Цар тахал дэгдсэнтэй холбогдуулж боловсролын салбарын сургалт цахим хэлбэрт шилжээд байна. Цахим сургалтад шилжсэнээр их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон зээлийн талаар олон асуудлууд урган гарсан. Мөн цахим сургалтад шилжсэний давуу болон сул талын талаар олон нийт өөр, өөрийн дүгнэлтээ хийж байгаа билээ. Соёл Урлагийн Их сургуулийн захирал доктор, профессор Э.Сонинтогостой уулзаж дээрх асуудлыг хөндөж ярилцлаа.
-Сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг сүүлийн үед нэлээн ярих боллоо. Жишээ нь сургалтын төлбөрийг бууруулаач гэх шаардлагуудыг оюутнууд тавьж байна. Танай сургуулийн тухайд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Багш оюутнууд онлайн сургалтад хэн хэн нь дасан зохицож, дор бүрнээ хичээж байгаа үед иймэрхүү яриа дэмий л дээ. Цахим орчинд шилжсэнээр багш нарын маань ачаалал дор хаяж 20-30 хувиар нэмэгдсэн.Оюутнууд ч бие дааж суралцах чадвараа нэмэгдүүлж, мэргэжилтэйгээ холбоотой онлайн орчинд үзэж танилцах олон агуулгыг эрж хайж судлах идэвх, чадвар нь дээшилж байна.
Төрийн өмчийн их сургуулиудын тогтмол зардлыг төр даадаг байсныг хоёр, гурван жилийн өмнөөс больсон...
...Оюутны сургалтын төлбөрөөс багш нарын цалин хөлс, гэрэл, дулааны зардлаа төлөөд явж байна. Манайх шиг зардал өндөртэй, ганцаарчилсан, 5-10 хүүхэдтэй бага бүлгээр сургалтыг зохион байгуулдаг сургуульд хичээл сургалтыг тасалдуулахгүй хэвийн авч явах нь номер нэг асуудал юм. Бид тэвчиж болох бүх зардлаа хэмнээд явж байна.
Харин ч "төрийн өмчийн" гэдэг утгаар аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг тэглэх шийдвэрт төрийн өмчийн сургуулиуд хамрагдаагүй. Бидний ус, цахилгааны хэрэглээ багассан уу гэхээс дулаан тэр чигтээ байгаа. Санхүүгийн бүх ачааллаа үүрээд явж байна даа. Тиймээс сургалтын төлбөрийг хөнгөлөх ямар ч боломжгүй. Харин техник, тоног төхөөрөмж хэрэглэх зардал, оюутны байрын төлбөрийг эргүүлж өгөх болно.
-Цахимаар явж байгаа сургалтын хэлбэрт оюутнууд сэтгэл дундуур байна гэсэн судалгаа гарсан гэсэн. Танайх иймэрхүү судалгааг хийсэн үү?
-Хийлгүй яах вэ. Судалгаанд оролцсон оюутнуудын дийлэнх олонх нь "Сайн явж байна" гэсэн үнэлгээ өгсөн. Багш нар маань өглөө есөн цагаас үдшийн 22, 23 цаг хүртэл оюутнуудтайгаа онлайнаар харилцаж байна. Соёл Урлагийн Их Сургууль 387 багштайгаас 34 хувь нь 22-35 насны, 45 хувь нь 36-50 насны, 21 хувь нь 51-ээс дээш насны багш нар юм. Иймд цахим сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, профессор багш нарын цахим сургалтын сайн арга зүй, туршлагыг түгээх, программ ашиглалттай холбоотой сургалтуудыг зохион байгуулсан. Цаашид ч тогтмол зохион байгуулна.
Цахимаар олж авч байгаа мэдлэгийг бататгах, техник хэрэгслийг чадварлаг ашиглах, үеийн нөхдөдөө үлгэрлэх зорилгоор оюутнуудын дунд “Утаснаасаа уралдъя” уралдааныг хоёр ч удаа зохион байгууллаа. Оюутнууд маш сайн оролцсон. Бас багш нарынхаа дунд цахим сургалтыг хэн сайн зохион байгуулж байгааг шалгаруулж, тэр туршлагыг багш нарт сурталчилж, урамшуулсан.
-Сургалтын зээлийг ямар нөхцлөөр хэчнээн оюутанд олгосон бэ?
-Зайлшгүй хэрэгцээтэй мэргэжлээр сурч байгаа, зээлд хамрагдах хүсэлт гаргасан оюутнууд, өнгөрсөн хичээлийн жилд төгссөн оюутнуудын зээл орж ирсэн. Жишээлбэл энэ хичээлийн жилд тэргүүлэх буюу кино, жүжиг, хөгжим, телевиз, бүжгийн найруулга, соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлээр сурч байгаа 52 оюутан 78,4 сая төгрөгийн зээлээ авсан. Сая Засгийн газар өмчийн хэлбэр, мэргэжил харгалзахгүй хүсэлт гаргасан оюутан бүрт зээл өгөх шийдвэр гаргалаа. Манай 400 орчим оюутан хамрагдана гэсэн үг. Энэ маш чухал шийдвэр байлаа. Манайд жилд дунджаар 2200-2300 оюутан суралцдаг. Бид жил бүр голч үнэлгээ, идэвх, хандлагаар нь 50 оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.
-Бусад орны урлагийн сургуулиуд сургалтаа яаж зохион байгуулж байгааг судалж үзсэн үү. Өөрийнхөө туршлагатай харьцуулж үзвэл?
-Судлалгүй яах вэ. Зайн сургалт, цахим сургалтыг дэлхийн дээд боловсролын байгууллагууд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Манайд ч гэсэн дэлхийн томоохон сургуулиудыг цахимаар дүүргэсэн хүмүүс байдаг. СУИС-ийн тухайд дөрөв, таван жилийн өмнөөс "Зайн сургалтын төв" байгуулж сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгыг тодорхой болгох, тоног төхөөрөмжийг худалдан авах ажлуудыг хийгээд явж байсан. Гэхдээ энэ өвчин гэнэт гарахад, дэлхий нийтээрээ бэлтгэлгүй байлаа. Олон улсын сургуулиуд ч ийм нөхцөл байдал үүсэхэд бэлэн бус байлаа гэж ярьж бичиж байна. Бид бусдын туршлагаас сургамж авах үүднээс ЮНЕСКО-гоос эрхлэн хэвлүүлсэн “Холимог сургалт-Чанартай дээд боловсрол” номыг орчуулан хэвлүүлж багш нартаа өгсөн. Бас эгч дүүгийн холбоотой сургуулиудтайгаа мэдээлэл солилцож байна. Тухайлбал Сингапурын Лассал сургуулийн профессор, проректор Виенка Пурушкомон бичихдээ “Хүмүүс хорвоо ертөнцийг ойлгохоо больж, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон онцгой цаг үед аж төрж байна. Нэг өчүүхэн вирус гарч ирээд өнөөдрийг хүртэлх амьдралын хэв маягийг орвонгоор нь эргүүлэв. Бид цоо шинэ үеийнхний хэлээр ярьж, аж төрөхөд суралцахаас өөр аргагүй болов. Заахуйн болон суралцахуйн динамик өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгох цаг болжээ” гээд оюутнуудынхаа дунд хийсэн судалгааг танилцуулсан байсан. Тэд Slack, Petland гэх мэт программ ашиглаад судалгаа хийхэд нэг сонин зүйл ажиглагдсан нь цахим орчинд шилжсэний дараа оюутны ирц нэмэгдсэн байжээ.
Бас үнэлгээний динамик өөрчлөгдсөн нь сонирхол татсан байх жишээтэй. Тэгвэл Бээжингийн Төвийн драма академийн профессор Жион Зиоу “Жүжиглэх уран чадварын багш нар видео хичээлээр дамжуулан жүжиглэх дадлагыг түлхүү хийх арга замыг олох гэж урьд өмнөхөөсөө илүүтэй ажиллан хичээллэсээр байна. Танхимд ихэнх цагаа өнгөрөөж байсан бол түүх, дүрүүдээ илүү сайн судлах, хүн төрөлхтний агуу түүхийг уншиж ойлгоход цахим орчин эерэг нөлөөлж байна. Бид өмнө нь дадлагад илүү анхаараад, онол судалгаанд бага цаг зарж байжээ” гэж ярьж байх жишээтэй.
П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн консерватори энэ үеэр “Евро-азийн хөгжмийн урлаг” гэсэн Дижитал сэтгүүлийг хамтарч гаргая, редакцийн зөвлөлд танайхнаас оруулъя гэж байна. Европын урлагийн сургуулиудын дунд болсон вебинарт манай есөн багш оролцлоо.
Ер нь цаашдаа хорио цээрийн дэглэм суларсан ч онлайн сургалтын хэлбэр үргэлжилж, өөрөөр хэлбэл “HYBRID” буюу холимог сургалтыг нэвтрүүлж, танхимын болон онлайн хичээлүүд зэрэгцэх нь байна.
-Соёл Урлагийн Их Сургууль “Сайн сайханд дагуулна” гэсэн уриатай. Энэ чиглэлээр цахим орчинд ямар ямар сайн сайхан үйлсэд давлагаалж байна вэ?
-Өнгөрсөн хавраас “Бид сайн сайханд дагуулна” гэсэн давлагааг Манай Хөгжмийн урлагийн сургуулийн багш Д.Ариунболд эхлүүлсэн. Үргэлжлүүлээд хөгжмийн зохиолчид, дүрслэхийнхэн, театрынхан, бүжгийнхэн, анимейшний багш нар шинэ бүтээлүүдээрээ давлагаалсан.
Манайд Монголын олон сайхан уран бүтээлч ажилладаг болохоор хүмүүст эерэг сайхан бүтээлүүд цахимаар хүргэсэн. 747 мянган хүн үзсэн байсан. Бас Соёл урлагийн Их Сургууль 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаатай холбоотойгоор төгсөгчдийн дунд “СУИС-бидний бахархал” гэсэн давлагаа явж байгаа. Төгсөгчид маань дүү нартаа захиа сургамжийн үг хэлж, шилдэг бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлдэг юм.
Манай бүжгийн багш нар “Бийгээ биелж, биеэ дархлаажуулъя” гэсэн хичээлийг явуулсан. Хандалт олон байсан. Энэ мэтчилэн олон санаачилга багш оюутнуудаас гарч байгаа. Болж бүтэж байгаа зүйлээ дэмжээд, эрүүл саруул нийгмийн төлөө нэгдэж, нягтарч байж, хор уршигтай өвчнийг бид ялж гарна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН