Ерөнхийлөгчийг хүлээж буй гурван “ДАВАА”

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүнд олон “даваа” байдаг нь ойлгомжтой. Хуулиараа төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, шүүгч нарыг томилох бүрэн эрхтэн,  зарлиг захирамж гаргахаас эхлээд хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх бүхий албан тушаалтан гээд бичээд байвал олон зүйл бий. Энэ удаад ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн маань оролцох боломжтой эсэх асуудлыг тойрон бичихээр шийдлээ. Мэдээж, Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин өрсөлдөх хүсэл байгаа нь дамжиггүй. Түүнд дахиад ажиллах нас, чадамж аль аль нь байгаа. Тэгээд ч өмнөх Ерөнхийлөгч нар хоёр сонгогдох эрхтэй байсан гэдгийг ч бодсон түүнийг өрсөлдөх байх гэсэн таамаг илүү хүчтэй явж байна. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгч болгосон АН-ын доторх бужигнаан, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор яриад эхэлсэн хуульчдын дуу хоолой, өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэлээс гаргасан нийтлэлүүдтэй холбоотой оффшорын дуулиан өөр хариултууд бий болгож байгааг ч мартах ёсгүй.


1.  С.ЭРДЭНИЙН АН-ААС ИРЭХ АЮУЛ

Ерөнхийлөгч Төв телевизэд ярилцлага өгөхдөө АН-аас дахин нэр дэвших үү гэсэн асуултад “Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлаа хурлаа хийж олонхоороо шийддэг. Тэр зарчмаараа л явна” гэж хариулсан. Тэгэхээр итгэл дүүрэн байна гэж хэлэхэд хэцүү болж байгаа юм. Уг нь С.Эрдэнийг АН-ын даргын тамгаа сэргээгээд гэнэт гараад ирэхээс өмнө бол “АН-аас Х.Баттулга дахиж өрсөлдөнө” гэдэг итгэл бэхжээд байлаа. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа АН парламентад 11 суудал авсан. Хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялагдсан болохоор гишүүд нь ч гонсгор байсан биз. С.Эрдэнэ АН-ын тамгыг Ц.Туваанд даатгаад таг чиг болсон. Шинээр сонгогдсон УИХ дахь АН-ын бүлэгт хуучин гишүүдээс ганцхан Б.Пүрэвдорж л байв. Бусад нь тангарагаа өргөсөн цагаасаа эхлэн Ерөнхийлөгчийн өрөөгөөр эргэлдэж бараг л түүнд тулгуурлаж, тойрсон улс төр хийж эхэлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэхэд Баянхонгороос гаралтайн дээр Х.Баттулгын хүн гэж цоллуулах нь элбэг. АН С.Эрдэнийн байрнаас нүүж Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын “Бодь” цамхагт төвхнөсөн. О.Амартүвшин АН-ын дараагийн дарга гэсэн таамаг гараад л, Ц.Туваан үүрэг гүйцэтгэгчийн хувьд намын хурлуудаа хуралдуулж байлаа. Шинэ дүрмийн 5.12.4.1.2-т “АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд шууд Их хурал руу орно” гэж заасан заалт 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэйгээр суусан гээд Ерөнхийлөгчийн гарт АН эргэлт буцалтгүй шилжсэн мэт дүр зураг өрнөж байсан юм.

Одоо бол С.Эрдэнэ эргэж ирээд байна. Тэрбээр Ц.Тувааныг хууль, дүрэм зөрчсөн гэж прокурорт гомдол гаргаж өөртөө шинэ тамгатай боллоо. Одоо түүний туган дор Ерөнхийлөгчид таагүй ханддаг АН-ын лидерүүд цуглаж эхэлсэн. АН бол дотоод ардчилал сайтай, гишүүд нь итгэл үнэмшилдээ хатуу зогсдог гэдгээрээ онцлог. Тэднийг хариулна, аргална гэдэг энэ хэрээр хэцүү байдаг юм. С.Эрдэнийн байранд дахин мэндэлсэн АН өнгөрсөн бямба гарагт Үндэсний бодлогын хорооныхоо хурлыг цахимаар хийж Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөөд байна. С.Эрдэнийн талд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, улсын баатар С.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нарын хүмүүс орсон нь хэвлэлийн мэдээнд явж байгаа.

Ардчилсан нам хоёр хэсэг болсон ийм үед хандах зүг хаашаа эргэхийг таамаглах тун хэцүү. Ер нь АН дотор Х.Баттулгадаа гомдогчид эсвэл түүнийг хардагчид олон бололтой. Өнгөрсөн хэдэн жил шорон оронгоор орсон, түүнд орохоос айж ичиж яваа бүхий л улстөрчид энэ бүхний бурууг Х.Баттулгад чиглүүлж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захидал бол түүний нэг л жишээ. Ийм нөхцөлд АН-ын Их хурал аль ч талдаа болсон Ерөнхийлөгчид нэр дэвшигч тун ч хэл амтай тодрох нь тодорхой. Үргэлжлээд сонгуульд оролцлоо гэхэд намын дэмжигчид, гишүүд нь итгэл үзүүлэх үү гэдэг асуудлаар үргэлжилнэ. Өөр намаас нэр дэвших боломж бараг 0 байгаа шүү. ХҮН-ыг УИХ-д төлөөлж байгаа Т.Доржханд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар шууд Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан дайралт хийж байсан. Дээрээс нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэж үздэг нэгэн юм. МАХН-ын тухайд бол үзэл баримтлалын хувьд ч МАН-тай угшил нэг. Дээр нь сайнтай ч, муутай ч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд чансаатай явсан удаатай шүү дээ. Хажуугаар нь Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлж эхлэв. Гадаад нөхрөөр нь түүнийг баалах тусам Ерөнхийлөгчийн гадаад эхнэр ч олны санаанд буугаад байгаагаараа энэ их ноцтой. Ямар ч байсан АН-ын дотоодод нам нь хуваагдлаа. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын хуваагдал нэлээд хүчтэй байсан бол ирэх дөрвөн жилд АН-ын хуваагдлаас үүдсэн шарх сорви тэднийг нэлээд зовоох бололтой.

2. ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ДАХИЖ СОНГОГДОХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсан цагаас эхлэн маргаан дагуулж байгаа асуулт бол “Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж болох уу” юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болсон 2019 арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт суусан юм. Уг нь яг энэ заалт хуулийн хэлэлцүүлэг явагдаж байхад 2025 оноос хэрэгжиж эхлэхээр орсон байлаа. Гэвч эцсийн хэлэлцүүлэг дээр өөрчилчихсөн гээд байгаа. Хожим нь чухам энэ л шалтгаанаар З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаасаа хөөгдсөн гэдэг цуурхал тарж билээ. Энэ талаар Э.Бат-Үүл “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой" хэмээн нийтлэл бичиж байв. Эцсийн бүлэгт энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр шийдэгдэж ч мэдэхээр байна.

Хуульчдын дунд ч багагүй маргаан өрнөсөөр өдийг хүрлээ. Хачирхалтай нь, УИХ-ын гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээс маш айдаг. Бас Ерөнхийлөгч дахин нэр дэвших асуудлаар ярьсан хуульчид бүгд шахам “Нэр дэвших эрхгүй” гэдэг өнцгийг бариад байгаа нь юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “Үндсэн хуульд “Тавин насанд хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогдоно” гэж байгаа. Энэ нь найман жил, зургаан жил гэснийг ялгаж өгсөн заалт. Ерөнхийлөгч Х.Баттулга биш Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг авч үзсэн ч өмнө нь дөрвөн жил ажилласан хүн дахин зургаан жилээр ажиллах боломжгүй болж байна. Яагаад гэвэл ажиллах жил нь арав болчихно. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч нэг удаа гэж байгаа. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэг удаа байгаа. Хуулийг буцаан хэрэглэхгүй гэж ярьдаг. Гэвч хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргадаг болохоос Үндсэн хуулийг буцаан хэрэглэх ойлголт байхгүй” гэж байжээ. АН-аас нэр дэвшин парламентад сууж байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа өөрөө зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгох байсан. Нэгэнт нэг удаа, тавин нас хүрсэн Монгол Улсын иргэн байя гэдэг зарчмуудыг тавьсан бол тэр зарчмууд ялгамжгүйгээр, хэн нэгэн албан тушаалтан байснаас үл шалтгаалан үйлчлэхээс өөр арга байхгүй. Хуулийг буцаан хэрэглэхгүй буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг ойлголт зөвхөн эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим” гэжээ.

Харин МУИС-ын багш доктор О.Мөнхсайхан “Уг нь бол УИХ-ын 62 гишүүний үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол тайлбарын асуудал шаардаж байгаа. Хуулийг тайлбарлах олон төрлийн аргачлал байдаг. Хамгийн эхнийх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан хүмүүс тухайн үед юу бодож хийсэн гэдгээ тайлбарлах явдал. Тэднийхээр харах юм бол зургаан жилээр нэг удаа гэдэг нь шинээр эхэлнэ, өмнө нь байсан хүмүүс нэр дэвшихгүй гэдэг утгатай явж байгаа. Тэр үзэл баримтлал шингэсэн гэж үзвэл одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй байх үндэслэл гарч ирж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн заалтад зөвхөн нэг удаа, зургаан жил гэж маш ойлгомжтой байгаа. Нэг удаа гэдэг бол нэг удаа Ерөнхийлөгчөөр ажилласан хүн дахин нэр дэвшихгүй гэсэн санаа” гэсэн бол хуульч Б.Мэргэн “Хэзээнээс хэрэгжиж эхэлсэн гэдэг дээр ямар ч маргаан байхгүй. Угаасаа тавдугаар сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Тиймээс би одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэж тайлбарлана. Яагаад гэвэл, өмнө нь нэг удаа Ерөнхийлөгчөөр ажиллачихсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны төсөлд Ерөнхийлөгчийг сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Х.Баттулга гэдэг хүнийг нэг удаа улируулан сонгуулах зорилготойгоор энэ заалтыг оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахгүй бол болохгүй гэдэг агуулгаар дээрх заалтыг анх төсөлд тусгасан байх. Хууль тогтоогчид тэрэн дээр буулт хийсэн боловч хуулийн төсөл батлагдах эцсийн мөчид 2025 оныг наашлуулсан” гэж ярьсан байдаг.

3. ДЭМЖИГЧДЭЭ АЛДАХ МАГАДЛАЛ

Хүссэн хүсээгүй тэр өнөөдөр харьцуулалтын тайзан дээр зогсож байгаа. Ц.Элбэгдоржийнх шиг гадаад бодлого, Н.Энхбаярынх шиг Их өр тэглэсэн, үгүй ядаж л П.Очирбат шиг дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялаагаад зогсож байсан эгэл төрхтэй адил зүйл үлдээсэн үү гэдэг асуулт байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн сонирхолтой ажил нь гэвэл санаанд байгаагаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглүүлсэн, Хятад улсад 30 мянган хонь хандивласан, М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгах хуулийг санаачилсан нь байгаа юм. Гэвч зургаан сая төгрөгийн зээл тэглүүлсэн хэсэг ахмадуудтайгаа бусад нь барьцах сэтгэлтэй үлдсэн нь өдгөө ч элдэв сэтгэгдлээр цухалзаад байдаг. Хятадад хандивласан хонины тухайд бол олон нийтэд эерэг үнэлгээ авчрахад нөлөөлсөн талтай. МАН-ын хагарал дундуур М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгах хуулийн төслийг оруулж хэлэлцүүлсэн нь АН, МАН-ын олон хүний эгдүүг хүргэсэн байх. Бусдаар бол төсөвт тавьсан хэдэн хориг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх дуулиан, хөндлөн тэнхлэгийн төмөр зам гээд олон нийтийн дунд маргаан үүсгэсэн зүйлс бий. Орон даяар тойрч ээжүүдэд одон гардуулсан гэдгийг ч оруулах ёстой. Харин бүх иргэдийн зээлийг тэглэх зэрэг анхнаасаа бүтэшгүй амлалтууд нь биелээгүй. Одоо ирэх зун дүнгээ тавиулах магадлалтайгаар зогсож байна.

Хамгийн гол нь тэрбээр дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч биш байлаа. Тиймээс ч үнэмлэхүй эрх мэдэлтэй байсан МАН-ын эсрэг АН-ын дэмжлэгтэйгээр нэр дэвшихэд олон хүн дэмжсэн. Одоо бол дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан архаг төрийн тэргүүн. Монголчууд уйдамхай юу эсвэл албан тушаалтай байгаа хүнд дургүй юу мэдэхгүй. Дээр байгаа хүнтэй өрсөлдсөн хүнд л талтай хандаад байдаг онцлогтой. Үүний дээр оффшорын асуудал гэдэг зүйл гараад ирлээ. МАН-ыг ороогоод байдаг “60 тэрбум”, “ЖДҮ”-ийн дуулиан цагийн аяст мартагдах хэрээр шинэ тутам “оффшор” гэдэг зүйл олны анхаарлыг татаж байна. Татуулж байж ч магад. Оны өмнөөс өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэлээс “Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор ил болов уу” гэсэн утгатай гурван цуврал сурвалжлага явсан. Түүнд дурдсанаар бол Сингапурт сая ам.долларын хөрөнгөтэй компани байгаа гэх. Дээр нь 250 сая ам.доллараар худалдсан орд газар, үл хөдлөх хөрөнгө, бондоос авсан мөнгө гээд тун ч олон зүйлийг чихэж бичсэн нийтлэлүүд байв. Энэ бүхний сүүдэр түүний нэр хүнд дээр их, багаар тусаж байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгч зөрүүлээд гадаадад байгаа оффшоруудыг оруулж ирж айл бүрд сая төгрөг өгөхийг санхүүжүүлнэ гээд тогтоолын төсөл өргөн барьчихаад байна. Гэхдээ тэр мөнгө хэзээ, хэнээс орж ирэх нь өнөөдөр бүрхэг хэвээр. Нэр дэвшихийг нь Цэц, нэр дэвшүүлэхийг нь АН, дэмжихийг нь иргэд хийдэг юм гэхэд бүгдээрээ л даваа нугачаатай байх нь дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.216.90) 2021 оны 01 сарын 13

зүгээр л нэг бөх шүү дээ\nулс төрийн холыг хардаг стратегич лав биш\nхэлж байгаа үг хийц байгаа үйлдэл нь их өсөрхөг, сангийн сайд бандитай үзэлцээд л

0  |  0
АН-ЫН ГИШҮҮН(192.82.69.148) 2021 оны 01 сарын 12

ЦУСААР УЙЛААД Ч ЖЕНКО ДАХИЖ ГАРАХГҮЙ ЭЭ

0  |  0
oyunaJ(82.81.5.217) 2021 оны 01 сарын 12

Ard Tumen minee Uls Ornii khogjil Ard tumnii Amidral Ireedyig bodvol\nBattulgiig dakhin songood kherggyi bolov uu\n\n4 jiliin khugatsaand , ULS ORONDOO yu ch khiisengyi .....iim khun dakhin songokh khereggyi

0  |  0
Бат(202.9.46.190) 2021 оны 01 сарын 12

Ямар нэгэн ажилийн этсийн үр дүн багаар ажиллах чадвар тэгэхлээр ёрөнхийлөгчид энэ удаагийн сонгуулиар МАН-аас гарганаа ард түмээн энэ нь ард түмэнд өгөөжөө өгнө чухамдаа бидэнд тэр нам ямар хамаа байна

0  |  0
Зочин(103.26.193.1) 2021 оны 01 сарын 12

Улс торийн тогтвортой байдлыг хангаж Ундсэн хуулийг баталж парламентын засаглалыг бэхжуулэхэд Баттулга их уурэг гуйцэтгэсэн МАН ы булэглэлууд ана мана тэмцэхэд Хурэлсух тэргуутэй булэглэлд их тушигтэй байснаараа МАНАН ийн эрх мэдлийг хумиж чадсан Иргэдийн нилээд хэсэг еронхийлогчийн засаглалыг хусэж байх тэр уед Ундсэн хуулийн тослийг дэмжиж парламентын засаглалыг дэмжмэнээрээ Монгоолд ардчилал тууштай хогжиход чухал болсон Тэр уед МАН ыхан Баттулгыг дахин нэри дэвшуулэх тохироотой Ундсэн хуулийн тослоо дэмжуулсэн гэж бичиж байв Харин дараа нь эцсийн мочид хулхидсан бололтой

0  |  0
Top