцас угаалгын газрыг ч барьж байгуулжээ. Нүүрс, түлштэй зууралдаж, үйлдвэрт ажилладаг гэхээрээ л халтайсан, хиртэй хувцастай байх ёсгүй.
 


“Зүүн бүсийн үйлдвэр” түүхий эд буюу нүүрсээ Дундын бүсээс татдаг байна. Дундын бүс гэдэг нь Төв аймгийн цаахан талд байрладаг бөгөөд урдуураа ирэхэд харин ч баруун үйлдвэрээсээ богино зай туулдаг гэнэ. “Тавантолгой түлш” компанийн тээврийн жолооч Д.Хүдэрболдын ярьж байгаагаар жолооч нар энэ хооронд өдөрт 4-5 удаа рейс хийдэг байна. Тэрээр Тавантолгойн угаасан нүүрсээ ачиж ирээд нэгдүгээр автомат жин дээр зогсож жингээ үзүүлээд, хуудас бөглүүлнэ. Ингээд сайжруулсан түлш үйлдвэрлэдэг үйлдвэрийнхээ хойд талд байрлах задгай талбайд нүүрсээ буулгаад хоёрдугаар жин дээр очиж зогсоно. Ингэснээр түүнийг нийт хэдэн тонн нүүрс тээвэрлэж ирснийг автомат системээр тоноглогдсон жин гаргадаг байна. Ийм автомат жин дээр өдөрт 60-70 машин жинлүүлдэг аж. Дундын бүсээс тээвэрлэж ирсэн нүүрснээс гадна уртын тээврээр ч угаасан нүүрс ирдэг. Мөн сайжруулсан түлшний гол орц болох барьцалдуулагчийг ч ийм аргаар жинлэнэ. Өчигдөр л гэхэд 2000 гаруй тонн түүхий эд орж ирсэн гэхээр энд үнэхээр ажил хөдөлмөр буцлаж байгааг илэрхийлнэ.

Тус үйлдвэрийг барьж байгуулахын тулд нийтдээ таван сар хорь хоногийн хугацаа зарцуулагджээ. Ингэхдээ зөвхөн “Тавантолгой түлш” компанийн ажилчдаас гадна 49 туслан гүйцэтгэгч компани ажилласан гэхээр чамгүй олон хүнийг ажлын байраар хангасан нь тодорхой. Мөн үйлдвэрийн хашаанд 110мВт-ийн хүчин чадалтай цахилгааны дэд станцыг байгуулсан бөгөөд муугаар бодож ямар нэгэн асуудал үүслээ гэхэд Налайх дүүргийг давхар цахилгаанаар хангах бүрэн хүчин чадалтай аж.
 

Ингээд түүхий нүүрс, барьцалдуулагчаа тээвэрлээд ирсэн учраас үйлдвэрлэл явагдана. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхийн тулд эхлээд бутлуурын хэсгээр нүүрсээ оруулж дараа нь шигшээд барьцалдуулагч цавуутай холино. Үүний дараа хэвлэгчийн хэсгээр дамжаад хатаагчаар хатаагдсанаар эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болдог байна. Сайжруулсан түлшний нэг ширхэг нь 50 граммын хэмжээтэй хэвлэгдэж гарах бөгөөд чийгшлийн хувьд 10 хувиас ихгүй байх ёстой. Шахмал түлшний чанарыг хоёр метрийн өндөр дээрээс унагаж шалгадаг бөгөөд гуравны нэгээс бага хэсэг нь бутарч байвал шаардлага хангасан гэж үздэг байна. Засгийн газраас хэдхэн хоногийн дотор сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Эхний 50 хувь бууруулсан шийдвэрийн дараа эрэлт огцом нэмэгдсэн ч нөөцийг хангалттай бүрдүүлж чадсан учраас ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг үйлдвэрийнхэн онцолж байна лээ. Одоо ч гэсэн ямар нэгэн хүндрэл гарахгүй гэдгийг хэлж байна. Мянга хүрэхгүй төгрөгөөр нэг шуудай сайжруулсан түлш нэг шуудайг авахад монгол гэртэй айл хоёр өдөртөө сайхан дулаахан байхад хангалттай хүрдэг. Тогны үнийг тэглэсэн гээд цахилгаан халаагуурын эрэлт нэмэгдэж, тогны хэлбэлзэл их гарч ачаалал ихэсч байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ нь үнэгүй ч гэсэн гал гарах, улсаараа цахилгаангүй болох эрсдлийг ч дагуулж болох зүйл. Харин үүний оронд хямд өртөгтэй сайжруулсан түлшээр гэр, байшингаа халаах нь жинхэнэ эх оронч шийдвэр болохоос гадна аюул ослын хувьд харьцангуй бага байна даа гэсэн бодол төрж байсныг сануулах нь илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
76(103.26.192.163) 2020 оны 12 сарын 17

Mundag ajil bolsoon. Niit uildveriin ajilchdad bayar hurgey6

0  |  0
Top