СУРВАЛЖИЛГА: Нарийн ногооны нийлүүлэлтийн 90 хувийг импортоор оруулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Цар тахалтай холбогдсон олон асуудал гарч байгаагийн нэг нь хүнсний хангамж болоод байна. Тэр дундаа нийслэлчүүдийн дунд нарийн ногооны хомсдол үүсээд багагүй хугацааг өнгөрөв. “Үнэ нь огцом нэмэгдлээ”, “Олдохоо байлаа”, “Монголд ургуулдаг гээд байсан ногоонууд нь хаачив” гэсэн явган яриа хаа сайгүй тэнэж явна. Иргэдийг эргэлзүүлж орхисон энэ асуудлыг сурвалжлахаар томоохон зах, сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний “Мини маркет”- уудаар орлоо.

 

БӨМБӨГӨРИЙН ХУДАЛДААЧИД БАРСЫНХАН ҮНЭЭ НЭМЧИХСЭН ГЭЖ БАЙВ

Нийслэлийн томоохон захуудын нэг болох Бөмбөгөр худалдааны төвд хүний хөл их байв. Хөл хорио чангарч байгаатай л холбоотой бололтой. Нарийн ногооны тасгийн худалдаачдаас үнийн мэдээлэл авлаа. Тэдний хэлж буйгаар “Бид ихэнх бараагаа Барсаас бөөнддөг. Гэтэл бидэнд бөөнддөг худалдаачид үнээ бараг хоёр дахин нэмэх болсон. Учир нь олдоц багассан бас гааль дээр төлдөг байсан татвараа нэмж өгдөг болсон гэнэ билээ” гэцгээж байв. Нарийн ногооны үнийн мэдээллийг хуучин бас өссөн үнэтэй нь харьцуулж харуулъя Өргөст хэмх урьд нь 6500 төгрөг байсан бол одоо 11000 мянгад хүрчээ. Мөн үрлэн помидор 7500 төгрөгөөс 11000 мянган төгрөг болж өссөн байна. Харин броккли 7000 төгрөг байснаас 9000 болж өсчээ. Мөн сармисны гол багц нь 1500 төгрөгөөс 3000 болжээ. Бууцай 200 грамаар савлагдсан нь хуучин 800 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 2000 болжээ. Амтат чинжүү 6000 төгрөг байсан бол 9000 төгрөг болжээ. Салатны навч/ 100 граммаар савлагдсан нь 900-1800 төгрөгөөр өссөн байна.

 

ЖИМСНИЙ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Натур худалдааны төвийн жимсний худалдааны төв хөл хөдөлгөөн бага байв. Тус төвд худалдаа эрхлээд таван жил болж байгаа н.Одгэрэл “Жимсний үнэ хагас сарын өмнөөс огцом нэмэгдчихлээ. Ихэнх жимсний үнэ килограмм тутамдаа хоёр дахин нэмэгдсэн. Хүмүүс биднийг л нэмээд байгаа юм шиг загнах юм. Цаанаасаа үнэ нь нэмэгдээд хэцүү л байна. Сүүлдээ бүр олдохоо ч байх нь ээ. Баяр ёслол ойртож байгаатай холбогдуулж эрэлт ихтэй байгаа боловч нийлүүлт багассан” гэлээ. Жимсний худалдаачид мөн л Барсаас бараагаа бөөндөж авдаг болохоор Барсын наймаачид үнээ нэмчихээд байгаа гэсэн шалтаг хэлж байлаа. Тус төвд хамгийн их борлуулагддаг жимсний хуучин үнэ болон өссөн үнийг харуулъя.

 

Алим 7000 төгрөгөөс 11000 болжээ. Мөн банана 5500 төгрөг байсан бол 8500 болж өсчээ. Мандарин /Мороко/ 4500 төгрөг байснаас 7500 болжээ.

 

Орон сууцны айлууд ихэвчлэн үйлчлүүлдэг “Мини маркет”-д Худалдагч ойр зуурын хүнсний зүйлээ цуглуулсан иргэд их байв. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч нэгэн иргэн “Иргэд бид төмс хүнсний ногоог өдөр тутамдаа хэрэглэдэг. Хааяа хүүхдүүддээ броклитэй зутан хийх гээд нарийн ногоо сураглахаар олдоц муу, үнэ нь 12 мянган төгрөг болчихжээ. Өмнө нь долоон мянга л байсан шүү дээ” гэж халаглаж байв. Харин дэлгүүрийн худалдагч “Сүүлийн үед нарийн ногоо нийлүүлдэг газрууд нөөцөө дууссан гээд хүргэлт хийхээ больсон. Жимсний хувьд бөөний үнэ нь өмнөхөөсөө 30, зарим жимс нь бүр 50 хувиар нэмэгдэж ирээд байна” гэж учирлаж байв.

 

ТОГ, ДУЛААНЫ ҮНЭ ХӨНГӨЛСНӨӨР НАРИЙН НОГОО ТАРИХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ

Зах, дэлгүүрүүдийн нөхцөл байдлаас харахад нарийн ногоо болон жимсний үнэ нэгэнт өсжээ. Харин хүмүүсийн хамгийн их гайхашралыг төрүүлээд байгаа зүйл бол “Монгол ногоо” хэмээн зарагддаг нарийн ногоонууд хаачив. Энэ төрлийн худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн ярьж буйгаар нарийн ногооны олдоц багассан шалтгаанаа зөвхөн урд хөршийн хилтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр тэдний зардаг байсан ногоо бүгд хятад болж таарлаа. Харин манай “Монгол ногоо” үйлдвэрлэгч хүнсний үйлдвэрүүд маань энэ цаг үед юу хийдэг болж байна. “Дэвшил трейд” ХХК-ны ургуулдаг өргөст хэмх, улаан лооль зах зээлийн үнээс өндөр худалдаалагддаг. Тэгвэл тус компанийн ногоог гадуур ямар үнэ ханшаар худалдаалж байгаа талаар холбогдох хүнээс нь тодрууллаа. “Дэвшил трейд” ХХК-ийн олон нийттэй харилцах албаны ажилтан “Манай ногоонууд өвөл худалдаанд гардаггүй. Ирэх хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхээр л шинэхэн ургац гарах байх” гэв.

Тэгвэл “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүд болон зарим “Мини маркет”-аар худалдаалагддаг “Свийт фрут” ХХК хаягтай нарийн ногоонууд байдаг. Тус компанийнхантай холбогдоход “Угаасаа импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн хэцүү байна шүү дээ. Манай барааны нөөц дууссан. Зурагтаар хилээр хүнсний тээвэрлэлт хэвийн болсон гэж ярьдаг ч бодит байдал дээрээ засраагүй л байна” гэв.

“Түмэн сүйх” ХХК “Одоохондоо манай ногоонууд худалдаанд гараагүй байгаа. Хоёрдугаар сараас гарчих байх. Нэг үеэ бодоход бидэнд боломж олдсон. Ус, цахилгааны үнэ хөнгөлөлттэй энэ үед навчит төрлийн ногоонуудаа өвлийн хүйтэнд ч гэсэн ургуулах боломж бүрдлээ. Яг одоогоор бол “Төгс ургац”-ынхан л ганц нэг газар өргөст хэмх гаргаж байгаа гэж сонссон” гэсэн юм. Дээрх бүгдээс дүгнэхэд одоо гадуур зарагдаж байгаа ногоонууд бүгд импортоор орж ирж байгаа нь тодорхой болов. Хомсдол үүссэн нь ч хөл хорионы дэглэмээс шалтгаалж хилээр бараа удаашралтай нэвтэрч байгаатай холбоотой аж. Харин гадуур нарийн ногоог “Монгол” гэж борлуулдаг нь нэгэнт тодорхой болов.

Судалгаанаас харахад, монголчуудын нарийн ногооны нийт хэрэглээ 40 мянга орчим тонноор хэмжигддэг. Үүнийхээ дөнгөж 10 хувийг буюу 4600 тонныг дотооддоо тариалж, үлдсэн 90 хувийг нь импортоор хангаж иржээ. Ингэхдээ мэдээж хямдаас нь сонгож, урд хөршөөс ихэвчлэн авдаг.

Гаалийн мэдээнээс харвал манай улс өнгөрсөн жил 15 мянга 384 тонн нарийн ногоо импортоор оруулж иржээ. Гэвч хамгийн гачлантай нь монголчууд бид нарийн ногоог улирлаас шалтгаалж эсвэл өндөр үнээс нь болж өдөр бүр хэрэглээд байдаггүй. Хээрийн зэрлэг гүзээлгэнийг эс тооцвол дэлгүүрээс хүлэмжийн гүзээлгэнэ авч иднэ гэдэг ёстой л тансаг хэрэглээнд орсоор ирсэн нь нууц биш. Тэгвэл үүнээс гарах гарц бий юу. Ганц байгаа гарц нь хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх гэж хариулах хүн олон. Ядаж л Монголын нийт хүн амын 50 хувь нь амьдарч байгаа нийслэл хотоо тойруулаад хэд хэдэн өвлийн хүлэмжтэй болчихвол бид өдөр тутам биш юмаа гэхэд хүссэн үедээ өөрийн орны хөрсөнд ургасан өргөст хэмх, улаан лооль, чинжүү идээд байх боломж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(66.181.161.39) 2020 оны 12 сарын 24

Хужаа ногоо осолтой шүү наанадаж цаанадаж бодоод л үзээрэй хоол боловсруулах замын өвчлөл хорт хавдар хэрээс хэтэрч аюулын харанга дэлдсээр ХАВДАР СУДЛАЛД ТАЛХАНД ОЧЁРЛОЖ БУЙ АЯТАЙ СУМ ИЙН 2 ДАВХАР С,ТӨВ ШИГ ХҮН ИХ БАЙНА шүү хоолонд чинь хор уусгасаар хужаа нар ч дээ чихэрэнд хор хольдог шиг манайхан МОНГОЛ НОГОО гээд л гэнэ алдан хунисаар шүү

0  |  0
Zochin(122.201.21.112) 2020 оны 12 сарын 24

Mongolchuud hezee lnarii nogoo hereglej bailaa hyatadiin himiin bordoogoor bodson nariin nogoo avch yah vedee bugdeeree l uuniig idej havdar tusch uhej baigaa bizdee hereggui yum survaljilj baihaar mahnii unii sudalgaa hiij baival taarnadaa naad nariin nogoo baihgui baina geed mongolchuud uhehgui

0  |  0
Top