Чойрын богд хайрханы АЙ САВ аюулд ороход ойрхон байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Бүхэл бүтэн нэгэн сумын нийт газар нутгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй газрыг гадаадын хөрөнгө оруулалттай ганцхан компани  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр эзэмшдэг болсон хачирхалтай хийгээд харамсалтай нэгэн жишээг "Өглөөний сонин" онцолжээ.


Та бүхэн санаж байгаа бол одоогоос таван жилийн өмнө “Эйкүсора” ХХК гэх уул уурхайн компанийн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр мэр сэр гарах болсон. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Хонконгийн хэмээн цоллогддог тус компанийнхан  Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ашигт малтмалын хоёр ч тусгай зөвшөөрөл гаргуулж авсан цагаас хойш энэхүү хэрэг мандсан байдаг. Тодруулбал, Шивээговь сумын газар нутгийн 30 хувийг буюу 30 мянга гаруй га газрыг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Эйкүсора” ХХК гэх компани ашиглалтын лиценз болгон авсан байдаг. “Эйкүсора“ ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулж авсан тухайн бүс  газар Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээний газар, 62 иргэний өвөлжөө хаваржаа, 180 иргэний авто грашийн зориулалттай газар, 131 иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагын эзэмшил газрууд байрладаг байна.

Тухайн үед Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа болон Шивээговь сумын Засаг дарга асан В.Бат-Эрдэнэ  нар нь өөрсдийн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөлд санал өгөхдөө судалгаа зөвлөгөө дүгнэлт хийлгүйгээр хууль зөрчиж сумын  нутаг дэвсгэрийн 30 мянган га-г бүхэлд нь тусгай зөвшөөрөл нэрээр уул уурхайн компанид  эзэмшүүлсэн түүхтэй. Дээрх үйлдэл нь хэд, хэдэн хуулийг ноцтойгоор зөрчсөн болохыг  доор сийрүүлье.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий Засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг нийгмийн цогцолбор мөн”, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг  өөрийн удирдлага бүхий Засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг нийгмийн цогцолбор мөн” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн байна.

Уул уурхайн компанийн эцэс төгсгөлгүй шунал, увайгүй дарга нарын дээрх үйлдлээс болж, Шивээговь сум нь өөрийн гэх нутаг дэвсгэргүй, сумын иргэд, аж ахуй нэгж байгууллагын  газрын асуудлыг бие даан шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг үүсгээд байгаа юм. “Эйкүсора” ХХК-ийн ашигт малтмалын MV-20424, MV-20420 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг нутгийн иргэд хуулийн байгууллагад удаа дараа гаргаж байгаа ч шийдлээ олоогүй өнөөдрийг хүрчээ. Шийдэл олдох нь бүү хэл “Эйкүсора” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэлээ базааж буй сурагтай.

Г.ЭРДЭНЭБАЯР: ӨНГӨРСӨН ЖИЛ БИД УУРХАЙ ДЭЭР ОЧИХОД БОЛОР ГАРСАН БАЙСАН
 

Шивээговь сумын иргэн Г.Эрдэнэбаяртай холбогдон дараах мэдээллийг авсан юм.

-Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр Чойрын Богд Хайрханыг ухах гэж байна. Уурхайн орчимд арван гэр барьсан, зөөврийн шатахууны түгээх газар  байгуулах гэж байх шиг байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Одоогийн байдлаар бол ухаж төнхөөд уурхай ажилласан юм бол байхгүй. Харин уурхайн тэр хэсэгт арван гэр баригдсан байгаа нь үнэн. Мөн шатахуун агуулах том сав байрлуулсан байна лээ. Нутгийн иргэд бидний хардаж байгаагаар “Хавраас уурхайн олборлолтыг эхлүүлэхээр зэхээд байгаа юм биш биз дээ” гэсэн сэрэмж бол байгааг нуухгүй ээ.

-“Эйкүсора” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй энэ газар нутгийн олон мянган иргэдийн хашаа хороо, өвөлжөө бууцны газар хамаардаг юм билээ?

-Тийм ээ. Үе удмаараа энэ газар нутагтаа аж төрж ирсэн нутгийн иргэдийн эрх ашиг, эд хөрөнгийг үл тоон энэ бүс газар ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг нь үнэхээр харамсалтай. Өнгөрсөн жил “Эйкүсора”-гийнхан юу, юугүй ухаад эхэлсэн. Иргэд бид чадах чинээгээрээ жагсаал цуглаан хийж тэмцсэний үр дүнд нэг удаа зогсоож байсан. Сонгууль дөхсөнтэй ч холбоотойгоор зогссон байхыг үгүйсгэхгүй.

-Тусгай зөвшөөрөл олгогдсон гээд байгаа энэ уурхайгаас “Эйкүсора”-гийнхан яг ямар төрлийн ашигт малтмал олборлох гээд дайраад байдаг юм бэ?

-Бид өнгөрсөн жил уурхай дээр нь очиход болор гарсан байсан.

-Уурхайн ойрхон  улсын тусгай хамгаалалтад байдаг говьсүмбэрчүүдийн төдийгүй Монгол түмний шүтээн уул Чойрын Богд Хайрхан оршдог. Магадгүй уурхайн үйл ажиллагаа эрчимжээд эхэлбэл, шүтээн хайрханы ай сав сүйтгэгдэж, ойр орчмын ховор ан амьтан, жигүүртэн шувууд дайжихгүй гэхийн баталгаа байхгүй юм байна даа?

-Чойрын уул энэ уурхайгаас 30-аад км зайтай. Яг одоогоор уулыг ухсан зүйл гараагүй. Мэдээж ойр орчимд нь олборлолт хийгээд эхэлбэл эргэн тойрны байгаль экологид сөргөөр нөлөөлөх нь тодорхой шүү дээ. Миний хувьд энэ нутгийн уугуул хүн. Төрсөн нутгийнхаа уул усыг уул уурхайнхны хөлд  гишгүүлэхгүйн төлөө үргэлж тэмцэнэ.

“ЭЙКҮСОРА БИШ ӨӨР КОМПАНИ УСНЫ ХАЙГУУЛ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ГЭСЭН ТАЙЛБАРЫГ ӨГСӨН”
 

Нутаг усныхаа төлөө тууштай тэмцдэг тус сумын иргэн н.Баяраа мөн дараах мэдээллийг бидэнд өгсөн юм. Тэрбээр “Уурхайг  ухуулахгүй гээд сүүлийн хэдэн жил нутгийн иргэд тэмцсэн. Түүний үр дүнд ч “Эйкүсора” гэдэг уурхай нэг хэсэгтээ нам гүм болсон. Бид сүүлийн үед энэ асуудал дээр нэг их анхаарлаа хандуулаагүй, орхичихсон байлаа. Гэтэл сүүлийн үед арван гэр баригдсан, зөөврийн колонк хүртэл байрлуулчихсан байгаа сураг гараад байна.

Үүнийг сонсоод сумынхаа байгаль орчны байцаагчаас тодруулахад “Эйкүсора биш ээ. “Монгол металл” гэдэг компани байгаа. Захирал нь Мэндбаяр гэдэг хүн бий. Гүний ашиглалт хайгуулын чиглэлээр  усны хайгуул хийнэ” гэсэн тайлбарыг өгч байна лээ. Гэхдээ надад маш эргэлзээтэй санагдаад байгаа юм. Энэ өвлийн хүйтэн цагаар юун усны хайгуул вэ. Тэгээд яг “Эйкүсора”-гийн ашиглалтын лицензтэй газар шүү. Үүний ард нэрээ нууцлаад нөгөө л Эйкүсора ХХК байхыг үгүйсгэхгүй.  Уул уурхайн компаниудын башир арга их шүү дээ” гэсэн юм.

СУМЫН ИНХ-ЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭНИЙГ ПРОКУРОР ТОГТООЖЭЭ


 

Шивээговь сумын иргэдийн дунд “Эйкүсора” ХХК-аас сэрэмжилсэн нөхцөл байдал үүсээд буй нь энэ аж. Ямартаа ч тус компани болон иргэдийн дунд үүссэн газрын маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд шүүхийн шатандаа явж байгаа юм. Энэ хугацаанд “Эйкүсора” гэгч компани хууль бусаар хэрхэн тусгай зөвшөөрөл гаргуулсан нь прокурорын шатанд шалгагдаж, тогтоогдож эхлээд байгааг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Шивээговь сумын хоёрдугаар багийн Иргэдийн нийтийн хурлын албан бичгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байна. Аймгийн прокурорын тогтоолд “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар Багийн Засаг дарга С.Отгонбаатар нь 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Эйкүсора” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэх хурлын албан бичгийг хуурамчаар үйлдэж, Ч.Амарсанаагийн гарын үсгийг зурсан, мөн тус тайланг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, дэмжсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн Ч.Амарсанаа, Г.Хишгээ, Д.Мөнхжаргал, Ж.Өлзийжаргал нарын гарын үсгийг зурж, тус компанид хүргүүлэн давуу байдал бий болгосон нь хэд, хэдэн үндэслэлээр тогтоогдсон” хэмээн дурдсан байна. Энэ мэт “Эйкүсора” гэгч компани нь тусгай зөвшөөрөл гаргуулж авахын тулд хууль бус үйлдэл хийсэн нь хуулийн байгууллагаар шалгагдан тогтоогдоод буй юм.

ШҮТЭЭН ХАЙРХАН "ЧОЙРЫН БОГД"-ЫН ТУХАЙ
 

“Эйкүсора” ХХК олборлолт хийгээд эхэлбэл Шивээговь сумын иргэдийн газрын маргаанаас гадна их шүтээн хайрхан “Чойрын Богд”-д болзошгүй аюул нүүрлэхгүй гэх баталгаа алга. Учир нь уурхайн олборлолт хийгдэх газар байгалийн үзэсгэлэн төгөлдөр Чойрын Богд Хайрханаас холгүйхэн оршдог ажээ. Тус хайрхан нь байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад орсон Монгол орны их боржингийн  бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог билээ. Чойр хэмээх нэрний тухайд буддын гүн ухаан судлалыг “чойр” гэх бөгөөд энэ ууланд байх Чойрын хийдэд шашны өндөр боловсролтой хол ойрын лам нар зорин ирж их ном хаялцдаг байжээ. Тиймээс эл уулыг Чойрын Богд Хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэсэн түүхтэй. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтад 1997 онд  авч, УИХ-ын 2011 оны нэгдүгээр сарын  20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор байгаль орчны тэнцвэрийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.  Энэ хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн амьтан ундаалах байгалийн үзэсгэлэн газар бөгөөд аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд,  идлэг шонхор зэрэг  ховор ан амьтан, жигүүртэн шувуудтай. Мөн Дагвасүндэл бурхан, Зүүн жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан Дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн Овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар мээрэнгийн хөшөө гэх мэт түүхэн дурсгалт газруудтай. Чойрын Богд Хайрханы талаар домог түүхнээ  эзэн Богд Чингис хаан урагш хийж буй аян дайны үедээ энэ уул хавиар  нутаглан түр амарч, саатаад аян дайнаа үргэлжлүүлдэг байсан гэж тэмдэглэгджээ. Ийм л сайхан түүхтэй, ховор тогтоц бүхий уулын дэргэд уул уурхайн компанийн  аюул ойртож ирснийг сануулах цаг болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(64.119.24.199) 2021 оны 05 сарын 27

Тухайн үед Ардчилсан намын угшилтай Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа болон Шивээговь сумын Засаг дарга асан В.Бат-Эрдэнэ нар нь өөрсдийн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөлд санал өгөхдөө судалгаа зөвлөгөө дүгнэлт хийлгүйгээр хууль зөрчиж сумын нутаг дэвсгэрийн 30 мянган га-г бүхэлд нь тусгай зөвшөөрөл нэрээр уул уурхайн компанид эзэмшүүлсэн түүхтэй.

0  |  0
Haraa(66.181.161.109) 2021 оны 02 сарын 06

Baigaliin saihan gazar baidgaaraa baij lbaig gazar delhiigee uhaj sendiilehgui baij bolohgui bna u saihan shvteed yvj baival boloo shvv de

0  |  0
Нэр(103.26.194.55) 2021 оны 01 сарын 26

Уул уурхайн хөлд нэрвэгдсэн хөөрхийлөлтэй улс болох гээгзй юм бол одоо босоцгоо

0  |  0
Иргэн Эрдэнэбаяр(66.181.161.84) 2021 оны 01 сарын 21

Зөв өнцгөөс зөв нийтлэл бичсэн сэтгүүлч дүүд баярлалаа .Уран бүтээлийн их амжилт хүсэе мэдээллийг нэг талыг бариагүй үнэн юмыг үнэнээр нь бичсэн бнаа

0  |  0
Жанжин чойрын нандин(66.181.161.84) 2021 оны 01 сарын 21

Энэ уурхайг эсэргүүцсэн хүмүүс ганцхан эйко сораг эсэргүүцээд бгаам биш.Нутаг усаа гэсэн улс болохоос хэдэн төг шантаажлах гэсэн улс бхгүй бхаа .Хамгийн гол нь байгаль экологи усны ундрага ан амьтан хүний эрх зэргийг харгалзсан шүү. Энэ сайхан нутгийг ганц нэг шуналт хүний эзэмшилд өгөх гэж өвөг дээдэс минь цусаа урсган амиа өргөөгүй шүү ..Эйко сорагийн уурхайг дагаад амьдрал цэцгэлнэ гэж нохойн гожигдой л бх шүү

0  |  0
Нутгийн индиан(66.181.161.84) 2021 оны 01 сарын 21

Энэ нийтлэлийг эсэргүүцээд байгаа хүмүүс энэ нутгийн биш хүмүүс байх эсвэл энэ ухаад байгаа уурхайн бөгс долоогчид байхаа .Та нар дэмжээд ухуулаад үзээрэй .Нутгаа хамгаалаад цусаа урстал тэмцэнэ шүү хараарай муусайн луйварчидаа

1  |  0
Зочин(139.5.217.44) 2021 оны 01 сарын 26

Уулнаас 30 км зайтай гэж байхад юун ууланд хамааралтай байдгийн. Угаасаа байгалийн баялагаа ашиглаж байж орон нутагтаа ашигтай биз дээ. Шантааж хийх гээд ядчих юм аа. Ашиглалтын лизенцтэй бол ухаж л таараа ш дээ. Нөхөн сэргээлтийнхээ шаардлагыг зөв тавина биз дээ

0  |  1
хуцвааа(122.201.31.39) 2021 оны 01 сарын 15

юун чойрын богд?

1  |  0
Уул усны нэр барьсан(66.181.189.90) 2021 оны 01 сарын 26

Шантаач хийж хэдэн төгрөг нэхэх гэж л байгаа байна. Угаасаа шивээ овоо гээд нүүрсний уурхай 40 шахам жил ажиллаж л байгаа ш дээ.

1  |  1
usan tolgoitoi mal(66.181.161.95) 2021 оны 01 сарын 21

henii zahialgaar yu bichij bn aaa, whahaha, uruvdmuur luivarchid, jiriin business hiij bgaa humuusiig shuvt oroldoj avilgal nehseer

2  |  1
Novsh(66.181.161.64) 2021 оны 01 сарын 15

Ulaan avilgachid,ex ornoo xeden zoosoor ariljaad baigaa golognyydtei neg ix xavtgairch jagsaj temtseed xereggyi bolson tsag. Xuuli gej guuli bolson uchraas neg xoyoroor ni nuxaad baival busad ni jurmandaa orj uls oron xogjliin zamdaa orno.

1  |  0
Хуцваа(202.9.46.4) 2021 оны 01 сарын 21

Эргүү юмуу 30км ийн цаана байгаа уулын бүсэд нөлөөлдөг уурхай гэж юу байдгийн.Одоо улс орон хэцүү үед ад үзээд байгаа уул уурхайн компаний орлого л улс орныг аварч байна шүү дээ хулхи эх оронч газар нутагтаа хайртай дүр эсгэгч шантаажчингуудаа

5  |  4
ЧОЙРЫН БОГД(103.57.94.160) 2021 оны 01 сарын 15

Чойрын богд Бурхан уулаа гээд УГЗ Б.Бямбабаяр гуайн хөгжим, МУГЖ Ариунбаатарын дуулсан гоё дуу байдаг. Дорноговь Говьсүмбэрийхэн минь Чойрны богдоо хамгаалан тэмцэлд босьёо

0  |  1
Зочин(202.126.88.215) 2021 оны 01 сарын 13

Хулгай луйвараар харийнханд баялаг ашиглах зөвшөөрөл өгч хахууль авсан хүмүүсийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгээч.

1  |  1
Top