Боловсролын тухай багц хуульд өөрчлөлт орж буйтай холбоотойгоор хоёр настнуудаа цэцэрлэгт хамруулахгүйгээр тусгагдсан нь боловсролын салбарт багагүй маргаан дагуулж байна. Одоо мөрдөгдөж буй Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Хүүхдийн цэцэрлэг”-т хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллага" гэж заасан байдаг. Харин шинээр Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролын тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн “4.2-т Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхэд хамрагдана” гэжээ. Мөн хуулийн 19 дүгээр зүйл 19.3-т "Яслид 1-2 насны хүүхдийг хамруулж, тэдний өсөлт, хөгжлийг дэмжих үйл ажиллагааг явуулж болно” гэж тусгахаар болжээ.
Тэгэхээр хоёр настнууд маань үндсэндээ хүүхэд харах үйлчилгээ рүү явах нь тодорхой боллоо. Хүүхэд харах үйлчилгээний талаар Боловсрол шинжлэх ухааны яамны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар “Хүүхэд харах үйлчилгээ бол цэцэрлэгийн насны хүүхдүүдийг иргэд хардаг үйлчилгээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нар нь төрөөс дэмжлэг авахаас гадна эцэг, эхчүүд тодорхой хэмжээний төлбөр төлдөг үйлчилгээ. Шаардлага хангасан хэчнээн газар байгаагаас шалтгаалж хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой эсэх дүнг гаргана” гэж ярьж байлаа. Товчхондоо, хоёр настнууд сугалаа сугалж, цэцэрлэгт орох гэж өрсөлдөх цаг ард хоцорч, төлбөрөө төлөөд дурын хүн ажиллуулж болох тодорхой бус нөхцөл рүү явах болжээ гэсэн үг.
Хүүхдийг хоёр наснаас цэцэрлэгт хамруулдаг цөөхөн орны нэг нь манай улс. Энэ нь хүн ардынхаа хөгжлийн суурийг багаас нь тавих зорилготой алсыг харсан шийдвэр л дээ. Харин хуулийн өөрчлөлтийн хүрээнд хоёр настнуудыг "тойргийн гадна" үлдээснийг сурган хүмүүжүүлэгчид ухралт болсон хэмээн шүүмжилж байгаа юм. Тэгвэл яагаад хоёр настай хүүхэд заавал цэцэрлэгийн боловсрол хүртэх ёстой вэ гэсэн асуулт гарч байна. Үүнд хариулт өгсөн жишээнүүдийг товчхон хүргэе. Тухайлбал, сүүлийн үед манай улсад “дэлгэцийн хамаарал”-тай гэх хүүхдүүд олшрох болсон. Энэ нь хүүхдийн хэл ярианы хөгжил эрчимтэй явагдах хоёр настай хүүхэдтэй ярианы харилцаа үүсгэлгүй дэлгэц, утас зэрэгт даатган орхисноос үүдэн гарч байгаа сэтгэцийн ноцтой эмгэг аж. Хэл ярианы хөгжил удааширвал танин мэдэхүйн, нийгмийн хөгжил, болон сэтгэл хөдлөлийн хөгжил хоцрох гэх мэт үр дагавартай. Судалгаагаар Улаанбаатар хотын таван настай 1065 хүүхдээс авсан хэл ярианы хөгжлийг тогтооход 21 хувь нь буюу таван хүүхэд тутмын нэг нь хэл ярианы бэрхшээлтэй байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн хоёр настнууд сонирхсон бүхэндээ хүрч, таньж мэдэхийг хүсдэг, бие даах асар их хүсэл эрмэлзлэлтэй байдаг байна. Тэр бүү хэл сурч мэдэх хүсэл эрмэлзлэлтэй, өөрийгөө ялан дийлэх чадвар, үнэт зүйл, өрсөлдөх чадвар, нийгмийн ёс зүйтэй иргэнийг бэлтгэх суурь энэ насанд тавигддаг хэмээн үздэг эрдэмтэд ч байдаг. Манай ардын үгэнд ч “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээсэн нь бий. Мөн хүүхэд гурван нас хүрэх үед тархины мэдрэлийн эсүүдийн холбоос 70-80 хувь хүртлээ уян хатан байж, хүрээлэн буй орчноосоо хүртэгдэх бүхий л мэдээллийг шүүлтүүргүйгээр өөртөө шингээн авдаг тухай М.Монтессорийн онолд арга зүйд дурдсан нь бий. Энэ нь мэргэжлийн хүний дэмжлэг чухал шаардлагатай гэсэн санаа юм.
Энд зайлшгүй дурдах ёстой нэг чухал асуудал бол хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн гадна орхисноос хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудал орхигдох олон эрсдлүүд гарч ирнэ. Учир нь хүүхэд харах үйлчилгээнд хамруулж чадахгүй буюу төлбөрийн чадамжгүй гэр бүлийн хоёр настнууд хараа хяналтгүй үлдэх, хүчирхийлэлд өртөх, бэртэж, гэмтэх нөхцөл бий болохоор байгаа юм. 2019 оны байдлаар 75 мянган хоёр настнуудаас төрийн цэцэрлэгт 14700 гаруй, төрийн бус өмчийн цэцэрлэгт 5600 гаруй хүүхэд хамрагдсан гэжээ. Тэгэхээр шинэчлэгдэж буй Боловсролын хуульд гурваас таван насыг СӨБ-д хамрагдах болгон өөрчилсөн нь өнгөц харахад дэлхий нийтийн жишигт нийцэж буй гэх боловч, энэ нь манай орны хувьд энэ заалтыг гарцаагүй эргэн харах хэрэгтэй байгааг дээрх жишээгээр тайлбарлалаа. Одоо салбарын мэргэжилтнүүд энэ талаар хэрхэн байр сууриа илэрхийлснийг сонирхуулъя.
Хүүхдийн сэтгэл зүйч, доктор Ph.D М.Ичинхорлоо: -12-24 сартай хүүхдийн танин мэдэхүйн хөгжил онцгой тэсрэлтийн суурийг тавьж байдаг гэж хэлж болно. Тэд 36 сартайгаасаа “Би”-гээ мэдэрч, өөрийн байр сууриа илэрхийлэн “зөрүүдэлж” эхэлдэг. Нэг ёсондоо хүрээлэн буй орчноо танин мэдэрч, ойлгоно. Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ ялгана. Энэ чадварыг эзэмших нь хүний сэтгэл зүйн боловсролын эхний шат гэж хэлж болно. Хоёр настайгаас үе тэнгийнхнээ сонирхож, харилцааг эрэлхийлж эхэлдэг учраас бусадтай дасан зохицох чадварыг олж авдаг чухал нас гэж хэлж болно.
Хувийн хэвшлийн цэцэрлэгийн эрхлэгч Ж.Лхамсүрэн: -Хэрвээ энэ хууль хэлэлцэгдэж байгаа байдлаараа батлагдвал хоёр настнуудыг хувийн цэцэрлэг болон улсын цэцэрлэг хүлээн авах боломжгүй, хууль зөрчсөн болно. Тэднийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл бүхий этгээд л авах боломжтой. Тэгээд ч хувьсах зардал олгогдохгүй учраас хувийн хэвшлийн цэцэрлэгүүд хоёр настанг авах сонирхолгүй л байх болов уу.
Хүүхдийн эмч, анагаах ухааны магистр Б.Оюундэлгэр: -Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдсээр байна. Дархлаа сул, өвчлөмтгий болж байгаагийн гол шалтгаан нь бие бялдрын хөгжлийг дэмжих байдал тун тааруу байгаатай холбоотой. Хүүхдэд үсрэх, харайх, гүйх, мөлхөх, авирах үндсэн хэрэгцээ шаардлага байдаг. Тэдэнд энэхүү нөхцөл бололцоог хангаж өгөхгүй байгаагаас сул дорой, өвчлөмтгий болж байна. Цэцэрлэгийн орчинд биеийн хөдөлгөөн дэмжсэн сургалтыг цаашид улам сайн хийдэг болох хэрэгтэй.
Хүүхдийн сэтгэл зүйч, хэл засалч, доктор Ph.D. Ж.Мөнхнасан: -Бид хүүхдийн хэл заслын чиглэлээр сүүлийн найман жил тасралтгүй ажиллаж байна. Өнгөрсөн жилд манайд 457 хүүхэд хандаж зөвлөгөө авсан. Хэл заслын сургалтад хамрагдсан хүүхдийн тоо бол үүнээс хэд дахин их. Жил ирэх тусам улам бүр ихсэх хандлагатай байна. Хүүхдийн хэл ярианы хөгжил удааширч, хоцрогдож байгаа шалтгааныг тодруулахаар олон талаас нь судалж үзэхэд 1-2 настайд нь хүүхдэд дэлгэцийг ихээр үзүүлсэн тохиолдлууд маш их байна. Хоёр наснаас идэвхтэй 500-800 үгийн нөөцтэй байх ёстой хүүхдүүд маань огт хэлд ороогүй байх явдал их байна. Хүүхдийг хэлд оруулах нь бусдын дэмжлэг, сургалт шаардлагатай. Тиймээс энэ насыг цэцэрлэгээс яасан ч салгаж болохгүй юм.
Хуульч, боловсрол судлалын докторант Ц.Хонгорзул: -Хуульд ийм өөрчлөлт орж буй нь хүүхдийн сурч боловсрох болон хүүхдээ боловсролд хамруулах эцэг эхийн сонгох эрхийг боомилсон ноцтой асуудал. Цэцэрлэгт хамруулах нь төрийн үүрэг. Мөн хүүхэд харах үйлчилгээний хууль нь хуучин Нийгмийн хөдөлмөр хамгааллын яамны харьяанд байх үеийн зохицуулалттай байгаа. Үүнд төлбөртэй асрамжлах, хооллох үүргийг хүлээсэн, гэхдээ хяналтыг нь эцэг эх тавих ёстой заалттай. Үүнээс үзэхэд хуулийн зохицуулалт ч тэр, орчин нөхцөл, боловсон хүчний бэлэн бус байдлыг харсан ч тэр хүүхдийн сурч боловсрох эрх ноцтойгоор зөрчигдөхөөр байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ цаг гаргах ямар дургүй юм ба . Ер нь бол идэвхтэй хөгжлийн шаардлагатай үед нь эцэг эх ганцхан хүүхдийг өөрөө хөгжүүлвэл илүү үр дүнтэй . Цэцэрлэгт хүүхдийн тоо их байдаг учир дээд хэмжээнд яагаад ч хөгжих боломжгүй шүү !!! Эцэг эх төлбөр төлөх бол хүүхдүүдийн тоо цөөн байдаг төлбөр төлөхгүй бол хүүхдийн тоо олон . Бүгд үнэгүй юманд дуртай хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг нэгэнт иржээ. Хүүхдийнхээ суурийг өөрсдөө зөв тавивал эцэг эх та бидэнд үр хүүхдүүдэд нь хэрэгтэй шүү дээ.
Хүүхэд харах үйлчилгээнд хүүхэд минь яваад дуулдаг бүжиглэдэг зурдаг болж сайн хөгжсөн. Сургуульд орсон сайн сурж байгаа. Одоо дүүг нь өгнө. Хөгжил асаргаа үнэхээр сайтай цөөхөн 15 хүүхэд л 3 өрөөнд байдаг
Хүүхэд харах үйлчилгээ бол нийгэмд хамгийн сайн хэрэгжиж байгаа хуулиудын нэг.\n
Боловсролын салбарын хөгжил нэг шатаар ухраасан бодлого. .. .
2 настай хүүхдийн хөгжил чухал. Гэхдээ хүүхдийн хэрэгцээ сонирхол гэж бас байна. 2 настай хүүхдийн хэрэгцээ сонирхол нь хайр юм даа. Тэд ээж аав нь ажил амьдрал гээд хайр дутагдах нь ихэссэн болов уу гэж бодож байна.
бас хэн гэдэг эрх мэдэлтний хувийн бизнесийг ард түмний хүүхдүүдийг золиослож хамруулах гээд байгаа балиар арга вэ?.зүгээр л цэцэрлэгтээ хамрагдаад яваад болоод байсан юмыг яагаад өөрчлөх гээд байгаам бэ?
2 настай хүүхдүүд нэг бол сугалаагаар цэцэрлэгт ордог эсвэл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах болсон нь тун харамсалтай .Залуу гэр бүлийн ажил эрхлэлтыг дэмжих мөн цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжийг олгох бүрэн олгох хэрэгтэй .
huuhed harah uilchilgee yasan gj huviin tsetserleg ondor tolbort huuhed harhad huuhdee ogood yasan ch yum alga tsetserlegees ylgaagui shu
2настай хүүхдийн эцэг эхчүүд бид сонгох эрхтэй биш үү Энэ хуулийг хэн санаачилан гараад бгаа юм бол оо . Амьдралд ойр хууль боловсруулах яадаг байна. 2 жил ажил хийхгүй цар тахалаар 0 зогсолт хийхээд намар хүүхэдээ гарөад гэртээ суух юм бн даа. Залуу гэр бүлүүд ажил хийж өрхийн орлого нэмэгдүүлэнэ шүү.дээ
Хүний тархины хөгжлийн 80 гаруй хувь нь 2 настай үедээ хөгждөг. Энэ насандаа зорилготой суралцах эрхтэй.\n
Хүүхэд бага тусмаа хурдан юм сурдаг.тиймээс цэцэрлэгт хамруулж боловсрол олгох хэрэгтэй
ymar sonin bodlogo we.Ah egchiig ni tsetserlegt uguud duug ni dahiad uur gazar huuhed harahad uguh yumu.Ynarch standart murdugduhgui mergejliin bus huneer huuhdee haruulj chadahgui naad balai shiidweree ergej haraarai tur zasag mine
Яаж байгаан бэ хэрэв хүүхэд харах үйлчилгээг хэн дуртайн нэгэн ажилуулвал хөөрхий хүүхдүүд хэцүүдэх юм байна даа эсвэл зөвхөн 50, 55 настай тэтгэвжрт гарсан багш нарт эрхийг өг