С.Эрдэнэ намынхаа үнэт зүйлийг авч үлдэж чадлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

Монголын улс төрийн тулах хоёр багана гэвэл яах аргагүй МАН, АН гэж нэрлэнэ. Улс төрийн баруун, зүүн магнайг эзлэх энэ хоёр улс төрийн хүчин сүүлийн 30 жил парламентыг бүрдүүлэн ажиллаж, засгийн эрхийг ээлжлэхдээ ээлжлэн, хамтрахдаа хамтран барьж ирсэн түүхтэй. Энэ хоёр хүчин нэг нэгэндээ билүү нь болж, түлхэхдээ түлхэж, тулахдаа тулж явсан гэхэд болно. Түүнээс тэдний 30 жилийн хэрүүл тэмцлийг нэгэн сонинд бүү хэл тэрэг чарганд ачаад ч багтахгүй. Гагцхүү тэдний эцсийн шийдвэр нь алдаатай оноотой ч Монгол Улсын талд байсныг шууд үгүйсгэхгүй. Тэгвэл сүүлийн жилүүдэд нэгэн багана болох АН ганхаж, тулах цэггүй болоход хүрлээ. 

Үүнийг тулж босгох чин хүсэлтэй нөхөд байхад тулах цэггүй болгож, өөрийнхөөрөө туйлах эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүс ч илтэд харагдана. Өнгөрөгч 2016 оноос хойш АН-ыг дунд нь хагалах, бүр унагаах санаархал хэн нэгэнд илэрхий байв. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд АН хоёр дарга, хоёр тамгатай болсон явдал юм. АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч сонгуульд ялагдал хүлээсэн учраас дүрмийн дагуу ажлаа өгч, зургаан дэд даргынхаа нэг болох Ц.Туваанд түр эрхээ шилжүүлсэн. Тодотгож хэлбэл Ц.Туваан зөвхөн дараагийн даргад тамга шилжүүлэн өгөх төдий үүрэг хүлээсэн хүн. Гэтэл даргын Түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан жинхэнэ дарга мэт аашилж, томилгоо хийх, бүр Их хурлаа зарлан хуралдуулах зэргээр жаалж байвч Түр даргад ийм эрх дүрмээр олгогдоогүй юм. АН-ын дарга С.Эрдэнэ ч хууль дүрмийн дагуу сануулга өгч анхааруулж байсныг бид мэднэ. 

Тиймээс энэхүү маргаан нь эцэстээ шүүхийн босго давж, шийдвэр ч гарав. Тодотговол, АН-ын тамга тэмдэг, эрхийг хууль ёсны намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэх шийдвэр гарчээ. Түр эрх эдэлж байсан нөхөрт байгаа тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамга хийлгэх эрхийг С.Эрдэнэд олголоо гэсэн үг. Тэгэхээр тэд хуучин төв байрандаа “хуарагнаж”, эрх бүхий албан тушаалтнууд ч ажилдаа орсон. Дүрмийн дагуу дараагийн даргыг сонгох, намын Их хурлыг зарлах үүрэгтэй Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж.

Өрнөж буй процессоос харж байхад Ц.Туваан учраа олсонгүй, улс төрөө ч өнгийж харсангүй. Хамгийн гол нь нөлөө бүхий улстөрчийн дохио зангаанд орсон нь илт байна. Түүнээс бус С.Эрдэнэтэй хамтран, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд даргаар ажиллаж байсан хүн учраас тэдэнд ойлголцохгүй зүйл гэж үгүй. С.Эрдэнэ ч АН-ыг тодорхой хугацаанд тараачихгүй гэх үндэслэлээр Ц.Туваанд итгэл хүлээлгэн, Түр эрхээ шилжүүлсэн байж таарна. Гэтэл байдал тэс өөрөөр эргэж, хөндлөнгөөс эрх мэдэл, хөрөнгө бүхий том санаархал орж ирсэн нь өнөөдрийн улс төр харуулна. 

Ц.Тувааны дүрмийн бус Их хурал зохион байгуулах, улс төрийн бусад нүүдэл нь УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нэгэнтээ МАХН-ын Их хурлыг хуралдуулан, дарга болох гэсэн ажиллагаатай агаар нэгэн байна. Их хурлын төлөөлөгчдөө Баянгол зочид буудалд байрлуулан, Төрийн ордонд чуулж байсан О.Баасанхүүгийн цаана хэн байв. Өнөөдөр АН-д өрнөж байгаа улс төр, учраа мэдэхгүй Ц.Туваан нарын цаана хэн байв гэхээр хариулт нь ижил гарах байх. 

Тэгэхээр Ц.Тувааны ар талд Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнийн ар талд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байж болно. Бүр өнгийж харах юм бол АН-ыг тарааж, нэг мөр өөрийн мэдэлд авах гэсэн Ерөнхийлөгчийн санаархал гараанаас амжилттай гарч, туулах замынхаа тал дунд эцэж цуцлаа. Үүний цаана амин хувийн өчүүхэн эрх ашиг нуугдаж байгаа нь ойлгомжтой. Харин одоо нөхцөл байдал тэс өөрөөр эргэлээ. Энэ нь зөвхөн нэг намын асуудал ч биш, Монголын улс төрд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх хэмжээний улс төр өрнөх нь дамжиггүй боллоо. Учир нь С.Эрдэнэд албан ёсны тамга тэмдэг шилжиж байгаа нь Х.Баттулгын энэхүү хязгааргүй хүслийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөртөө дүүрэн эрх мэдэлтэй хүний хүсэл тачаалыг таслан зогсоож байгаа нь цаашид улс төр өөрөөр өрнөхийг л харуулсан хэрэг. Эцэст нь хөрөнгөлөг эрх мэдэлтний өмнө “ялалт” гарлаа ч С.Эрдэнэ намынхаа үнэт зүйл, итгэл үнэмшлээ өгсөн гишүүдээ хамгаалж чадлаа. 

Ямартай ч АН-ыг тараасан, дунд нь хагалж буталсан гэх нэрийг С.Эрдэнэд зүүж өгөөд, ар хударгаар нь эвтэйхэн намын тамга тэмдгийг хэн нэгэнд уламжлуулах гэсэн санаархал өнөөдөртөө төгсгөл боллоо. С.Эрдэнийг АН-ын даргаар морилж ахуй цагт нэр бүхий нөхөд намаас гарсан, зарим нь нам эвсэл хүртэл байгуулсан. Энэ нь цаг үеийн улс төрийн нөхцөл байдал гэхээсээ илүүтэй хувь улстөрчдийн эрх ашиг, хөндлөнгөөс хэн нэгний илтэд оролцоотой өрнөж байлаа. АН-аас нүүр буруулсан Л.Болд, Ж.Батзандан нарын хувьд эрх баригчдын талд үйлчилж, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн. Үүнийг Ерөнхийлөгч ч давхар ташуурдаж байв. Явуургүй улс төр хийсэн Л.Болд, Ж.Батзандан нар сонгуульд унаж, өдгөө Элчин сайдад нэр нь дуулдаж байгаа нь хаанаас эхтэй улс төр вэ гэдгийг төвөггүйхэн харж болно. С.Эрдэнэ илтэд өрсөлдөгч намтай үгсэн хуйвалдсан хоёр гишүүндээ сахилгын арга хэмжээ авсан төдий. Тэр нь намын дотоод журам дүрэмд зааж өгсөн зүйл. 

Энэ мэт улс төрийн үйл явдлаас харахад С.Эрдэнэ хэдийгээр сонгуульд ялагдсан ч намынхаа үнэт зүйлийг авч үлдсэн гэдгийг харж болно. Тийм ч учраас тэр АН-ын нэрээр насаараа өндөрт заларсан Н.Алтанхуяг хүртэл сүүлээ хавчин зугтааж байхад үнэт зүйлээ аварч, АН-ыг дахин сэргээхээр иржээ. С.Эрдэнэ чухал биш байж болно, АН бол Монголын улс төрд хэрэгтэй, энэ намд итгэл үнэмшлээ өгсөн олон мянган иргэн байгааг мартаж болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top