Н.Ариун-Эрдэнэ: Ухаалаг утас, компьютер, зурагтаас ялгардаг цэнхэр туяа нойрыг гурван цагаар хойшлуулдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Нойргүйдэлд нэрвэгдсэн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өссөөр байна. Хүмүүс эрүүл мэнд, сэтгэл зүйн буруу ойлголттой явдгийн улмаас нойргүйдлийг ч буруу аргаар эмчлэх гэж дур мэдэн эм уух, архи дарс хэрэглэх гэх мэтээр байдлыг улам хүндрүүлдэг. Чухам яагаад нойр хүрэхгүй байна гэдэг шалтгаанаа зөв тогтоож, оношилж байж нойргүйдлийг эмчлэх боломжтой. Энэ сэдвээр Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Нойргүйдэл гэдэг хүний эрүүл мэнд, ажлын бүтээмж гээд олон зүйлд сөрөг талтай. Ямар, ямар шалтгаанаас нойргүйдэл үүсдэг вэ?

-Ихэнх зөвлөгөөнөөс харж байхад бид нойрны талаарх ойлголт, нойрны зөв дадал хэвшил байхгүй, нойрны ач холбогдол гээд олон зүйлийг мэдэхгүй нэг л тоохгүй байдаг. Тэгтэл нойр хэвийн байснаар, сайн унтаж амарснаар хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил хөдөлмөр, амьдралд, сэтгэцийн эрүүл мэндэд асар өндөр үүрэг гүйцэтгэдэг. Ажлын, суралцах шаардлагаар, өөр ямар нэгэн шалтгаанаар шөнө унтаагүй бол энэ бол хэвийн. Харин сэтгэлийн шалтгаантай бол хувь хүнд асуудал болж байдаг. Нойргүйдэлд хүргэдэг олон шалтгаан байна. Сэтгэл гутрал, түгшилт, санаа зовних, стресс, жин, үхэл, өвчин, өвдөлт, архи тамхи кофе хэрэглээ, өдрийн цагаар их унтах, агаарын бохирдол, өрөөний халуун хүйтэн гээд дурдвал олон. Тиймээс аль болох сэтгэл санаагаа тайван байлгах аргуудыг эзэмших хэрэгтэй. Нойрны хямрал нь амьдралд, ажилд, үйлдэлд, бодолд, эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

-Хүмүүс нойр хүрэхгүйгээсээ болоод нойрны эм уудаг. Тэр хэр зөв бэ?

-Хэвийн унтахын тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийгээд энэ үр дүнгүй байвал эм ууж болно. Гэхдээ эмчийн заавраар. Эмэнд дасал болох сөрөг нөлөөтэй тул өөрөө хичээх нь зөв. Хүмүүс шалтгаанаа тодруулахгүйгээр шууд эм гэдэг. Эхлээд юунаас, яагаад унтахгүй байгаагаа мэдэх хэрэгтэй. Нойрсуулах төрлийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх явдал нь эргээд нойргүйдэлд хүргэдэг. Сэтгэл зүйн асуудалтай байвал эхлээд асуудлаа шийдэх нь зөв. Нойргүйдэлд хүргэж буй биеийн өвдөлт зовуурьтай байгаа бол эмчлэх, стрессийн шалтгаантай бол сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал авах, тайвшруулах амьсгалын дасгал хийхээс гадна, амьдралын хэв маягтаа анхаарах, идэж ууж байгаагаа анзаарах гэх мэт.  

-Сүүлийн үед хүүхдүүдийн цахим хэрэглээ ихэссэнээс үүдэн орой унтдаг боллоо. Хүүхдэд нойр хэр чухал вэ?

-Чухал байлгүй яахав. Нойр бол хүүхдэд юугаар ч орлуулж болохгүй дархлааны эм гэж л бодох хэрэгтэй. Аав ээжүүд хүүхдийн нойр, хоол, амьдралын хэв маягт анхаарахгүй мөртлөө манай хүүхэд өсөхгүй байна, ой тогтоолт анхаарал нь төвлөрөхгүй байна, хичээлдээ муу байна гээд янз бүрийн витамин хэрэглэх хандлагатай байдаг. Тэгтэл хүүхэд сайн унтах тусмаа өснө, амжилттай сурна. Ер нь зөвлөгөөнөөс харахад ямар ажил хийдгээс үл хамааран бүгд л нойронд ач холбогдол өгдөггүй нь анзаарагддаг. Манай төвөөр дунд насныхан, өсвөр насны хүүхэд, багачууд их үйлчлүүлдэг. Тэдний нойрны дадал хэвшил нь дандаа буруу байдаг. Сайтар унтаж амарснаар хүүхэд илүү биеэ даадаг. Харин нойр муутай хүүхэд ядарч туйлдсан, уйлагнаж том хүнийг зовоодог. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийш тийшээ тонгочих, сарвайх, нүдээ нухах зэрэг үйлдлүүд гаргаад байгаа хүүхдүүд нойр дутуу байгаагийн шинж шүү дээ. Тиймээс аль болох цахи хэрэглээг нь багасгаж эрт унтуулж амрааж байх нь эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой.

-Нойронд сөргөөр нөлөөлдөг хамгийн анхаарууштай зүйл нь юу байдаг вэ?

-Мелатонин буюу нойрны даавар орой бүр хүний тархинд бий болдог. Үүнийг л цаг тухайд нь авч чадахгүй бол нас явах тусам нойргүйдэл бий болно. Мелатонин нь тархины булцуут булчирхайнаас үүсдэг өдөр буурч харанхуй болоход ихэсдэг. Мелатонин ялгарсан үед нойр аваагүй бол энэ дааврын ялгаралтанд өөрчлөлт ордог. Хэрэв мелатонин ихээр ялгарах үед хүүхэд зурагт үзээд, томчууд гар утасаа ухаад суучихдаг. Ухаалаг утас, компьютер, зурагт гэх мэт төхөөрөмжөөс ялгарсан цэнхэр туяа нойрыг гурван цагаар хойшлуулдаг. Биднийг унтаж байх хооронд цагаан эснээс интегрин хэмээх наалдамхай бодис ялгарч бидний биед өвчин үүсгэдэг хорт эсүүд дээр очиж наалдан устгадаг. Мөн архи, тамхи, кофейн хэрэглэхэд мелатонины ялгаралт буурдаг. Нас ахих тусам ялгардаг мелатонины хэмжээ буурдаг тул настайчууд бага унтах хандлагатай байдаг.

-Сайхан амрахын тулд сэтгэл зүйн хувьд бие болон сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэх вэ?

-Унтахгүй байна гэдэг нь хувь хүний өөрийнх нь бодол санаа, зан төрх, амьдралын хэв маяг, идэж ууж буй бүтээгдэхүүн, хувь хүний амьдралыг үзэх үзлээс бас их шалтгаалдаг. Мөн боловсролоос ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл хэт шаналамтгай, юманд хэт санаа зовомтгой хүмүүс өнгөц унтдаг, нойргүйтэх өвчинтэй байдаг. Зарим хүн нойргүй хонолоо, яаж унтана даа гэж хэтэрхий их хичээх нь эргээд өөрийг нь нойргүйдэлд хүргэдэг.

Бат бөх унтаж чадахгүй байна гэдэг ямар хэцүүг хүмүүс ойлгох хэрэгтэй. Нойргүйдэл дотроо "Чанартай нойр" буюу Deep sleep гэж зүйл бий. Бүтэн шөнөжин унтсан хэрнээ гөлийчихсөн ядарсан  сэрж байгаа нь чанаргүй унтаад байгаа шинж. Энэ нь тархиа бүрэн чөлөөлж чадахгүй байгаагийн шинж. Утас оролдох, асуудлаа шөнөжин бодох нь сэтгэл зүйн асуудал ихтэй байгаагийнх. Угтаа бол эрүүлээр үйлдлээрээ эмгүйгээр унтах нь хамгийн сайн. Иймээс хэд хэдэн арга туршиж болно.

Нэгдүгээрт, хөлсөө гаргах. Алхах, ууланд авирах гэх мэт дасгал хөдөлгөөний идэвхтэй хийх нь цусны эргэлтийг сайжруулж тархинд очих цусан хангамжийг нөхдөг. Гэхдээ орой хэт их дөсгөл хөдөлгөөн хийхээс аль болох цааргалах.

Хоёрдугаарт, оройн зургаан цагаас хойш ногоон цай, кофе, бүр хар байхуу цай аль болох битгий уу. Оронд нь зөгийн балтай сүү, шар тостой аарц, тараг, зөгийн балтай ус уу. Хүний биеийг сэргээгч каффейн гэдэг бодис цусанд зургаан цаг амьдарч сэргээх үйлчилгээгээ үзүүлж байдаг. Кофеноос дутахгүй их каффейн цайнд байдаг хүмүүс андуурч оройгуур их цай уудаг.

Гуравдугаарт, гар утас, зурагтаас хол байх. Ер нь тархи өдөржин авсан сөрөг мэдээллийг ачааллахаараа унтдаггүй. Тиймээс зөв эерэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нойргүйдэл зөвхөн орой болохоор л үүсээд байгаа юм биш. Бүтэн өдөржин авсан мэдээлэл, стресс, идэж уусан зүйл, амьдралын хэмнэлтэй маш их холбоотой.

Дөрөвдүгээрт, амьдралын асуудлаас өөрийгөө жаахан чөлөөлж, дэмий зүйлсийг сэтгэл санаанаасаа цэвэрлэж, уучилж болохыг нь уучлаад, хаяж чадахаа хаяад, бүр болохгүй бол сэтгэл зүйн зөвлөгөөнд явах, мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Тархи оюун бодлоо чөлөөлж сурах, хөнгөрөхийг хичээх нь чухал.

Тавдугаарт, унтахгүй байгаа шалтгаанаа эрж хайх хэрэгтэй. Энэ маш чухал байдаг. Хүн бүрийн онцлог өөр, өөр учраас ерөнхийлсөн зөвлөгөө хүн нэг бүрт таарахгүй. Өөрийгөө сайн судалж байж нойргүйдээд байгаа шалтгаанаа олж, шийдвэрлэнэ дээ. Хүн гэдэг өөрийгөө хамгийн сайн мэдэж байдаг учир өөрийгөө сонс, мэдэр, хайрла. Тэгвэл сэтгэл санаа амгалан, бас бөх сайхан унтах болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top