Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулан, 6 хувьд хүргэсэн шийдвэр гаргахдаа “МАШ ЗОРИМОГ” шийдвэр боллоо гэж тодотгож байсан. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цаашид Бодлогын хүү буурах орон зай хумигдмал” гэж байв.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт /2020.12.18/ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.
Тодотгоход, Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг Бодлогын хүү гэдэг. Монголбанк 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн 28 хоногтой Төв банкны үнэт цаасны хүүг бодлогын хүү болгон зарлаж эхэлсэн юм.
Сүүлийн үед Төв банкны үнэт цаасны хэмжээ нэмэгдэж, 7 их наядыг даваад буйг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Банкууд илүүдэл нөөцөөрөө Төв банкны үнэт цаасыг худалдаж авдаг. Банкуудад 7 их наядын хэмжээний хангалттай чөлөөт эх үүсвэр байна гэсэн үг. Үүнийг цаашид зээл гаргахад бэлэн байгаа. Өнөөдөр хорио цээрийн улмаас тодорхой хэмжээний зогсолт хийлгэж байгаа, эдийн засгийн ирээдүйн төлөвт тодорхой бус байдал, эрсдэл байгаа учраас банкууд зээл гаргахдаа болгоомжтой хандаж байгаа байх. Харилцагчдын зүгээс зээлээ төлж чадахгүй байна, төлбөрөө, хүүгээ хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа үед зөрөөд чи надаас шинэ зээл авах юм уу гэж асуух нь ч гэсэн логикийн хувьд ойлгомжгүй зүйл гэлээ.
Төв банкны үнэт цаасанд байршуулж байгаа нь түр л хадгалж байгаа зүйл. Эдийн засаг ирэх онд сэргэнэ. Мөнгөний бодлогын хорооны хурлаар бид ирэх жилийн эдийн засгийн төлөвийг 6-гаас илүү хувиар 6.4 хувиар ч өсөхөөр тооцооллоо хийсэн. Энэ ч утгаараа эдийн засаг сэргэхэд санхүүжилтийн хэрэгцээ гарна. Тэр үед банкны сектор санхүүжүүлэхэд бэлэн байна гэсэн үг гэв.
Мөн өмнөх хуралдаанаас гарч байсан Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэрийн үргэлжлэл болгож, 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг тус тус гаргав.
Репо санхүүжилттэй холбоотой мэдээллийг тодотгон хүргэхэд, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн юм.
Энэ оны дөрөвдүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснээс Монголбанк арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгоод байгаа юм.
Репо санхүүжилтийн хүрээнд улиралдаа 230-250 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр жилийн дүнгээр 1 их наяд төгрөг болохоор байна. Уг санхүүжилтээр хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.
Арилжааны банкууд зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад эх үүсвэр байхгүй бол Монголбанкнаас олгож байгаа хямд эх үүсвэрээр Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын чиглэлийн үйлдвэрлэлд 10.5 хувиар шинэ зээл гаргах боломжтой. Дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход банкуудаас 400 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн гэлээ.
Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гарагийн хуралдааны дараа гаргасан мэдэгдлээс эшлэн хүргэе.
Жилийн инфляц 2020 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна. Төрийн зохицуулалттай зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурсны зэрэгцээ эрэлт сул байгаагаас шалтгаалан ирэх саруудад инфляц нам түвшинд хадгалагдаж, дунд хугацааны зорилтын түвшинд байхаар байна. КОВИД-19 вирусийн дотоод тархалт нь эдийн засгийн сэргэлтийг удаашрууллаа. Ирэх онд эдийн засаг идэвхжиж, хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна.
КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж байна. Вирусийн эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохиог өгч байна.
Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Наад бодлогын хүү гээч юмаа бууруулаачээ! Хувийн банкууд чинь наад Төвбанкны үнэт цаасыг чинь аваад хүүнд нь авсан мөнгөөрөө хадгаламжийн зардлаа бууруулаад байна шдээ! Ингээд байхаар чинь наад хэдэн хувийн банкуудад чинь эх үүсвэрийн зардлаа бууруулах ямар сонирхол хөшүүрэг болох юм бэ! Зах зээл сайжирсан гээд наад банкууд чинь хэзээ хүүгээ бууруулж байлаа?! Одоо түр наад төвбанкны үнэт цаас авчихаад дараа нь өндөр хүүгээр зээл олгох гээд л хүлээгээд байж байгаан биш үү?!