О.Эрдэнэбаатар: Байшин барилгаас тас няс хийсэн чимээ гарсан

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Монгол орны хэд, хэдэн аймаг болон нийслэл Улаанбаатар хотод өчигдөр өглөөний 5 цаг 30 минутын орчим газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ. Ялангуяа Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн хүч 6.5 магнитуд хүрсэн байна. Уг үйл явдлын хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга асан О.Эрдэнэбаатартай холбогдлоо.


-Танай суманд газар хөдөлжээ. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Газар хөдлөлт үнэхээр айхтар мэдрэгдсэн. Ойролцоогоор 15 орчим секунд үргэлжлэх шиг болсон. Байшин барилга тас няс гээд л дуугараад эхэлсэн. Манай сумынхан тэр чигтээ үүрийн 5 цаг 30 минутад сэрчихсэн...

-Иргэдийн хувьд их сандарсан байх?

-Сандрахгүй байхын аргагүй юм билээ. Бүгд л айцгаасан.

-Газар хөдлөлтийн улмаас зарим байшин барилга нурах шахсан гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

-Үнэн, үнэн. Сумын сургуулийн хоёр давхар барилгын хананд цууралт өгсөн. Мөн Тамгын газрын барилгын нэг давхрын хана цуурсан. Хүн эмнэлгийн доторх дүүжин тааз нурсан. Дотор замаск засварууд ховхорч унасан байдалтай болсон.

-Газар хөдлөлтийн улмаас хүн, амьтан гэмтсэн тохиолдол гарсан уу?

-Азаар гайгүй өнгөрсөн. Одоогоор (Нэгдүгээр сарын 12-ний 16:00 цаг) байдлаар нөхцөл байдал хэвийн байна.

-Сумын иргэдэд мэргэжлийн байгууллагаас газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч байна уу. Холбогдох албаныхан хэрхэн ажиллаж байна вэ?

-Одоогоор сумын Онцгой комисс ажиллаж байгаа. Иргэдэд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор дулаан хувцас, ойр зуурын шаардлагатай зүйлсээ бэлэн байлгах зэрэг анхааруулгыг сануулж байна.

-Танай суманд газар хөдлөлтийн дохио дамжуулах цамхаг ч юмуу газар хөдлөлтийг бүртгэдэг станц бий юу?

-Суманд бол байхгүй. Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх аргагүй байдалтай л байна.

М.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАРТ ӨНГӨРСӨН ОНД 1357 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ БҮРТГЭГДСЭН
 

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

-Өчигдөр өглөөний газар хөдлөлт Монгол орны аль аймаг сумдаар илүү мэдрэгдсэн бэ?

-2021 оны нэгдүгээр сарын 12-ны 5 цаг 32 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 26 км-ийн зайд магнитуд нь 6.5-тай газар хөдлөлт болсон. Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтондоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн ба Хөвсгөл аймгийн бүх сумд Завхан, Увс, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугчид болон Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотын иргэд мэдэрсэн байна.

-Улаанбаатарт яг хэдэн магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн бэ?

-Улаанбаатар хотын ихэнх оршин суугчдад мэдрэгдсэн. Яг хэдэн баллаар мэдэрсэн талаарх судалгааны ажлууд хийгдэж байна.

-Улаанбаатар газар хөдлөлтийн хэр идэвхитэй бүсэд оршдог вэ?

-Улаанбаатар хотод 2005 оноос газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж, улмаар Улаанбаатар хот орчимд судалгааны ажлыг хийсний үр дүнд Улаанбаатар хот орчимд зургаан идэвхтэй хагарлын бүс байгааг тогтоосон. Эдгээр хагарлуудын дагуу газар хөдлөлтийн идэвхжилттэй байсан. Тухайлбал, Эмээлтийн хагарлын дагуу 2020 онд 279 газар хөдлөлт болсон байна.

-Өнгөрсөн хугацаанд нийслэлд хэчнээн удаагийн газар хөдлөлт болсон, хамгийн хүчтэй нь хэдэн магнитуд байсан бэ?

-2020 оны байдлаар Улаанбаатар хот орчимд нийт 1357 газар хөдлөлт бүртгэгдсэн. Хамгийн хүчтэй нь 2020 оны есдүгээр сарын 14-нд Төв аймгийн Баянхангай сумын төвөөс хойш магнитуд нь 3.4-тэй газар хөдлөлт болсон байна.

-Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх боломжтой юу?

-Боломжгүй.

-Монгол Улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтийг бүртгэх хэчнээн станц байдаг вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийг бүртгэх 136 станц ажиллаж байна. Эдгээр станц нь Улаанбаатар хот орчим болон Өвөрхангай аймгаас бусад аймгуудын нутаг дэвсгэрт суурилагдсан байдаг.

-Газар хөдлөлтийн дохио дамжуулах цамхаг улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн ширхэг байдаг вэ?

-Үүний хариултыг ОБЕГ-аас авна уу.

-Газар хөдлөлт юунаас болж үүсдэг вэ?

-Дэлхийн тектоник хавтан­гуудын хил заагуудын харилцан үйлчлэлийн үр дүнд газар хөдлөлт үүсдэг.

ОБЕГ: ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА
 

Онцгой байдлын Ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Өчигдөр өглөө Хөвсгөл аймгийн сумд болон нийслэл Улаанбаатар хот, хэд хэдэн аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Одоогоор тухайн бүс нутгийн онцгой байдлын албаныхан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Хөвсгөл аймагт газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж, ганц нэг барилгын хана туурга цуурсан гэсэн мэдээлэл бий. Хохирлын хэмжээг тодорхойлсон мэдээлэл ирээгүй байна” гэсэн юм.

“Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй барилга орон нутаг болон нийслэлд их бий”

Газар хөдлөлтийн асуудал яригдахтай зэрэгцээд чанаргүй барилгын сэдэв сөхөгддөг. Тэгвэл энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн Хяналтын хэсгийн дарга Д.Жаргал “Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1000-1500 барилга шинээр ашиглалтад ордог. 1970-аад оноос өмнө буюу газар хөдлөлтийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд бий. Улаанбаатар хотын барилгуудын 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь газар хөдлөлтийн бат бэхийн норм батлагдаагүй байх үед баригдсан гэсэн үг. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь Улаанбаатар хотод 2.1 хувь байна” гэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top