Дэлхийн монголчууд буландаа Япон улсад ажиллаж амьдардаг нэгэн эрхмийг онцолж байна. Түүнийг Г.Солонго гэдэг. Олон улсын харилцааны хуульч мэргэжлээр Японы Азийн их сургуулийг төгссөн тэрбээр Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бизнес, үйлчилгээ үзүүлдэг Litalico.Inc компанид10 дахь жилдээ ажиллаж буй. Г.Солонго ажлын хажуугаар цахим орчинд йог хийх хичээл зааж, гадаадад суралцах хүсэлтэй залуустаа зөвлөгөө мэдээлэл өгч 100 гаруй мянган дагагчтай болсон билээ. Түүнтэй хийсэн цахим ярилцлагаа хүргэж байна.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ганболдын Солонго гэдэг. 33 настай. Олон улсын харилцаа хуульч мэргэжлээр Японы Азийн их сургуулийг 2011 онд төгссөн. Бакалаврын зэрэгтэй. Нөхөр хүү охины хамт Япон улсын Канагава мужийн Кавасаки хотод амьдарч байна даа. Гэр бүл, хоёр хүүхэдтэй.
-Японд ирээд хэдэн жил болсон бэ. Ажил хөдөлмөр хийж байх явцаа ямар туршлага хуримтлуулав даа?
-Японд 2004 оны гуравдугаар сарын 12-нд анх маш хатуу дэглэмтэй ахлах сургуульд ирж суралцсан. Япон явах сургаар Япон хэлний хирагана катагана үсгээ хальт сурсан болоод л, огтхон ч ярьж чадахгүй, бас ойлгож чадахгүй ирж байсан. Одоо 16 дахь жилдээ сурч, ажиллаж амьдарч байна. 2011 онд их сургуулиа төгсөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бизнес, үйлчилгээ үзүүлдэг Litalico.Inc компанид орон 10 дахь жилдээ ажиллаж байна. Манай компанийн гол бизнес бол төрийн үйлчилгээг коцессийн аргаар хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эргэн ажлын байранд гарах, дахин татвар төлөгч болоход нь тусалж ажлын арга барил, бизнесийн чадварыг нэмэгдүүлдэг үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд бие даан авч явах арга барилыг заан сургадаг сургалтын төвүүдтэй. Сүүлийн хоёр жил мэргэжлийн хэд хэдэн гарааны бизнесийн төвшинд яваа бизнесийн салбаруудтай болсон. Анх энэ компаниа 150-иад ажилтантай байхад орсон нь өнөөдөр 2500-аад ажилтантай болоод салбартаа нэг номерт явж байгаа. 10 жилийн өмнө маш олон нийгмийн байгууллага нэгжүүд рүү холбогдон уулзалт борлуулалт хийхэд бидний хийж байгаа үйл ажиллагааг явц муутай, амжилтгүй болно гэх хүмүүстэй цөөнгүй таарч байсан. Уулзалт эхлээд нэг минут ч бололгүй уулзалтаа хаагаад явсан хүн ч байсан. Одоо харин хөгжлийн бэрхшээлийн халамж үйлчилгээтэй хамааралтай хүмүүс ихэнх нь манай компанийг мэддэг болсон доо. Одоогоор тус компанийнхаа хүний нөөцийн хэлтэст ажлын албанд ажилллаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээ, халамж, дэмжлэгийн талаар танилцуулаач. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь гэртээ ажилгүй, хүний гар харж суухаас өөр аргагүй байдалд ордог?
-Санаачилгатай ажил хэрэгч залуус маань төрийн болон хувийн салбарын ажлыг гаднаас хийгээд гэртээ суугаа хөгжлийн бэрхшээлтэй хэр нь чадварлаг иргэдээр ажлаа гэрээс нь хийлгүүлэх арга боломж байдаг. Тэгэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань орлоготой болвол халамж үйлчилгээ авдаг байр сууринаас татвар төлөгч болдог. Манай компани байгуулагдсанаасаа хойш 8000 хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажилд орох тусламж дэмжлэгийг үзүүлсэн. 2019 онд 1287 хүн ажилтай болсон ба түүнээс 89.7 хувь нь ажлын байрандаа тогтвортой ажиллаж байна.Японд 2019 оны судалгаагаар хүүхэд болон насанд хүрэгчид нийлээд бие махбодын бэрхшээлтэй иргэд 4,3 сая, оюуны бэрхшээлтэй иргэн oyunii 1,08 сяа, сэтгэцийн бэрхшээлтэй иргэн 4,1 сая байдаг.
-Японы компанид ажиллахад юу нь хэцүү, юу нь сайхан санагддаг вэ?
-Японы компанид ажиллахад Японы соёл, бичигдээгүй дүрмийг нь огт мэдэхгүй үед их хэцүү байдаг байсан. Миний хувьд Япон компанид цагаан цамцтануудын соёлыг огт мэдэлгүй ажилд орсон болохоор эхний гурван жил дасах гэж бас л инээдтэй зүйлс их болж байсан. Хурлын протокол бичиж тэмдэглэж авч чадахгүй уйлаад, уйллаа гээд давхар загнуулж байсан. Та нэгэнт дасаад ирвэл тухайн ажлын байранд мэргэжлийн болох болохоор тэр хэрээрээ сурч, өсөж дэвжих боломжтой. Би энэ компаниас өөр компанид ажиллаж үзээгүй болохоор өргөн хүрээтэй ярьж чадахгүй ч хэрвээ Японд өөртөө тохирсон зөв компанид ажилд орж чадвал маш их боломж бий.
-Япон хүний өдөр тутмын амьдралын хэв маяг, соёл, ёс заншил хэр санагддаг вэ?
-Хөгжлийнхөө оргил цэгт хүрсэн орон болохоор ч тэр үү гэр бүлийн хүн бүрийн үүрэг хариуцлага тодорхой болсон байдаг. Аав хүн бол тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж, тогтвортой орлоготой болж гэр бүлээ тайван амгалан авч явах үүрэгтэй. Ээж хүн гэртээ байхаар шийдсэн бол гэр бүл үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд хичээл сурлага, хичээлээс гадуур дугуйлан зохицуулах, өрхийн санхүүгээ бат барих үүрэг хариуцлагатай. Хэрвээ та ажилладаг хүн бол ажлаас тавьж байгаа шаардлагыг тултал болон давуулан биелүүлэх хэрэгтэй зэргээр та ямар нийгэмд ямар статустай байна таны хийх зүйлс маш тодорхой байна гэсэн үг. Эсрэгээрээ гэнэтийн зүйлд уян хатан хандах нь бага байдаг шиг санагддаг. Би өөрөө Японд бас удсан болохоор иймэрхүү хандлагатай болчихсон. Ахлах сургуульд дотуур байранд анх орж байхад Япон хүүхдүүд ямар эрт бие дааж, нийгмийн харилцаанд ордгийг нь гайхаж байлаа. Олонх нь зохион байгуулалт сайтай. Хийх ёстой зүйлээ сайтар хийдэг, хөдөлмөрч, махруу тэвчээртэй хүмүүс байдаг.
-Японд сурч ажиллаж амьдрахыг хүссэн залууст зориулсан зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж зөвлөх вэ?
-Эхлээд өөрийнхөө хувь хүний, монгол хүний онцлогоо тодорхойлох хэрэгтэй. Тэр онцлогоо хэрхэн ашиглах мөн Японы нийгэмд уялдуулж болохоо тооцох нь чухал. Жишээ нь, миний хувьд ямар ч орчинд хурдан дасан зохицдог, хурдтай, шийдвэр гаргах чадвартай. Эдгээр өгөгдсөн өгөгдлүүдээ өдөр тутмын ажил хэрэгтээ байнга уялдуулж ашигладаг. Түүнээс гадна хойшид ямар алсын хараатайгаар олон улсад, нийгэмд ямар үнэт зүйлсийг бий болгохоо эрт тодорхойлоод түүнийхээ дагуу компаниа сонгох нь таны ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болно. Үүнийгээ тодорхойлбол нийгэмд гараад төөрөгдөх нь бага. Алтан цагаа зөв зүйлд зориулах боломж ихэснэ. Мөн хэлээ тултал сайн сур. Тэгж байж Японы нийгэмд боломж тань нээгдэнэ. Бид Японы нийгэмдээ уусалгүйгээр интернет холбоо хөгжсөн энэ үед үргэлж сурсан мэдсэн харсан үзсэнээ монголчууддаа хуваалцах ажил хэрэг хийхийг хичээх хэрэгтэй байх гэж хувьдаа боддог. Монголдоо хийж хэрэгжүүлье гэсэн санаа, ажил хэрэг цөөнгүй байгаа.
-Гадаадад ирээд өөртөө ухаарсан сургамж, алтан мөрдлөгөөсөө хуваалцаач?
-Гадаад ч бай эх орондоо ч бай зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо гэж бодох болсон. Мөн хичээл зүтгэл хэзээ ч эзнээ гонсойлгохгүй гэдэгт бүрэн итгэдэг болсон болохоор хичээл зүтгэл гаргахаа болихгүй байхыг хичээдэг. Гэхдээ зарим үед өгөөжгүй зүйлсийг эртхэн тавьж явуулах ч юм уу өгөөжгүй орчноос хурдан өөрийгөө суллах шаардлага бас гардаг.
-Монголд хийж хэрэгжүүлэх ямар ажлууд үгүйлэгдэж байна гэж хардаг вэ?
-Залуучуудаа хөгжүүлэх, салбар бүрд мэргэжилтэн бэлдэх буюу хүмүүсрүүгээ чиглэсэн бодлого хэрэгтэй санагддаг. Японд сайн удирдагч болохоос илүү сайн чадварлаг ажилтан болсон ч хойшдын карьерийн өсөлт, орлогын өсөлт нь давхар нэмэгдэх баталгаа нь тодорхой болсон байдаг. Ажлыг удирдагч биш толгойгоо ажиллуулж, гар хөлөө хөдөлгөдөг ажиллах хүч нугалж байдаг болохоор карьерийг нь орлоготой нь баталгаатай болгох бодлого, байгууллагын соёл хэрэгтэй гэж хардаг. Өөрөөсөө дүү хүүхдүүд хэлтсийн дарга, удирдах зөвлөлд ороод ажлыг маш сайн амжилттай авч явааг харахаар тэднээс маш их урам авч би ч бас хичээе гэх сэдлийг өгдөг. Мөн аж үйлдвэрийн дөрөв дэх салбар болох техник технологийн салбарыг хөгжүүлэх нь Монголд бодит хөгжил ахицыг авчирна гэж боддог. Японд амьдарч байгаа хүний хувьд Монголын зарим технологи Японоос илүү хөгжиж, ахицтай байгааг хараад маш их баярладаг.
-Таныг цахим хаягаараа йогийн хичээл заадаг гэдгийг олон хүн мэднэ. Йог хийхийн давуу талуудын талаар бүсгүйчүүддээ мэдээлэл өгөөч?
-Эхлээд нүүрний йогийн талаар ярья. Нүүрний йог нь нүүрэнд байх 60 орчим нүүр хувирлын мимик булчинг чийрэгжүүлж сунгаж хийдэг, нүүр хувирлын булчингийн дасгал юм. Японы нүүрний йогийн холбооны албан ёсны програмд нүүрний иогийн үндсэн 10 дасгал, гүнзгийрүүлсэн шатны 25 дасгал байдаг. Нүүрний йог хийснээр тухайн хүний хийж байгаа нас болон чадамжаас шалтгаалаад гарах үр дүн мэдээж өөр өөр байх хэдий ч мэргэшсэн багшийн удирдлага дор зөв техниктэй хийвэл тодорхой үр дүнг мэдрэх бүрэн боломжтой. Мөн үр дүнд хүрэхийн тулд тухайн хүнээс маань тууштай, зүтгэлтэй байх шаардлага гарна. Нүүрний йогоос гадна биеийн йогийг 2014 оноос хойш хийж байна. Биеийн йогийн 200 цагийн багшийн сургалтад суугаад амжсан. Бие сэтгэлээ зэрэг чийрэгжүүлж эрүүлжүүлэх үнэхээр үр дүнтэй арга бол биеийн йог бясалгал юм. Орчин үед хүн бүрийн оюун санаа гадагш чиглэсэн байдаг. Йог бясалгал нь бодол санааг дотогшоо чиглүүлж, өөрийгөа олох, мөн чанараа таньж мэдэхэд их үр дүнтэй.
-Йогоос гадна өөрийн хийх сонирхолтой ямар хобби байдаг вэ?
-Анх Японд ахлах сургуульд ирээд сэлж сурч байсан. Сэлэх маш их дуртай. Сүүлийн үед гүйх болох фитнессээр хичээллэж байна. Биеийн йогоо бас хийж байна. Ном унших тэр дундаа уран зохиолын ном унших дуртай. Хувь хүн хөгжлийн ном их уншдаг байлаа. Бүх л ном дээр хүнийг "ингэ тэг, чиний одоо байгаа чинь биш байна, өөрийгөө өөрчил" гэсэн мэссэжийг өгдөг болохоор уншихаас залхсан. (инээв)
-Дэлхий нийтийг донсолгож байгаа цар тахлын үед япончууд ямар дэглэм мөрдөж халдварыг хумьж байна вэ, тэдний туршлагаас хуваалцана уу?
-Японд одоо халдварын гурав дахь давлагаа нүүрлэж байна. Зун, намрын улиралд халдварын тоо багасаж байсан ч арван нэг, арванхоёрдугахр сард өдөрт 3000-аар нэмэгдээд байна. Халдвар эрс нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь хүмүүсийн анхаарал суларч буйтай холбоотой. Тиймээс монголчууд минь анхаарал сэрэмжээ бүү сулруулаарай. Японд халдвар нэмэгдэж эхэлснээс хойш ихэнх компаниуд гэрээсээ ажиллах боломжтой болсноор ажилдаа явах оргил цагийн үеийн ажилчдын хөдөлгөөн эрс багассан нь маш том өөрчлөлт ахиц гэж харж байна. Мөн бүх үйлчилгээний газрууд гар ариутгах шингэн, тусгаарлах хавтан байрлуулж, маск зүүхийг сануулж байна.
-Манай оронд цар тахал дэгдсэн. Цар тахалд монголчуудын үзүүлж буй реакц янз бүрээр л илэрч байна даа?
-Манай улс орон боломжоороо арга хэмжээ аван иргэдээ хамгаалж байгаа ч гадаадад байгаа иргэдээ татаж авах явдал дээр зохион байгуулалтгүй байгаад шүүмжлэлтэй байгаа. Саяхан Японы NHK телевизээр хоёрдугаар сард Хятадын Ухань хотоос иргэдээ татаж авсан талаар баримтат нэвтрүүлэг үзээд Япончуудад атаархах сэтгэл төрж суулаа. Тэд дайнд ялагдсан, цөмийн бөмбөгт нэрвэгдсэн гэх түүхээс гадна газар хөдлөлт, цунами, хар салхи, хөрсний нуралт, галт уулын дэлбэрэлт, гээд байгалийн гамшигтай байнга зэрэгцэн амьдардаг болохоор тэдэнд нэгнээ гэсэн сэтгэл маш гүн суусан байдаг. Цар тахлын нөхцөл байдал ч бас Монголчуудыг минь нэгдмэл байлгах, нэгнээ гэсэн сэтгэлтэй болж сурах том сургамж болох байхаа гэж найдаж байна.
-Та хоёр хүүхдийн ээж хүн. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр өөрийн тань болоод япончуудын баримталдаг зарчим юу вэ?
-Хүүхдээ өсгөх тал дээр япончууд багад нь их сул чөлөөтэй дураар нь өсгөдөг шиг санагддаг. Бүх л зүйлийг нь өмнөөс нь хийж өгч, юугаар ч дутаахгүй өсгөж байгаа харагддаг. Бага сургуульдаа орохтойгоо зэрэгцээд хичээлээс гадуур сургалт дугуйланд их явдаг. Японы бага дунд сургуулиас сургалтын чанар хичээлийн чанараас илүү хувь хүн болох, бусадтай хэрхэн харьцах, нийгэмд хэрхэн биеэ авч явах тал дээр анхаардаг. Хичээлээ сургуулиас тусдаа төлбөртэй давтлага сургалтын газруудад явуулж нөхөж авдаг. Хүүхэд бүр сургуулиас гадна ямар нэгэн спорт, урлаг, чадварын дугуйланд явдаг. Багаасаа маш завгүй байдаг. Манай хоёрдугаар ангийн хүү одоогоор долоо хоногт хоёр удаа сампин буюу соробанд, дөрвөн удаа каратэгийн секцэд явж байна. Хүү маань саяхан “Надад амралтын өдөр ням гариг л байна.” гэж гомдоллож байсан. Зарим япон айлууд хүүхдээ 4-5 дугуйлан секцэд зэрэг явуулдаг. Үүнийгээ дагаад цагийн менежмент, үүрэг хариуцлага нэмэгддэг байх. Багаасаа нийтээрээ спортоор хичээллэдэг нь бие бялдрын хувьд ч эрүүл чийрэг болох үндэс суурь болдог байх.
-Монголд гэр бүлийн салалт их байдаг. Гэр бүлийг тогтвортой байлгахад Япон улсын төр засгаас нь хэрэгжүүлдэг бодлого юу вэ, залуус нь өөрсдөө ямар ёс зүйг чухалчилдаг вэ?
-Японд сүүлийн жилүүдэд төрөлт багасч, гэрлэлт оройтох хандлагатай. Японд ч гэр бүл цуцлалт 35%-тай буюу маш өндөр үзүүлэлттэй нийгмийн асуудал болсон байдаг. Гэр бүл салалтад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Улсаас яг тодорхой гэр бүл салалтаас сэргийлэх бодлого байхгүй ч залуу, хүүхэд өсгөж буй гэр бүл рүү чиглэсэн эдийн засгийн болон халамж үйлчилгээний бодлогууд сүүлийн үед хэрэгжиж эхэлж байгаа. Аав нарын тэтгэмж авах боломжийг нэмэгдүүлэх, гурван наснаас дээш хүүхдийн цэцэрлэгийг төлбөргүй болгох, ахлах сургуулийн төлбөрийг үнэгүй болгох гэх мэт бодлогууд хэрэгжиж байгаа. Гэр бүл төлөвлөлт дээр залуучууддаа хувиасаа зөвлөгөө өгөхөд ажил мэргэжилтэй болж, өөрийн гэсэн орох оронтой болоод гэр бүл хүүхдийнхээ өмнө үүрэх хариуцлагаа ухамсарлаж байж хүүхэдтэй болохыг хичээгээрэй. Хувь хүн талаасаа ч өсөж хөгжиж, үзэж харах зүйлээ харж байж гэр бүлтэй болвол гэр бүл илүү тогтвортой байх болов уу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Hulnii maiga ntr chini bagad ni yaj archlah bolon genees hamaardag sh d. Bagad huliig ni sain dotogshoo massajlaj, gadagsh ni bulchin ni hugjihuus sergiilj zuv alhuulj, suulgaj surgah heregtei. Baga zaviluulj suulgah heregtei. Usvur nasand ni heregtei amin demiig ni ugch, bagaas ni sungalt sain hiilgeh, usand sain seluuleh, hund yum baga urguuleh heregtei. Sain archilj chadval maijga gentei baisan ch huuhed dajgui hultei bolj usuj chadna.
Идэж ууж байгаагаас болдог ба хөл нь майга юм аа
japanchuudiin hajuud shugam shig hultui ohin yum
Амжилт
аа аан
udahgui tarhind ni tsus harvaj chadarbal boloh baihdaa,galzuu hunii udriin temdeglel ayatai,