Амь тавихгүй ч ахиж дэвшихгүй улс төрийн хүчин шинээр нэмэгдэх өндөр магадлалтай байгаа нь харамсалтай. Монголын улс төрийн барууны магнайд хүчтэй байр суурь эзэлж байсан АН өнөөдөр Н.Энхбаярын гэр бүлийн МАХН-аас ялгарах юм алга. Наймааны морь шиг ХҮН-аас ч ялгарах зүйлгүй боллоо. Тус намын үнэт зүйлийг хадгалж үлдэх гэж С.Эрдэнэ нарын нөхөд тэмцэж байгаа нь сайшаалтай ч цаашид улс төр хэрхэн өрнөхийг таах аргагүй. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж, улмаар суудлаа хадгалж үлдэхийн төлөө нэг нам бүү хэл улсаа самрахад бэлэн байгааг эх сурвалж дуулгав.
Аливаа улс төрийн хүчний үнэт зүйл нь гишүүд юм. Гэтэл үнэ цэнтэй гэх тэргүүн эгнээний гишүүдийн толгойг “хяргаж” торны цаана суулгасан. Ял авчих хэмжээний үнэт зүйлтэй биш ч эрх биш АН-ын данстай нөхдийг дунд нь зодолдуулаад дөрвөн талд гаргачихлаа. Өнгөн талдаа С.Эрдэнэ АН-ыг тараасан мэт харагдаж байгаа ч цаана нь өөр зүйл илэрхий харагдана. Сүүлийн 20, 30 жил АН-ын нэрээр өндөрт заларсан нөхөд амиа бодон зугтаж байхад намынхаа үнэт зүйлийг авч үлдэхийн төлөө зорьж байгаа С.Эрдэнийг дэмжих хүрээ ч нэмэгдэх хандлагатай. Түүний ар талд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын нөхөд байгаа нь ч нэгэнт тодорхой боллоо.
АН дотроос үндэсний хэмжээнд анх удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр зарлаж, Ц.Оюунгэрэлийг нэрлэсэн нь Х.Баттулгатай тэмцэж байгаагийн нэгэн хэлбэр дүрс төдий зүйл байх. Ц.Оюунгэрэл нэр дэвших эсэх нь сонин биш, халхавч ч байж болох юм. Өнгөн дээрээ түүний нэрийг барьж, их наадамд өөр нэгнийг мордуулахаар төлөвлөж байж болох юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд улиран сонгогдохын төлөө юугаа ч арилжахаас буцахгүй байгаа нь АН-д, тэдний үнэт зүйлд хамгийн том цохилт болно. Магадгүй АН байх эсэхийг шийдэх хүртэлх ширүүн тэмцэл юм. Өнөөдөртөө түүнд өндөр эрх мэдэлд дөрөөлсөн өш хонзон, айдас хүйдэс илэрхий бий. Мэдээжийн хэрэг АН доторх хүчирхэг “Алтангадас”-ыг дарж авсан “аугаа их” МоАХ байна. Шинэ содон даган далдайгчид гээд бий. Гэтэл “Алтангадас”-ыг бүү хэл АН-ыг хаяад зугтсан Н.Алтанхуяг нарын нөхөд яах вэ. Амиа бодсон арчаагүй харагдаж байгаа ч тэд нүх сүв хайсаар байгаа.
Нэгэнтээ Х.Баттулгын Ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад “Намаа цэвэрлэнэ” хэмээн ажлаа өгөөд гарсан Н.Алтанхуяг амин хувьдаа нэг нүүдэл бодож суугаа нь лавтай. Түүнд тулаанд тэргүүлэн орох боломж байхгүй учраас ялж байгаа талд нь орно. Ичих ч үгүй. Саяхан хаалгыг нь саваад гарсан учраас Х.Баттулга руу эргэхгүй байх гэж найдна. С.Эрдэнэ түүнийг АН-ын удирдах багтаа ирж ажиллахыг гуйсан ч тэр зөвшөөрөөгүй, бас л хаалга савж одсон. Өдгөө С.Эрдэнэ Ц.Элбэгдоржтой “нөхцсөн” учраас очих ёсгүй гэж бас найдна. Тэгэхээр шүдгүй арслан бэлэн хоол л харж суугаа.
Харин шүдгүй ч эргэж ноцох Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Д.Баттулга, Д.Дорлигжав бүгд намын үнэт зүйлээ дагаж, С.Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй байдалд байгаа. Д.Эрдэнэбат, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Болор гээд АН-ын хоймор суудалтнууд хэдийгээр шоронд хоригдож байгаа ч тэдний сэтгэл, итгэл үнэмшлийг хорьж чадахгүй. Торны цаанаас ч С.Эрдэнэд томоохон дэмжлэг болно. Тодотговол, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид гэсэн үг. Залуусын эгнээ буюу “Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар улс төрд тохойг нь өргөсөн ах нараа дагахаас өөр сонголт байхгүй гэхээр тэд чамгүй хүчирхэг харагдана. Гэтэл эсрэг талд хөрөнгө мөнгөний хөлд сөхөрсөн үнэт зүйлгүй хэдэн шалдан нөхөд л харагдаж байгаа нь намаа хамгаалагчдад том давуу тал болно. Хуучин кадруудаас улс төрийн карьеараа барсан З.Энхболд байж болох юм. Мөн урваж шарваж дуусдаггүй Л.Болд, Ж.Батзандан нарт Ерөнхийлөгчөөс өөр сонголт АН-д бүү хэл энэ улс төрийн талбарт үлдээгүй болов уу. Цагийн цагт л урваж шарвасан нөхөд өөд нар харж байгаагүй учраас тэднээс эмээх зүйл огтхон ч үгүй биз ээ.
Харин тэнд яаж ч аргалж болохгүй өндөр эрх мэдэл ялалтын төлөө шатаж, давхар өш хонзонгийн цучил байнга өргөж байгааг мартаж болохгүй. Тэгэхээр АН өнөөдөртөө шинэчлэл, цус сэлбэх тухай дэмий мөрөөдлөө орхих нь оновчтой. Хэрхэн яаж тэсэж үлдэх вэ гэдэг нь чухал. Энэ бүх зүйлээс харахад 30 жилийн өмнө АН-ын ханыг шийрлэж, өрхийг нь татсан нөхөд, энэ намын нэрээр 20, 30 жил өндөр эрх мэдэлд байсан нөхөд л дахин аврах эсэх тулаанд орохоор харагдана. Тэд байхгүй байсан ч энэ л дүрмээр тоглох учраас яах ч аргагүй. Тоглоомыг зохиосон нөхөд л гардан тоглоно гэсэн үг. Тэгээд ч тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом нь хэвээрээ үлддэг жамтай. Хуучин цагийн тоглогчид 20 жил нүүсэн нүүдлээр яваад хожихгүй учраас шинэ зүйл төлөвлөж байгаа нь дамжиггүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Улс төрийн сэдвээр нэг л их гаргалгаа хийсэн этгээдүүд. Улс орноо хөгжүүлэх тал дээр нэг ч гарц олж чадаагүй, чадах ч үгүй новшнууд өөрөөр хэлбэл хүн хогнууд гэхүү дээ.
ТОГЛООМ ШОГДООМ НЬ Ч ЯАХ ВЭ ? ХАМГИЙН ГОЛ НЬ ”ГЭДЭСНҮҮД ГЭРТЭЭ ИРДЭГ” Л БХЙХГҮЙ ЮУ КЭ КЭ КЭ.
Ulsig togloom game gej boldog l yum bhda
Хувцас хэрэглэл, шаазан жорлон, электрон бараатай цахилгаантай болсон ч оточ маарамба, хүн сүг, адгийн өмхий хулчгар, энэ хорвоогийн хог болсон МОНГОО ХҮНИЙ ТАРХИ гавал дотроо яг хэвээрээ.