Гал голомтоо бадраахад дэмжих асуудалд

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойшхи буурал түүхийн хугацаанд гал гаргаж сурч, түүнийгээ урт хугацаанд хэрэглэхээр галаа манадаг байсныг бид мэднэ. Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон галыг “Хүслийн дээд эрдэнэ” хэмээн гал голомтоо шүтэн хайрлаж, бурхан тахилынхаа хэмжээнд дээдэлсээр явж ирсэн билээ. Аж үйлдвэржилт бий болсноор дэлхий дахинд орчин үеийн төв суурин газарт хүмүүсийн бөөгнөрөл бий болж хот гэдэг нэгэн том айл үүсэн хөгжсөөр олон сая хүн ажиллаж амьдрах соёлт иргэншил бий болсон юм. Байгалын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай манай улсад орчин цагийн хот суурин газар цөөнгүй байгуулагдсаны нэг нь Дархан хот өдгөө нэгэн жарныг ардаа орхиод байна. Энэ хотын гал голомтыг Дулаан дамжуулах цахилгаан станцын хамт олон бадрааж ирсэн түүхтэй. Хамт олны ажлын амжилт бүтээл, эх орноо хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсан гавьяа түүхийн шаргал хуудсанд тодхон байна.

Станц маань суурилагдсан хүчин чадал 12 мвт чадалтай, дөрвөн турбо генератор машинаараа 56 жил зүтгүүлэхдээ нэг “ТГ” машины ажиллах норматив хугацаа 120.000 цаг ашиглах ёстой ч 300 гаруй мянган цаг ажиллаж, норматив хугацаагаа 2.5 дахин илүү ажилласан ч зүтгүүлсээр байна. Хэрэв техник маань хүний хэлээр ярьдаг бол “Та нар боль доо, ядарч үхлээ” гэж хэлэх байсан биз. Хэдэн жилийн өмнө “Дархан хотын түлш эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага” сэдвээр зөвлөлдөж учир байдлыг дээр дооргүй ярилцахдаа Дархан хотын эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр барьж байгуулах талаар УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого 2007–2021 он” мөн Дархан хотын ИТХ-ын 2009 онд баталсан “Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого”  зэрэг бодлогын баримт бичгүүдэд эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийн ТЗЭҮ боловсруулахаар шийдвэр гарсан ч цаасан дээр үлдэж, мартагдсан. 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулиар энэ салбарын үйл ажиллагааг зохицуулдаг учиртай. Аливаа хууль дүрэм заримдаа амьдралд таарч тохирдог, заримдаа хуучирч хоцрогдоод, түүнийг шинэчлэх шаардлага гардаг шүү дээ. Цаг үетэйгээ зэрэгцэж, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс баримталдаг “Эрчим хүчний тухай хууль”-ийн хэрэгжилт ямар байгааг эргэн харах цаг болсныг өнөөгийн амьдрал сануулсаар гал голомт унтрах аюулд хүрэх магадлал өндөр байна. Саяхан Дулаан дамжуулах цахилгаан станцтай 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин мөн тус станцын 2020 онд үүссэн санхүүгийн өр авлагын талаар мэдээллийг станцыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцсэн.

Уг мэдээлэлд дурьдснаар ДДЦС – ТӨХК 2020 онд цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх 47201663,0 төгрөгийн бүтээгдэхүүн төлөвлөгөөг 100.2 биелүүлж 2020–2021 онд өвөлжилтийн бэлтгэл хангах 58 ажил төлөвлөснөөс 100 хувь биелүүлсэн байна. Хүн ардаа сайн чанарын цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүргээ амжилттай биелүүлсэн аймаг орон нутгийн шилдэг тэргүүний хамт олноор удаа дараа шалгарсан манлайлагч хамт олон билээ. Амжилт бүтээлээр эх орондоо төдийгүй 2005 онд Швейцарын “Ажил хэргийн өндөр чанарын төлөө” олон улсын алтан медаль, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “ТОП аж ахуй” нэгжээр 11 удаа шалгарсныг дурдахад таатай.

Гэтэл тус станцын СБХ-ийн даргын мэдээлэлд үйлдвэрлэсэн цахилгаан дулааны авлага хугацаандаа төлөгдөөгүйгээс “ДҮТ” ХХК-аас авах цахилгааны авлага дөрвөн тэрбум 503,9 сая төгрөг болж өмнөх оноос нэг тэрбум 459,3 сая төгрөгөөр ДДС- ТӨХК-аас авах дулааны авлага 857,9 сая төгрөг болж өмнөх оноос 419,1 сая төгрөгөөр тус тус өсч нийт авлага 5361,6 сая төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оноос нэг тэрбум 878,4 сая төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Мөн бусдад өглөг нэлээд байгаагийн дотор Шарын голын уурхайд нүүрсний өглөг 1104.5 сая төгрөг Багануурын уурхайд 40.2 сая төгрөг, УБТЗ-д 21.2 сая төгрөг үйл ажиллагааны өглөг байна гэсэн томоохон тоо гарлаа.

Дулаан дамжуулах станцын 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтод төвшин урьдчилсан байдлаар тооцоолоход есөн тэрбум 572.18 сая төгрөгийн алдагдалтай байхаар гарч байна. Дулаан дамжуулах цахилгаан станцын бүтээлч хамт олон цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөө даалгаврыг 100.2 хувиар биелүүлээд байхад эдийн засгийн үзүүлэлт 10985756,9 ( арван тэрбум есөн зуун наян таван сая долоон зуун тавин зургаан мянган төгрөг) алдагдалтай гарна гэдэг чинь юу вэ. Энэ тооноос л хэргийн учир начрыг олох хэрэгтэй байна. “Муу нуухаар сайн илчил” гэдэг үг байдаг. Компанийн нэр сүр нууцлаг зарим зүйл байдаг л даа. Гэхдээ дуугүй нэрлэхэж явсаар өдий хүрч тэвчиж суух аргагүй болжээ. Хамгийн чухал эрэлт их цахилгаан дулаан үйлдвэрлэл бүхий хөдөлгөгч хүчийг үйлдвэрлэдэг мөртлөө хамгийн ядуу алдагдалтай аж ахуй нэгжийг Монголоос олж шалгаруулах ажлыг тодруулъя гэвэл яах аргагүй ихийг бүтээгч цахилгаан станцууд товойн гарна. Монгол Улс өмч хувьчлалаар бүх үйлдвэрүүдийг зогсоож хаячихаад ажилчдыг ажилгүй болгосон. Өнөөдөр амьдралын эрхээр наймаачид бизнес эрхлэгчид бараа материалын үнэ нь тэнгэрт хадаж ард түмнээ мөлхүүлж байгаа нь нууц биш. Харин ганц төв суурин газрын амь амьдрал, гал голомт болсон цахилгаан станцууд хамгийн сайн үйлсийг бүтээдэг мөртлөө үнэ тарифыг засаг төр “бариад” өөд нь гаргадаггүй өнөөдрийг хүргэж сульдаа өвчинд нэрвэгдсэн өөдөө гардаггүй аж ахуй нэгж болжээ.

 

ЦАХИЛГААН СТАНЦУУД ӨГЛӨГ ҮЙЛДВЭРЛЭЖ, ӨӨРСДӨӨ ӨРӨНД ОРДОГ ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЬЕ

Монголд эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа аажим аажмаар хөгжсөнөөр эрчим хүчний систем бий болж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг баруун таван аймгаас бусад нь эрчим хүчний системд холбогдож, эдгээрийг зохицуулахаар Диспетчерийн Үндэсний Төв ажилладаг болсон. Цахилгаан станцууд үйлдвэрлэсэн дулаан, цахилгаанаа тоолуур хэмжих хэрэглэлээрээ ДҮТ-д найр тавин “итгээд” өгдөг. Энэ ДҮТ маань нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг удирдан явуулдаг. Тогтоогдсон суурилагдсан чадлаар цахилгаан станцуудын үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болох цахилгаан дулааны эрчим хүчний дамжуулах түгээх үнэ тарифыг тогтоодог юм. /ЭХЗХ/ Нэг ёсондоо амьдрал сайнаар нөлөөлөх үү муугаар нөлөөлөх үү гэдгийг ЭХЗХ гэдэг байгууллага амь амьдрал шийддэг. Гэвч ЭХЗХ, ДҮТ нь эрчим хүчний үйлдвэрлэлийн амьдрал зохицуулагч үүргээ хангалтгүй биелүүлж байна. Дулааны цахилгаан дамжуулах станцын үйл ажиллагааны эдийн засгийн байдлын хасах тал руу уначихаад байгаагаас харж болно. Тус станцын эдийн засгийн тоо баримтаас үзэхэд үйлдвэрлэсэн өглөгийг маань  ДҮТ ХХК найр тавин авчихаад төлбөр тооцоог дөрвөн тэрбум 503 сая төгрөгөөр луу унжиж өмнөх оныхоос нэг тэрбум 459,3 сая төгрөгөөр,  ДДС-ТӨХК 857,9 сая төгрөг дутуу төлөгдөж, өмнөх оныхоос 419,1 сая төгрөгөөр өр авлагыг нэмэгдүүлсэн байна. Мөн ТЭЦ- IV, ДҮТ-ээс 16,6 тэрбум төгрөг, ТЭЦ-III 8.1 тэрбум төгрөг авлагатай  ингэснээр цахилгаан станцуудыг тарчигдуулж, өнөөх станц нь уурхайгаас авсан нүүрснийхээ үнийг төлж чадахгүй дарга нарын нүүр улайж, аргагүйн эрхэнд олон тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн өрөнд орлоо. Энэ нь үйлдвэрлээд өгсөн “юм”-аа авч чаддаггүй буяны байгууллага болох нь тэр ээ. Дээрх өр төлбөрт унагасан ДҮТ ХХК,  ДДС-ТӨХК-иудын гүйцэтгэх захирал, удирдлагад хариуцлага тооцож, ажил сайжруулах арга хэмжээ авах цаг болсныг Эрчим хүчний яамны дээдэс мэддэг болов уу. Ингэж Дулаан дамжуулах цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ үнийг авч чадахгүй зовж байхад ЭХЗХ, ДҮТ  чимээгүй,  бидэнд “падгүй” гэсэн янзтай хоёр байгууллага маань зохицуулагч  бус “Хямруулагч” болох шинжтэй харагдаад байна. Ингэхээр Эрчим хүчний хууль хоцрогдон доголдож, эрчим хүч үйлдвэрлэгчдийн тогтолцоо буруу байгаа нь мэдрэгдээд олон жил өнгөрсөн юм. Цахилгаан станц үйлдвэрлэлийн төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж хэдэн ажилчдаа зүтгүүлдэг их бүтээлийн үр дүн өрөнд ороод байх юм. Эрчим хүчний үнэ тарифыг 2003 оны гуравдугаар сарын 01-ээс хэрэглэсэн станцуудын алдагдалд оруулдаг нэг асуудал бол үнэ тариф юм. Станцын үйлдвэрлэсэн нэгж дулааны өөрийн өртөг 20 гаруй мянган төгрөг байхад борлуулахдаа дөнгөж 6000 төгрөгөөр борлуулдаг. Дэлгүүрээс 20000 төгрөгний барааг 6000 төгрөгөөр авдаг жигтэй наймаа Монголд байна шүү, бодоод үзээч та минь. Өөр нэг жишээ, гурван өрөө байранд суудаг нэг өрх, сард халаалтад 40 гаруй мянган төгрөг, цахилгаандаа 30 гаруй мянган төгрөг төлдөг. Бүтэн сар дулаан байрны халаалтын халаалт, цахилгааны хөлс бага байгаа нь гар утасны төлбөртэй жишихэд нэг өрхийн ам бүл 70–1 сая төгрөгийн төлбөр өгөөд болоод байх юм. ЭХЗХороо, ДҮТ хоёр найз станцуудын талаар өгөөмөр сэтгэл гаргаж, үнэ тарифын асуудлыг зоригтой шийдэх шаардлагатай байна. Мөн цахилгаан станцаас хэмжих хэрэгслээс цахилгаан дулаанаа аваад ДҮТ-ээс өгсөн бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог үйлдвэрлэгчид шуурхай болгох талаар хуулинд яаралтай өөрчлөлт оруулъя. Мөн эрчим хүчний хуулинд суурь үнэ гэдэг хангагч түгээх байгууллагуудад ашигтай, үйлдвэрлэгчдэд хүртээлгүй үнэ тариф зөвхөн нэг талд үйлчилж байна. Жишээ нь, 40 мянган хэрэглэгчтэй ДСЦТСүлжээ ХК нь хэрэглэгчээс сард суурь үнэ гэж 2000 төгрөг авдгийг тооцоход жилд нэг тэрбум төгрөг УБЦТСүлжээ - ТӨХК 3.8 тэрбум төгрөгийг хэрэглэгчээс сул хүртдэг.

Мөн ДДСүлжээ ТӨХК суурь үнэ гэж 3300, 5500, 11000 төгрөгийг айл бүрээс сул авч байгаа нь шударга бус явдал. Эдгээр нь эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станцуудад огт хамаагүй, хувь хүртэх боломжгүй. Дарханы цахилгаан станц ашиглалтад ороод 56 жил болж байна. Станцын үндсэн тоноглол 12мвт хүчин чадлын дөрвөн ширхэг турбо генератортай. Эдгээр ТГ машины нэг нь 120000 цаг ажиллах техникийн нормтой. Гэтэл эдгээрийн нэг нь 300 гаруй мянган цаг норматив хугацаагаа 2.5 дахин давуулсан. Гэтэл станцын тоноглолоо шинэчлэх хөрөнгө хуримтлагддаггүй. Машин техникийн ашиглалтын хугацаа уртасгасан үед тэдгээрээс хуримтлал бий болгодог эрхзүйн акт эрчим хүчний хуульд тусгаж өгвөл улсаас хөрөнгө оруулалт нэхэхгүй норматив хугацаа давуулсан хуримтлалаас өөрийнхөө санхүүжүүлэх боломж байгааг хуульд зохицуулж өгөхөд буруудахгүй байх. Дархан хотын их бүтээн байгуулалт, их үйлдвэржилт үед цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэдэг технологийн уурын илүүдлийг Байшин Үйлдвэрлэх Комбинад, Силикат тоосго шохойн үйлдвэрт ашиглаж, тус станцын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулдаг байсан. Өнөөдөр эдгээр ажилладаггүй үйлдвэрүүдийн барилга байшин, инженерийн шугам сүлжээг ашиглаж шинээр ЖДҮ байгуулж, илүүдэл уурыг ашиглахыг төр засгийн бодлого анхааралдаа авч ажилгүйдэл ядуурлыг бууруулахад үр нөлөөтэй арга хэмжээ болох юм. Байгалаас хишиг хүртэж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд үйлчилдэг 2007 онд батлагдсан сэргээгдэх эрчим хүчний хуулинд “дэмжих тариф” гэдэг нэгэн сайн зүйл хуулинд тусгасан нь хэрэглэгчид болон бусад эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагад дарамт болж байгааг эргэн харах хэрэгтэй байна.

Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхэд иргэдийн амьдралд хүндээр тусна гэж үнээр хязгаарласаар энэ салбарын эдийн засгийг хөөрхийлөлтэй байдалд оруулж, сайн чанарын эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, засварын ажлын хөрөнгө мөнгөний хомстолд орж, эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдахгүй болоод байна. Улс орны хэмжээнд наймаачид бизнес эрхлэгчид, аливаа эрчим хүчээс хамааралгүй бараа таваар үйлчилгээний үнийг санааны зоргоор тэнгэрт хадаасан ч амьдрал болоод л байна. Харин эрчим хүчний салбар хөгждөггүй хөл дээрээ зогсож чаддаггүй, мөлхсөөр байгааг баримтаар нотлон харуулсныг шийдвэр гаргагч УИХ, Засгийн газар, Эрчим хүчний яамны удирдах эрх мэдэлтэй нөхдөд шийдвэртэй арга хэмжээ авахыг хүсэж, нэрлэхэлгүй дэлгэн тавьж байгаа юм. Энэ хүндрэл бэрхшээл дан ганц Дарханы цахилгаан станцаар хязгаарлагдахгүй ТЭЦ-III, ТЭЦ-IV цахилгаан станцуудад дээрхээс илүү их хүндрэл бэрхшээл байгаа шүү. Үнэ тарифыг нэмэгдүүлэхдээ Эрчим хүчний салбарыг хөгжлийн хэвийн үйл ажиллагааг хангахуйцаар шийдвэр гаргаж, суурь үнэ, дэмжих тариф мэтийн эрчим хүч түгээх дамжуулах хангагч байгууллагуудын оногддог сул үнийг таслан зогсоох эрүүл саруул хуулийн шинэчлэл хийх цаг болсон байна. УИХ, Засгийн газар, Эрчим хүчний яам зэрэг шийдвэр гаргах түвшнийхэн “Эрчим хүчний хууль”-ийг эргэн харж, нэн тэргүүнд эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг сайжруулан Монгол Улсын гал голомтоо бадраахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Цахилгаан станцуудаа сөнөөчихөөд юугаараа цахилгаан дулаан үйлдвэрлэх вэ, Эрчим хүчний сайд аа.

Дархан-Уул аймаг, Д.Өлзийтогтох

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top