Английн шударга ёсны шүүхийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэр бүл цуцлах процесс нь хөрөнгийн асуудлаас шалтгаалан дуулиантай шүүх хурал болон хувирчээ. Азербайжан гаралтай Оросын тэрбумтан Фархад Ахмедов дөрвөн жилийн өмнө шүүхээр шийдэгдсэн хэдэн зуун сая ам.долларыг экс эхнэр Татьянад төлөөгүй учраас эхнэр нь одоо том хүү Темуртай шүүхдэлцэхэд хүрээд байгаа аж.
Өнгөрөгч долоо хоногийн турш ээж, хүү хоёр эдлэн харшууд, хувийн онгоц болон нисдэг тэрэг, 150 сая ам.доллараар үнэлэгдэх уран зургийн цуглуулга, 19 настай хүүд бэлэглэсэн Лондон дахь 50 саяын үнэтэй орон сууц, хөрөнгийн бирж дээр алдсан 70 сая ам.доллар, нэг лагериас нөгөө рүү зугтсан хүний илрүүлсэн нууцууд, компьютерын хамт далайн ёроол руу шидэгдсэн нотлох баримтууд гэх мэт олон жилийн турш өрнөсөн “гэр бүлийн жүжгийг” өнгөтөөр дүрслэнгээ Лондонгийн Дээд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгцгөөсөн байна.
Темураас хүндрэлгүй гарган авсан эдгээр мэдүүлэг, баримт бичгүүдэд үндэслэн өмгөөлөгчид одоо шүүгч Гвинет Ноулз-д үндэслэлээ танилцуулах бөгөөд ээжээс нь хөрөнгөө нуухад нь эцэгтээ тусалсан эсэхийг хүү нь шүүх шалган шийдвэрлэх аж.
Одоогийн шүүх хурал бол 1990-ээд оны эхээр гэрлэсэн, 2012 онд Фархад Ахмедов хийн үйлдвэрлэлийн Нортгаз компани дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа 1,4 тэрбум ам.доллараар зарснаар баяжсан хосын гэр бүлийн дундын хөрөнгийн хуваарилалтын талаарх анхны нээлттэй “тулааны талбар” болох юм. 2013 онд Татьяна гэр бүлээ цуцлуулах өргөдлөө гаргасан бөгөөд тэрбээр 1994 оноос хойш Англид амьдран, хоёр хүүгээ өсгөн өндийлгөжээ.
Харин Фархад гэр бүл салалтын үйл явцад оролцолгүй, Их Британиас бүхий л холбоогоо таслан, Английн шүүхийн хүрэх боломжгүй нутагт амьдарч, өөрийн ажил хэргийг Оросоос, Азербайжанаас, мөн 2014 онд 350 сая ам.доллараар Роман Абрамовичаас худалдан авсан Luna хөлөг онгоцны бүхээгээс явуулж байгаа аж.
Төрсөн хүүгээсээ мөнгө нэхэмжлэв
Өөр нэг асуудал нь том хүү Темур бөгөөд тэрбээр Татьянагийн адил Британийн иргэншилтэй, Англид байнгын оршин суудаг аж. Тэр эргэлзэн түгшиж байсан хэдий ч шүүх рүү очихгүй байж чадсангүй. Шүүх хурлын эхний өдөр Темур Дубайгаас Лондонгийн оронд Москва руу ниссэн байна.
“Би их стресстэж, айж сандран, юу хийхээ ч мэдэхгүй байсан. Би дөнгөж 27 настай атал төрүүлсэн эх маань намайг шүүхэд өгчээ. Миний паспортыг хурааж авахгүй, дараа нь чөлөөтэй явж болно гэсэн баталгаа надад хэрэгтэй байна” хэмээн тэрбээр видео чат ашиглан, цэвэрхэн англи хэлээр шүүхэд тайлбар өгчээ.
Шүүгчид түүний энэ байдалд нэлээдгүй гайхсан ч мэргэшсэн өмгөөлөгчдийн хамт шүүх хуралдаанд биечлэн оролцохыг шаардсан байна. Хэрэв тэгэхгүй гэвэл, залуу эр алсын зайнаас өөрөө өөрийгөө хамгаалахад хүрч, түүний хөрөнгийг шүүхийн шийдвэр гартал царцаасан учраас урсгал зардалд хуваарилсан мөнгө нь өмгөөлөгчдийн хөлсийг төлөхөд хүрэлцэхгүй болох магадлалтай байв.
Темур зээл авахыг хүссэн боловч энэ нь Лондон хотод биечлэн очсон тохиолдолд л бүтэх учраас яалт ч үгүй тийшээ явахад хүрчээ. Тэрбээр Лондонд хүрэлцэн ирснээр шүүхийг үл хүндэтгэсэн шалтгаанаар торгуулах, тэр ч бүү хэл, шоронд ял эдэлж болзошгүй аюулаас өөрийгөө зайлуулж чадсан аж.
Гэр бүл цуцлахаас өмнө Фархад нэг жилийн хугацаанд том хүү Темур руу 70 сая ам.доллар шилжүүлжээ. Энэ нь эхнэрээсээ мөнгө нуух гэсэн арга хэмээн Татьянагийн өмгөөлөгчид үзэж байгаа бол харин эсрэг талын хуульчид үүнийг том хүүгээ хөл дээр нь бат зогсоох гэсэн эцгийн хайр халамжийн илрэл хэмээн тайлбарлаж байна.
Татьяна Ахмедова болон түүний хуульчид хоёр зорилго тавьжээ. Нэгд, эцгээсээ авсан мөнгийг ээждээ өгөхийг шаардахын тулд Темурыг Фархадын хамтрагч гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх, хоёрт, Люксембургт байршиж буй мөнгийг нь хураах эрхийг олж авах.
Энэхүү дуулиант үйл явдал нь олон нийтийн анхаарлыг зөвхөн төлбөрийн их хэмжээ болон баян гэр бүлийн маргааны нарийн ширийн зүйлсээрээ татаад зогсохгүй, олон асуултад хариулт өгч, цаашдын иймэрхүү шүүх хуралд жишиг тогтоож өгөх ёстой аж.
Голлох шүүгчдийн нэг Ноулзын зүгээс Татьяна Ахмедовад бусдын мөнгийг нэхэмжлэхийг зөвшөөрч, түүний өмгөөлөгчид болон шүүх ажиллагааг санхүүжүүлж буй компанийн хооронд байгуулсан гэрээний нарийн ширийн зүйлсийг задруулахгүй байх боломжийг олгожээ.
Тэрбумын хөрөнгөө экс эхнэрээсээ нуусан нь
Английн шүүх Татьянаг 2016 оны арванхоёрдугаар сард Фархадаас салгасан бөгөөд тэдний хамтын хөрөнгийн тал арай хүрэхгүй хэсгийг түүнд олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Татьяна 450 сая ам.доллар бэлнээр, бараг 150 саяар үнэлэгдэх орчин үеийн урлагийн бүтээлүүдийн цуглуулга, Лондонгийн үзэмжит хэсэгт орших 25 сая фунтийн үнэтэй орд харш, Aston Martin автомашин зэргийг авах эрхтэй болсон аж.
Гэвч гэр бүлийн нисдэг тэргээ зарж борлуулсан үнийн дүнгээс таван сая орчим ам.доллар оногдсоноос өөр юу ч аваагүй талаар Татьяна дөрвөн жил өнгөрсний дараа шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр Оросоос, Маршаллын арлуудаас Кипр хүртэл, Франц болон Америкаас гэх мэтчилэн хуучин нөхрийнхөө эд хөрөнгийг дэлхий даяар эрж хайн, ангуучилсан байна.
Татьяна өнгөрөгч наймдугаар сард Дубай хотноо есөн тавцант гэр бүлийн Luna хөлөг онгоцоо авахаар зарга үүсгэсэн хэдий ч Английн шүүхийн тогтоол нь Шариатын хууль болон орон нутгийн хууль тогтоомжид харшилж байна хэмээн Эмиратын шүүх үзсэн учраас ялагдал хүлээсэн аж.
Фархад эхнэртээ хөрөнгө мөнгө өгөхийг хүсэхгүй байгаагаа огтхон ч нуугаагүй бөгөөд хүүтэйгээ бичилцсэн зурвасууддаа Татьянаг сохор зоосгүй үлдээхээ амлаж, түүнд мөнгө өгч байснаас шатаасан нь дээр хэмээн бухимдаж байжээ.
Швейцарьд бүх мөнгөө хадгалж байсан эцэг нь гэр бүл цуцлах ажиллагаа дуусахаас хэдэн сарын өмнө Английн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй харьяаллын бүсэд мөнгөө шилжүүлэн байршуулсан тухай Темур өгүүлсэн байна.
Фархад Ахмедов мөнгөө эхлээд Катар, дараа нь Арабын нэгдсэн Эмират улс руу шилжүүлэхээр оролдсон боловч зарим хүндрэл учирсан тул хамгийн сүүлийн хувилбар болох Орос руу илгээхэд бараг бэлэн болоод харин Лихтенштейнд боломж гарч ирсэн аж. Фархадын энэхүү үйл ажиллагаанд Темур идэвхтэй тусалсан хэмээн Татьяна болон түүний өмгөөлөгчид үзэж байна. Тэд шүүхийн үйл явцад саад учруулах гэсэн Темурын оролдлогуудыг шууд бус нотлох баримтаар тооцож байгаа аж. Үүнд: шүүхийн шаардлагыг үл биелүүлэн зарим хөрөнгөө нуун дарагдуулсан (”Роллс-ройсе”, “мерседес” машинуудын тухай дурдаагүй), хэрэгт хамаарах баримтуудыг агуулж буй гар утас, компьютеруудаа хуульчдад өгөөгүй гэх мэт. Гэвч түүний байранд албадан нэгжлэг явуулж, төхөөрөмжүүдийг хураан авсны дараа Темур уучлал хүсэн, өөрийн мэдэх зүйлсээсээ хуваалцаж эхэлсэн аж.
Эцэгтээ мөнгө хөрөнгөө гадагш гаргахад нь тусалсан гэдгээ Темур хүлээн зөвшөөрөөд байгаа хэдий ч зөвхөн нарийн бичгийн үүрэг гүйцэтгэсэн, бусад голлох ажлуудыг аавынх нь хязгааргүй итгэдэг “костюмтай, ноцтой хүмүүс” гүйцэтгэсэн хэмээн мэдүүлжээ. Тэрбээр айлын ууган хүүгийн хувьд зөвхөн туршлага хуримтлуулахыг хүсэн аавдаа тусалсан, тэгээд ч энэ бол дорно дахинд, Орост эртнээс уламжлагдан ирсэн соёл хэмээн шүүх хуралдаан дээр өгүүлсэн байна.
Шүүх хуралдаан дахин нэг долоо хоног үргэлжлэх бөгөөд иймэрхүү хэргүүд дээр шийдвэр гаргах гэж хэдэн сар болж, магадгүй дараа нь, давж заалдах шаардлага гарч ирвэл ахиад хэдэн жил ч сунжрах магадлалтай аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Азербайжаны хөрөнгө Английн шүүхийнхэнийг сайн тэжээждээ
Мөнхийн ус уучихсан авгай юм байх даа. Хөрөнгө мөнгөний солиорол оо гэж
Муу шулмас вэ
wow