Төсвийн түүхэн алдагдал ба холдоогүй  ЭРСДЭЛ

2021 оны 01 сарын 18

Монгол Улсын эдийн засаг нэг жилийн хүндрэлийг даван туулах хэмжээний нөөцтэй, төсвийн алдагдлыг оны сүүлээр нөхөөд авчихна гэсэн тооцоололтой байна гэдэг үгсийг Сангийн сайд өнгөрсөн жилийн нэгдүгээр хэлж байсан билээ. Тэгвэл 2020 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсвийн алдагдал 4.5 их наядаар хэмжигдлээ. Энэ бол түүхэн өндөр үзүүлэлт. 

Өнгөрсөн оны эхний хагаст эдийн засагчдын зүгээс төсвөө яаралтай тодотгох хэрэгтэй гэсэн санал, зөвлөмжийг эрх баригчдад хүргүүлж байсан ч сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан “хуучин” засгийн Ч.Хүрэлбаатар сайд наймдугаар сарын сүүлээр тодотголын төслөө батлуулсан билээ.

 

2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан төсвийн тодотголоор:

 

  • Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 25.2 хувь
  • Нийт зарлага 14.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувь
  • Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 4.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувьтай тэнцэхээр баталсан юм.

 

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар 2020 оны эцсийн байдлаар төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж 9.4 их наяд төгрөг болсон бол зарлага нь 14 их наяд төгрөг болж,  төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг байна.

Арванхоёрдугаар сарын тухайд авч үзэхэд төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 1.2 их наяд  төгрөг болжээ. Энэ нь  өмнөх сараас 476.5 тэрбум төгрөг буюу 68.6 хувиар өсжээ.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 852.4 тэрбум төгрөг буюу 74.3 хувиар өссөн байна. Төсвийн тэнцлийн алдагдал 828 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 375.9 тэрбум төгрөг буюу 83.2 хувиар өсжээ.

Орон нутгийн төсвийн тухайд 2020 оны  урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн орлоготой, зарлага нь мөн 3.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл нь 40.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Тодотгоход, төсөв, мөнгөний бодлогын тухайд  эдийн засгийн хэлбэлзлийг сааруулахын тулд мөчлөг сөрж явах ёстой байдаг.  Энэ дагуу авч үзвэл 2020 онд төсвийн бодлого  мөчлөг сөрөн тэлсэн. Гэхдээ  төсвөөс гарсан зардлын  эдийн засаг дахь өгөөж, наалдац нь хэр бодитой байв гэдэг асуудал бий. Төсвийн тодотгол цаг хугацааны хувьд хоцорсон уу, хөрөнгө оруулалтын зардлууд нь сонгуулийн мөчлөгтэй уялдсан, үр ашиг багатай зардлууд байсан уу гэхчлэн улс төрийн чанартай асуудлууд дагаж яригдах хэрэгтэй болно.

Дотооддоо цар тахлын халдвар алдаагүй 10 сар болох үедээ ийм хэмжээний өндөр алдагдал төсөвтөө хүлээсэн Монгол Улс энэ онд эдийн засгаа хумьсан байдлаар явах боломжгүйг хаа хаанаа ойлгож, цар тахалтай зэрэгцэн ажлын байруудыг хадгалах чиглэлийн бодлогыг одоогоор барьж байна.

Нөгөө талаас цар тахлын тархалт хүн амын 5 хувийг хамрахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал илт доголдох тул тархалтыг нэг хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн байр суурийг эрүүл мэндийн салбарынхан илэрхийлж байна. 

УОК, Засгийн газрын зүгээс ч халдварын тархалтаас хамаарч хязгаарлалт, чөлөөлөлтийн арга хэмжээнүүд авна гэж мэдэгдсэн. 2021 он эдийн засаг, иргэдийн амьжиргаанд өндөр эрсдэлтэй жил байх нь ойлгогдож байна.

2020 оны төсвийн үзүүлэлтийг харахад  цаашид эдийн засагт төсвийн  бодлогоор дэмжлэг үзүүлэх орон зай давчуу  харагдаж байгаа ч зарим эдийн засагчдын зүгээс цар тахлаас хамаарсан энэ онцгой нөхцөл байдалд эдийн засгийг тодорхой хэмжээний идэвхжилтэй байлгахын тулд төсөв, сангийн бодлого том хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн хэвээрээ байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2021 оны 01 сарын 18

Улсын өр 1. 6 тэрбум доллараар бодитойгоор нэмэгдэх нь энэ үү? Угаасаа ойлгомжтой байсан даа. 2 трилионы алдагдалтай төсөв 4.5 хүрнэ гэдэг чинь бас л ноцтой зүйл шүү. Ирэх оны эцэст ч мөн иймэрхүү алдагдал гарах байх. Оюутолгой, Эрдэнэт 2-т л найдах байна. Гэтэл бид Оюутолгойнхоо хөлийг тайрах гээд сууж байдаг. Нөгөөдүүл нь ирэх жил 500 сая долларын татвар төвлөрүүлэхээр төлөвлөж байдаг. Таарч дээ.

0  |  0
бор(66.181.190.31) 2021 оны 01 сарын 18

14 тэрбум доллар гараад байхад сохор зоосны ашиггүй шалгах хянах ч эрхгүй ХАРИЙН ДЭЭРЧИДЭД дарлагдаад сууж байдаг чинь АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН мах цусны тасархай гэжүү ... МОНГОЛЧУУДАА ... бүх ард иргэд ерөнхийлөгчөөс эхлээд бүх нам эвсэл хөдөлгөөн нэгдэж эх орноо харийн луйварчидын савраас аварч хамгаалахгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлт гаслант хувь заяа хүлээж БАЙНА УХААРЧ СЭХЭЭРЦГЭЭ ... ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ... БОСЦГООЁ ... ЭНЭ САЙХАН ОРОН ЗҮГЭЭР БИДЭНД ИРЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ МАХ ЦУСААР ЗОЛИН БИДЭНД ИРСЭНГ ИНГЭЖ ХАРЖ СУУГААД АЛДАХ ГЭЖҮҮ ХОЙЧ ҮР АЧДАА ЧИЧЛҮҮЛЭХ НҮГЭЛ БҮҮ ХИЙТҮГЭЙ

1  |  0
Бат(202.9.46.185) 2021 оны 01 сарын 18

Аль болох түргэн хугацаанд зөв арга хэмжээ авч хөл хориогоо цуцлах л шүү дээ

1  |  0
Top