Коронавируст халдварын өрхөд үзүүлж буй нөлөөг цаг тухайд нь хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран гурав дахь шатны судалгааг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-15-ны өдрүүдэд хийжээ. Хот, хөдөөг төлөөлөх чадвартай 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн гаргасан шинэ судалгааны үр дүнгээс хүргэе.
Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн нөлөө үзүүлсэн.
Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үе буюу гурав дахь шатны судалгааны үеэр ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна.
Гурав дахь шатны судалгааны үед ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр (48%) дараа нь үйлчилгээний салбар (34%) болон хөдөө аж ахуйн салбарт (32%) байна.
Ажил эрхлэхээ зогсоосон хүн амыг хэрэглээний бүлгээр харахад онцын ялгаа байхгүй ч хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн ажиллагсдын дөрөвний нэг нь эхний шатны судалгааны үед ажил эрхлэхээ больсон байсан нь амьжиргаа муутай ажил эрхлэгч нар урт хугацаанд орлогын алдагдалд орсон байж болзошгүйг илтгэж байна.
Удаан хугацаанд үргэлжилсэн цар тахал, хөл хорио нь бизнесийн орчин, нөхцлийг маш ихээр муутгаж байна.
ХАА-н хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн амьжиргаа сүүлийн хоёр шатны судалгааны хооронд мөн л дордсон байна.
ХАА-н орлого нь буурсан гэж мэдээлсэн өрхүүдийн бараг 60 орчим хувь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 40-өөс дээш хувиар буурсан гэж хариулсан байна. Гэтэл хоёр дахь шатны судалгааны үед тэдний 44 хувь нь орлогоо 40-өөс дээш хувиар буурсан гэж хариулж байв.
Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорионы үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авахаар байв.
Хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжгүй болж орлогын алдагдалд орж эхэлсэнтэй зэрэгцэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь амьжиргаа муутай иргэдийн хувьд хүнсний аюулгүй байдлыг нь улам бүр дордуулж байна.
Нийт хүн амын хувьд коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг харьцангуй өндөр байгаа ба судалгаанд хамрагдсан 5 хүн тутмын 4 нь Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байв.
Гараа угаах (94%), маск зүүх (93%), гар барихаас зайлсхийх (97%), олон хүн оролцсон үйл ажиллагаанд оролцохоос татгалзах(96%)зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмээс тусгаарлах арга хэмжээг бараг бүх хүн хүлээн зөвшөөрч, даган мөрдсөн байжээ.
Судалгаанд оролцогчдын 80 хувь нь вакциныг үнэ төлбөргүй бол хийлгэнэ, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэнэ гэжээ. Вакцины баталгаатай байдалд эргэлзэх эргэлзээ хот, суурин газрын оршин суугчдын хувьд хөдөө амьдарч буй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байна.
Бүх нийтийн бэлэн байдлын үе буюу хөл хорионы үед (3 дахь шатны судалгааны үе) эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал тасалдсан байна.
Эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан 3 хүн тутмын 1 нь эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй бөгөөд үндсэн шалтгаан нь эмнэлгээс халдвар авах эрсдэлтэй гэж үзсэн болон гэрээс гадагш гарахыг хязгаарласан/хориглосноос болсон байв. Гэтэл эхний шатны судалгааны үед эмчилгээ шаардлагатай болсон бараг бүх өрх (92%) эмнэлгийн үйлчилгээ авсан байна.
Хөл хорионы үед (зайн) боловсролын үйл ажиллагаа болон санхүүгийн үйлчилгээний хүртээмжид ноцтой тасалдал гараагүй байна гэсэн дүн энэ удаагийн судалгаагаар гарчээ.
Дөрөв дэх шатны судалгааг хоёрдугаар сард явуулахаар төлөвлөж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )