Коронавирусний шинэ төрөл илэрснээр Их Британийн нийслэл болон зүүн өмнөд хэсэгт хатуу хөл хорио тогтооход хүрч, Зул сарын баярыг цуцлан, олон улс орныг Их Британитай тээврийн харилцааг түр зогсооход хүргээд байна.
Их Британийн эрх баригчдыг шуурхай арга хэмжээ авахад хүргээд буй коронавирус хэдхэн сарын дотор хэрхэн мутацад оров?
Их Британийн Засгийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн мэдэгдэж буйгаар коронавирусний шинэ төрөл өмнөх хувилбарыг бодвол хүнээс хүнд илүү хялбар халдварладаг байна.
Одоогоор шинэ төрөл бага судлагдсан тул олон зүйл тодорхойгүй л байна.
Коронавирусний шинэ төрөл юуны учир болгоомжлол төрүүлж байна вэ?
Эрдэмтдийн анхаарлыг гурван хүчин зүйлс ихээхэн татаж байна.
Энэ бүгд хүчин зүйлсээс үүдэн вирусний шинэ төрөл илүү хурдацтай тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Коронавирусний шинэ төрөл хэр хурдан тархаж байна вэ?
Коронавирусний энэ төрөл анх өнгөрсөн есдүгээр сард илэрчээ. Арваннэгдүгээр сард Лондонд бүртгэгдсэн шинэ халдварын 25 хувь нь энэ төрлөөр халдварласан болох нь тогтоогдсон байна. Арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд 65 хувьд хүрчээ. Британийн “Milton Keynes Lighthouse Laboratory” лабораторид хийсэн шинжилгээний хариунаас үзвэл коронавирусний энэ төрөл давамгайлах болсон байна. Лондонгийн эзэн хааны коллежийн доктор Эрик Фолцын мэдэгдсэнээр, коронавирусний энэ төрлийн халдварлах чадвар өмнөх хувилбаруудтай харьцуулбал 70 хувиар өндөр байна. Ноттинхэмийн их сургуулийн вирус судлаач Жонатан Болл одоогийн байдлаар мэдээлэл бага байгаа тул коронавирусний шинэ төрөл өмнөх хувилбараас илүү өндөр хоруу чанартай буюу халдвартай болохыг нарийн хэлэх боломжгүй гэж мэдэгджээ.
Хэр өргөн тархсан бэ?
Одоогийн байдлаар энэхүү төрөл Их Британийн нэгэн өвчтөнд үүссэн эсвэл гаднаас орж ирсэн гэж таамаглаж байна. Дэлхий дээрх бүх төрлийн вирусний генийн кодыг судалдаг “Nextstrain” олон улсын төслийн мэдээллээр, Дани, Австралид илэрсэн коронавирусний шинэ төрөл Их Британиас орж ирсэн болохыг илтгэж байна. Нидерландад мөн энэ төрлийн халдварын хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Өмнөд Африкт илэрсэн хувилбар коронавирусний шинэ төрөлтэй төстэй хэд хэдэн шинж чанартай ч Британийхтай холбоогүй гэж үзэж байна.
Үүнээс өмнө мутац бүртгэгдсэн үү?
Анх Хятадын Ухань хотод илэрсэн коронавирус өдгөө дэлхий дахинд тархаж буй вирусээс ондоо. Коронавирусний мутацад орсон D614G төрөл Европт өнгөрсөн хоёрдугаар сард бий болж, өдгөө дэлхийн бүх улс оронд давамгайлж байна. Коронавирусний A222V төрөл энэ зун Испанид амарч байсан хүмүүстэй хамт Европт тархжээ.
Британийн төрлийн талаар бид юу мэдэх вэ?
Коронавирусний шинэ төрлийн шинжилгээний эхний дүнгээс үзвэл 17 шинж чанартай чухал өөрчлөлтүүд гарчээ. Өөрчлөлтүүд вирус эсэд нэвтрэх түлхүүр болсон вирусний уурагт гарсан байна. Вирусийг эсэд нэвтрэхэд туслах аливаа өөрчлөлтүүд шинэ төрөлд давуу байдал олгох гэнэ.
Данийн усны булгануудад илэрсэн H69/V70 мутац нэг бус удаа ажиглагдаж байжээ. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн хийж буй судалгаанаас үзвэл энэ мутац коронавирусний халдварлах чадварыг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн, эдгээр мутац нь КОВИД-19 өвчилж, эдгэрсэн хүмүүсээс авсан цус сэлбэх эмчилгээний арга үр дүнг бууруулж буйг судалгаа харуулжээ.
Шинэ төрөл хаанаас бий болсон бэ?
Коронавирусний энэ төрөл олон мутацад орсон болох нь тогтоогджээ. Энэ төрөл нь вирусийг дийлж чадаагүй маш суларсан дархлаатай өвчтөнд үүссэн гэж таамаглаж байна. Энэ өвчтөний бие организм коронавирус мутацад орох нэг ёсны таатай орчин нь болжээ.
Коронавирусний үхэлд хүргэх чадвар нэмэгдсэн үү?
Үүнийг нотлох баримт одоогоор байхгүй ч нөхцөл байдлыг хяналтдаа байлгах нь чухал гэж эрдэмтэд онцолж байна. Гэхдээ халдвар хялбар тархаж байгаа н.ь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Вакцин энэ төрлийн эсрэг хэр үр дүнтэй вэ?
Ямартаа ч ойрын ирээдүйд үр дүнтэй гэнэ. Дэлхийд тэргүүлж буй гурван төрлийн вакцин коронавирусний уургийн эсрэг бие организмын дархлааны хариу урвал бий болгож байна. Эдгээр вакцин нь дархлааны тогтолцоог вирусний бүхий л хэсгийн эсрэг үйлчлэхэд чиглүүлж байгаа тул вирусний тодорхой хэсэг мутацад орсон ч үр дүнтэй хэвээр байх гэнэ. Гэхдээ хэрэв бид хэд хэдэн мутацыг анзааралгүй өнгөрөөвөл асуудал гарч ирнэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна.
Энэ вирус вакцины бий болгож буй хамгаалалтаас аль болох зайлахыг эрмэлзэж байна. Үүний тулд хэд хэдэн алхам хийсэн гэж эрдэмтэд онцолжээ. Вакцин үйлчлэхгүй болтол вирус мутацад орох боломжтой. Коронавирусний шинэ төрөл илүү олон тооны хүнийг халдварлуулах чадвартай болж дасан зохицож байгаа нь айдас төрүүлж байна. Энэ вирус вакциныг эсэргүүцэх чадвартай мутантыг бий болгох чадвартай байх магадлалтай байна гэж Глазгогийн их сургуулийн профессор Дэвид Робертсон дүгнэжээ. Энэ тохиолдолд бид томуугийн вакциныг байнга өөрчлөх шаардлагатай байдаг шиг тийм нөхцөл байдалд орно гэж тэрбээр үзэж байна. Азаар коронавирусний эсрэг гаргаж авсан вакцинуудыг өөрчлөхөд хялбар гэнэ.