ХҮЛЭЭЛТ: Инфляц алгуур нэмэгдэн, 6 хувьд тогтворжино

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Инфляцын түвшин Төв банкны зорилтот 8 хувиас хэдийчинээ бага байх тусам мөнгөний бодлогод орон зай байгаа гэсэн үг гэж зарим эдийн засагчид хэлж буй юм. Төв банкны зүгээс Мөнгөний бодлогын хүрээнд бодлогын хүүг өөрчилснөөр санхүүгийн зах зээлийн хүү, зээлийн эрэлт, нийлүүлэлтэд, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ, хөрөнгийн үнэ, хүлээлт,  валютын  ханш,  дотоод  эрэлтэд  нөлөөлөх замаар инфляцын түвшинг тогтворжуулахыг зорьдог гэж тайлбарладаг.

Тэгвэл Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр  инфляц 2020 оны  арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оноос 2.3 хувиар өсөж, өмнөх сараас 0.6 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.

Харин Улаанбаатар хотод инфляц  өмнөх сараас 1.7 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсжээ.

 

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.7 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Инфляц  арванхоёрдугаар сард өмнөх сараас 0.6 хувиар буурахад орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7 хувиар  буурсан нь голлон нөлөөлжээ.

Тодотгоход, Монголбанкны 2020 оны инфляцын зорилтот түвшин 8 хувь, харин 2021 оноос дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулах  юм.

Монголбанкнаас гаргасан инфляцын арванхоёрдугаар сарын тайланд “Төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээнүүд нь хэрэглээ, санхүүгийн тогтвортой байдлыг  дэмжиж  байгаа  хэдий  ч  КОВИД-19  цар  тахлын  нөлөөгөөр  дотоод  эдийн  засгийн идэвхжил огцом суларч эдийн засаг энэ онд агшихаар байна.

Нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй тохиолдолд инфляц нам түвшинд хадгалагдах хандлага хэвээр байна.Инфляцад  үзүүлэх  эрэлт,  нийлүүлэлтийн  хүчин  зүйлсийн  нөлөө  ирэх  саруудад нэмэгдэхээргүй байна.2020 оны  аравдугаар сард инфляц улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотод 2.6 хувьд хүрч сүүлийн саруудад тогтвортой байлаа. Арваннэгдүгээр  сард дотоодод КОВИД-19 вирус тархсантай холбоотойгоор махны үнэ улирлын хандлагаасаа эрт өссөн хэдий ч Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшний үнийг 75хувь бууруулж, нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөөг  нэмэгдүүлэхээргүй байна. Харин КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр  эрэлт  буурч,  эрэлтийн  шалтгаантай  инфляц  бага  байхаар  байна. Цаашид нийлүүлэлтийн шалтгаантай үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл инфляц 2020 оныг дуустал нам түвшинд хадгалагдаж, 2021 оноос алгуур нэмэгдэн Төв банкны зорилтот түвшин 6 хувь орчимд тогворжих хүлээлттэй” байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top