Монгол Улсын оршин тогтнох нэгэн том шалтгаан нь эрийн гурван наадам юм. Үндэсний сурын харваа, шагайн харваа, морин уралдаан, бөхийн барилдаан гээд мартагдаж, бүдгэрч үл болох эрхэм зүйл гэдгийг хаа хаана мэднэ. Тэр дундаас адуу, адуу дагасан өв соёлд халдах гэсэн тал талын хандлага цухалзах болов. Эрлийз хурлийз, өвөл хавар уралдана, уралдахгүй, унаач хүүхдийн нас хүйс гэх мэтээр тал талаас нь хавчин үймүүлж байгаа нь ийн хардлага дагуулж байна. Сүүлийн хэдэн жил баяр наадам болгоноор хурдан морь тойрсон маргаан түймэр авав. Уяачдын бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгийг үнэгүйдүүлдэг боллоо.
Нэг талдаа олон зууны түүхтэй Монгол наадам цаг үеэ дагаад хөгжиж байна. Жилдээ ганц болдог наадамд тээвэрчид нь алтан шар замынхаа тоостой зодоглодог байсан цаг ард үлдсэн. Өнөөдөр бөхчүүд байнгын өндөр бэлтгэл дор барилдаж байна. Бэлтгэлгүй ямар ч тэнхээтэн зүлэг ногоон дэвжээнд барилдах аргагүй болсон. Шинжлэх ухааны түвшинд хөгжсөн. Хурдан морь ч ялгаагүй. Наадам болохоор сар орчмын өмнө адуунаас барьж уяад сойдог байсан цаг ч ард үлдсэн. Жилийн дөрвөн улиралд морины уяа тааруулан тэжээж, эрдэс бодисоо нөхөхөөс эхлэн эм тариа ч хийх болсон.
Ийм цагт эрлийз Монгол хэмээн маргаж суух нь даанч инээдтэй зүйл. Уяачид, малчид маань цаг үе, хөгжлөө дагаад адууныхаа үржилд гойд анхаарах болжээ. Үүнийг төрөөс тодорхой арга хэмжээ авах цаг нь эрт болсон. Одоогийн байдлаар УИХ-аар “Баяр наадмын тухай хууль”-ийн шинэчилсэн төслийг оруулахаар зэхэж буй. Үүнд хурдан морины сэрвээг хэмжиж баяр наадамд уралдуулах тухай санал байгааг хаа хаанаа дэмжиж байна. Хүчит бөхчүүд нь нутаг усаараа талцан, допингтой, допинггүй хэмээн хэдэн жил тойрон маргалдаж, шүүхийн хаалга сахиж, баяр наадмаас хэдхэн хоногийн өмнө барилдана, барилдахгүй гэдэг дээрээ туллаа. Үүн улгаа адил наадмын өмнө морио уяж, нэг сарын хугацаанд уралдуулдаг уяач гэж байхгүй. Бүгд л бүтэн жил арчилж тордон, тэжээж, эдэлж уядаг болсон.
Энэ хугацаанд маш их хэмжээний хөдөлмөр, багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарж байгаа. Улсын наадмаар сойсон хүлгээ мордуулж, хэр давхихыг нь харан, сэтгэлийн цэнгэл эдлэхийн төлөө л явж байгаа хүмүүс. Үүний цаана өнөөх л улс орны оршин тогтнох үндэслэл нь мөн чанараараа оршиж байна. Түрүүлж, айрагдаагүй ч давхиад ирэх морио хараад уярч, баярлах нь уяач хүний жаргал. Наадмын хэдхэн хоногт бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд нэг жилийн алдаа оноогоо дүгнэн, цэгнэн, ирэх жилийнхээ ажилд тэр дороо ханцуй шамлан ордог нь ч уяачийн хөдөлмөр. Малчны нөр их хөдөлмөрөөсөө энэ хэдхэн хоногт түр зуур амсхийж, амарч, ахин бүтэн жил ажиллах эрч хүчийг Улсын наадмаас авдаг учиртай. Харин сүүлийн хэдэн жилд наадам эхлэхээс өмнө эрлийз, монгол адууны маргаан эхэлж, гарааны зурхай дээр заамдалцан, баяр наадмын үеэр хараал урсгахаас эхлээд баяр гэхээсээ илүүтэй гомдогчдын наадам, талбар болох нь бий.
Дээр дурдсанчлан наадам өндөрлөөд ирэх жилийн наадам хол байна даа хэмээн санагалзан гэр гэрийн зүг хүлгийн жолоо залж байгаа нь наадам сайхан болсных, бүтэн жилийн ядаргаагаа тайлж, амарч, цэнгэж байгаа хамгийн том хэлбэр. Харин одоо наадаад харьж байгаа уяачийн сэтгэлд харуусал, бухимдал төрж, заримынх нь бодолд хар хор буцалж, магадгүй хэн нэг нь өс хонзон санаад буцаж байж мэдэхээр болжээ. Сэтгэлийн цэнгэл эдэлж, алжаалаа тайлаад буцах ёстой ард түмэн бухмдал тээн харих болов. Морины уяа, хурдан морины уралдаан гэдэг жирийн нэгэн спортын тэмцээн биш, монголчуудын өв соёл, уламжлал, улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа гэдгийг хаа хаанаа ойлгох учиртай.
Наадаж чадахаа байснаар ард түмний бие сэтгэлийн эрүүл мэнд доройтож, нийгэмд ил болон далд ямар хохирол учруулж байгааг тооцох, эрдэмтэн мэргэд маш цөөн байна. Уясан уяач, унасан хүүхдээс гадна наадамчин олон, телевизээр үзэн суугаа сая сая хүн ч стресст орж, нэг наадмын хэрүүл маргаан жил тойрон үргэлжилдэг хэвээр. Дэлхий нийтэд дэлгэрсэн цар тахалтай энэ хүнд цаг үед ард түмнийхээ эв нэгдэл, эрүүл мэндийн дархлааг бодсон ч Улсынхаа наадмыг жудагтай, журамтай сайхан зохион байгуулах хэрэгтэй.
Нэгэн жишээ татахад коронавирусний халдварын улмаас нэг жил хойшилсон Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагч Японы Засгийн газраас 2021 оны Токиогийн олимпын наадам хүн төрөлхтөн ковидийн аюулыг даван туулсны бэлгэ тэмдэг болсон, үнэн шударга өрсөлдөөнтэй сайхан наадам байх болно гэж мэдэгдсэн ч эцсийн шийд гараагүй байгаа. Тэгвэл бид ч гэсэн 2021 оны наадмаа цар тахлын дараах шинэ үеийн бэлгэ тэмдэг болгон, сайхан наадацгаах туай ярьж эхлэх хэрэгтэй. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой. 100 жилд нэг тохиох асар том ой. 100 жилийн ойдоо маргаангүй сайхан наадахын тулд юуны өмнө “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-иа шинэчилж, дүрэм, журмаа тодорхой болгох явдал чухал. Энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгараад 10 гаруй жил болж байгаа ч одоо болтол маргалдсан хэвээр. Маргааны гол шалтгаан нь эрлийз, монгол адуу. Өнгөрсөн жилийн баяр наадмын хурдан морины уралдаан ямар их маргаантай болсныг бүгд харсан, үзсэн. Хасагдсан морины тоо уралдсанаасаа хавьгүй олон байгаа нь маргаан ямар хэмжээнд очиж байгааг илтгэнэ.
Сэрвээний өндрийн хэмжээ, үйлдвэрлэг байдлаар нь ялгана гэж маргалдсаар зохион байгуулагчид нь хэмжээгээр тэнцсэнийг нь ч сүүлдээ нүдэн баримжаагаар хасаж, оруулж байсныг ч шүүмжилж байна. Ганцхан жишээ авахад 2020 оны наадмын дааганы уралдаанд 242 даага бүртгүүлснээс 41 даага уралдаж байлаа. 242 уяачаас 201 нь хасагдаж, 242 хүүхдээс 201 унаач хүүхэд нь уйлж, үлдсэн гэвэл ардын наадам биш боолж байна. Тэгэхээр “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-даа маш хурдан өөрчлөлт хийж батлах шаардлагатай байгаа юм. Ингэснээр уяач нар эртхэн дүрэм журмаа үзээд, танилцаад ирэх жил ямар морь уяхаа ойлгож, мэднэ. Хэн ч наадмаар хасагдах нь ойлгомжтой морио уяж, илүү зардал гаргахгүй.
Зохион байгуулагчид нь хуулиар заасан тодорхой хувь, чанараа дагаад явчихаар ямар асуудал үүсэх билээ. Нөгөө талаар хэмждэг багажийг нь боловсронгуй болгочихоор хэрүүл маргаан ч гарахгүй нь ойлгомжтой. Бүрэн улсын бүтэн хууль үйлчилж байхад бүгд л дагаж мөрдөх болно. Тэгэхээр бид энэ цаг үед бүрэн улсын бүтэн иргэд учраас үндэсний эрх ашгийнхаа төлөө, өв уламжлалаа хадгалж үлдэхийн төлөө, уламжлал дээр суурилан хөгжүүлэхийн төлөө бүгд л тэмцэх цаг нь болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Эрлийзүүдийн холбооныхон сэрвээний хууль батлуулах гэж шинэ дайралт хийж эхэллээ. Саяхан 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагынхныг цуглуулж өдөржин архидуулж, аманд нь мөнгө чихээд явуулсан байна . Энэ өрөөсгөл нэг талыг барьсан нийтлэл бол түүний үр дүн. Хотод амьдардаг эрлийз адуу уядаг хөрөнгөтнүүд малчин уяачдыг хөдөөнийхнийг нухчин дарах сүүлчийн аян дайнд мордлоо. Хүрэлсүх Занданшатар хоёрт найдах л үлдлээ. Монгол наадамд монгол адуу уралдах ёстой гэж энэ хоёр хүн чанга дуугарсан. Одоо хэвээрээ юу??\n
Эзэн болон уяач өөрсдөө адуугаа мэдэж бга учраас ухамсарын асуудал юм да!Ер нь хэнээрхэл хийрхэлээ дарж чадахгүй бга олиггүй зантай новшнуудаас болж Монгол наадам биш болж б,а.Хажуугаар нь гадны нөлөө их б,а.Олны нүдэнд ил хэмжилт,ялгалтыг хийх хэрэгтэй.Эзэн уяач 2 нь хөтөлж орох хэрэгтэй.Наадамчин олон шударга хэлнэ дэ!Морины комисс,хамгаалалтын цагдаа нар авилгалд идэгдсэн шүү!За да тэгээд Монголчууд бид өөрсдөө л ёс заншил уламжлалаа эвдэж б,а.Бүр цаашилбал энэ цол зэргийг олгохыг болих хэрэгтэй.Цолтой цолгүй Монгол наадам болдогоороо л болно!!!