Хорлоогийн ЦЭВЛЭЭ (МУСГЗ, сэтгүүлч)
Өвгөн надад нэг сайн анд бий. Түүнийг цэнхэр дэлгэц гэдэг. Тэр ярина. Би сонсоно. Түүний мэдээ мэдээлэл хүж дэлхийг захирдаг титэмгүй хаан. Эдүгээ хүн төрөлхтөн титэмгүй хааныхаа зарлигийг даган ковид-19 гэгч цар тахлын аюулаас хамгаалахын тулд нийтээрээ амны хаалтаа зүүж, хүн хүнээсээ зай барьж, ихэнх улс орнууд хилээ хааж, дотооддоо хөл хорионы дэглэмд шилжиж, эрдэмтэн мэргэд нь вакцин бүтээж төр засаг нь түүнийг түгээж эхлээд байна. Тэрчлэнгээр ухаарахуйд өнөөдөр дэлхийн хэмжээний том дайн болж байна. Энэ дайнд дэлхийн лавтай зуугаад сая хүн шархдаж хоёр сая хүнийг хорвоогоос аваад явах юм шиг байна. Түүний нэг болох аюул монголын тожгор буурлуудад хоног хоногоор ойрхон болж байх аж. Энэ дайн бол хүн ба байгалийн хооронд болж буй бактерлогийн том дайн тул дэлхий дахинаараа ийм их хохирол амсаж, цочирдон самгардаж байна. Өнөөгийн энэ дайныг өдөөсөн дайсан этгээдийг Ковид-19 хэмээн нэрлэж байна. Хэдийгээр тэрбээр нүдэнд үл үзэгдэх өчүүхний өчүүхэн вирус мөн боловч хүний хорвоод учруулж байгаа дээр дурдсан хорлол сүйтгэлээр нь дүйцүүлж харахуйд тэр вирус гэдэг нь монгол ардын үлгэр домогт гардаг мөнөөх баруун хойт тивийг эзэгнэнхэн захирсан, гарын хумс нь гадаад тийшээ гажсан ган төмөр дэгээ шинжтэй, хөлийн нь хумс хөдөө тийшээ ургасан хөх төмөр гадас шинжтэй, хүний махан хүнстэй, хүрэл чулуун зүрхтэй, арван таван толгойтой атгаалжин хар мангас гээч нь мөнөөсөө мөн юм байна аа. Монгол хүмүүс бид хорин нэгдүгээр зууны хориод онд үлгэрт гардаг мангастай үнэн амьдралын талбай дээр нүүр тулан учирч нэгийгээ үзэлцэн нэхий дээлээ уралцах учиртай юм байж. Тэр эдүгээ манайд орж ирээд даруй олон арав, зуу цаашлаад мянгаар тогтохгүй олон хүнийг хүнд, хөнгөн шархдуулжээ. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Монголын төр засаг нь хамаг яам газар юуны түрүүнд мөнөөх цагаан нөмрөгтэй баатруудаа дагуулан ард иргэдээ аврахаар аймшигт хар мангастай барилцаж аваад тулалдлаа. Тулалдаан үргэлжилж Монгол эх орон яалт ч үгүй дайны бэлэн байдалд шилжлээ.
Монголын ард иргэд нь ихээхэн ухамсартайгаар даргын тушаал хүлээсэн жагсаалын цэрэг мэт жигдрэн зогсоцгоожээ. Цагийн байдал ноцтой хүндэрч байна. Цар тахал манай хүн ардыг залгихаар заналхийлж байна. Цас зудын аюул таван хошуу мал сүргийг маань залгихаар монголын хөдөөг нөмрөөд авлаа. Цадиггүй сувдаг шунахайрлын гамшиг улс нийгмийн эдийн засгийг залгихаар тал талаас зулгааж сорж эхэллээ. Тийнхүү цовдлогдсон баатар мэт тал тал тийшээ тэлэгдэн тэмцэж байгаа Монголын төр засгийг харахаас дотор мах барагдах мэт ээ. Түүнийг хүн бүрийн амь нас, амьдрал ахуйг хамгаалж авч үлдэхийн төлөө үнэн санаагаар тэмцэж жинхэнэ шударга ардчилсан зах зээлийн нийгмийн үүд хаалгыг зориглож нээж байгаа төр засаг гэхээс гадна нийгмийн сэтгэл зүйг хүн хүндээ хайртай байх оюун билгийн соёлоор шинэтгэн зөөлрүүлэх өөрчлөлтийн түрүү манлай болж алтан жолоогоо өргүүллээ хэмээн харж байна.
Тухайлбал, Үндсэн хуулинд хүмүүнлэг ардчилсан, шударга агуулгыг нь тодотгон гүнзгийрүүлсэн нэмэлт өөрчлөлт хийж хэрэгжүүлж байгаа, түүнчлэн гучин жил эзэнгүйдсэн Монголын түүх, соёл урлагийг Соёлын яам гэдэг бие даасан эзэнтэй болгож өгсөн, Улаанбаатарыг утаагүй хот болгосон, эрүүлийг хамгаалах салбарт орчин үеийн техник технологийн томоохон шинэчлэлт хийж байгаа, за тэгээд Эрдэнэт, Таван толгой, Оюу толгойн ашиг орлогоос нийт ард түмэнд хувь хишиг хүртээж эхэлсэн, хүүхдийн мөнгөн тусламжийг тав дахин нэмсэн, сайжруулсан шахмал түлшний үнийг далан таван хувь хямдруулсан, бүх айл өрх, ихэнх хувийн аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан, уур ус, хогны зардлыг долоон сарын хугацаагаар төр хариуцан дааж байгаа, хувь хүн, аж ахуйн нэгжийн мөнгө санхүү зээлийн дарамтыг сулруулах алхам хийж эхэлсэн, газрын тосны үйлдвэр байгуулж, төмөр зам болон авто замын тээвэрт томоохон өргөтгөл хийж байгаа, цахимжилтын талаар бараг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн зэрэг амьдралын хөрсөн дээр буусан баримтуудыг онцолж хэлэх нь миний мэргэжлийн зүй ёсны үүрэг мөн гэж санана.
Нэн ялангуяа төр түмэндээ тангараг өргөж, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллан халдвар авсан бүх хүнийг эмчилж эдгэрүүлж чадаж байгаа гэхээс гадна аргагүйн эрхэнд автан бусдын өмнөөс өвдөж зовж яваа энэ цагийн цагаан нөмрөгтэй баатрууддаа талархаж баяр хүргэх ёстой. Түүний нөгөө талаар УИХ-ын эрхэм түшээ, сайд дарга нарыг харах бүр өр зүрх өвдөж, өрөвдөх сэтгэл төрдөг болсныг өчье. Тэд чинь төр засаг, яам тойрог намын бүлэг гэх гаднаа гурван давхар хаантай, дотроо ухаан сэтгэл хэмээх дотоодын хоёр хаантай хүмүүс юм байна. Гадаад дотоод бүгд нийлсэн таван догшин хаантай байдаг гэсэн үг юм. Их мөнгө олж ирсэнгүй гэж ухаан хаан нь уурлана. Хүн шиг хүн байж чадсангүй гэж сэтгэл хаан нь уйлагнана. Хууль дүрэм биелүүлсэнгүй гэж гэж төр засаг загнана. Олигтой сайн улс төржиж намаа хамгаалсангүй гэж намын бүлэг нь хялалзана. Хөрөнгө оруулалт татаж, цалин орлого нэмж чадсангүй гэж яам, тойрог нь цэвхэлзэнэ. Үзье гэвэл яг нь мөнөөх хадан хясаанд цовдлогдсон Прометей шиг хүмүүс байдаг юм байна. Тийм тамтай ажилд тэд яагаад дурладаг байна вэ? гэвээс аргагүй нэгэн бодит учир шалтгаан тэдэнд байдаг юм байна. Тэр нь мэдээжээр өөрийн аз жаргалыг өөрөө бүтээх ариун гэгээн хүслэн. Тэдний тэр аз жаргал гэдэг нь Монголын ард түмэнд аз жаргал авчирч өгөх явдал юм.
Эдүгээ цагийн эрхэм түшээ, сайд дарга нар минь ингэх л гэж бүгдээрээ дээдсийн сэнтийд дурласан шиг байна. Түүнээс биш нэлээд нь хур хөрөнгө сайтай баян хүмүүс байгааг эс тооцвол баяжих гэсэндээ дээшээ зүтгэсэн гэх баримт сэлт алга байна. Тийм болохоор муу нэр бүхнийг зүүж яваа тэднийг өмөөрөхгүй байх арга байхгүй ээ. Би насны эрхээр ухааны уяа суларч, сэтгэлийн татлага алдуурсандаа ингэж бүүвэйн дуу аялж суугаа нэгэн биш ээ. Хэрэвхүйеэ үнэхээр тэд тийм бусармаг авилгачин бодолтой хүмүүс юмсан бол түүнийг сонгогч түмэн таалах учир байхгүй ээ.
Хэрэвхүйеэ буруу таниад түүнийг сонгосон байдаг юм бол хамаг хариуцлагыг сонгогчид ба нэр дэвшүүлсэн нам нь шууд хүлээх ёстой. Тиймгүй бол төр түмэнд зүтгэснийхээ төлөө гэсэн шиг зарим нэгэн атгаг санаатнуудад хорон муухай үгээр банздуулж бүр эрүүдэн шүүлгэх нь холгүй загнах нь хууль бус болж таарна. Монголын ард түмэн “Нэр хугарснаас яс хугарсан нь дээр” гэж үздэг учраас хүний нэрийг амь наснаас нь дорд үзэж болохгүй. Миний бодол ийм л байна. Бас нэг зүйлийг энд онцлон хэлье.
Дөнгөж саяхан зундаа гантай, өвөлдөө зудтай газрын малчдын өрх бүрд өвс тэжээлийн тодорхой тусламж өгөхөөр шийдсэнд хөдөөгийн амьдрал мэдэх хүмүүс илүү их талархаж байна. Би хувьдаа бол хэдүйгээр малчин биш боловч мэдээ орох цагаасаа л малын дэргэд өссөн тул мал гэдэг өрөвдөлтэй амьтдыг бага сага мэднэ. Бэлчээрийн маллагаатай ямарч төрлийн мал сүрэг нь эзэн хүнийхээ төлөө гэсэн шиг өвс ногооны шимтэйг уралдан идэж, усны тунгалгийг шилж уугаад мах, сүү, ноос ноолуураа арвижуулж яваад эцсийн нэгэн өдөр эзнийхээ төлөө нугаслуулах нь нугаслуулж, өрлүүлэх нь өрлүүлж, сүхдүүлэх нь сүхдүүлэн унаж мах болдог тун ч хөөрхийлөлтэй амьтад байгаа юм аа. Тэглээ гээд хүнээс хариу тус нэхэж шаарддаггүй зөвхөн гамтай зөөлөн эдэлж, хайрлаж хамгаалж яваад зовоож тарчлаахгүй шиг л цааш харуулаад зооглоосой гэх шиг эзэндээ итгэж найдаж яваад амьдын хорвоогоос хагацдаг амьтад гэхэд болно.
Бас тэгээд эзэн хүнээ хаа хөж, хайя хүүе, сөг сөг, чай чүү гэхчлэн дуу чимээ өгөхтэй зэрэг “за за мэдлээ эзэнтээн” гэх шиг яг л тэр хүссэн зөнгөөр нь болоод өгдөгийг яана, яг л ядуу айлын дуулгавартай жаахан хүүхэд шиг байдаг гээч. Монгол малын энэ араншин нь монгол малчдын төрөлхийн аядуу зөөлөн, элгэмсэг зан суртхуунтай ихээхэн төстэй харагдддаг. Ийм байдаг нь ч аргагүй байх. Хаана монгол хүн байна тэнд монгол мал байдаг, хаана монгол мал байна тэнд гэдэс цатгалан, сэтгэл өег амьдрал байдаг. Энэ бол монгол малчид бий болсноос хойшхи лавтай таван мянган жилийн түүхээр баталгаажсан манай амьдралын гүн ухаан. Монгол хүн монгол мал хоёр амьдын их хорвоод ингэж амь нэгтэй шүтэн барилдаж ирсэн түүх бий. Түүнээс гадна амьгүй мэт боловч том утгаараа яалт ч үгүй амьтай, түүгээр зогсохгүй өөрөө нөхөн сэргээгддэг мөнх тэнгэрийн өгөгдөлтэй, монгол хүнийг тэжээж амьдруулахаар хувь тавилангаар зохицуулсан алсын удирдлагатай гэмээр нэгэн зүйл рашаан булаг манайд байдаг. Тэр бол таван хошуу малын бэлчээр. Тийм ээ, бэлчээр бол амьтай, ач буянтай, алсуур нь тэмтэрвэл нүүдлийн соёл иргэншлийг тээж тэтгэж амьдруулдаг амин сүнс мөн билээ.
Өнөөгийн Монгол Улс өдий зэрэгтэй оршин байгаа нь холын утгаараа бэлчээр нутгаа нүдний цөцгий шиг хайрлан хямгадаж, монгол мал сүргээ аятай зөв адуулан маллаж ирсний бодит нэгэн өгөөж буян биз. Гэтэл ишиг эврээ ургахаар ээхийгээ мөргөнө гэгч болж байна. Бараг үг ярьдаг амтай бүхэн тэр байтугай монгол хэл соёлоо мэдэхгүй шахам төсөөрсөн бацаанууд малаа хорогдуул, малаа мөнгө төгрөг болго, зах зээлийн эргэлтэнд оруул хэмээн шулганадаг боллоо. Зүй нь бол бэлчээр нутгаа усжуулж, цөлжилтийг нэн даруй арилгахын тулд зуу зуун цас борооны цөөрөм, мянга мянган гүн өрмийн худаг, бороожуулах машин техникээр хангах томын том бодлого хэрэгтэй гэх жишээний байгаа юм.
Манай ард иргэд мэндлэхдээ хүртэл “Таны бие амархан, мал сүрэг тарган тавтай байна уу” гэж асуугаад хөөрөг зөрүүлж, буянт мал сүргээ өсгөн үржүүлэхийн бэлгэ ерөөл тавьдаг. Ингээд бодохоор малаа цөөлөх тухай бодож болдог юм байж гэхэд чангаар ярих нь ган зуд дуудсан муу ёр гэдгийг мартаж яахин болох билээ. Энэ хэдэн өгүүлбэрийг холбохдоо нэг л их мэддэг хүн шиг мэдэмхийрэхсэндээ хүлцэл өчье Хэрэвхүйеэ би буруу бодож зөрүү ойлгоогүй бол юм бүхнийг алт мөнгөний цонхоор хардаг нөхөд Монголын нүүдлийн соёл иргэншлийг заналхийлж байгаа юм шиг санагдаад ингэж ёс алдлаа. Харин бэлчээрийн мал аж ахуйг гадуурхах хандлагатай ийм болчимгүй нөхцөлд өнөөдрийн энэ цас зудад нэрвэгдсэн өрх айл бүрд гурван зуун мянган төгрөгний тусламж өгөх, улсын нөөцийн өвсийг үнэгүй, тэжээлийг хагас үнээр нь өгөх болсон зэрэг нь малчнаа ч хайрлаж, малаа ч хайрлаж улмаар нүүдлийн соёл иргээншлээ хамгаалж байгаа өр нимгэн бодлогын илрэл мөн хэмээн харж байна. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэж ийм л байдаг байх. Ингэж анхаарч тусалсанд малчин байтугай мал нь хүртэл үнэгүй өвс тэжээл идэж өл залгасныхаа төлөө цаагуураа баярлаж байгаа байлгүй яав гэж.
Уучлаарай энд аргагүйн эрхэнд жаахан бараандуу маягийн хэдэн үг хэлэх гээд байна. Юу гэвэл, гучин жил манай улс төрчид нэг нэгнийхээ мууг үзэж, улыг шагайлаа, гучин жил нэгийгээ чадаж, өш хонзонгоо тайлж аархлаа, гучин жил нэгнийгээ ажил албанаас нь огцруулж, бах таваа хангалаа, ингэж зүй бусаар улайран тэмцэлдсэнийгээ жинхэнэ ардчиллын алтан хараацай юм шиг хөөсрүүллээ. Чингээд ямар ашиг олсон бэ гэвэл ямар ч ашиг хожоо олсонгүй, харин ч их боломж алдсан. Харийнхныг зулгуйдан тэжээсэн. Хуурамч сайчуудыг тахин шүтэж баяжуулсан. Одоо цаг бол далд утгаараа яалт ч үгүй дайны бэлэн байдлын цаг. Олонх цөөнх хоёулаа адилхан нэг л дайсантай болсон. Тэр бол цар тахал, цас зуд, цадиггүй шунал хэмээх гурван толгойтой нэг амьтай том дайсан бидний өмнө амаа ангайж, араа шүдээ хавираад зогсож байна.
Монголчууд бидэнд зөвхөн ганц алтан боломж үлдсэн. Тэр бол эв нэгдэл. Энэ үзэл санааг өнгөрсөн гучин жилийн их ядуурал, ажилгүйдэл, зуурдын олон мянган үхэл хагацал, эх үрсийн өнчрөл, шилдэг сайн мэргэжилтэн, нийгэм соёлын зүтгэлтнүүдийн цагаачлал зэрэг асар их үнэт зүйлээрээ дэнчин тавьж олж авсан. Үнэнийг хэлэхэд өмнөх гучин жилд үндэсний эв нэгдэл суларч задгайрснаас өмч хувьчлалын болон уул уурхай, банк санхүүгийн луйварчид Монголын толгой тархин дээр тонгочиж, авлига хээл хахууль төрийн ордноос баг сумын захиргаа хүртэл цэцэглэн дэлгэрсэн. Ингэж эзэнгүйдсэн учраас монголын гэмгүй номхон ард иргэд нь чухам л дурантай буу агсаж, хурдтай машин хөлөглөсөн хулгайн анчдад хөөгдсөн хулан зээрийн сүрэг шиг ийшээ нэг,тийшээ нэг цахилан дэгдсээр эцэст нь аргагүйн эрхэнд Улаанбаатарын захын хороолол, Улаанчулуутын хогийн цэг дээр бахардсан зээрийн шаргачин шиг сөхрөөд унасан шүү дээ.
Ингэж л энэ гучаад жилийн дотор ядууралгүй монгол ядууралтай монгол, мөлжлөггүй монгол мөлжимтхий монгол, авлигагүй монгол авилгачин монгол болсон гашуун үнэн баримт байдаг. Байгуулагдсанаас нь хойшхи зургаан сарын ажил байдлаас харахад энэ төр засаг ямарч атугай өнгөрсөн он жилүүдэд бараг орхигдож хаягдаад байсан улс орны нийгэм эдийн засгийг зохицуулах төрийн зохицуулалтыг Үндсэн хуулинд заасан тэр хэм хэмжээнд хүртэл тууштай хэрэгжүүлдэг болох, хүн амын сэтгэл оюуны дотоод билэг чанарыг түүх, урлаг, уран сайхны соёлоор соён гэгээрүүлэх шинэлэг чиглэлээр шийдэмгий алхам хийж эхэлсэн зэрэг амжилтад ард иргэд баяртай байх шиг санагдлаа. Тэгэлгүй ч яахав, үүний төлөө л бүтэн гучин жил мөрөөдсөн юм чинь.
Тэрчлэн саяхнаас хүмүүнлэгийн боловсролын тухай ярьж эхэлснийг сонсоод ихэд олзуурхаж байна. Энэ бол манай боловсролын салбар төдийгүй бүх байгууллагын эрхэмлэх учиртай зангилаа асуудал мөн буй за.
Санаа сэтгэлд гэрэл гэгээ цацсан энэ мэт сайн сайхан ололт амжилт их байна. Эдүгээ өвчин тахал дэлгэрээд, өгдөг авдаг нь ховордоод, үзэл санаа хямралдаад ирэхийн цагт мөнөөх бидний тархи толгойд байдаг соёл ба шунал хоёр хоорондоо тулалдаж байна. Энэхүү тулалдаанд соёл нь дийлбэл монгол түмэн соён гэгээрч хүмүүнлэг ардчилсан нийгэм айлчлаад ирнэ биз. Нөгөөдөх нь дийлбэл нүүдлийн соёл иргэншил мөхөж монгол үндэстэн аажимдаа уусан алга болох байлгүй. Нүүдлийн соёл гэдэг бол бусад соёл иргэншилд байдаггүй нэг онцгой сайн талтай соёл. Тэрхүү сайн тал нь юу вэ? гэвэл нүүдлийн соёлтой орны бүх хүн нийтээрээ дандаан баялаг бүтээдэг бөгөөд өсөхөөсөө өтлөх хүртэл борви бохисхийх завгүй хөдөлмөрлөж мал сүргээ өсгөн үржүүлж, орон гэрээ өөд татаж, хувцас хунараа өөрснөө хийх зэргээр баялаг бүтээж байдаг.
Ийм утгаараа манай нүүдлийн соёл бол хүн төрөлхтний орчин үеийн олдмол соёлын нэгэн төрөл хараахан бус төрөлхийн ууган агаад унаган соёлын сүмбэр цагаан халил мөн. Нүүдлийн соёлыг энэ цагт монголоос өөр газраас бараг олохгүй. Түүнийг хэн нэгэн зүтгэлтэн, хэзээ нэгэн цагт зохион бүтээгээгүй уугуул соёл юм. Энэ соёл бол хүн төрөлхтөнтэй хамт бий болж, наад зах нь тав арван мянган жилийн он цагийг элээж, мөнхүү тийм урт удаан хугацаанд шигшигдэн шалгарч ирсэн нүүдлийн соёл мөн болно.
Нүүдлийн соёл гэдэгт хамгийн наад зах нь бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх малчин түмний мэргэжлийн их соёл, хээрийн задгай орон зайд нутаг сэлгэн амьдрах эрх, эрх чөлөөний соёл, мал хайрлан адгуулах соёл, өглөгч, өрөвч, цайлган, найрсаг зочломтгой зан суртахууны соёл, цаашлаад айл саахалтын соёл, морин соёл, тэмээн соёл, бэлчээрийн соёл, эрийн гурван наадмын соёл, ахчлах дүүчлэх соёл, айраг, сүү, цагаан идээний соёл, ардын дуу хуур, бүжиг наадмын соёл, гар урлалын соёл, монгол ардын үлгэр туйл, зүйр цэцэн үг, хэл, утга бичгийн уламжлалт соёл гэхчлэн эдүгээ цагийн энэхэн алаг хорвоод үлэмж ховордсон, дахиад хэн ч, хэзээ ч бүтээж чадахгүй тийм цаглашгүй их үнэ цэнтэй соёл түүнд багтаж байгаа юм гэдгийг манай нэрт эрдэмтэд, соёл урлагийн зүтгэлтэн судлаачид нэгэнт тогтоожээ.
Хэрэвхүйеэ энэ соёл мөхөх аваас түүнтэй хамт уугуул монгол хүн хэмээх хамгийн их тэсвэр тэвчээртэй, бяр тэнхээтэй, ухаалаг, авьяаслаг, авхаалж сэргэлэн бодьгал гэгддэг монгол үндэстний гал голомт уусан алга болох магадлал байгаа юм гэсэн. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ ирдэг гэдэг. Тиймээс Монголын уугуул соёл урлаг улам улмаар мандан бадарч байх болтугай гэж ерөөе.
Сэтгэгдэл ( 0 )