Э.МӨНХ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн өмнө нэр дэвшигч Н.Номтойбаярыг СЕХ-ноос нэр дэвшигчийн батламжаа аваагүй байхад цагдан хорьсон нь 2020 оны сонгуулийн өмнөх анхны баривчилгаа байв. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч хилийн хориг тавиад байсныг шүүхийн шийдвэрээр ийн өөрчилсөн. Энэ нь Монгол Улсад улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах үйл ажиллагааг хуулийн байгууллагын оролцоотойгоор явуулж эхэллээ гэдгийг тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан. Тэр ч утгаараа сонгуулийн өмнөх анхны “улс төрийн хоригдол” Н.Номтойбаяр боллоо гэж байв. Түүний араас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гишүүний бүрэн эрхтэйгээ хоригдсон анхны нэр дэвшигч, улстөрч болов. Тэдний араас Д.Ганболд, Б.Бямбасайхан гэсэн нэр дэвшигчдийн баривчилгаа үргэлжилсэн. Н.Номтойбаярын хувьд мөрдөн байцаах ажиллагааны талаар гаргасан гомдлынхоо тухай мөрдөгчөөс тодруулсныг нь нотлох баримттай “дарамталсан” хэмээн үзэж яллах дүгнэлтээ танилцуулалгүйгээр түүнийг цагдан хорьж байв.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтыг илтэд зөрчин хорьсноор шүүхийн бүх шатны ажиллагаа нь хууль зөрчиж байсан нь харагддаг. Тэрээр яллах дүгнэлт гардаж аваагүй тул юунд буруутгагдаад байгаагаа ч мэдээгүй байсан бөгөөд түүнээс хорьж байх хугацаанд нь ч мөн тайлбар мэдүүлэг аваагүй байна. “Хэрэг” хэмээсэн “хавтаст гүтгэлгээ” танилцуулаагүйн улмаас шүүх хуралдааны явцад л анх яллах дүгнэлттэйгээ танилцаж юунд гүтгэгдсэнээ мэдэж авсан, улмаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлан, хууль зөрчиж, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оруулах боломжоор хангаагүй, “өмгөөлөгчгүйгээр” шүүж, “хорих ял” оногдуулсан. Энэ нь Монголын шүүх ”улс төрийн хоригдол”-ын хэргийг шударгаар шүүхгүй байгаа нь хоёр шатны шүүх хурлын шийдвэрээр тодорхой харагдсан.
Иймд Улсын Их Хурлын гишүүн асан Нямтайширын Номтойбаярын эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандаж мөрдөн байцаах, шүүх ажиллагааны талаарх танилцуулга, материалуудыг илгээсэн байна.
Тус байгууллагууд холбогдох шалгалтыг явуулж, шаардлагатай тохиолдолд хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар Монгол улсын Засгийн газраас асуулга авахаа илэрхийлжээ. Уг шалгалтын дагуу мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, шүүх хурал өмгөөлөгчгүй хууль зөрчин явагдсан, УИХ-д нэр дэвшигчийн халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн хүний эрхийн байгууллага дүгнэсэн тохиолдолд “Магнитскийн хуулиар”-аар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. АНУ, Европын Холбооны 27 орон, Их Британи, Канад, ОХУ зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудын хэрэгжүүлдэг “Магнитскийн хуулиар”-аар “хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн” хууль хяналтын байгууллагын шүүгч, прокурорууд түүнчлэн тус гүйцэтгэх ажиллагаанд оролцсон эрх бүхий албан тушаалтан бүрийг гэр бүлийнх нь хамт санкц тавьж эд хөрөнгийг нь царцаах, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хязгаарлах, дээрх орнуудад хил нэвтрэх эрхийг хаах зэрэг хатуу ял оногдуулдаг ажээ. Тиймээс олны эргэлзээг тайлахын тулд Н.Номтойбаярыг хэвлэлийнхэнд нээлттэй шүүх хэрэгтэй байна. Цаашлаад шүүх байгууллага болон шүүгч нарын талаарх элдэв мэдээлэлд цэг хатгах боломж юм шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
garaad dahiad l heniig tsaash haruulah baihda,
Нээлттэй шүүж яагаад олон хууль зөрчиж баривчилсан, хорих болсон талаараа түүнийг шүүсэн шүүгчид, шүүх олон түмэнд нээлттэй танилцуулах болж дээ. Номтойбаяр буцаагаад шүүгчлийг шүүхэд өгч шүүлгэх хэрэгтэй.