УИХ-ын гишүүд шударга ёсны талд байгаа эсэхийг Шүүхийн хуулийн өөрчлөлт харуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. УИХ дахь АН-ын бүлэг яг энэ хууль дээр хоёр ч удаа завсарлага авчихаад байна. Мэдээж, гурил будааны гаалийн татвар, халамж, ямааны ноолуур, сүүний хөнгөлөлт тэр байтугай Монгол хэлний тухай хуулийн өөрчлөлт шиг олны анхаарал татахгүй нэр томьёо л доо. Гэхдээ агуулгын хувьд монгол хүн бүр анхааран харах шаардлагатай хуулийн төсөл юм. Тухайлбал, та шударга ёс хүсэж байна уу. Монголчууд шударга ёс гээчийг удаан хугацаанд хүсэж байгаа. Улсын өмч шамшигдуулсан этгээдүүд ял завшдаг, албан тушаалтнууд хэн нэгнийг үзэмжээрээ цээрлүүлдэг эсвэл өөд нь татдаг байдал нийгэмд хавтгайдаа байхад бор зүрхээрээ зөв шударга амьдрах гэсэн монголчууд өөр юу хүсэх юм бэ.

Зарим улстөрчид ч үүнийг соргогоор ашиглаж, чухамдаа “Шударга ёс тогтооно” гэж хашгирсаар өөрсдийн байр суурийг олсон. Харин энэ хүсэлд тулан өндийсөн бүхэн өнөө амалсан зүйлээ хийж байна уу гэдэгт хариулт өгөхөд эрт байна. Гэхдээ бидний хамгийн түгээмэл төөрөгдөл бол шударга ёсыг хэн нэгэнд найдах асуудал юм. Энэ нь нэгдүгээрт бүтэх эсэх нь эргэлзээтэй, хоёрдугаарт тун ч аюултай алхам л даа. Тийм болохоор дэлхий нийтээрээ шударга ёс гээчийг хүнд биш хуулийн гарт бариулдаг учиртай. Үүний тулд хуулийг хэрэглэж, бусдын үнэн зөвийг дэнсэлдэг шүүх байгууллага цэвэр байх асуудал ч гарна. Тэгвэл одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл яг үүн рүү чиглэсэн юм.

Нэг хэсэг шүүгчдийн цалинг нэмэгдүүлбэл шударга болох юм байна гэж ярьж үзсэн. Магадгүй, шүүгчид бусдын гар харахааргүй орлоготой байх нь шударга ажиллах нэг хөшүүрэг мөн. Гэхдээ бүр системийн хэмжээнд нь авч үзэх асуудал ч байна. Өнөөдөр шүүгчид тун баримаг байдалд ажиллаж байгаа.

Тодруулбал, шүүх байгууллага мэргэшсэн байх гэхээсээ илүүтэй бараг л улс төрийн томилгоо явдаг талбар болсон. Дагаад улс төрийн хийгээд бизнесийн бүлэглэлүүдийн өрсөлддөг, улмаар өөрсдийгөө хамгаалуулдаг тайз болоход ч ойрхон байна. Саяхан, Улсын дээд шүүхэд томилуулах нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулахад баахан хэл ам гарсан даа. “Голомт” банкинд насаараа шахуу ажилласан гэх Батхүлэг гэж хүнийг УИХ-ын гишүүд хүлээж авалгүй гаргасан. Энэ явдал бас УИХ-д “цус сэлбэлт” гарсны дохио ч гэж болно. Тухайн хүн сайн хуульч, сайн хүн байж болох ч шалгуур, туршлага харалгүй оруулж ирсэн нь асуудлын гол юм. Нэг ийм байдал л хуулийн байгууллагын нэр хүндийг олон нийтийн дунд унагаж, араасаа олон хардлага дагуулаад байгаа хэрэг. Хардлага дагуулах ч ёстой. Ер нь ямар эрх ашиг байгаа болоод ингэж зүтгэж байгаа юм бэ гээд бодно шүү дээ. Өнөөдөр шүүгчдийг томилж, чөлөөлөх асуудал ч яг үнэндээ хөндөх сэдэв мөн. Ганц жишээ авахад өдгөө бүх шатны шүүгч, шүүгчидтай хариуцлага тооцдог ёс зүйн хороодыг Ерөнхийлөгч томилж байна. Ерөнхийлөгч нарийн тайлбар хэлэлгүйгээр 13 шүүгчийг шууд чөлөөлж байсан явдал бол үүний жишээ болно. Улстөрчид хэт их хутгалддаг ийм байдалд шүүгч айх айдасгүй шударгаар ажиллах уу.

Тиймээс л Шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг онцлоод байгаа юм. Хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд бүх шатны шүүгчийг томилох, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох гэдэг хоёр л эрхийг үлдээх аж. Харин ШЕЗ-ийн гишүүд хийгээд хяналт, хариуцлагын хороодыг томилдог эрхийг нь хасах юм байна. Түүнчлэн өнөө төрийн гурван өндөрлөг буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр хууль шүүхийн байгууллагын удирдлагыг чөлөөлж, томилдог явдал бий болсонд цэг хатгана гээд байгаа. Шүүхийг улстөрчдийн нөлөөнөөс салгаад барахгүй хууль санаачлагчийн тайлбараар бол шүүгчийг шүүгчдээс нь, тэр дундаа дээд шатны болон ерөнхий шүүгчээс, танхимын тэргүүнээс, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс, мөн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хорооноос нь хүртэл айх айдасгүй, нөлөөгүйгээр шүүн таслах ажиллагаагаа явуулах бололцоог олгох гэнэ. “Энэ хуулийг баталснаар шүүх дотор хэн нь ч дарга биш болно, ерөнхий шүүгч нь шүүгчиддээ нөлөөлөх ямар нэгэн эрх мэдэлгүй болох” аж. Харин шүүгч Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасныг Үндсэн хуулийн цэц дүгнэвэл ажлаас нь чөлөөлдөг болох юм байна. Бусдаас хараат бус тун энгийн болж байгаа биз. Бусад томилгооны хувьд жишээ нь ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг дөрвөн жилд нэг удаа хуралдах Монгол Улсын нийт шүүгчдийн хурлаас нууц санал хураалтаар тодруулж байхаар тусгажээ. Нэг үгээр дотоод ардчилалд нь хариуцуулж байгаа хэрэг. Үлдсэн таван гишүүнийг УИХ-аар томилох боловч хэн дуртайг нь бус нэлээд өндөр шалгууртай байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Гэхдээ хуулийн төсөлд нөлөөлөх гэсэн элдэв явуулга байгаа бололтой. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хуулийн төслийг унагаах, шүүхийн шинэчлэлийг зогсоох, мөн бүлэглэлийн болон албан тушаалтны сонирхлыг хуульд шингээх гэсэн лобби, санаархал ил далд янз бүрээр ирж байна.  Бүр өдөр шөнөгүй ч гэж болно. Бас хуучин эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг урьдын адил албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби ч хүчтэй явж байгаа. Шүүгчдийн хараат бусаар ажиллах эрх зүйн баттай бөгөөд Үндсэн хуулийн хамгаалалттай орчин бүрдэж байгаад, мөн шүүгчдийн дураараа авирладаг байсан эрх мэдлүүд хуулиар хязгаарлагдах болсонд сандарч бачуурч байгаа хэсэг байна. Зарим хүн, бүлэглэл бараг амь тавих нь. Над руу янз бүрээр хандаж байгаа. Уучлаарай тэр нөхдөд хэлье. Одоо би, ажлын хэсэг зогсохгүй. Төслийг анх өргөн барьсан Засгийн газар, Ерөнхий сайд, мөн  шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж сонгуульд амлаж олонхи болсон МАН-ын улс төрийн манлайлал ч зогсохгүй гэдэгт итгэж байна” гэсэн байна лээ. Тэгэхээр бас туулах зам нь болоогүй л байгаа хууль аж. Шударга байх гэдэг сайн сайхан удирдагчид биш тогтолцоондоо, хуульдаа байдаг эд. Үүнийг УИХ-ын хуульч, шинэ гишүүд тун соргог харж байгаа юм байна. Одоо бид Шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр л УИХ-ын гишүүд шударга ёсны талд байна уу гэдгийг харах үлдэж байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анд(202.179.26.164) 2021 оны 01 сарын 07

Коммунистуудыг шудрага ёсны талд байна гэж андуурч болохгүй. Улс орныг хөгжүүлж, ард түмний амьдралыг сайжруулна гэж андуурч 30 жил сонгож ирсэн шигээ гэнэн байж болохгүй хэн хохирсон Монголчууд хохирсон тэд хөрөнгө нүгэл зэрэг хураасан тэднийг яллах цаг заавал ирнэ.

0  |  0
Top