“Гол дайснаа” хэрхэн тагнаж, чагнаж байв

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Их Британийн Засгийн газрын Харилцаа холбооны төвийн криптографууд (GCHQ товчлолоор нийтэд танигдсан) олон арван жилийн турш хуучнаар Зөвлөлтийн болон Оросын талын сая сая мэдээллийг замаас нь барьж, тайлж уншихыг оролдож байжээ. Британийн энэхүү хамгийн нууцлаг тусгай албаны ололт амжилт, азгүйтэл бүтэлгүйтэлийн тухай өнөөг хүртэл хүмүүс маш бага зүйлийг мэддэг байв.

Гэвч энэ оны сүүлчээр тус байгууллагын түүхэн шастир албан ёсоор хэвлэгдсэний дараахан нэлээдгүй хэмжээний шинэ баримтууд тодорхой болсны дотроос хуучнаар Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/ болон Оростой холбоотой хэсгийн талаар ВВС агентлаг нийтэлсэн байна.

Их Британийн Засгийн газрын Харилцаа холбооны төвөөс нийтэлсэн 800 хуудас түүхийн нэг хэсгийг “GCHQ гол дайсныхаа эсрэг” хэмээн гарчиглаж, Хүйтэн дайны үед Британийн нууц шифр уншигчид хэрхэн ЗХУ-ын бүхий л хөдөлгөөнийг уншиж, тооцоолохыг хичээж байсан тухай өгүүлжээ. Барууны шинжээчдийн үзэж буйгаар, GCHQ-ын “олзолсон” материалууд ЗХУ-ын тухай тагнуулын мэдээллийн 90 хүртэлх хувийг хангаж байсан аж.

 

Хаант төрийн илгээмжээс Дэлхийн дайн хүртэл

 

Дэлхийн нэгдүгээр дайны үед Британи улс эсрэг талынхаа бүхий л радио дамжуулалт, утасны яриануудыг замаас нь барьж авахыг хичээж эхэлжээ. Тухайн үеийн радиоэлектрон тагнуулын ажлын зарим арга барилууд одоо цагт балар эртний, инээдэмтэй мэт санагдаж болох юм. Жишээ нь, фронтын тэргүүн шугам дээрх мэдээллийг замаас нь барих хамгийн найдвартай аргуудын нэг нь дундын бүсэд нууцаар нэвтрэх явдал байв. Тагнуулчид эсрэг талынхаа байлдааны нуувчнаас холгүйхэн ухсан нүхэн дотор нуугдаж хэвтээд тэдний яриаг анхааралтай сонсдог байжээ. Фронтын тэргүүн шугамаас штабтай холбогдож буй утасны яриаг замаас нь сонсохын тулд инженерүүд сонсох төхөөрөмжтэй холбосон утас бүхий төмөр саваа эсвэл зэс ялтсуудыг газар ухан суулгадаг байсан аж.

Радио дамжуулалтыг барьж авах явдал техникийн хувьд илүү хүндрэлтэй байсан хэдий ч Хаант Оросын №1 нууц шифр уншигч Эрнест Феттерлейн британичуудад туслахаар болжээ. Тэрбээр Октябрийн хувьсгалын дараа Шведийн хөлөг онгоцонд нуугдан Англид дүрвэн ирж, 1919 онд Засгийн газрын код, шифр тайлах сургуульд / GCHQ-ын өмнө байсан/ хуваарилагдсан аж. Хамтрагчид нь Феттерлейнийг өндрөөр үнэлж, түүнийг гайхалтай криптограф, ямар ч хэлээр илгээсэн зурвасыг тайлж унших чадвартай шилдэг хэл шинжлэлч хэмээн нэрлэж байв.

Феттерлейн Зөвлөлт засгийн ашиглах болсон шинэ шифрүүдийг төвөггүй тайлан уншиж байсны ачаар британичууд ЗХУ-ын зүгээс Европын болон Ойрхи Дорнодын улс орнуудтай дипломат түвшинд харилцаж байсан ихэнх мэдээллийг олж авч чаджээ. 1930 оноос Британийн шифр тайлагчид /1920-иод оноос Кодчлолын сургуулийн орос хэлтсийг удирдах болсон Феттерлейн ч оролцсон байж болзошгүй/ Москвагийн зүгээс өөрийн тагнуулууд болон нөлөөллийн агентуудын сүлжээг удирдахдаа хааяа ашигладаг байсан Коминтерний холбооны системд нэвтэрч чаддаг болсон бөгөөд үүнийг хэр удаан ашигласан талаарх мэдээлэл одоог хүртэл нууц хэвээр байгаа аж.

GCHQ-ын албан ёсны түүхэнд тэмдэглэснээр, Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Британийн Кодчлолын сургууль “шифр тайлж унших талаар дэлхийн шилдэг байгууллага” болон хувирсан аж. Тэдний радио тагнуулууд эсрэг талынхаа ч, мөн холбоотнуудынхаа ч асар их радио мэдээлэл, цахилгаан зурвас, дипломат захидлуудыг замаас нь олзолж, тайлж уншдаг байжээ. Гэвч эдгээр мэдээллүүд нь Гитлер, Муссолини, Сталины толгойд юу эргэлдэж байгааг ойлгоход тусалж чадаагүй учраас Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн гол удирдагчдын хийхээр төлөвлөсөн үйлдлүүдийг Кодчлолын сургууль урьдчилан таамаглаж бараагүй аж. Түүнээс гадна, Британийн шифр тайлагчдын тэдгээр ололт амжилтууд тийм ч амар олдож байгаагүйг хэлэх нь зүйтэй байх. 1924 онд Кодчлолын сургуулийн ажилтнуудын нэг болох Сидни Фрайер төмөр зам дээр амиа хорлосон бөгөөд тэрбээр ажлын хэт ачааллын улмаас удаан хугацааны туршид сэтгэцийн хүнд асуудалтай явж байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна.  Энэ хэргийн дараахан Кодчлолын сургууль ажилтнуудынхаа ээлжийн зохион байгуулалтыг эргэн нягталж, ажиллах нөхцөлийг нь сайжруулахад хүрчээ.

 

Дөрвөн жил үү, эсвэл хэдхэн сар уу

 

Дайны жилүүдэд  GCHQ шифр тайлж унших машиныг нэвтрүүлснээр Британийн радиоэлектрон тагнуулын үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан байна. Ингээд бараг “гар ажиллагаатай” байсан шифр тайлах ажил механикжсан үйлдэлд хувирч, “Ультра” ажиллагааны үеэр британичууд Германы “Энигма” шифр тайлагч машинд нэвтрэн, нацистуудын чухал мэдээллүүдийг олзолж чаджээ.

Английн алдартай математикч, логикч, криптографч Алан Тюрингийн “Энигма”-д нэвтэрсэн амжилт дайны төгсгөлийг 2-4 жилээр наашлуулсан гэх үзэл бодол Британид эртнээс яригддаг байсан хэдий ч GCHQ-ын албан ёсны түүхийн автор, профессор Жон Феррис үүнтэй санал нийлэхгүй байгаа аж.

Тэрбээр “Радиоэлектрон тагнуулын ажиллагаа, ялангуяа “Ультра” хөтөлбөр Европ дахь дайны үргэлжлэх хугацааг хэдэн сараар богиносгож, барууны холбоотнуудын олон мянган цэргийн амь насыг аварсан” хэмээн өгүүлжээ.

Их хэмжээний мэдээллийг тайлж уншсан явдал нь Атлантийн далай дахь тэнгисийн тулаанууд, Ливид явуулсан тусгай ажиллагаануудад чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч харин ЗХУ болон фашист Германы хооронд өрнөсөн өргөн хүрээт тулаануудад Британийн шифр тайлагчдын хүчин чармайлт багаахан нөлөө үзүүлсэн гэж Феррис тэмдэглэсэн байна.

GCHQ-ын түүхэн шастир эмэгтэйчүүдэд онцгой анхаарал хандуулжээ. Германы “Энигма” машиныг эвдлэх ажилд тэдний хувь нэмэр их орсон бөгөөд дайны үед GCHQ-д хүчин зүтгэж байсан ажилтнуудын дөрөвний гурав нь бүсгүйчүүд байсан гэнэ. Тэднээс багаахан хэсэг нь зөвхөн шифр тайлж унших ажил дээр төвлөрч байсан бөгөөд тэдний нэг болох Эмили Андерсон дэлхийн шилдэг криптоаналитикчээр тооцогдон, Италийн фашистуудын мэдээллийг олзлох ажлыг удирдаж байсан аж. 

 

“Гол дайсны эсрэг”

 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа GCHQ-ын гол зорилго нь ЗСБНХУ-ын хүсэл зорилгын тухай мэдээлэл цуглуулах явдал болжээ. 1945 оны хавар Германаас авчирсан долоон тоннын тооцоолон бодох машин эхний үед британичуудад ихээхэн тус хүргэж байв. Германчуудын зохион бүтээсэн тэрхүү машин дайны дараа нэлээн хэдэн жил Зөвлөлтийн цэргийнхний нууц захидлуудыг амжилттай задлан уншсан аж.

1948 оны аравдугаар сарын 29-нд ЗСБНХУ-ын холбоо харилцаа болон түүний Зүүн Европын хиймэл дагуулын бүх шифр, холбооны протокол нэг шөнийн дотор өөрчлөгдөж, үүнээс хойш GCHQ нууц мэдээллийн багахан хэсгийг тайлж чаддаг болсон хэдий ч барьж авах мэдээллийн хэмжээгээ ихэсгэсэн стратеги нь үр дүнгээ өгсөн байна.

1956 онд Унгарын бослогыг дарах үеэр Зөвлөлтийн цэргийнхэн байлдааны ажиллагааны үед хэлцэл хийхдээ шифрлэлт ашиглахгүй байсан нь GCHQ-ын мэргэжилтнүүдэд дивизийн командлагчаас авахуулаад армийн хороо хүртэл, иргэний болон байлдааны нисэх ангиуд зэрэг цэргийн янз бүрийн түвшний хэлцлүүдийг ихээр барьж аван судлах боломжийг олгосон аж. Энэ бүхэн нь Британийн цэргийн шинжээчдийн хувьд үнэлж барамгүй мэдээлэл болж, тэдний гол сөргөлдөгч тал бодит мөргөлдөөний үеэр ямар хандлага гаргадгийг ойлгоход нь тусалж чаджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top