Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж зарим шийдвэрийг гаргажээ. Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотой "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам"-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгсөн байна. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцах аж. Жишээлбэл өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн хэлж буйгаар бол төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгджээ. Энэ сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгдсэн байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь оройн оргил ачааллын үед буюу 17:00 -21:00 цагт давтагдаж байгаа тул айл өрхүүд энэ цагт цахилгааны хэрэглээгээ бууруулах, цахилгаанаар дулаанаа шийдэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Бид хэрэглээг хоёр, гурван дахин нэмэгдэнэ гэж тооцоолоогүй. Тиймээс нөхцөл байдлыг ажиглаж байгаад журам гаргаж байна. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлал бий. Энэ дагуу тооцож явна. Нийт хэрэглээний нэмэгдлийн 96 хувь нь ахуйн хэрэглээнд гарч байна. Тэр дундаа гэр хороололд гарч байна. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн. Иргэд ашиглахгүй орон сууцаа халааж эхэлсэн байна. Цахилгаан өндөр өртөгтэй. Тиймээс хүн бүр, айл бүр зөв хэрэглэх хэрэгтэй. Улсын хэмжээнд цахилгааны есөн эх үүсвэрийг нэмж барина” гэсэн юм.
Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад 300 мянган төгрөгийн тэжээл өгнө
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болжээ. Нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвс, 1900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Дээрх аймгуудын 72 суманд зуд болох эрсдэл хамгийн их байгаа бөгөөд 45 орчим мянган өрхийн 18.5 сая мал өвөлжихөөс 8000 өрх, 4.3 сая мал оторлож байна. Улсын онцгой комисс гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй, отор, нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц муу, үнэ өндөр байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн гэж үзжээ. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Ингэснээр 40 орчим мянган өрх буюу нэг өрх 300 орчим мянган төгрөгийн тэжээлийн тусламж авах юм байна. Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлж өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа малын гаралтай өвс, тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль батлуулан хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нийт нутгийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэйд орж байгаа. Малчид руугаа хандсан багц арга хэмжээг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ялангуяа өвөлжилт хүндэрсэн аймгуудад авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа” гэжээ.
2021 оноос цэцэрлэгүүд дэргэдээ ясли ажиллуулна
2021 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрчээ.
Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх аж. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болжээ. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болох гэнэ. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарсан байна. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэхээр төлөвлөж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал 1.8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлэх ажиллаж байна. Мөн хуралдаанаар эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байгаа гэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
5-r tsahilgaan stants aa bariachee malnuudaa. Ene asuudal yarigdaad 30 jil bolson
Цахилгаан тэглэж ард тумэндээ хандсан зев шийдвэр байлаа Зарим иргэд харамсалтай нь дэндуу бэлэнчлэх унэгуй болонгууд ашиглах хэтэрхий их ачаалалтай ажиллуулах гээд л ес зуйгуй аашлах юм даа байнга бэлэн юм нэхэж сэтгэл нь ханахгуй болчихсон хумуус байх юм Санаа зев бол заяа зев байдаг Ер нь хото маань тевлерч хун ихтэй болж байгаа тул эртнээс яригдаж байгаа нэмэлт шинэ цахилгаан станцаа барих хэрэгтэй
9гэж том амлаад яахав ядаж 5 дугаар станцаа барихыг бодоорой
9 гэдэг тоо хурцаднаа. ЭГУЦС ТТДЦС 2-ыг явуулчих
Chamd bol hamaag i ch yadyy ard tvmend heregtei shde. Chi sain dyraaraa tuluuch dee.chadahgvi sh dee. Uynd ingej bdag um be. Neg ih saihan amidraltai hvn bolj chee
Hezee ter ve. 9 eh vvsver barih n
”Муу хүнд аяга бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл” гэдэг дээ. Хойшид үе үеийн эрх баригчид үүнийг анхаарах биз ээ.
Цахилгаан тэглээгүй бол төлдгөөрөө төлж амьдрал үргэлжилдгээрээ л байх шүү дээ. Нэг их ард олноо гэсэн үнэн сэтгэл мөн байсан юм уу болов уу даа. Ер нь ” Муу хүнд аяга бүү үзүүл мухар үхэрт худаг бүү үзүүл” гэдэг дээ. Хойшид төрийн эрх барьсан мэдэлтнүүдэд том сургамж боллоо. \n