Баттай эх сурвалжийн мэдээлэл биш ч гэлээ “Нам зарна” гэсэн нэгэн далд зар улс төр сонирхогчдын хүрээнд өрнөөд чимээ намдаав. Дуулгасан мэдээллээс харахад нэгэн дунд гарын бизнесмэн сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа намаа зарах тухай яриа дэгдээсэн бололтой. Ингэхэд улс төрийн намыг хэдэн төгрөгөөр зарж болох вэ. Ихэнх намд өв хөрөнгө байхгүй. Тамга тэмдэг л бий. Гагцхүү хэр олон жил нийгэмд ямар хэмжээний улс төр өрнүүлсэн юм гэдгээс л үнэлгээ нь шалтгаалж таарна. Өөрөөр хэлбэл нийгэмд танигдсан эсэхээс шалтгаалах байх.
Өнөөдөр 100 жилийн түүхтэй МАН-д бол үнэлэх бодит хөрөнгө бий. Хамгийн наад зах нь Тусгаар тогтнолын ордон гэх олон тэрбумаар үнэлэгдэх байр, аймгуудын Намын үүрийн байр гээд чамгүй зүйлийг дурдаж болно. Гучаад жилийн түүхтэй АН-д гэхэд үнэлээд байх бодит хөрөнгө гэх байхгүй. Тус намын олигархиуд намдаа бус өөрсдөдөө үнэ цэнтэй объектуудыг авчихсан. МАХН-ын хувьд хотын А зэрэглэлийн бүсэд өөрийн гэсэн байр бий. Харин Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бусад улс төрийн намуудад хөрөнгө гэж байхгүй.
Ерөөсөө компани, Аж ахуйн нэгж байгуулаад нэгэндээ зарж байхыг дуулснаас улс төрийн нам байгуулаад зарж байна гэж дуулсангүй. Тэр тусмаа иргэдийн хатуу итгэл үнэмшил, өөрийн үнэт зүйл дээр оршин тогтнох учиртай улс төрийн нам зарна гэдэг хэний ч санаанд багтахгүй зүйл аж. Гэтэл Монгол Улсад улс төрийн намыг наймаалцах явдал байсаар байгааг зарим эх сурвалж дуулгасан юм. Үүнээс гадна эрх баригч нам болон бусад бүлэглэлд худалдагдах замаар үйл ажиллагаа явуулдаг, тэднээс санхүүждэг улс төрийн хүчнүүд ч байгааг дурдаж байна. Мөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд байгуулагдсан нам ч бий.
Тухайлбал, Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг байгуулаад зарсан тухай мэдээлж байсан ч төдийлөн итгэсэнгүй. Хэдий хэр үнэ хүрч, хэнд ямар ашиг унацтайг бүр ч тодорхойлох аргагүй. Гэтэл тал талаас батлан ярьж байгаа учраас өөрийн эрхгүй сонирхол татав. Саяхан л “Орон нутгийн сонгуульд оролцуулсангүй” хэмээн дуулиан шуугиан болж байсан ХҮН-ыг С.Ганбаатар худалдаж аваад, цааш нь Т.Доржхандад зарсан гэх мэдээллийг ч гуравдагчдын орон зайнаас гаргаж тавьж байв. Олны салхинаас чимээ “шүүрдэж” суухад ХҮН нь эрх баригчдаас чамгүй мөнгө амьжиргаагаа залгуулдаг гэх. Ямартай ч үнэт зүйл дээр суурилж боссон үнэ цэнтэй улс төрийн хүчин Монгол Улсад алга.
Үүнээс гадна гэр бүлийн хэрэглэгдэхүүн болсон, хувиараа эрхлэх аж ахуй шиг улс төрийн хүчин олон бий. Үнэн хэрэгтээ МАХН бол Н.Энхбаяр, О.Цолмон, Э.Батшугир гэх хүмүүсийн нам. Н.Энхбаярынх гэдэг айлын л нам. “Ард түмнээ хайрлая нам” бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн гэр бүлийн нам. Л.Гүндалайн хувьд Ард түмний нам гээчийг байгуулсан гэхээр Монгол Улсын нэг иргэнд гэр бүлийн хэмжээний хоёр намын эрх байж байх жишээтэй. Нам гэдэг тоглоом биш. Улс төрийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан нь төрийн эрх барьдаг гэхээр дундаа наймаалцаж, халааснаас халаас руу орж гардаг зүйл бол лав биш. Тэр тусмаа нам нэрээр эрх баригчид ч юм уу, аль нэг нам эвслийн дохио зангаагаар нийгэм үймүүлж, олныг бужигнуулдаг зүйл бүр ч биш.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний нам гээчийг байгуулан, гол төлөв эрх баригчдын талд үйлчилж л байв. Түүний зохион байгуулж байсан жагсаал цуглаан, тэмцэл гээд бүгд захиалгын шинжтэй хөдөлгөөн байсныг ч санаж байна. Өдгөө ШИНЭН хэмээх бүлэг үүсгэчихээд явж л байна. Үнэн хэрэгтээ өөрсдийн эрх ашгийн төлөө эрх баригчдын талд үйлчилсэн учраас АН-д орогнох боломжгүй болж, арга буюу үүсгэсэн бүлэглэл. Одоо эргээд АН-д нэгдэх замаар сонгууль хийж байна. Хэтдээ энэ нам үүсгэн байгуулагчдынхаа хэргийг бүтээсэн учраас мартагдана. Тэд АН хэмээх хүчиндээ нэгдээд цаашдынхаа улс төрийн замыг хөөнө. Харин итгэл үнэмшлээ өгч дагасан олон гишүүд үзэл бодлоороо хохирч үлдэнэ. ШИНЭН-г үүсгэн байгуулагчид эхнээсээ Ерөнхийлөгч Х.Баттулгын туган дор нэгдэж, АН-ыг нэгтгэн, гартаа авах ажиллагаанд нь оролцож эхэлжээ. Үүнээс гадна Бүгд найрамдах нам, Ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд бүгд л жижигхэн эрх ашгийн төлөө байгуулагдсан улс төрийн бүлэглэлүүд. Тэдэнд тогтсон үзэл баримтлал алга, итгэл үнэмшлээ өгсөн гишүүд ч гэж байхгүй. Зөвхөн өчүүхэн эрх ашгийн төлөөх хэдэн нөхөр ширээ тойрон сууж, эрх ашгаа уралдуулж байгаа хэрэг. Байгуулсан эздийг нь харахад л нэгийг хэлж хоёрыг бодогдуулах нь лавтай.
Нэлээд эрт байгуулагдсан Иргэний Зориг Нам бол ах намын лидерүүдийн гаргаж ирсэн бүлэглэл гэдгийг мэдэх хүн цөөнгүй бий. Угтаа бол тус намд өөрийн үзэл баримтлал байхгүй, тодорхой эрх ашгийн төлөө баруунтнуудын гаргаж ирсэн нам гэдэг. Тодотговол, 2000 оны сонгуульд Ардчилсан намын саналыг хуваах зорилгоор Ерөнхий сайд асан С.Баярын санаачилгаар байгуулагджээ. Түүнээс биш ахынхаа нэрийг оруулан нам байгуулах нь С.Оюуны ч санаа биш. Түүх сөхвөл 1996 оны сонгуульд ялагдал хүлээсэн тухайн үеийн МАХН-ын С.Баяр С.Зориг агсны үхэлд дөрөөлж, нам байгуулах тухай эхнэр асан Х.Хуланд захиалах замаар С.Оюуныг түлхүүрдсэн гэдэг. Ийнхүү 2000 оны хоёрдугаар сард С.Баярын гэрт нам байгуулах тухай хэлэлцэж, улмаар гуравдугаар сарын 9-нд Их хурлаа зохион байгуулан, Иргэний Зориг Нам нэртэйгээр байгуулагдсан юм. Тэр жилдээ С.Баярын заавраар Ногоон намтай нэгдэн сонгуульд оролцож, парламентад суудалтай нэгэн нам шинээр бий болж байв. Тун удалгүй 2000 оны намар Монголын Төлөө нам, Орон нутгийн хөгжлийн намууд татан буугдаж, Иргэний Зориг Намд нэгдэн орсон нь ч санаандгүй хэрэг биш. Сүүлд 2006 онд Иргэний Зориг, Ногоон Нам хэмээн Улсын бүртгэлд дахин шинээр бүртгүүлсэн байдаг. Харин Ногоон нам үүнийг эс зөвшөөрөн, өөрийнхөө нэрийг Ногоон нам хэвээр нь баталгаажуулж, өдгөө хүртэл дангаараа нэрээ эзэмшиж байгаа юм.
Иргэний Зориг Нам байгуулагдсан цагаасаа хойш АН-ын саналыг байнга л хувааж, МАН-д тус дэм болж ирсэн түүхтэй. Уг нь бол ИЗНН нь ардчилсан, зүүний үзэл баримтлалтай хэмээн харагдахыг хичээж, дурдаж ирсэн. Гэвч өөрсдөө баруунтнуудын захиалгаар төрсөн болохоор хаашаа ч явах гарцгүй болсон. АН-ыг зарим сонгуульд дэмжиж байгаа гэх зэргээр мэдээлж байдаг ч энэ зөвхөн олонд харагдах талаасаа гэхээс цаана нь ийм л учир шалтгаан байгааг дурдах нь зөв байх. Ардчиллын алтан хараацай гэх С.Зоригийн харамсалтай үхэл дээр дөрөөлж боссон энэ нам өдгөө сураггүй байгаа нь тодорхой зорилгын төлөө байгуулагдаад үүргээ гүйцэтгэсэн учраас чимээ намдаажээ. С.Оюун тэргүүтэй нөхдийг парламентад олон удаа суулгаж, сайдын суудалд хүртэл залсан. Эрх баригчдад ч гүйцэтгэж өгөх ёстойгоо гүйцэтгэж өгсөн учраас цагийн эрхээр мартагдаж байна. Уг нь УИХ-ын гишүүн асан Ц.Ганхуяг Иргэний Зориг, Ногоон Намын даргаар ажиллаж, үйл хэргийг үргэлжлүүлэх гэсэн боловч эрх баригчид хүч, имиж нь нэгэнт суларсан тус намыг тоохгүй, ХҮН-д тал засаж байгаа учраас тэдэнд олны өмнө гарах ч боломж олдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний Зориг, Ногоон Намын буурин дээр өдгөө Хөдөлмөрийн Үндэсний Нам гээч бүлэглэл гарч ирээд байгааг сүүлийн үеийн үйл явдал тодорхой харуулах боллоо. Тэд үзэл баримтлал дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг нам лав биш гэдгийг өнгөрөгч хугацааны үйл ажиллагаа нь та бүхэнд харуулсан байх. Тэдэнд зорилго ч байхгүй. Зорилготой нам, эвслийн тэмцэл нь хүртэл өөр харагддаг.
Үүнийг бичиглэхийн учир нь Монгол Улсад улс төрийн нам байгуулахад тодорхой шаардлага, босго тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэтдээ төр улс ч наймааны нэг талбар болно гэсэн үг. Гэр бүлийн МАХН гэхэд 2012 онд төрийн эрх хамтран барьж л байсан. 2004 онд “Их эвслийн” гэх Засгийн газарт БНН-аас эхлээд ямар ч үзэл баримтлалгүй наймааны намуудаас төрийн эрхэнд шургалж орж байсныг мартах учиргүй. Сүүлдээ нам зарж баяжих тухай санаа агуулж яваа юм биш биз гэх хардлага төрж байна. Улс төрийн нам нь том жижгээс үл хамааран, өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалтай байх ёстой. Түүнээс бус наймааны хөгшин морь шиг байж болохгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Энэ мэдээнд итгэхгүй байна. Харлуулах гэсэн л нэг оролдлого байх