Хятадын эрх баригчид тус улсын Шаньдун мужид алтны уурхайд болсон дэлбэрэлтийн улмаас газар доор 10 хоног гацаад буй 12 уурхайчныг аврахаар 16 мэргэжлийн аврагчдын баг болон олон тооны эмч нарыг дайчлаад байна.
Энэ сарын 10-нд Хушан алтны уурхайд болсон дэлбэрэлтийн улмаас нийт 22 уурхайчин газар доор нурангид дарагджээ. Эдгээрээс 12 нь амьд гэдгээ аврагчдад зурвасаар мэдэгдээд байгаа юм. Тэдэнд хүргүүлсэн ус нэвтэрдэггүй харилцаа холбооны хэрэгслээр холбоо барьж байгаа бөгөөд шинээ хонгил ухсанаар хэрэгцээтэй хоол, хүнс, ус, дулаан хөнжил, эмээр хангах, агааржуулалтыг сайжруулж, усыг зайлуулах боломжтой болжээ.
Эмч нарын багийн ахлагч Сон Шичений сэтгүүлчдэд ярьснаар, хоол, тэжээл судлаач, мэдрэлийн мэс заслын эмч, гэмтлийн эмч, сэтгэл судлаач зэрэг 80 эмч нар газар дээр ажиллаж байна.
Мягмар гарагт холбоо тогтоосон 11 уурхайчны наймынх нь биеийн байдал сайн байгаа бол хоёр нь тааруу, нэг нь ухаангүй байгаа гэнэ. 12 дахь уурхайчин өөр хэсэгт байгаа ба гэмтэл авсан байсан гэнэ. Одоогийн байдлаар түүний нөхцөл байдал тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )