Хатуу хөл хорионы хугацаанд тээврийн хэрэгсэл хэрхэн хөдөлгөөнд оролцож байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хатуу хөл хорио тогтоосон хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэр буурсан бэ?
-Тээврийн цагдаагийн албанаас хот доторх болон хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Албан хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийж байгаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурсан. 15 салбарын ажилтан, албан хаагчдын QR код бүхий тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2019 оны мөн үеийн долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад 61.5 хувиар буурсан. Түүнчлэн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар багассан байна.
-Ихэвчлэн ямар зөрчил илэрч байна вэ. Жишээлбэл, QR код бүхий тусгай зөвшөөрлийг хуурамчаар ашиглавал ямар хариуцлага хүлээх вэ?
-Нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын үед дийлэнх иргэд маш хариуцлагатайгаар хорио цээрийн дэглэмийг сахиж байна. Гэвч зарим иргэн өөрийн хувийн эрх ашиг, хүслээ тэргүүнд тавьж хорио цээрийн дэглэм, журмаа сахилгүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, өөрийгөө болон бусад иргэдийг эрсдэлд оруулж болзошгүй үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал, өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR код бүхий тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байна. Хорио цээрийн дэглэм зөрчин тусгай зөвшөөрөл ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг иргэд сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өөрт нь ажил үйлчилгээтэй нь холбогдуулан олгогдсон тусгай зөвшөөрлөө ашиглан автомашинаараа дэмий сэлгүүцэн өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэн зорчигч тээвэрлэх зэрэг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах зөрчил дутагдал гарч байна.
-Энэ жилийг өмнөх жилтэй харьцуулахад зам тээврийн осол, хэргийн дуудлага ихээр буурсан гэсэн. Тэгвэл хатуу хөл хорионы хугацаанд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байв?
-Арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас дөрвөн хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлсэн. Иргэд та бүхэн хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, гэртээ байхад анхаараарай.
М.ТУЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Гэхдээ өгөх ёстой байгууллагад өгөөгүй хувийн хагаачдад их өгсөн урьд хорионоосоо олон машин холхиж байгааг анзаарч байгаа юм уу
Тэнэг зүйл ярих юм аа, ачаалал буурах нь тодорхой шд,
хорьчихсон юм чинь буурахгүй гээд яах вэ дээ
hot goyo bn
Замын түгжрэлийг жил бүр ингэж шийдээд явах уу? Эсвэл хорионы хугацаанд баруун, зүүн 4 зам, улиастай, 10 буудлын төмөр замын гарцан дээр олон түвшинт гүүрэн гарцыг барьчихмаар юмуу? Эрх баригчдын хөлдүү толгой хэзээ гэсэх вэ? Хааж боосоор байгаад бүгдээрээ дампуурах уу?
Sumtaibazariin tugjrel saaruulah arga ni hul horio.