Том цүнхээ үүрээд Улаанбаатарын гудамжаар алхаж яваатай нь таарсан танихгүй хүн түүнээс лав битүүхэн эмээж сүрддэг байх гэж би боддог. Тийм л ихэрхүү ширүүн төрхтэй, бас нэлээн адайр зан ааштай санагдаж мэдэхээр эл нуруулаг бавгар эрийг би эртнээс мэднэ. Гэхдээ миний “МЭДНЭ” гэдэг маань өөрийн хэмжээнд танина гэдгээ хэлж буй хэрэг л дээ.
Яагаад гэхээр, 1990-ээд оны эхээр Монголын утга зохиолын их өргөөний хаалгаар дуу шуутайхан орж ирсэн залуу яруу найрагчдын хүрээлэлд Ж.Баяржаргалын нэр содон дуулддаг асан. Тухайн үеийн залуу яруу найрагчдын дийлэнх нь тэр үед хот хүрээ эргэж, хэсэг бүлгээрээ нийлэн шүлгээ уншдаг байсны нэг галыг Ж.Баяржаргал ахалж байсан гэдэг. Мөн түүний эрхэлж асан “81-р суваг” сонин тэр үеийн залуу яруу найрагчдын шүлгээ нийтлүүлдэг томоохон индэр байсан төдийгүй Ж.Баяржаргал тэдэнд оносон хоч нэр зүүж, шүлгүүдийг нь цувралаар нийтэлдэг байсныгаа хожим “Мөнгөн үеийн яруу найраг” нэрээр товхимол болгон хэвлүүлсэн юм. Харин одоо цагт бол тэрбээр Авгаржин Жа.Баяраа нэрээрээ нэгэнт танигдсан томоохон яруу найрагч болон төлөвшжээ.
Авгаржин Жа.Баярааг би өөрийгөө чагнагч гэж боддог. Өөрийгөө чагнаж, түүгээрээ дамжин ертөнц дахиныг сонордогч гэж боддог. Тийн сонордохуй цагт тэнгэрийн гүнээ цахилах гэрлийн гялбаа тархины нугачаа бүрт нэвчин тархах мэт тэр л мэдрэмжүүдээ шүлэг болгон тэрлэдэг байх гэж боддог. Тийн тэрлэхүйд гүйгүүл морь мэт хавьд тогтохгүй сэтгэлээ дагасан оюун санааны эрх чөлөө нь түүнийг ДЭЭД МАНДАЛ-д өргөж, тэрбээр эн хязгааргүй орчилд дур зоргоороо тэнүүчлэхдээ гэрлийн жилийн хүршгүй алсад хоромхон зуур зорчоод, татах хүчнээс ангижирсан сансрын хөлөг эх дэлхийдээ эргэн газардах шиг буцдаг байх гэж боддог. Тийм болохоор сэдэв үл хамааран, дурын шүлгээс нь сансрын эрчимт хэмнэл мэдрэгдэх шиг болдог юм. Энэ удаад би Жа.Баяраагийн “Гэрлийн жилийн хэлмэрч” тэргүүт, судлаачдын анхааралд өртсөн түүврүүдээс бус, харьцангуй жир шүлгүүдтэй “Сэрлийн цаг агаар” түүврээс нь сансрын ул мөрийг мөшгөж үзэв.
“Согтох минь, тачаан хашгирах минь өөр
Солиорон даяанчлах, галзууран тэнэх минь өөр
Сонгодог шүлэгчээ эрин цаг үл таних нь хайран
Санадаг хэмжээс нь дэндүү элмэг үнэн охор
Өнөөдөр яахав, маргааш бидэн үгүй болно
Өөрийгөө би шүлэгтэйгээ цуг сүйтгэж чадна...”
* * *
“Хэний дүрэлзүүр бодгальтай
Би гэрлийн хурдыг хуваах бол,
Хэчнээн тэрбум жил гэрийн утаа
Чанх босоо урсах бол оо?...”
* * *
“Сарыг хүртэл ишлэн
Өвс тойроглон хадаад
Нарны дулааныг цуглуулан
Намрын бухал бөмбийлгөв...”
Танихгүй хүн хараад эмээж сүрдэм түүний ширүүн дүр төрх цаанаа өр нимгэн сэтгэл, уяруу зөөлөн бодлоо бусдаас харамлан нууж байдгийг би бас гадарлана. Гэлээ гээд түүнд тэрхүү өр нимгэн сэтгэл, уяруу зөөлөн бодлынхоо эсрэг явахаас өөр аргагүй болох үе олон байж таарна. Үеийнхэн нь Жа.Баярааг харьцангуй шударга гэж дүгнэдэг. Тийм болохоор тэр нэр хүндтэй. Гэхдээ түүнд шударга ёсны илд болсон адайр зөрүүд зан аашнаас нь илүү бусдын үгэнд хялбар автамхай чанар бий. Тэр нь мөн л түүний дотор нуугдан буй хүүхдийн гэнэн зангаас нь болдог. Чухам тэр гэнэн зангаасаа болоод Жа.Баяраа хааяа итгэхэд бэрх алхам хийсэн дуулддаг. Тэгээд бусадтай зөрчилдөж, элдэв хэл амны бай болох нь ч бий. Тэрбээр бас их шооч зантай. Бусдыг ажиж байгаад онож ёжлохдоо тун гаргуун. Гэсэн атлаа өөрийг нь онож сөргүүлбэл хүүхэд шиг ичимхий. Царай нь улсхийгээд л явчихна. Тэр нь түүний дотор буй гэм зэмгүй зангийн илрэл гэж би боддог. Яг үнэндээ бол хүүхэд л тэгж ичингүйрдэг шүү дээ. Тэр тусмаа өнөө цагт хүмүүс дэндүү хэнэггүй гөлгөр, баргийн юманд цочрохооргүй, гүжир харцаар өөдөөс огтхон ч цавчрахгүй тас ширтдэг, аливаад гэмгүй царайлж, зориудаар мэдэн будилдаг болсон цаг. Чингээд, эл бүхний эцэст таны өмнө нэлээн зөрчилтэй дүр байдлын төсөөлөл бууж байгаа бол Жа.Баярааг зөвхөн тэднээс л хайж таарна. Тийн хайж үзэхэд тэр олдох нэгэндээ олдоно, олдохгүй нэгэндээ олдохгүй. Яагаад гэхээр, хялбар ойлгогдох хүнийг ЯРУУ НАЙРАГЧ гэдэггүй. Тийм хүмүүс хэзээ ч ЯРУУ НАЙРАГЧ байсан түүхгүй. Орчлонгийн хуулийн дагуу яруу найрагч хүн хоёр туйлт зөрчил дунд оршин тогтнож, түүнийг даван туулах явцдаа төлөвшдөг. Даван туулах тэр зам нь нэн адармаатай байх тусмаа зөн совин хийгээд туурвигч сэтгэхүй нь илүү хурц, тод, гярхай болдог.
“Яруу найраг бол
Тэнгэрийн хагарлаар шидэгдсэн загас юм...
Яруу найраг бол
Сар зулзагалуулсан оддын хүчирхийлэл юм...
Яруу найраг бол
Зүрх, тархиар дэгдсэн соронзон хуй юм...”
* * *
“Арьсны гүн үрчлээ
Үснийхээ хувирал бүхнээр
Амьд бөмбөрцөгт
Гэрлийн жилийг уринам
Жинтэй явсан нь
Таталцлаас сугарахад дэм болоод
Жингүйдэж ниссэн түлхэлцэлд
Чөлөөтэй унаг ээ...”
* * *
“Яруу тунгалаг Халх Монголын талд
Ямархан аавын хүү хувь тохиолоор мэндэлж
Хажир уран солонгыг мөнх тэнгэрийн зүүд гэх бол
Хилэн хөхөлтэй хуурыг энх хаадын гэрээс гэх бол
Нуугисан цагаан мананг буцмал оддын бяцрал гэх бол
Найгасан өвс, цэцэгсийг буцаж ууршсан бороо гэх бол...”
* * *
“Огторгуйн тэлэлтийн дархан хилийг
Яруу тод манан зогсож
Оюунт сэрлийн есөн сувгийг
Ямархан үзэмжээр давхцуулах бол...”
* * *
“Суу билигтнүүд
Тэнгэрийн хэц дээр
Бие, оюуны дасгалыг
Тэслэн гүйцэтгэж байна
Сураглан шүтэгсэд
Үүл, манан дунд
Сүслэн завилаад
Үгсэн харж байна
Зальхай амьтад л
Нарны тойрог замаар
Замын шороо бужигнуулан
Насны цөв дэгдээж байна...”
* * *
“161 насандаа би
Өнгөт амьдрал жамаараа доройтон мөхөхийг үзнэ
162, 163, 164, 165... 200... 281, 299... бүр цаашлан...
Таван жарны дараа
Дэлхийнүүдийн тойрог зам огтлолцоход
Тансаг сайхны ойлголт наран болон цацарна...”
* * *
“Тив эргүүлэх хүрдийг
Хүмүүн төрөлхтнөөс гадагшлуулж
Тиг насны хүйг алтлаг өвсөөр үйсэлж...”
Жа.Баяраагийн хамгийн том гавьяаг утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар тунчиг онож дүгнэхдээ түүнийг САНСРЫН ЯРУУ НАЙРАГЧ хэмээн тодотгосон байдаг. Үнэхээр ч тийм. Миний бодлоор сансрын уудмаар чөлөөтэй зорчсон шүлгүүд нь Жа.Баяраагаас мөнхөрч үлдэх яруу найргийн үнэт нандин өв нь юм. Түүнээс цацран буй шидэт гэрлийн хамгийн сор гялбаа нь юм. Тэгээд ч Жа.Баяраа САНСРЫН ЭРИН-ий яаруу алхаанаас Монголын яруу найраг хоцрох ёсгүй гэсэн тодорхой бодол тээсэндээ бус, гагцхүү өөрийн зөн совинг дагасандаа орон зайн хязгааргүйд чөлөөтэй амьсгалагч шүлгүүдээ бичсэн байх. Түүний эл сэдэвт шүлгүүдийг унших тусам тэндээс археологийн олдвор мэт зөн совингийн нарийн гярхай нээлтүүд байнга илэрдэг. Жа.Баяраагаас өмнө Монголын яруу найрагт ийм чиглэлийн илэрцүүд байсан нь маргаангүй боловч чухам Жа.Баяраа л түүнийг цогц байдлаар нээж хөгжүүлэх найдвартай эхлэл тавьж чадсан гэж боддог. Мөн түүний балчир насны анхны нэг шүлэг нь (эл шүлгээ 1975 онд бичсэн гээд бодохоор Жа.Баяраа бага ангийн сурагч байсан болов уу!) дэлхийн бөмбөрцгийг 108 минутанд тойрсон сансрын анхны нисгэгч Юрий Гагаринд зориулсан байдаг нь анхаарал татна. Тэр шүлэгт том болоод сансрын нисэгч болохыг мөрөөдөж буй жаалхүү өөрийн бодлоо аавдаа хэлэхэд аав нь “Сурлагадаа онц байвал Сансарт хүрэх хүсэл чинь Саадгүй биелнэ...” гэх аж. Гэвч тэрбээр САНСРЫН НИСЭГЧ болсонгүй, харин САНСРЫН ЯРУУ НАЙРАГЧ болжээ. Одоо түүнийг хэн залган авч, цааш хэрхэн улбаалах нь чимээгүй хүлээлт хэвээр.
“Хог новш ч
Гялалзанхан үзэгдэнэ
Нарны гэрэл ээ гэж...”
* * *
“Агаар мандлаар жигүүр эсгэж
Арван тавны сарыг зүсдэг
Авгаржин овогтны үнэн домог
Алсын сулралд оддыг сэрээдэг...”
Жа.Баяраа бид хоёрт удаан цагаар тухлан сууж, илүү дутуугаа хамж шимэн ярих цаг зав тэр бүр таарч байсангүй. Тэгээд ч би яруу найрагчидтай ойр дотно байх гэхээсээ илүү тэдний шүлгийг уншиж, шүлгээр нь мэдрэхийг хичээдэг. Тэгэх нь илүү өгөөжтэй байдаг. Харин хэдэн жилийн өмнө Баруун Монголын сод найрагч Х.Эрдэнэбаатар андын оршуулгад хамт явахад бид хоёрт тэрхүү урт замын турш олон зүйлийн талаар ярилцах боломж тохиож билээ. Тэгэхэд би түүний яруу найрагчдаа хэрхэн хайрлаж, тэдний өмнөөс хэрхэн санаа тавьж явдаг сэтгэлийг нь ойлгосон юм. Бусдыг нүүрэн дээр нь магтаад, цааш эргэнгүүт муулдаг хүмүүс олон. Тэгвэл Жа.Баяраа тийм биш, харин өөрийн бодлоо тэр болгон хүнд хэлээд байдаггүй юм шиг надад санагдсан! Ахмад үеэ их уншдаг, тэднээс эрдэнэсийн шигтгээнүүд хайж явдаг тэрбээр Д.Шагдарсүрэн, Л.Лувсандорж, М.Ширчинсүрэн... гээд миний мэдэх олон яруу найрагчдын сайхан мөртүүдийг цээжээр уншиж, Г.Мэнд-Ооёо найрагчийн гол бүтээлүүдийг эерүү дулаан үгсээр онож дүгнэсэн нь эдүгээ санаанд илхэн. Шүлэг, зохиол гэж юу байдгийг Жа.Баяраа мэднэ. Ер нь 1990-ээд оныхон бүгд тийм гэж би боддог. Яагаад гэвэл тэд халаас хоосон, цэв хүйтэн он жилүүдийн нугачааг яруу найргийн төлөөх зүрх сэтгэлээсээ урвалгүй, түүндээ үнэнч хэвээр даван туулж чадсан болоод тэр. Тийм болохоор амьдралаас яруу найргийг өндөрт тавьж ирсэн, одоо ч тэр хэвээр яваа тэдний маань хэн нь ч утга зохиолын амь шүншиг, үнэ цэн гээч чухам юундаа оршдогийг тоймлон онох талаараа хэнээс ч төө илүү гэдэгт би том найдлага тээж явдаг билээ.
Жа.Баяраад зориулсан Урианхайн их найрагч Хөөдөө Эрдэнэбаатарын ийм мөртүүд бий.
“...Нэхсэн түүхийн
Сэрэг хуудасны чимээтэй
Нэхэл дагалын
Цагаан бороо дагаатай
Авдархангай уулын зүүн суганд
Арвандолоотой Баяржаргал
Шүлэгтэйгээ зууралдаж
Зунгаг татсан намрын боронго дунд
Зуун дамнах уяагаа зээглэнэ...”
М.Уянсүх
/Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч/
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )