А.Сэрээтэр: Нэг хороонд 544 ядуу өрх байгаагаас 254 нь хүнсний талон авч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсвэл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй өрх, иргэнд тэтгэвэр, тэтгэмж, тусгайлсан үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. Тэгвэл улсын хэмжээнд халамжийн 72 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Эдгээр үйлчилгээ Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрхэн иргэдэд хүрч байгаа талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэртэй ярилцлаа.


 

-Танай дүүргийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаа вэ. Жишээлбэл, 2020 онд хэдэн иргэнд, хэдий хэмжээний дэмжлэг, туслалцаа үзүүлсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Нийгмийн халамжийн үйлчилгээ нь улсын төсөв болон орон нутгийн төсвөөр олгогддог. 2020 онд нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 58842 иргэн хамрагдаж 23.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс улсын төсвөөр олгогддог халамжийн үйлчилгээг задалбал, 6.8 тэрбум төгрөгийн тэтгэврийг 2545 иргэнд, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэврийг 263 иргэнд 277.1 сая төгрөг, тэтгэмж 3404 иргэнд 3.2 тэрбум төгрөг, жирэмсэн эхийн тэтгэмж 3254 иргэнд 403.4 сая төгрөг, хоёр ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа эх, эцэгт олгох тэтгэмжийг 27 иргэнд 54 сая төгрөг, амьжиргааг дэмжих мөнгөн тусламж 3187 иргэнд 2.1 тэрбум төгрөг, алдарт эхийн одонгийн тусламж 8852 иргэнд нэг тэрбум гаруй төгрөг, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн тусламж, дэмжлэг 186 иргэнд 365.9 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж 2056 иргэнд 654.8 сая төгрөг, ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлт, тусламж 6450 иргэнд 1.6 тэрбум төгрөг, “Насны хишиг” 7543 иргэн 1.2 тэрбум төгрөг, “Цалинтай ээж” хөтөлбөрөөр 9119 иргэнд 2.8 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг 10586 иргэнд 2.3 тэрбум төгрөг гэх мэтээр тус тус олгосон байна. Харин орон нутгийн төсвийн хувьд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 162 иргэнд 431.6 сая төгрөг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг 1054 иргэнд 140 сая төгрөгийн үйлчилгээг тус тус үзүүлээд байна.

-Сар болгон халамж авдаг иргэд байхад жилд нэг удаа халамж авдаг, огт халамж авдаггүй хүмүүс ч бий. Халамжийн үйлчилгээг ямар шалгуураар, цаг хугацааны хувьд хэдийд олгодог вэ?

-Халамжийн үйлчилгээ нь зургаан хууль, тэдгээрийг дагалдан гарсан 30 тогтоол болон шийдвэрийн хүрээнд сар, улирал, жил тутамд нэг удаа эсвэл зөвхөн нэг удаа олгогддог үйлчилгээнүүд байдаг. Үйлчилгээ тус бүрийг хуулиар заасан нөхцөл болзлыг хангасан иргэд авдаг тул иргэд өөрсдөө тухайн болзол шалгуурыг хангаж байгаа эсэхээ уншиж судлах боломжтой. Санхүүжилтийн хувьд тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, хүнс, алдар цолтой ахмад настны тэтгэмж сар бүрийн 15-нд олгогддог. Цалинтай ээж, жирэмсэн эхийн тэтгэмж, өрх толгойлсон эх, эцэгийн тэтгэмж, хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд олгогддог. Энэ хувиар нь амралтын өдөр таарсан тохиолдолд урагшаа хойшоо гүйгддэг байгаа.

-Халамжийн үйлчилгээг хуулиар заасан нөхцөл болзлыг хангасан иргэд авдаг гэлээ. Ер нь эдгээр үйлчилгээ эзэндээ хүрч чадаж байгаа болов уу. Энэ тухайд та бүхний зүгээс хянах боломж байдаг уу?

-Хуулиар заасан шалгуурыг хангасан иргэн бүр үйлчилгээг авна л гэсэн үг. Жил бүр нийслэлийн төрийн аудит, мэргэжлийн хяналт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газар, нийслэлийн Халамжийн газраас батлагдсан удирдамжийн дагуу халамжийн сангийн гүйцэтгэлд тогтмол хяналт шалгалт орж байдаг. Эдгээр хяналт шалгалтаар санхүүгийн анхан шатны баримт болон хэрэгжилтэд хяналт тавигддаг болохоор халамжийн үйлчилгээ нь хүрэх эзэндээ хүрч байдаг гэж дүгнэдэг.

-Энэ жил 58.8 мянган иргэнд халамж олгосон бол 2021 онд хэчнээн хүнд хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-2021 онд 77082 /давхардсан тоогоор/ иргэнд үйлчилгээ үзүүлнэ гэж төсвийн төсөөллөөр тооцоолсон байгаа. Нарийн тоог урьдчилан гаргах боломжгүй байдаг. Жишээлбэл, тухайн жил хэдэн хүн тэтгэвэр тогтоолгохыг урьдаас таах аргагүй. Нийгмийн даатгал дээр тэтгэвэр, тэтгэмжийн эрх үүсэх боломжгүй болон хувь хэмжээ нь хүрээгүй хүмүүс дүүргийн халамжийн газраасаа эрхийг үүсгээд тогтоох тал бий. Ингээд тал бүрээс мэдээлэл цугларч, мэдээллийн үндсэн дээр халамжийг олгодог.

-Танай дүүрэгт иргэд халамжийн ямар үйлчилгээг зонхилон авч байна вэ?

-Иргэдийн хамгийн ихээр авч байгаа үйлчилгээ бол 0-3 хүртэлх насны хүүхдээ харж буй эхийн “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмж, “Насны хишиг” жилд хоёр удаа, хүнс тэжэээлийн хөтөлбөр, алдарт эхийн одонгийн мөнгө жилд нэг удаа, ахмад настны хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ массыг хамарч олгогддог.

-Жишээлбэл, энэ жил хүнсний талоныг хэдэн хүнд олгосон бэ?

-Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1885 өрхийн 10586 иргэн /хүүхэд орсон тоо/ хүнс тэжээлийн эрхийн бичиг буюу хүнсний талоныг авч байна. Зарим өрхийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөн, өрхийн бүртгэлийн өөрчлөлтөөс үйлчилгээнд хамрагдах эсэх нь шийдэгдээд явдаг.

-Нэг өрхөд хэдэн төгрөгийн эрхийн бичиг олгодог вэ?

-Нэг өрхөд том хүн 32 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр одоогийн байдлаар тооцож эрхийн бичиг олгож байгаа. Тухайн өрхийн ам бүлийн тоогоор эрхийн бичгийн дүнг тооцно. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн амьжиргааны түвшингийн оноог харгалзаж эрхийн бичгийг олгодог. Өөрөөр хэлбэл, 292.5-аас доош оноотой өрхүүдийг судлаад тодорхой шалгуур үзүүлэлт хангагдсаны дагуу үйлчилгээнд хамрагдана. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 21 дэлгүүр хүнсний талоноор үйлчилж байна.

-Тэгэхээр 292.5 хүртэлх оноо буюу амьжиргааны түвшингээс доогуур гэсэн оноог хэрхэн тооцдог вэ?

-Судалгааны мэргэжилтэн өрхөөр явж асуулга аваад мэдээллийн баазад шивж оруулна. Систем асуулгаар анализ хийж оноо бодогдоно. Зөвхөн асуулгаар оноо бодогдохгүй бөгөөд бусад мэдээллийн баазуудтай мэдээллийн тулгалт хийгдэж оноо бодогдоно. Жишээ нь үл хөдлөх, болон хөдлөх хөрөнгө байгаа эсэх гэх мэт. Хүмүүсийн ярьдаг шиг хөргөгчгүй, зурагтгүй гээд хэлчихвэл оноо багасна гэсэн зүйл байхгүй. Мэдээллийн сангуудаас амьжиргааны талаарх мэдээллийг шүүж автомат системээр боддог учраас хүнээс шалтгаалах зүйл байхгүй. Бодитоор оноо гарна. Иргэд гол нь мэдээллээ буруу өгснөөс программд шивсэн асуулга, мэдээллийн баазтай тулгасан мэдээ зөрснөөр оноо бодогдохгүй хүлээгддэг. Жишээ нь судалгаанд түрээсийн байранд амьдардаг гэж асуулгад хариулсан байхад үл хөдлөх хөрөнгийн газраас өөрийн нэр дээрх байшин гэж гарч ирэх тохиолдол их байдаг.

-Хүнсний талонд аль өрхийг хамруулахыг тухайн хороо шийддэг үү?

-Хүнсний эрхийн бичигт ямар өрхийг хамруулахаа хороо мэдэхгүй. Ямар өрх 292.5-аас доош оноотой гарч байгааг системээс шүүгээд тухайн өрхүүдийг хамруулах эсэх асуудал хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр шийдэгддэг. 

-Жишээлбэл, нэг хороонд гэхэд ямар амьдралтай хэд орчим өрх хүнсний талонд хамрагддаг вэ?

-Харилцан адилгүй л дээ. Хорооны хүн ам, байршил хамаардаг. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд ядуурлын түвшин их, 3523 өрхийн 14534 иргэн амьдардаг.  292.5-аас доош оноотой 544 өрх байгаагаас хаягандаа амьдардаггүй шилжсэн, нас барсан, Амьжиргаа дэмжих зөвлөлөөр дэмжигдээгүй, бичиг баримтын зөрчилтэй гэх мэт шалгуур үзүүүлэлтээр шигшигдэж өнөөдрийн байдлаар 254 өрх хүнсний эрхийн бичиг авч байна.

-Халамжийн үйлчилгээ хэт хавтгайрлаа гэж ярих хэсэг байхад нөгөө талаар үйлчилгээ эзэндээ очиж чадаж байна уу гэж ярих хүмүүс байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Халамжийн үйлчилгээг иргэд зөвхөн ядуу иргэдэд олгогддог гэж ойлгодог. Гэтэл үнэндээ өөрсдөө ч бас хамрагдаж байдаг. Өрх бүр хүүхэдтэй, мөн 0-3 хүртэлх насны хүүхдээ хараад гэртээ сууж байгаа олон ээжүүд бий. Ахмад настан ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхүүд үйлчилгээнд хамрагдана. Тэгэхээр халамжийн үйлчилгээ гэж яг юуг хэлэх вэ гэдгийг, хүн амын өсөлтөө дэмжих бодлогын хүрээнд хийгдэж байгаа үйлчилгээг тухайлбал, алдарт эхийн одон, цалинтай ээж хөтөлбөр, хүүхдийн мөнгө гэх мэтийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Чингэлтэй дүүргийн хувьд заавал халамжид хамрагдах шаардлагатай боловч тусламж, үйлчилгээг авах боломжгүй үлдсэн иргэд байгаа юу?

-Байхгүй. Хэрвээ тийм иргэн байвал үйлчилгээнд нь хамруулаад л явна шүү дээ. Гол нь илрүүлэг чухал хэрэгтэй байдаг. Манай ажилтнуудын хувьд өдөржин иргэдтэй уулзаж асуудлыг сонсож шийдвэрлээд явдаг болохоор аль нэг уулын бэлд төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй хүнийг хайна гэдэг их бэрх асуудал. Айлд очоод нөхцөл байдлын үнэлгээ хийх төдийд л иргэд мэргэжилтэнг ажлын байрандаа байхгүй байна гээд залгаад эхэлдэг. Гэхдээ хэсгийн ахлагч болон иргэдээс ирсэн мэдээллээр тэдгээр иргэдийг илрүүлж бичиг баримтын зөрчил арилган үйлчилгээнд хамруулаад явах тохиолдол их байдаг.

-Улсаас бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэддээ ямар тусламж үйлчилгээ үзүүлсэн бэ?

-Бүх нийтийн хөл хорио тогтоосон хугацаанд халамжийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр 2931 иргэнд 264.371.545 төгрөгийн халамжийн үйлчилгээг олгосон. Нийт 11 сард 10053 иргэн 1.379.848.725 төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг олгосон байна. Халамжийн үйлчилгээг олгож буй төрийн банкаар 7122 иргэн урьд өмнө карт нээлгэсэн байсан. Бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан банк ажиллахгүй болсноор картаар болон интернэт банкаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийг арваннэгдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд тусгай хуваарийн дагуу картжуулах болон халамжийн үйлчилгээг төрийн банкны 12 салбараар 2931 иргэнд хүргэлээ. Картжуулалтын хүрээнд улирлаар олгогддог асаргааны тэтгэмж авдаг 1060 иргэний карт бэлэн гарч ирснээс 426 иргэн нь картаа хуваарийн дагуух салбараас авсан байна. Харин карт авахгүйгээр бэлнээр 2914 иргэн үйлчилгээ авчээ. Мөн өнгөрсөн сарын 26-ны өдрийн байдлаар нийт халамжийн үйлчилгээ авч буй 1185 иргэнд хүүхдийн мөнгөний 105 карт тус тус тараагдсан байна. Картжуулах ажлын хүрээнд төрийн банкны 12 салбарт төрийн банкны 124 ажилтан,  Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 21 мэргэжилтэн, Цагдаагийн байгууллагын 48 албан хаагч, Онцгой байдлын хэлтсээс 24 албан хаагч нийт 217 ажилтан албан хаагчид ажиллалаа.

-Цаашдаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн тусламж, үйлчилгээгээ  үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Цахим хэлбэрт бүрэн шилжих ажил шат дараатай хийгдэж байна. Ehalamj.mn систем нэвтрүүлэн халамжийн зургаан үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой болсон. Мөн иргэдийг картжуулах ажил хийгдсээр байгаа. Одоогийн байдлаар 90 хувьтай явагдаж байна. Иргэд банкнаас бэлнээр очиж мөнгөө авах бус картаар авах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй учир чухал байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top