ТОЙМ I Вакцинууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ!?

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

САЛХИНЦЭЦЭГ

Салхинцэцгийн вакцин бол энэ салбар дахь хамгийн том амжилтын түүх юм. Зөвхөн ХХ зуунд гэхэд л, энэхүү аюултай вирусний халдварт өвчин 300 гаруй сая хүний амь насыг авч оджээ. Түүнээс өмнө хэчнээн хүн энэ халдвараар нас барсныг тооцоолох боломжгүй юм. Салхинцэцгээр халдвар­лагсдын бараг 30 хувь нь амь насаа алддаг байсан бөгөөд идээт тууралт бүхий л биеийг нь бүрхдэг байсан учраас зарим нь ихэд зовж шаналсаар хорвоог орхидог байжээ. Амьд үлдэгсдийн зарим нь хараагүй болж, нөгөө хэсэг нь арьсан дээрээ аймшигт сорвинуудтай үлддэг байв. Нэгэн зууны турш салхин­цэцгийн эсрэг арга хэрэгслийг хүмүүс цөхрөлтгүй эрж хайсны эцэст анхны вакциныг бүтээж чадсан байна. Зохиомлоор бий болгосон тухайн өвчний хөнгөн хэлбэр нь хүнд дархлаа үүсгэх чадамжтай гэх үзэл санаа анх Хятадад үүссэн байж болзошгүй аж. Учир нь, тэнд амьдарч байсан хүмүүс 1000 жилийн турш салхинцэцгээр өвчлөгсдийн хайрст үлдийг нунтаглан хамар руугаа сорж, эсвэл идээ буглаанаас нь хөвөнд шингээн чихэндээ хийдэг байсан тухай зарим эх сурвалжид дурджээ. XYIII зуунд Британийн алдартай язгууртан, боловсролтой хатагтай Мэри Монтегю салхинцэцгийн вакциныг идэвхтэй сурталчилж байв. Тэрбээр залуудаа салхинцэцгээр өвчлөн, нөхөр нь элчингийн алба хашиж байсан Турк улсад холбогдох дадлага туршлагатай танилцаж байсан аж. Түүнээс гадна, үхрийн салхинцэцэг хүмүүст халдварладаг хэрнээ үхлийн аюултай биш болохыг Английн фермерүүд эртнээс ажиглаж байжээ. Эдвард Женнер эмч энэхүү үзэгдлийг судлаад, үхрийн салхинцэцэг дээр үндэслэсэн найдвартай бөгөөд аюулгүй вакциныг бүтээсэн байна. 1796 оны тавдугаар сарын 14-нд Женнер фермерийн хүү, найман настай Жеймс Фиппс-т тарилгыг анх хийсэн бөгөөд түүнээс хойш хоёр жилийн дараа “Үхрийн салхинцэцгийн үйлдэл ба шалтгааны судалгаа” хэмээх алдарт бүтээлээ гаргасан аж. Тухайн үед Хааны шинжлэх ухааны нийгэмлэг Женнерийн арга барилд төдийлөн итгэхгүй байсан учраас өөрийн хөрөнгөөр номоо хэвлүүлж байжээ. Британийн арми болон тэнгисийн флотын цэргүүд албан шаардлагаар салхинцэцгийн вакцин хийлгэж, тэднээс хэн ч уг өвчнөөр халдварлаагүй учраас вакцинд хандаж байсан эргэлзээ алга болсон байна.  Микробиологийн салбарыг үндэслэгчдийн нэг Луи Пастер бараг 100 жилийн дараа зохиомлоор дархлааг бий болгох зарчим дээр үндэслэсэн бүхий л бэлдмэлүүдийг Женнерт хүндэтгэл үзүүлэх үүднээс вакцин /vache -“үнээ” гэсэн франц үгнээс гаралтай/ хэмээн нэрлэхийг санал болгосон аж. Дэлхийн ядуу буурай орнуудад түүнээс хойш 150 гаруй жил салхинцэцэг дэгдсээр байсан бөгөөд 1967 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/  бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөр эхлүүлсэн нь энэхүү халдварт өвчнийг үгүй болгоход тус нэмэр болсон байна. Хэдэн тэрбум хүнийг вакцинжуулах боломжгүй байсан учраас сүргийн дархлааг тогтоохын тулд нийт хүн амын 80 хувийг хамруулах шаардлагатай гэж үзэж байв. Нөгөөтэйгүүр, Нигерийн зүүн хэсэгт анх удаа туршсан цэгэн дархлаажуулалтын тактик нэлээн үр дүнтэй болжээ.  Энэ нь салхинцэцэг халдварын голомтыг түргэн шуурхай илрүүлж, хөрш зэргэлдээ оршин суугчдад нь вакцин хийх явдал юм. Ингэснээр 12 сая хүн амтай бүс нутагт гэхэд л 750 мянган вакцин хийх замаар салхинцэцэг өвчнийг уг үндсээр нь устгаж байсан аж.

ПОЛИОМИЕЛИТ /Мэдрэлийн системийн цочмог халдварт өвчин/

Энэхүү өвчин нь салхинцэцгийг бодвол цөөн хүний аминд хүрсэн хэдий ч халдварласан хүмүүст илүү их хор хөнөөл үлдээж байв. Ихэвчлэн хүүхэд насандаа энэ халдвараар өвчлөх бөгөөд вирус амаар дамжин хүний бие организмд нэвтэрч, дараа нь цусанд орсноор мэдрэлийн системийг гэмтээж, зарим тохиолдолд эдгэршгүй саа өвчин тусдаг аж. Ихэнхдээ хөлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хэдий ч уушгины булчингийн саажилтын улмаас арван өвчтөн тутмын нэг нь амьсгал боогдон нас бардаг байжээ. Тэдгээр өвчтөнүүдийн хувьд цорын ганц найдвар нь 1920-иод онд зохион бүтээгдсэн, “Төмөр уушги” хэмээн нэрлэгддэг тусгай камер байсан бөгөөд тэрхүү металл үүрэн дотор хүмүүс хэдэн долоо хоног, хааяахан үлдсэн бүхий л амьдралаа өнгөрүүлэхэд хүрч байв. Полиомиелит нь салхин­цэцэгнээс ялгаатай нь гадны шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй учраас түүний халдварын мөн чанарыг 1905 онд л Шведийн эмч Ивар Викман тогтоосон байна. Тухайн үед томоохон хотуудын ундны усны чанар сайжирсан нь нийт тохиолдлын тоо болон дархлаа тогтсон хүмүүсийн хувь буурахад нөлөөлж, өвчний дэгдэлт илүү анзаарагдам болсон аж.

1952 онд Америкийн эмч Жонас Салк полиомиелитийн вакциныг бүтээж, 1961 онд түүнтэй мэргэжил нэгт Альберт Сейбин тариулахын оронд залгиж болохоор сайжруулсан хувилбарыг гаргаж ирснээр АНУ болон Европт өвчлөл огцом буурсан байна. Вакцинжуулалтын түүхэн дэх хамгийн аймшигт алдаануудын нэг нь полиомиелитийн вакцин­тай тохиолджээ. 1955 онд Аме­рикийн Cutter Laboratories фирм санамсаргүй алдаа гаргаж полио­миелитийн амьд вирус агуулсан 100 мянга гаруй тун вакциныг үйлдвэрлэн гаргасны уршгаар 10 хүүхэд нас барж, 160 гаруй хүүхэд насан туршдаа саажилттай үлдсэн байна. 1988 онд ДЭМБ-ын зүгээс дэл­хий дахинд полиомиелитийг ор үндэсгүй устгах хөтөлбөр эхэлснийг зарлаж, 1994 онд АНУ, 2000 онд Хятад, Япон, Өмнөд Солонгос, 2002 онд Европ тив, 2014 онд Зүүн Өмнөд Ази энэхүү өвчнөөс “чөлөөлөгдсөнөө” зарлажээ.

УЛААНБУРХАН

Улаанбурхны вакцинжуулалт нь нэгэн зэрэг амжилт болон бүтэлгүйтлийн жишээ болж байна. Дэлхий нийтийн анхаарлыг татсан Эбола халдварын дэгдэлт Африкт 20 мянга орчим хүнийг хөнөөсөн бол улаанбурхны вакцин 1963 оноос хойш байгаа атал өнгөрөгч жил уг өвчин 207,5 мянган хүний амь насыг чимээгүй авч оджээ. Халдвар ихтэй вирус нь ханиалгах, найтаах үед шүлсний дуслаар тархаж, өндөр халууруулан, тууралт үүсгэдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд өвчтөний амь насанд аюул заналхийлж, суулгалт, уушгины хатгалгаа, тархины үрэвслийг үүсгэдэг.Улаанбурхны вакцин гарахаас өмнө жилд 2,6 сая хүн уг халдварын улмаас хорвоог орхидог байжээ. Хурдан тархалттай халдвар учраас зөвхөн нийт хүн амын 95 хувийг вакцинд хамруулсан тохиолдолд л сүргийн дархлаа тогтох тул одоогоор энэ өвчнөөс бүрмөсөн ангижирч чадаагүй байна. АНУ болон Европт сүүлийн жилүүдэд улаанбурхны өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон нь олон нийтийн сүлжээгээр өргөн тархаж буй “вакцин эсэргүүцэгчдийн” үзэл бодлын хор уршиг аж. Тэдний энэхүү үзэл бодлыг гол өдөөсөн сэдэл нь 1998 онд Британийн эмч Эндрю Уэйкфилдын бичсэн улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний вакцинуудыг хавсарч хийлгэсэн хүүхдүүдэд аутизм үүсдэг гэсэн шуугиантай нийтлэл юм. Хожим нь энэхүү нийтлэл няцаагдаж, Уэйкфилд өөрөө шинжлэх ухаанд хайнга хандсан зөрчил гаргасны улмаас эмчийн лицензээ хураалгасан хэдий ч түүний тарьсан хор уршиг өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Хөгжингүй орнуудад улаан­бурхнаар өвчлөгсөд эндэх нь харьцангуй бага байдаг бол харин Африкт нөхцөл байдал нэлээн тааруу, өнгөрөх жил гэхэд, Ардчилсан Конго улсад улаанбурхны халдвараар долоон мянга гаруй хүн /ихэвчлэн хүүхдүүд/ амь эрсэдсэн аж. Хөгжиж буй орнууд дахь гол асуудал нь өрөөсгөл хандлага бус, харин вакцины хүртээмжгүй байдал, алслагдсан бүс нутгууд дахь эрүүл мэндийн дэд бүтцийн хомсдол аж. Иймд ДЭМБ-ын зүгээс НҮБ-ын гишүүн орнуудад хандан улаанбурхны вакцинжуулалтын нэмэлт санхүүжилтэд зориулан 255 сая доллар гаргахыг хүссэн байна.

ХУМХАА ӨВЧИН

Өнөөгийн байдлаар хүн төрөлхтөний тал хувь нь хумхаа өвчнөөр халдварлах эрсдэлтэй байгаа бөгөөд жил бүр 400 мянган хүн уг өвчнөөр амиа алдаж байна. Тэдний тал илүү нь Африк тивд тохиолдож байгаа аж.Энэ өвчин нь хумхааны шумуул хүнийг хазах үед нэг эст шимэгч бактер хүний цусанд орсноор үүсэх бөгөөд хумхаатай тэмцэх үндсэн арга нь шумуул ихээр үрждэг намгархаг хөрсийг хатаах, шумуулын тор, өвчнийг эрт үед нь намдаадаг эм бэлдмэлийг хэрэглэх явдал юм. 32 жилийн эрчимтэй хөдөлмөр, 700 сая доллар зарцуулаад байгаа хэдий ч дархлаа тогтоодог хумхааны вакцин одоогоор хараахан гараагүй байна. Цор ганц туршлагын загварыг Гана, Малави, Кени улсуудад туршиж байгаа бөгөөд 2023 онд дуусах ёстой.  Энэ загварын талаар, дундажаар 40 хувь хамгаалж, дөрвөөс дээшгүй жил үйлчилнэ гэж баримтуудад дурдсан нь бусад өвчнүүдийн вакцинтай харьцуулахад хамаагүй сул үзүүлэлтүүд бөгөөд тарилгыг нэг хоёр удаа ч бус, бүр дөрвөн удаа хийлгэх ёстой юм байна. Мэргэжилтнүүд хүлээцтэй, өөдрөг үзлээ илэрхийлж байгаа хэдий ч вакцин нь хумхаа өвчнийг эмчилж дийлэхгүйд хүрэх вий хэмээн сэрэмжлүүлж байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top