“Өмгөөлөл бол үнэний төлөөх тэмцэл юм” гэдэг үг бий. Энэ ч утгаараа олны анхаарлыг татсан улс төр, эдийн засгийн томоохон хэргүүд болон хөл хорионы үеэр үйлдэгдэж буй хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн талаар хууль зүйн бодит тайлбар мэдээлэл авах зорилгоор хуульч, өмгөөлөгч Ц.Монголыг “Өглөөний зочин”-оороо урилаа.
-Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж буй зарим нэгэн арга хэмжээ иргэдийн эрхийг онц ноцтой зөрчиж байгаа харагдаж юм. Жишээ нь гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн хаалган дээр бичиг наах, бие нь чилээрхүү хүн эмнэлэг бараадахаар хот руу ирсэн ч "PCR шинжилгээний бичиггүй" гэх шалтгаанаар 22-ын товчоон дээр хонон өнжин хүлээсний эцэст нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд хөл хорионы үеийн хүний эрхийн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-1992 онд Шинэ Үндсэн хууль батлахдаа “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж тунхагласан. Гэвч харамсалтай нь ийм нийгмийг цогцлоон байгуулж чадаагүй, эсрэгээрээ “ардчилсан” гэх тодотголтой, дүр үзүүлсэн Ардчиллын “гаж” тогтолцоотой, олигархи бүлгээр удирдуулсан цагдаагийн улс болон хувирсан нь Цар тахлын үеэр тод илэрч байна.
Цагдаагийн гэхээр зарим хүмүүс шууд утгаар нь ойлгож магад.Тийм биш. Аливаа асуудлыг захиргаадалтын муйхар аргаар шийдвэрлэдэг, хуулиуд нь ард, иргэдийг номхон хүлцэнгүй байхад чиглэсэн, тэдний эрх ашгийг доогуурт тавьж, эсрэгээрээ эрх мэдэлтнүүд, хөрөнгөтнүүдийн эрх ашгийг хамгаалдаг, “социалист” гэхээр “социалист” биш, “ардчилсан” гэхээр “ардчилсан биш”, иргэдээ цагддаг тогтолцоог “Цагдаагийн улс” гэж нэрлэдэг. Нэг жишээ бол, Зөрчлийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх гэж хавтгайруулан торгож, хянаж цагдаж байгаа явдал.
Одоогийн энэ тогтолцооны гажуудлын сул тал нь Онцгой байдал, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнөө үед ихээхэн мэдрэгдэж байгаа нь Таны дээр дурьдсан хүний эрхийг зөрчиж байгаа олон төрлийн зөрчлүүдээр илэрч байгаа юм. Цар тахлын хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа үед УОК, НОК, аймаг сумдын Онцгой комисс гээд босоо удирдлагатай бүтэц бүх асуудлыг зохицуулж байна. Онцгой комиссын доод шатны эрх мэдэлтнүүд шийдвэр гаргах эрхийг ихээхэн хязгаарласан, бараг бүх асуудлыг УОК-оос асууж шийдвэрлэдэг тул, мөн зарим нь албан тушаалаа алдахаас айж, хүнд суртал гаргаж, зарим нь бүр санаатайгаар иргэдийг олон хоног, цагаар энэ их хүйтэнд явуулахгүй хорьж хүлээлгэж эрхийг нь маш бүдүүлгээр зөрчиж хүнлэг бус хандах тохиолдол олноор гарч байна. Тухайлбал, ямар нэг хязгаарлалт хийхдээ тухайн үед замд яваа иргэдийг зорьсон газар нь хүргэхгүйгээр замд нь бүгдийг тас хаадаг захиргаадалтын аргаас салах шаардлагатай байна.Нэг жишээ, Дорнод аймгийн нэг суманд ажиллаж байсан 14 ажилчин Улаанбаатар явахаар аймгийн төвийн цагдаагийн пост дээр ирэхэд нь хоёр хоног оруулаагүй, бензин авья гэхээр зөвшөөрөхгүй, хоол идье гэхээр идүүлэхгүй, асуудлыг нь шийдэхгүй байсан. Учрыг нь асуухад УОК-оос шийдвэрээ өгөхгүй ингэж удаасан байдаг. Эцэст нь Аймгийн Онцгой комист өмгөөлөгчийн зүгээс хандаж, мөн ажилчид хэвлэл мэдээлэлд хандана гэж байж асуудлыг шийдүүлсэн байх жишээтэй. Тэгэхээр эрх мэдлийг хэт их төвлөрүүлсний улмаас хүний эрх зөрчигдөж байгаа зөвхөн нэг жишээ бол энэ. Тэр Улаанбаатар хот орох гэсэн иргэний алтан амь нас төрийн иймэрхүү л хүнд суртлын золиос болсон байх.
Харин энд засаг захиргааны байгууллагуудын /хороо, дүүрэг, хот, баг, сум, аймаг/ чадамж маш доогуур түвшинд байгаа нь харагдаж байна.Тэгэхлээр Төрийн тогтолцоо зөв, нийгэм нь зөв бол хүний эрхийн зөрчил бага байж, хүний эрх бодитойгоор хамгаалагддаг. Мэдээж ажлаа шударгаар хийж байгаа олон арван шударга ажилтнуудад бид талархах ёстой.
-Монгол Улс Ардчилсан засаглалтай гэх улс орнуудтай харьцуулаад дүгнэвэл хүний эрхийн асуудал ямар төвшинд байна?
-Монгол хүний эрх маш их зөрчигдөж байна. Ардчилсан засаглалтай улс оронтой Монгол Улсыг харьцуулах боломжгүй болсон. Манайд хэлбэрийн төдий, дүр үзүүлсэн Ардчилсан тогтолцоо ноёрхож байна шүү дээ. Манай орныг бодит ардчилсан, хяналтын тогтолцоотой улс гэж үзэх боломжгүй болсон. Ийм тогтолцоотой болохын тулд хоёр танхимтай парламентын тогтолцоог авах ёстой. Дээд танхим нь ард түмний төлөөллөөс бүрддэг, энэ бүтэц төрийн институцийг бий болгож, өндөр албан тушаалтнуудыг томилдог, хариуцлага тооцдог хэлбэр рүү орох ёстой. Доод танхим буюу Бага хурал нь зөвхөн хууль тогтоодог, Их хурлаар ажлаа дүгнүүлдэг, хариуцлагаа хүлээдэг ийм л хариуцлагын тогтолцоо ус, агаар шиг хэрэгтэй байна. Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд, муу хууль гаргаж байгалийн баялгаа лиценз гэх цаасаар алдсан. Газар нутгийг маань лицензтэй бүхэн гадаад дотоодгүй арилжааны хэрэгсэл болгосон. Бараг худалдаад дуусаж байна гэхэд хилсдэхгүй. Гадаадаас интернет дээр тавьсан зарын дагуу алтны орд авна гэсэн хүмүүс ирээд бидэнд хандаад ийм ийм орд авмаар байна. хууль зүйн талаас нь зөрчил байгаа эсэхийг тогтоогоод өг, зөвлөгөө өгөөч гэх юм. Баялгаа үнэгүй алдаж, хүн амын тэн хагас нь ядуугийн байдалд байгаа нь хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсний нэг үзүүлэлт шүү дээ. Дээрээс нь санхүүгийн хувьд туйлдсан хүмүүсийн эрх их зөрчигдөж байна. Муу хуулиудын улмаас маш олон хүний эрх зөрчигдөж байна. Зөрчлийн хуулиар торгоод л байдаг. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямарч үр дүн өгөхгүй байна. Харин торгуулиар төсвийн хэсгийг бүрдүүлэх, НӨАТ-ийн хуулиар төсөв бүрдүүлэх гаж тогтолцоо руу шилжчихлээ. Гэтэл Оюутолгой 10 Эрдэнэттэй тэнцэх баялгийг ачаад, улс эх орон маань өрөнд ороод байж байна. Эрүүгийн хууль бол мөнгөтэй нь ял завшдаг, гэмт этгээдэд ээлтэй, иргэд, хохирогчдод халтай хууль болсон. УИХ олигтой хууль батлах чадамжгүй болсныг хэн хүнгүй мэдэх болсон. Нийгмийн харилцааг зөв зохицуулах чадамжгүй хуулиуд нь хүний эрхийг зөрчих гол үндэслэл болоод байна.
-Сүүлийн хэд хоног олон нийтийн дунд ковидоос дутахааргүй яригдаж байгаа нэг сэдэв бол хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар юм. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэл аманд ороогдоод байгаа Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйлийн өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг ямар нэг байдлаар хааж боосон хууль гаргаж болохгүй. Харин бусдыг санаатайгаар гүтгэсэн, худал мэдээлэл тараасан, хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, бусдын захиалгаар сонгох сонгогдох эрхийг нь зөрчих зорилгоор урьдаас бэлтгэж худал мэдээлэл тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт оруулах шаардлагатай. Ер нь эрүүгийн хуулийг нийгэмд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргадаг ба нэгэнт хуулийг хэн нэгэн санаатай зөрчсөн бол хариуцлага хүлээдэг байх ёстой. Хүний нэр төр, алдар хүнд бол дээдэлж байх тийм чухал эрх юм. Монголчууд “Нэр хугарахаар, яс хугар” гэж ярьдаг. Нэр төрөө гутаалгасан хүний эрх ашгийг мөн хуулиар хамгаалах ёстой. Хамгийн гол нь санаатай санамсаргүйгээр бусдын нэр төрд халдсан этгээд нь хохирлыг барагдуулж, худал мэдээ тараасан арга хэлбэрээрээ, сайн дураараа няцаалт хийж уучлал гуйсан бол Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт оруулах нь чухал гэж үзэж байна.Сайд Нямбаатарын гэх төслийг Сэтгүүлчдийн холбоо, сэтгүүлчид эсэргүүцсэн нь үр дүнгээ өгч, одоо төслийн агуулга арай зөөлөрч, хэлэлцэгдэж байх шиг байна.Уул нь хууль зүйн Сайд нэн түрүүнд Ашигт малтмалын тухай хууль, Эрүү, Зөрчлийн хуулиудыг өөрчлөхөөр ажилламаар юм.
-Өнөөдөр хууль тогтоох байгууллагад байгаа хүмүүс өөрсдөдөө зориулж хууль санаачилж, батлуулдаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн болов уу. Үнэн бол жишээтэй тайлбарлавал...
-Үнэн. Тэд өөрсдөдөө зориулж хууль санаачлахаас гадна гадныхны захиалга, хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлж хууль баталдаг. Тэд юу ч хийж байсан ямар ч хариуцлага хүлээдэггүй, олуулаа баталдаг тул хариуцах эзэнгүй болдог. Улмаар хувийн эрх ашигтаа нийцүүлдэг тохиолдол олон. Дахиад хэлэхэд, энэ нэг парламентын тогтолцоог өөрчилж хоёр танхимтай болгохгүй бол Монгол Улсын ирээдүй бүрхэг болоод байна. Би нэг жишээ ярья. 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг гадныхны оролцоотой хийсэн, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжүүлэлтийн гэх хуулийг гадны захиалгаар баталсан. Гадны улсын лобби орсон Их хурлын хэсэг гишүүн тэр улсад аялж халаасны мөнгө авсан гэдэг. Яг ийм хуулийг гадны тав улс оронд хэрэгжүүлээд бүгд санхүүгийн хүнд байдалд орсон гэж Б. Чимэд багш нэг хурал дээр ярьсан байдаг.
Мөн Татварын Өршөөлийн хууль байна. Орлогоо нуусан гэмт этгээдүүдэд л энэ хуулийг зориулж гаргасан, Чин үнэнч татвар төлөгч аж ахуй нэгжүүд үүнд бараг хамрагдаагүй, татварын өрийг нь чөлөөлөөгүй байдаг. Эрүүгийн хуулийн ялын дээд хэмжээг асар их бууруулсан, эх орноосоо урвах зэрэг гэмт хэргийн хүрээг хумьсан. Хөөн хэлэлцэх хугацааг бараг үгүй болгосноор маш олон гэмт этгээд, түүний дотор УИХ-ын гишүүн байсан, байгаа этгээдүүд ял завшсан гээд маш олон жишээ байна.Харамсалтай, сэтгэлд багтахгүй, байж боломгүй гажуудал байгаа биз.
ОУПХ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГ ҮҮСГЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ
-Одоогоос бараг гурван жилийн өмнө та хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Оюутолгойн гэрээг хийхэд оролцсон бүх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн байгууллага шалгах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хэд, хэдэн хүн шоронд хоригдоод хэрэг нь шүүхийн шатанд явж байна. Энэ талаар та одоо юу хэлэх вэ?
-Оюутолгойн луйврыг дотооддоо илчилж буруутай этгээдүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгээд, үүнд үндэслэн Оюутолгойн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх ёстой. Үгүй бол ард түмэн энэ луйврыг зогсоох ёстой гэж үзэж байна.Бид яахаараа бүхэл улсаараа, нийт ард түмнээрээ хохирох ёстой юм. Оюутолгойг зогсоолоо гээд Монголын ард түмэн өлбөрч үхэхгүй. Баялгаа дээрэмдүүлчихээд зүгээр суух болж байна уу? Үүнд манай авлигачид гол буруутай. Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн этгээдүүдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг шүү дээ. Тэгээд бүхэл бутэн улс, эх орон, ард түмнийг дээрэмдээд байхад хариуцлага яагаад тооцохгүй байгаа юм бэ. С.Баяр, С. Баярцогт зэрэг хэд хэдэн хүнийг шүүхээр гэм буруутай гээд шийдэж ял оноосон. Шүүхийн шийдвэрийг зөв буруу гэж хөндлөнгөөс ярих нь зохисгүй.
-Та тэднийг хилс хэрэгт хэлмэгдсэн гэж бодохгүй байна уу. Яагаад?
-Тэгж бодохгүй байна. Шүүх шийдвэрлэсэн асуудлаар тайлбар өгөх боломжгүй.
-Сүүлийн үед Монгол Улс “Улс төрийн хоригдлууд”-тай болчихов уу даа гэх яриа олны дунд чих дэлсэх боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Дубайн гэх гэрээнд гарын үсэг зурсан Д.Ганболд, Б.Бямбасайхан, Петровисийн Ч.Давааням гуай гэх зэрэг хүмүүсийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна гэх юм. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Мэдэхгүй. Өмгөөлөгчдийнх нь байр суурийг асуу даа. Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээлэл авах зүйтэй байх. Тэгээд ч бүгд тус тусдаа, өөр өөр эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон гэж хэвлэлээс авсан ойлголттой байна.
-Хэдхэн хоногийн өмнө Олон улсын парламентын холбоо /ОУПХ/ гэх байгууллага Хүний эрх зөрчсөн асуудлаар Монгол Улсад хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж, ял эдлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн байдаг. Энд дурдагдаад байгаа ОУПХ–ны талаар болон цаашид энэ асуудал хэрхэн өрнөх бол...
-Мэдээллийн дагуу Олон Улсын Парламентын холбоо судалгаа хийж байж болох юм. Байдаг л асуудал. Ямар шийдвэр гаргахыг би яаж мэдэх вэ дээ. Хүний эрх зөрчсөн эсэхийг л нягталж байгаа биз. Монгол Улсад хэрэг үүсгэнэ гэж юу байх вэ дээ. Монгол Улсад Прокурорын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч удаан хугацаагаар цагдан хорьдоггүй. Эрүүгийн хуульд зааснаар Шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ял шийтгэгдсэн этгээдэдэд ял эдлүүлдэг. Тэгэхээр Ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж, ял эдлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн гэдэг бол ор үндэслэлгүй шүү дээ
-Өнөөдөр Монгол Улсын шүүх бие даасан засаглалтай, бие даасан шийдвэр гаргаж чадаж байна уу. Чадахгүй байгаа бол яагаад?
-Дээд шүүх бие даасан шийдвэр л гаргах ёстой. Нөгөө шударга бусын хонгил гэх тогтолцооны үед улс төрийн нөлөөгөөр буруу шийдвэр гаргадаг байсан. Одоо бол хэлж мэдэхгүй байна. Тогтолцоо маань бие даасан шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байгаа. Ийм асуудлыг баримттай ярих ёстой. Харин Дээд шүүх Үндсэн хуульд заасан хууль тайлбарлах эрхээ хэрэгжүүлж тайлбар гаргах ёстой, үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна гэж үздэг. Мөн Ерөнхий шүүгч хяналтын шатны Шүүхийн Тогтоолд гомдол гарсан нөхцөлд өөрөө дүгнэлт бичиж нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх үндсэн эрхээ нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Одоо бол Шүүн таслах эрхгүй хүмүүсээр уншуулж хариу өгснөөр хязгаарлаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байгаа. Мөн нэг асуудлыг Дээд шүүх хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн тогтоол олон байгаа. Энэ бол байж болохгүй . Иймд ийм шийдвэрүүдийг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэж нэг мөр эцсийн шийдвэр гаргах ёстой. Нэг л үнэн байдаг биз дээ. Жишээлбэл, Захиргааны танхим Зээлийн хүүд үндэслэлгүйгээр, хууль зөрчиж ногдуулсан НӨАТ-тай холбогдох асуудлыг шийдэхдээ нэг компанийг нь чөлөөлж, дараа нь өөр хоёр компанийг онолын тодорхойлолт үндэслэн “чөлөөлөхгүй” гэж шийдсэн. Үүнийг засах ёстой. Ер нь энэ мэт бие даасан, зөвхөн хууль дээдэлсэн шийдвэр гаргахгүй байгаа тохиолдол гарч байна. Энэ нь олон шалтгаантай. Тухайлбал, Энэ хэргийг шийдсэн байдлаас улбаалан, хуучин хонгилын үеийн нөлөө бүхий этгээдийн томилсон шүүгчийг өөрчлөх ёстой. Ялангуяа өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг нөхөртэй хүнийг Дээд шүүхийн шүүгчээр томилж болохгүй юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн.
-Хуулийн цоорхой гэж бид их ярьдаг. Яг ийм хуулийн цоорхойг ашигласан хэргүүд олон байдаг байх. Та жишээн дээр тайлбарлаад өгөөч...
-Хуулийн цоорхой гэж хуулийг хэрэгжvvлэх vед ямар нэгэн хэргийн хуулийн зохицуулалт нь байхгvй байхыг хэлнэ. Хуулиар зохицуулаагүй, хуульд гэмт хэрэг гэж заагаагүй боловч эрх зүйн үр дагавар бүхий нөхцөл байдал үүсэхийг хэлнэ. Манайд хуулийн цоорхой буюу хийдэл нь Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүйгээс бусад салбарын хууль тогтоомжид маш ихээр ажиглагдаж байна. Учир нь Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой байдаг. Мөн энэ хуулийг одоохондоо Эрүүгийн хуулийг “самарсан” шиг самраагүй байна. Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ маш олон зүйл ангид байсан гэмт хэргийн ойлголт, зохицуулалтыг хассан тул хуулийн энэ цоорхойг ашиглаж авлигачид ял завшиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэрчээр асууж дараа нь яллагдагчаар татдаг хүний эрх зөрчдөг ноцтой давхардал, сэжигтэн гэсэн заалтууд байгаа боловч хэрэглэх боломжгүй гээд л зөрчил их байна. Мөн хуулийг хэн дуртай нь өөрийнхөөрөө, өөртөө ашигтайгаар тайлбарлах гэж оролддог байдал газар аваад байна. Хэн дуртай нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарлахааргүй байлгах нь хууль тогтоогчдын үүрэг, үндсэн ажил нь байх ёстой. Улсын дээд Шүүх Үндсэн хуульд зааснаар хууль тайлбарлах ажлаа хийх ёстой. Өнөөдөр УИХ цоорхойтой, хийдэлтэй хууль ихээр баталж байгаа, гишүүдийг баталсан хуулиар нь дүгнэе гэвэл тэдэнд муу дүн л тавина.
Жишээ нь Хууль зүй,дотоод хэргийн яам Ашигт малтмалын, Газрын тосны болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай зэрэг арван хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл илрүүлжээ. Зөвхөн нэг салбарын хууль ийм байхад салбар хоорондын хуулиудын давхардал, хийдэл тоо томшгүй болохоор байна. Прокурорын ерөнхий хяналтын тогтолцоог өөрчилсөн боловч Төрийг төлөөлж иргэний нэхэмжлэл гаргах харилцаа оновчтой биш, хуулийн цоорхойтой байгаагаас болж, төрийг онц их хэмжээгээр хохироосон этгээдүүдээс хохирлыг гаргуулах асуудал үндсэндээ эзэнгүй байна.Эрүүгийн хэрэг шийдвэрлэхдээ төрийг хохиролгүй болгох асуудал хангалтгүй байна. Энэ бол эзэнгүй төрийн эмгэнэл мөн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Zow yrij bn.
Эхнэр нь шүүгч юм уу?
Энэ нөхөр юм бүхнийг л мэдэж бх юм аа.Их л мэдлэгтэй юм бх даа
Huulich hun gehed nurshuu undeslel sistem muutai zugeer neg ugelsen zargiun shinjtei tailbar ugchee...ene hunii medleg uneheer hotsrogdjee...
Энэ өмгөөлөгч бол Цагаан, Элбэгдорж нарыг хаацайлагч. Тийм ч шудрага өвгөн биш шүү. Цагааны хувьдаа завшиж байгаа Эрдэнэтийн овоолгын луйварыг хаацайлж гэмт хэргээс чөлөөлөх ажлыг гардан хийж байгаа хулгайч.
худал гар даа. Зайлбал яасан юм бэ новшоо
Байдлыг яг л хэлжээ, ядаж энэ хүний шүүмжлэлийг хүлээж аваад алдаагаа засдаг бол ч.
Зургаа 2 удаа тавьсныг харваас хүн чанар ярьж тодрох гэсэн этгээд бололтой.
Өмгөөлөгчийн эхнэр ямар шүүгч вэ
Өмгөөлөгчийн эхнэр ямар шүүгч вэ
Өмгөөлөгчийн эхнэр ямар шүүгч вэ
Өмгөөлөгчийн эхнэр ямар шүүгч вэ
Өмгөөлөгчийн эхнэр ямар шүүгч вэ