Бэлчээр хувьчилвал эх нутаггүй, эх оронгүй болно гэсэн үг

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 24

Олон шалтгааны улмаас бэлчээр хувьчлах шаардлага зүй ёсоор тулгарсан тухай хаа сайгүй ярьж байна. Мал сүргийн тоо өссөн, хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн сүйрэл, хүмүүсийн буруутай ажиллагаа, байгаль экологийн жам ёсны насжилт гээд олон хүчин зүйл үүнд хамаарна. Уламжлалт мал аж ахуйн орны иргэд хэдэн мянган жилээр өвсний соргог, усны цэнгэгийг даган дураараа нүүдэллэж ирсэн учраас дээрх санал тэр бүрий хүмүүсийн ой тойнд буухгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ бэлчээрийн даац хэтэрсэн гэдгийг малчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрч малын чанарт бус тоонд анхаарах цаг болсныг ч дурдах болсон. Бэлчээр хувьчлан авах сонирхолтой олон малтнууд ч цөөнгүй байгааг бидэнд дуулгаж байсан. Төрөөс “Бэлчээрийн тухай хуулийн төсөл” оруулж ирэхдээ ч хувьчлалын талаар шууд бус утгаараа дурдах болжээ. Үүнээс харвал монголчууд бид “хошуу багтвал идэж л бай” хэмээн найр тавин бэлчээрээр айлсдаг үе өнгөрөх магадлалтай. Бэлчээр хувьчиллаа гэж бодоход 1000 малтай нь ч 100 малтай нь ч адилхан хэмжээний бэлчээр авч таарна. Иргэдийг энэ нь их хөрөнгөтэй, энэ нь бага хөрөнгөтэй гэж ялгалгүй 0.7 га газар өмчлүүлж байгаа шиг л өгч таарна. Түүнээс 5000 малтай Доржийн малын тоонд нь тохируулж олон га бэлчээр өгөхгүй байх. Хууль, хувьчлал хамаагүй цор ганцхан зүйл бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Ган зуд нүүрлэхэд хөр цасан дунд хувьчилж авсан газартаа хэдэн малаа барахгүй нь лавтай. Нөмөр нөөлөг, цасны нимгэн даган нүүдэллэхээс өөр аргагүй. Энэ үед яах билээ. Малчид бүхэн өөрийн гэсэн бэлчээртээ зуднаас дайжиж ирсэн болгонд найр тавихыг хэзээ ч хүсэхгүй. Нэгэнт л Монгол Улс хуулиараа хувьчлаад өгчихсөн, тэр таны өмч учраас тэр.

Үүнээс гадна худаг усгүй бэлчээр хувьчилна гэж байхгүй. Усны аюул хаа хаанаа нүүрлэнэ. Гол мөрөн элбэгтэй газарт бол гол мөрний эх бүрдэц, дунд хэсэг, адаг хэсэг гээд бэлчээртээ оруулан оногдсон хувь өгч таарна. Үүнээс үүдсэн маргаан үл тасрана. Урсгал усан Сэлэнгэ мөрөн, Орхон голыг хэд тасчин бэлчээрт оруулан хувьчлах мөн ч утгагүй асуудал биз. Гол мөрөн үгүй говь талын малчдын хувьд бол худаг усаа өмчлөх байх. Гэхдээ говь талд тийм ч элбэг биш худгийг мөнхүү ганц малчин эзэмшихгүй. Багадаа 10-20 айл хамтран эзэмшиж байж хүрэлцвэл их юм. Нөгөө талд амьдрал хүний хэрэгцээ хойно бэлчээрээ хэсэгчлэн зарахаас эхлээд бэлчээрийн наймаа явагдана. Зарим зүдүүхэн нэг нь хамжлага шахам болчихсон олон мянгатууддаа газраа алдаад дуусна гэсэн үг. Үүнээс хамгийн том аюул нь төв суурин газарт, парламентад суух олон мянган малтай нөхөд ахиухан бэлчээр эзэмшихийг бодож байгаа нь ойлгомжтой. Өөрийнх нь үл хөдлөх хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө болох олон мянган малыг бэлчээргүйгээр агуулах аргагүй. Тэд Улаанбаатар хотын газрыг наймаалаад дууссан шигээ эх нутгийн бэлчээрийн гол устай нь худалдаад авчихна. Эхлээд хувьчлал нэрээр баахан бэлчээр авна. Тэдний хувьд ханаж цадахыг мэдэх биш. Аль болох олон мянган хавтгай дөрвөлжин газар авахаар улайрна гэхээр энэ Монгол Улсын газар нутаг өнөөх л хэдхэн хүний гарт очно гэсэн үг. Бид сүүлийн 20 гаруй жил уул уурхайн хөлд дарагдаж ус нутгаа алдсан, ухуулсан. Өнөөдөр хүй цөглөсөн газартаа ч очих эрхгүй амьдарч байгаа тохиолдол байгааг орон нутгийн иргэд ярьж байгаа. Гадна дотны хөрөнгө оруулалтай компаниудын хөлд бэлчээр усаа талхиулж, тэдний өгсөн хэдхэн халтар төгрөгөөр өөрсдийгөө хуурч суугаа баримт ч цөөнгүй байдаг. Энэ мэт бэлчээр хувьчлахад сөрөг зүйл олон бий. Магадгүй, Монгол Улсын газар нутгийн ихэнхийг хаа холын нэгэн Ли, бас нэгэн Фрийдланд эзэмшээд суух ч нөхцөл эндээс бүрдэнэ. Өнөөх л бидний яриад байгаа “30 гэр бүл”-ийн гарт Монгол Улсын нутаг дэвсгэр очих магадлал бий. Алдарт Алтайн уулсаас алс Хянган, их Соёны нуруунаас уужим говь хүрсэн нэг сая 566 мянган киломтер квадрат уудам нутгийн дийлэнхийг алдана гэсэн үг. Монголчууд бид чинь дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19 дүгээрт жагсдаг уужим оронтой хүмүүс. Мөн нэгэн том аюул нь малын үржил, удмын санд нөлөөлж болохуйц хөнөөл бий. Нэгэнт бэлчээрээ хувьчлаад, энэ минийх гээд хэвтчихээр бэлчээрийн сэлгэлцэл үгүй болно, өнөөдөртөө биш гэхэд маргааш нь үүнийг хэрэгжүүлнэ. Нүүдэлчдийн цусанд буй ганц зүйл бол “минийх, манайх” гэсэн үзэл бий, үүгээрээ л  улам цааш явах болно. Тэгэхээр бууриа бүү хэл малынхаа бэлчээр хүрэх газрыг хүртэл хянаж таарна. Үүнээс үүдсэн малын үржил шимийн сэлгээнд асуудал үүснэ. Аливаа мал сүрэг байгалийнхаа жамаар хэний ч бэлчээрт хүрнэ, өөрийнхөө бэлчээрт орж ирсэн мал сүргийг хөөж тууна гээд хяналт бий болно.

Ахиад нэг том аюул бий. Энд бэлчээр хувьчлалын хамгийн том аюулыг дурдахаас өөр аргагүй. Дээр дурдсанчлан хэн илүү эрх мэдэлтэй, хэн илүү хөрөнгөтэй нь гол ус, булаг шандаа хашиж авчихаад бусдыгаа усгүйдүүлэх аюул тулгарах нь гарцаагүй. Хувьчлалаас үүдэн гол усаа булаалдсан хэрүүл, зодоон цаашилбал иргэд, малчид хоорондын дажин дэгдэх нь ойлгомжтой. Энэ бол үндэсний хэмжээний аюул болно. Тэр ч бүү хэл дэлхийн нийтийн өмнө тулгарч байгаа асуудал бол ус.

Тэгэхээр сумдад бэлчээр усыг нутгийн малчдадаа эзэмшүүлэх эрх зүйн тогтолцоог хувьчилж бус өөр аргаар шийдвэрлэх асуудал тулгарч байна. Судлаачдын үзэж байгаагаар бол сум болон багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ хэний өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан бэ гэдгийг нарийн зааглаж, тодорхойлж тодорхой төлбөр авч малчдыг үүрэг хариуцлагатай болгох хэрэгтэй болохоос биш шууд “Баянгол” зочид буудлыг хувьчилж байгаа шиг өгч болохгүй зүйл гэдгийг ч анхааруулсаар байна. Монголчууд бид хувьчлалын гашуун сургамжтай ард түмэн. Ардчилал зах зээл нэрийн дор шударга бус зүйл их явсан, очих ёстой эзэндээ ч очсон нь бий байх. Очоогүй нь илүү гэдгийг өдгөө хүн бүхэн мэднэ.

Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт хувьчлал нэрийн дор улсын хамаг л үнэ цэнэтэй бүх объект барилгуудыг хувьчлал нэрээр цөөн тооны баячууд авчихсан. Үндэсний хэмжээний томоохон үйлдвэр “Талх чихэр”, “АПУ”, “Баянгол” гээд дурдаад барахгүй олон үйлдвэр объект цөөн хүний гарт төвлөрсөн нь гарцаагүй үнэ. Өнөөдөр хууль ёсны гэх ч асуудал бий. Энэ бол 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, гэхдээ оргил үе нь 1990-2000 оны эхэн үе хүртэл үргэлжилсэн юм. Үүнтэй залгуулаад уул уурхай нэрээр хамаг л баялгаа мөн хэдхэн хүн цөлмөсөн, одоо ч цөлмөж байна. Мал аж ахуй нь өнө эртний түүхтэй. Нэгэн түүхнээ өгүүлснээр хүмүүс хоол хүнс олохоосоо илүүтэй  түүнийг хадгалах нь бэрхшээлтэй байсан тул амьтдыг барьж, уяж, хашиж, дэргэдээ байлган өөртөө дасгаж, шаардлагатай үед түүнийгээ хэрэглэх болсноор мал аж ахуйн үүссэн гэжээ. Тэр тусмаа хамгийн анх гаршуулж гэршүүлсэн амьтны нэг бол үхэр байсан бололтой. Ийнхүү амьтдыг гаршуулан авснаар нүүдлийн мал аж ахуй үүсч таарна. Эрдэмтдийн үзэж буйгаар нийтийн өмнөх тооллын хоёр мянганы хоёрдугаар хагаст Монгол нутагт үүдлийн мал аж ахуй үүссэн гэж үздэг. Үүнээс хойш олон мянганыг элээж өдгөө манай улсын мал сүрэг 60 гаруй сая толгойд хүрсэн байна. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өнгөрөгч хавар хээлтэгч малаас 20.9 сая төл мэнд хүлээн авсан бөгөөд нийт мал сүргийн тоо 85 саяд хүрснийг мэдээлсэн. Нөгөө талаар манай орны байгаль цаг уурын нөхцөл байдал ч үүнд нөлөөлнө. Тэгэхээр бэлчээрийн даац хэтэрснийг мэргэжилтнүүд ч хэлж буй, малчид ч нэгэн дуугаар хэлж буйг би дээр дурдсан.  Яах аргагүй, Монгол Улсад бэлчээрийн тухай сайн хууль хэрэгтэй болсон. Үүнийг ойр ойрхон хэлэлцэж байгаа ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(202.55.191.194) 2021 оны 01 сарын 25

soliortson malchid bolij yz tatvar av

0  |  0
zochin(139.5.218.121) 2021 оны 01 сарын 24

ene buh asuudliig maliin huliin tatvaraar l zohitsuulna sh d, ih maltai bol ih tulnu, baga maltai bol baga tuluh zarchimaat yavah um bol belcheer hureltseetei, maliin chanar ashig shim yavaandaa saijirch too tolgoi buurna gej bodoj bna, belcheer talhlagdsan gazart undur tatvar avsan ch yadag um be

0  |  0
zochin(49.196.31.222) 2021 оны 01 сарын 24

Belcheer huvchlal manaid ogt tohirohgui Mongol uls ustsantai adil shuu Uur arguud baigaa sain bodoh heregtei

0  |  0
irgen(202.21.108.54) 2021 оны 01 сарын 24

HUVICHLAAD L MUNGUTEI NI HUDALDALJ AVAAD L DUUSAA TUREES TULNU, MEDEED URD ZUGIIN HUMUUS L AVNA

0  |  0
эгэл(66.181.181.161) 2021 оны 01 сарын 24

Бэлчээр хувьчилбал монгол улс бүхлээрээ гадны нэг луйварчингийн мэдэлд очно. Оюутолгойн гэрээг Монголын талаас хийсэн монгол хүмүүсийг өчүүхэн арчаагүй луйварчид байсныг одоо л буюу 15 жилийн дараа мэдэж байгаа биз дээ . Бэлчээр хувьчлахыг хэзээ ч хийж болохгүй

0  |  0
Хөд(202.179.25.246) 2021 оны 01 сарын 24

Хөдөөний хүмүүст адгуус, араатан шинж нь давамгайлж байгаа учир бэлчээрийг нь хувьчилбал биё биенийгээ алаад дуусна. Хөдөөний хүмүүсгүй болно. Хөдөөтэй байх хэрэгтэй. Хувьчлах болоогүй эхлээд засаглалаа сайжруул, коммунистуждыг зайлуул.

0  |  0
иргэн(202.9.46.139) 2021 оны 01 сарын 24

МОНГОЛ ОРНЫ ТУХАЙД БОЛ БЭЛЧЭЭРИЙГ ХЭЗЭЭ Ч ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ. ХУВЬЧИЛБАЛ МАЛГҮЙ БОЛНО..ХУВЬЧЛАХ БЭЛЧЭЭРЭЭ БУЛААЦАЛДАН БИЕ БИЕНЭЭ АЛААД ДУУСНА. .....ХАРИН МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАРАА САЙН АВААД МАЛЫНХАА ТООГ ЦӨӨЛӨХИЙГ БОЛСОН НЬ ДЭЭР.

0  |  0
Маш буруу(192.82.77.113) 2021 оны 01 сарын 24

Монголчууд дотроо хагаралдаад иргэний дайн болно. БОЛОХГҮЙ

0  |  0
Top