Эдийн засаг сэргэх үү, ЭС СЭРГЭХ ҮҮ...

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Уилиам Шекспир таван зууны тэртээ “Орших уу, эс орших уу” гэсэн асуултаараа хүн төрөлхтний гүн ухааны ертөнцөд эрээ цээргүй асуулт асуусан юм. Өнөө хэр нь түүний энэ асуултыг тайлах нь бүү хэл ухаж ойлгох “гүн ухааны сургууль” алга. Дэлхий нийтийн дийлэнх нь үүнийг зохиол дээр бичигдсэн зохиолчийн санаа төдийхнөөр харж, ойлгож байна. Гэхдээ одоо бидний өгүүлэх сэдэв Уиллиам Шекспир, “Гамлет”, гүн ухаан, театрын урлагийн тухай огтхон ч хөндөхгүй. Харин үүнийхээ оронд 2020 онд хорионд орж, тушигдсан эдийн засаг 2021 онд сэргэх үү, эс сэргэх үү гэдэг асуултыг хөндөх болно. Асуултын хариулт, эдийн засгийн тухай ойлголт Монгол Улсад Шекспирийн асуусан асуулт шиг болсоор гурав илүү аравныг үджээ. Энэ онд бид сэргэж чадах уу, эсвэл...

 

Айдас хаашаа хөтлөх вэ...

 

Хүн ам цөөн, гэсэн атлаа нийслэл хотдоо нэг саяулаа бүгчихсэн Улаанбаатар хотод вирус бол том аюул. Ялангуяа коронавирус. Дэлхий дахинд энэ вирусний нэр сонсогдож эхэлсэн  нийтийн цагаас Монгол Улс айсан. Айхдаа хилээ хаасан. Хилээ хаан байж 11 сар тэссэн ч дотооддоо алдсан. Эрх баригчид дотооддоо алдчихсан учраас вируснээс урьдынхаасаа илүү айх болов. Ямар сайндаа түүхэндээ анх удаагаа бүхний бэлэн байдлын зэрэгт шилжиж байхав дээ. Хааж боосон, хатуу хөл хорьсон, хилээ хаасан энэ шийдвэр тэртээ тэргүй бүтээлч үйлдвэрлэлгүй Монгол Улсад үхлийн цохилт лугаа болов. Ашиг орлого олдог томоохон компаниас эхлээд өнөө, маргаашийн орлогоороо амьдардаг жижиг, дунд үйлдвэрүүд коронавируснээс өмнө “мажийх” дээрээ туллаа. Коронавирус дотоодод тархахаас ч өмнө эдийн засгаа дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих бодлого баримтлаагүй засаг захиргаа дотоодод алдаад, шинэ он солигдоод байхад энэ төрлийн бодлого баримтлаагүй хэвээр. Нийгмий даатгалын шимтгэл бусад татвараас чөлөөлөх, цахилгаан, дулааны үнийг тэглэх зэрэг шийдвэр гаргасан ч Монгол Улсыг хөдөлгөгч хүч болсон бүтээгч, үйлдвэрлэгч хэсгүүдэд гарт баригдаж, нүдэнд харагдах дэмжлэггүй өдийг хүрлээ. Коронавирус дотоодод дэгдэж аюулын харанга дэгдэхээс бүр өмнө бид зургаан сарын хугацаанд хилээ хаасан. Гэтэл 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.7 хувиар унажээ. Экспорт 40 гаруй хувиар унаж, төсвийн алдагдал өссөөр ДНБ-ний бараг 10 хувьтай тэнцэж ирэв. Цар тахалтай хүчээр тэмцэж байх хооронд эдийн засагт нь ийнхүү нөлөөлсөн байна. Монгол Улсын экспортын дийлэнхийг уул уурхай, ашигт малтмалын салбар эзэлдэг. Нүүрс, зэс, газрын тос, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн л экспорт, импортын голлох бүтээгдэхүүнүүд. Гэхдээ экспорт нь нүүрс, зэс дээр тогтдог. Мэдээж хэрэг цар тахлаас шалтгаалж экспортын орлого их хэмжээгээр буурсан. Дээр дурдсан 40 гэдэг тооноос хэр зэрэг унасаныг харж болно. Эхний хагасын байдлаар унах хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүн гурван улирал дараалан хасах үзүүлэлттэй гарсан юм.

Арай гэж долоодугаар сараас эргэн нээж, хэвийн амьдралдаа ороод байтал 2020 оны арваннэгдүгээр сард айдас бодит болж коронавирусийг дотооддоо алдсан. Эдийн засгийн үзүүлэлтүүд эргэн сэргэж байхад бид дахиад л хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдал зарласныг уншигч та санаж байгаа байх. Хөл хорионоос, илүү хатуу хөл хорионд шилжсэн Монгол Улсын эдийн засгийг Азийн хөгжлийн банк болон санхүүгийн бусад томоохон байгууллагууд 2021 онд илүү ихээр унаж, 1990 оны түвшинд хүртэл унана гэсэн баргар тооцоолол дэвшүүлээд байна. Олон улсын валютын сан 2021 оныг эдийн засгийн хувьд хүнд жил гэж тодорхойлоод дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүд ядуу буурай болон хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлэхийг уриалсан. Хэрэв чадалтай нь чадалгүйдээ туслахгүй бол дэлхийн эдийн засаг өрсөн далуу шиг ээлж дараагаараа унаж улмаар дэлхий дахиныг хамарсан ужиг хямрал руу хөтлөх магадлалтай гэж таамаглаж байна. Засгийн газар, эрх баригчдын зүгээс одоо нэг л зүйлийг хийх ёстой. Бүрэн хатуу хөл хорих нь үр дүн багатай, вирусээ дарахаас ч өмнө бүтээгч үйлдвэрлэл маань цагийн саалтанд дарагдана гэдгийг анхаарах ёстой юм. Тиймээс хөдөлгөгч хүч болсон үйлдвэрлэгч хэсгүүдийг ээлж дараагаар хэсэгчлэн нээж хүчин чадлынхаа тал хувиар ажиллаж байж Монгол Улс хөл дээрээ дэнжигнэж үлдэнэ. Коронавирусний тархалтын хурд, илүү аюултай болж хувьссан мутац зэргийг харсан ч 2021 оны эхний хагас бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эдийн засаг цэлийтэл нээгдэж чадахгүй гэдэг нь тодорхой болоод байна.

 

Уул уурхайн салбар бидний аврал уу...

 

Асуух ёстой асуулт. Эх орон, газар шороо гэж цээжээ дэлдэгчдэд энэ асуулт тэртээ тэргүй таалагдахгүй. Гэхдээ таалагдахгүй байлаа гээд Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээрээ тогтдог гэдгийг цар тахлын сүүдэртэй 2020 он бэлхнээ харууллаа. Хэдийгээр хил хааснаас шалтгаалан уналт ажиглагдсан ч Монгол Улсын эдийн засгийн 70-аас илүү хувийг уул уурхайн салбар бүрдүүлдгээрээ бүрдүүлэв. Өнөө та бидний зүхэн хараагаад байгаа цахилгаан, дулааны үнэ чөлөөлсөн шийдвэрийг уул уурхайн салбар л нуруун дээрэ үүрч байгаа гэдгийг сануулах нь илүүц биз. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Монгол Улс нийт 28.5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн үзүүлэлттэй дөхөж очоогүй ч эдийн засаг элгээрээ хэвтэх том аюулаас энэ тоо хангалтта аварсан. Коронавирусээс шалтгаалж тээвэрлэлт саатсан нь нөлөөлсөн ч уул уурхайн салбар тэр дундаа нүүрс, зэсийн салбар Монгол Улсын эдийн засгийн голыг нугалахад хангалттай нөлөө үзүүллээ.

Монгол Улсын эдийн засгийн нөгөө нэг ачааг “Оюу Толгой” төсөл үүрдэг. Гэтэл ачаа үүрдэг “Оюу Толгой” нь улс төрийн талаасаа ч, хөрөнгө оруулагчийн талаасаа ч хүнд ачаа үүрэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газраас асуудалтай гэж үзсэн “Дубайн гэрээ”-г цуцлах, шинээр байгуулах тухай санал дэвшүүлсэн. Түүнчлэн одоогоос 7-8 жилийн өмнөх асуудлаа арбитрын шүүх дээр дэнслэхээр татварын маргаан өрнүүлээд буй. Хөрөнгө оруулагч талаас “Туркойз Хилл Ресурс”, “ Рио Тинто” компаниуд мөн л далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зардал өссөн шалтгааныг арбитрын шалгалтаар тогтоолгох болоод байна. Одоо тэд аль хэдийнээ Канадын арбитрын шүүх дээр маргалдаад эхэлжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард “Рио Тинто” компани далд уурхайн нөөцийг өмнө нь тооцоолж байснаас бага гэж зарласнаас шалтгаалан “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Оюу Толгой” төслийг бүхэлд нь авч үзэх шаардлагатай гэж зарласан нь “чухам юу билээ” гэж бусад хөрөнгө оруулагчдыг толгойгоо маажихад хүргэсэн билээ. Түүнчлэн Монгол Улсад ирмэгцээ асуудалд орж мэдэхээр байгаа экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюу Толгой”-д эзэмшдэг хувиа Монгол Улс тэр чигт зарах тухай санаачилга дэвшүүлснийг Австралийн хэд, хэдэн хэвлэлүүд онцлоод авсан. Энэ жил мега төслийн хувь заяаг дэнслэх  хэд, хэдэн үйл явдал тохионо. Үүнээс шалтгаалаад Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн чиглэл  тодорхой болох юм.

 

Хятадаа түших үү эсвэл...

 

Юун Хятад, юугаа түших тухай яриад байна аа гэж уншигч та эгдүүцэж болох л доо. Гэхдээ энэ жилийн эдийн засгийн өнгийг тодорхойлоход Хятад улсын байр, байдал чухал нөлөө үзүүлэх юм. Монголчууд дотооддоо Хятадыг жигшдэг ч гэсэн эийн засаг нь БНХАУ-тай нягт холбоотой. Экспортынх нь 90 гаруй хувь зөвхөн энэ улсаас хамаарч байна. Цар тахлын улмаас дээрх экспортын хэмжээ тасралтгүй буурч байгаа. БНХАУ-ын зүгээс экспорт, импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч хоёр улсын Засгийн газар цар тахлаас сэргийлэх стратеги ондоо учраас нөлөөлөл нь бага. Дээрээс нь Монгол Улсын нийт өр ДНБ-ний 77 хувтай тэнцэж ирсэн нь санаа зовоох гол асуудал болоод байна. Олон улсын валютын сан Монгол Улсыг урт хугацааны эдийн засгийн эрсдэлт нөхцөл байдалтай гэж тодорхойлсон. Учир нь төрийн зүгээс ч, хувийн байгууллагууд нь ч таазанд тулсан өртэй, цар тахлаас шалтгаалж эдийн засаг саарсан нь олон жил үргэлжилсэн хямралын үндэс болно гэдгийг анхааруулаад удаагүй байна. Үүнтэй адил зөвлөмжийг Азийн хөгжлийн банк ч, Дэлхийн банк ч өгч байгаа. Тиймээс дээрх байгууллагууд богино хугацааны хөнгөлөлттэй зээлийг олгож буй. Хэрэв тус улсын эдийн засаг ойрын хугацаанд сэргэхгүй бол өрийн дарамтад орох бодит эрсдэл бий.

Цар тахал, эдийн засгийн хямрал гээд бараан мэдээлэл барайлгаж байхад Монгол Улсад ашигтай нэгэн үйл явдал болсон нь Австрали болон Хятадын нүүрсний салбарын маргаан. Аравдугаар сард Хятадууд Австралиас нүүрс авахгүй гэдгээ аман байдлаар зарлаад оны өмнөхөн албажуулсан нь Монголчуудын зол болов. Монголын эрчим хүчний болон коксжих нүүрсний үнэ нэмэгдэж, эрэлт нь мөн адил нэмэгдсэн. Хэдийгээр нүүрсний чанарын тухайд Австралийн нүүрстэй эн зэрэгцэхгүй ч тээвэрлэлтийн зардал, дэд бүтцээс шалтгаалан үнэ хямд байгаа нь нүүрсний зах зээлийг түр ч атугай орлох хангалттай боломж болсон. Тийм ч учраас хоёр тал хэлэлцсэний үндсэн дээр хилийн боомтууд дээрээ “Ногоон гарц”-ын журам хэрэгжүүлж тодорхой шинжилгээ, бичиг баримтын шаардлага хангасан тээвэрчдийг чөлөөтэй нэвтрүүлэх болсон нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шалтгаан болсон билээ. Хэдийгээр сайн мэдээ чих дэлсэж байгаа ч өөр нэг зүйлийг бид хангалттай ойлгох ёстой. Монгол Улс бол БНХАУ-ын нүүрсний зах зээлийг хангаж чадах улс биш. Чанарын хувьд ч, дэд бүтцийн хувьд ч дэлхийн бусад улсуудыг гүйцэхгүй. БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө, 2030 он хүртэл баримтлах хөгжлийн баримт бичгүүдэд тусгаснаар БНХАУ энэ хугацаанд ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай тусгасан. Ялангуяа уул уурхайн салбарт. Австрали, АНУ зэрэг улстай байсгээд л маргаан үүсгээд байгаа учраас үзэл баримтлал, чиг баримжаа ойр ОХУ-тай харилцаагаа сэргээх нь ашигтай гэдгийг эрх баригчид нь хэлдэг. Нөгөө талаас БНХАУ-ын компаниуд Монгол Улсын нүүрсний чанар Австралийн нүүрсийг гүйцэхгүй гэж ил цагаан мэдэгддэг учраас зах зээл дээр манай нүүрсний эрэлт саар байсаар ирсэн. Хэрэв БНХАУ Австралитай худалдааны маргаантай байгаагүй бол Монгол Улс энэ онд өмнөхөөс ч бага хэмжээний нүүрс экспортлох байсан нь бодит үнэн.

 

Найдвар болсон вакцин

 

Хэрэв бид нэг болон хоёрдугаар улиралдаа багтан вакцинжуулалтаа эхлүүлж чадвал сүүлийн хоёр улиралдаа багтан эдийн засгаа өсгөх боломж байна. Компаниуд идэвхтэй ажиллаж байж Монгол Улсын эдийн засаг хөдөлнө. Нөгөөтээгүүр уул уурхайн салбар ч элдэв хөл хорио, хаалтгүй болчихвол эдийн засаг өсөх томоохон түлхэц болох нь дамжиггүй. Эдийн засаг макро утгаараа буюу нэг ёсондоо том агуулгаараа өсөж байхтай зэрэгцэн жирийн ард иргэдэд томоохон дарамт ирэх боломжтой. Учир нь Засгийн газраас үзүүлж буй хөнгөлөлтүүд зогсох үед иргэдийн нуруун дээр зээл болон мөнгөний дарамт нэмэгдэнэ. Нэгэнт гар дээрээ мөнгөгүй, зээлийн дарамттай иргэд байр худалдан авахгүй нь тодорхой. Төлбөртэй боловсрол, эмнэлгийн салбарыг бүр ярих ч юм биш. Түүнээс гадна хагас жил хаалгаа бариад одоо дампуурах дээрээ тулаад байгаа барилгын салбар ч эргэн сэргэх магадлал тун бага харагдаж байна.

 

Өр, өр, өр...

 

“Тангуд улс мөхөөгүйг өдөр бүр сануул” гэж Нууц товчоонд эзэн Чингис хаан сануулдаг шиг Монгол Улс жил дараалан төлөх өр төлбөрүүдтэй гэдгээ мартаж огт болохгүй. Сануулахад 2021 онд 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.доллар, 2023 онд 1.3 тэрбум ам.доллар, 2024 онд 600 сая ам.долларын бондын өр төлнө. Үүн дээр нэмэгдээд БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлэлцээрийн 15 тэрбум юанийн өр бий. Ардын банкны своп хэлэлцээрийн мөнгөн дүн уг нь таван тэрбум юань байсан ч төлөх хугацаагаа сунгахдаа нэмж мөнгө зээлсээр байгаад 15 тэрбум юань болсон юм. Одоо бид үүнийгөө 2023 онд төлнө. БНХАУ-ын Ардын банк дээр ашигласан аргаа бондын бусад өр төлбөрүүд дээрээ ашиглахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол бид дефолт зарлана. Иймийн тулд зүдрэх болгондоо түшсээр ирсэн ОУВС-тай хамтарч зээлээ төлөх нэг арга бий. Тийм ч учраас ОУВС болон Дэлхийн банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хийх уулзалтын тоог нэмээд байгаа юм шүү дээ.

Монгол Улсын 2021 оны эдийн засгийн дүр зургийг дүрсэлбэл нэг ийм байна. Цар тахлын сүүдэртэй, сүүдэрт царцсан эдийн засагтай, ачааны хүндийг үүрдэг уул уурхайтай, дараалан төлөх өрүүд төлөгдөж эхлэх ийм нэгэн он айсуй. Эдийн засаг чухамдаа сэргэх, эс сэргэхийг бодлого боловсруулдаг хэд маань мэднэ. Гайгүй байгаа...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(66.181.181.161) 2021 оны 01 сарын 07

жижиг дунд үйлдвэрлэлээ одоогийн байгаагаас илүү шатанд гаргая, тухайлбал 4-5 хүн ажилладаг авсаархан үйлдвэрүүд хорвоод зөндөө байна элчин сайдын яамнуудаа энэ тал дээр ажиллуул

0  |  0
Зочин(66.181.187.36) 2021 оны 01 сарын 07

Цаашид ганц уул уурхайд найдах биш өөрсдөө бүтээдэг үйлдвэрлэдэг болъё. Юм болгоныг бид чадахгүй, манайд тийм боломж байхгүй гэдгээ больё. Монголд ажилгүй хүмүүс хэдэн зуун мянгаараа байна тэднийг ажилтай орлоготой болгохын тулд шаардлагатай үйлдвэрүүд, лабораторууд гэх мэтийг байгуулъя. Орлогогүй хүмүүст өгч байгаа тэр их халамжийн мөнгийг эргээд мөнгө болдог зүйлд зарцуулъя. Ганц тахал гарахад бид яаж сандарч сөхөрч байгааг бид бүгдээрээ харлаа ш дээ. Ядаж сайжруулсан түлшнийхээ уутыг ч болсон дотооддоо хийe л дээ

0  |  0
Top