АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч тангараг өргөж ажилдаа ороод дөрөв хонож байна. Ерөнхийлөгч болоод дөрөв хоногийн дотор тэрээр нийт 30 гаруй зарлиг гаргажээ. Үүгээрээ АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчдийг тэргүүлж байгаа юм. Гаргасан зарлигийн нэлээд хэсэг нь Доналд Трампыг Ерөнхийлөгч байх үеийн шийдвэрүүдийг буцаахад чиглэгдэж байгаа нь анхаарал татаж байна. АНУ-тай стратегийн түншлэлийн гэрээтэй Монгол Улсад түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь ихээхэн анхаарал татаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн үеэс л Монгол Улс анхаарч ирсэн. Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтөд анхаарал хандуулдаг Байден Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд ямар бодлого баримтлах, Монгол Улс болон АНУ-ын харилцаанд ямар ахиц дэвшил гарах болон бусад анхаарал татсан сэдвээр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бямбахандтай ярилцлаа.
-АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр тангараг өргөлөө. Тангарагын агуулгыг харвал нэгдмэл Америк орон гэж томъёолж болох юм шиг харагдсан. Судлаач хүний хувьд тангарагын үгнээс ямар дүгнэлт хийж болохоор байсан бэ?
-АНУ-ын шинэ ерөнхийлөгч тангараг өргөхдөө Америкийн ард түмний нэгдлийг хангаж ажиллан, өөрийг нь сонгоогүй хүмүүсийн ч ерөнхийлөгч байхаа амлалаа. Энэ нь Америкт нүүрлээд байгаа арьсны хуваагдлаас үүдэлтэй үндэсний хуваагдлыг арилгах мессежийг өгч байна.
-Өмнөх Ерөнхийлөгчийн хувь хүний араншингаас шалтгаалсан буруу ойлголтууд, цар тахал, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл гээд амаргүй цаг үед Жо Байден Ерөнхийлөгч боллоо. Ирэх жилүүдэд түүний баримтлах бодлогыг хэрхэн харж байгаа вэ?
-Ерөнхийлөгч Ж.Байден албан тушаалдаа ороод хамгийн эхэнд шийдвэрлэх асуудал нь ковид-19-тэй тэмцэх тэмцэл байх юм. Энэ тэмцлээ үргэлжлүүлэх эхний алхам болгож 100 хоног амны хаалт зүүх аян зарлаж, Холбооны засгийн газрын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг амны хаалт заавал зүүхийг үүрэг болгосон зарлигт Тангараг өргөснийхөө дараа гарын үсэг зурлаа. Цаашид эдийн засгаа дэмжих, тэр дундаа жижиг, дунд хэмжсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ковидын вакцинжуулалтын эрчимтэй явуулах зорилт дэвшүүлээд байна.
-Ерөнхийлөгч болсон даруйдаа хэд, хэдэн чухал зарлиг буулгалаа. Мексикийн хил дагуу хана барихыг зогсоох, ДЭМБ болон Парисын тунхаглалд дахин элсэх, Обамакейр буюу дөрвөн жилийн өмнөх халамжийн бодлогыг эргэж сэргээх зэрэг. Гаргасан шийдвэрүүдийг хэрхэн харж байгаа вэ?
-Ерөнхийлөгч болоод эхний өдрөө гаргасан 17 зарлигийн есөн Ерөнхийлөгч Д.Трампын гаргасан шийдвэрүүдийг буцаахад чиглэгдсэн байна. Мөн зарлигт туссан асуудлуудыг хэрэгжүүлэхээ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр сонгогчиддоо амлаад байсан ба ийнхүү ажил хэрэг болгож байна.
-АНУ-д амьдарч буй гаднын иргэд, цагаачид түүний баримтлах бодлогыг анхаарч харж байна. Түүний цагаачлалын бодлогыг хэрхэн дүгнэх вэ. Ихэнх судлаачид түүнийг Обамагийн үеийн цагаачлалын хэд, хэдэн бодлогыг сэргээнэ гэж дүгнээд байна?
-2012 онд гаргасан боловч Ерөнхийлөгч Д.Трампын үед цуцлагдсан DACA хөтөлбөр буюу Deferred Action for Childhood Arrivals хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зарлигийг эхний өдрөө гаргалаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр цагаач гэр бүлээс гаралтай 700 мянга гаруй хүнд иргэншил олгох боломж бүрдэнэ. Мөн Мексик-АНУ-ын хил дээрх хана барих ажлыг зогсоохоо мэдэгдсэн нь Америкийн цагаачлалын бодлого зөөлрөх болов уу гэсэн хүлээлтийг үүсгэж байна.
Манай улсын төдийгүй Америкийн талаас Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхол өндөр байгаа
-Нөгөө талаас нь харахад Бүгд найрамдах намд бодлогын өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэж дүгнэх хэсэг байна. Ялангуяа цаг уурын өөрчлөлт, ЛГБТ хүмүүсийн тэгш эрхийн тухай асуудалд уламжлалт байр сууринаас хандсан нь Доналд Трампын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ талаар судлаач хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгч Д.Трамп сонгуульд ялагдахад ковид-19-ийн аюулыг дутуу үнэлсэн, тэмцэл нь үр дүнтэй байж чадаагүй, Ж.Флойдын амь насаа алдснаар сэдэрсэн арьсны хуваагдлыг шийдвэрлэж, үндэсний нэгдлийг хангаж чадаагүй нь нөлөөлсөн. Харин эдийн засгийн бодлого нь амжилттай хэрэгжиж, ажилгүйдэл буурсан нь ард иргэдээсээ Д.Трамп өндөр үнэлгээ авч чадаж байсан боловч дээрх асуудлуудаас болоод ялагдах болсон.
-Жо Байден албан ёсоор тангараг өргөж Ерөнхийлөгч боллоо. Өмнө нь Сенатын танхимын гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ?
-АНУ-ын гадаад бодлогод зарим нэг өөрчлөлт гарах төлөвтэй байна. Ялангуяа, Европ, НАТО-ын орнуудтай урьдынх шигээ өргөн хүрээнд харилцах төлөвтэй байна. Мөн Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээр АНУ эргэн нэгдэх, Трампын явуулсан бодлогыг эргүүлэх болов уу. Умард Солонгостой төрийн тэргүүний түвшинд шууд яриа хэлэлцээ хийхээс илүү олон талтын хамтын ажиллагааны хүрээнд цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ өрнүүлэх магадлалтай.
-Ялангуяа БНХАУ-АНУ-ын хооронд үүссэн худалдааны дайнд хятадууд үндсэндээ ялалт байгуулчихсан гэж томоохон хэвлэлүүд онцолж байна. Хятадтай хэрхэн харилцах вэ. Өмнөх Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын хүчирхэгжлийн эсрэг ардчилсан чиг баримжаатай улсуудыг дэмжих замаар давж гарна гэж тодорхойлсон байсан. Үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-АНУ-Хятадын худалдааны дайн одоогоор намжмал байдалтай байна. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хоёр “Эхний шатны яриа хэлэлцээр” байгуулаад байна. Энэ хэлэлцээрийн үр дүн ямар байхаас шалтгаалан худалдааны дайн үргэлжлэх эсэх нь хамаарна. Ерөнхийлөгч Ж.Байден худалдааны дайныг зогсооно гэсэн ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа учраас энэ талаар одоо дүгнэлт хийх нь эрт байна.
-Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлд шилжсэн. Стратегийн түншлэл ирэх жилүүдэд хэрхэх вэ. Ялангуяа гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдахаа хүлээж байгаа. Гурван жилийн хүлээлт түүний засаглалын үед батлагдах болов уу?
-Манай улсын төдийгүй Америкийн талаас Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхол өндөр байгаа. Улс төрийн болон бусад салбарт өргөжөөд байгаа харилцааг эдийн засагжуулах асуудал нэн тэргүүнд тавигдана. Ирэх дөрвөн жилд эдийн засгийн харилцаа идэвхжих болов уу гэсэн хүлээлт байна.
-Монгол Улс болон АНУ-ын харилцаанд бодитой нөлөөлөх өөрчлөлт гарах болов уу. Яагаад ингэж асууж байна гэхээр Жо Байден БНХАУ-тай харилцахдаа өмнөх Ерөнхийлөгч нарын бодлогыг үргэлжлүүлнэ гэж зарласан?
-Монгол, АНУ-ын харилцаанд ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйл чухал үүрэгтэй. Цаашид ч энэ чиглэлд хоёр талын харилцаа өргөжин тэлэх нь дамжиггүй юм. Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, өмнө нь явж ирсэн ардчилал, хүний эрхэд тулгуурласан харилцаа өргөжинө хэмээн үзэж байна.
-Зүй тогтлыг харвал Монгол Улсад ашигтай байж болохуйц шийдвэрүүд Бүгд найрамдах намын гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон үед гарч байсан. Жо Байденын засаглалын үед энэ зүй тогтол эвдэгдэх үү?
-Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч сонгогдоход хоёр талын харилцаанд дэвшил гардаг зүй тогтол байдаг. Гэхдээ Ардчилсан намын нэр дэвшигч ерөнхийлөгч болсноор хоёр талын харилцаа саарна гэж ойлгож болохгүй. Түрүүн хэлсэнчлэн, ардчилал, хүний эрх сууриласан нийтлэг үнэт зүйл хоёр талын харилцаанд үргэлжлүүлэн чухал үүрэгтэй байна.
-Өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын засаглалын үед хэд, хэдэн айлчлал төлөвлөгдөж байсан. Засаглалын шилжилт хийсний дараа хоёр талын айлчлалын давтамж хэр зэрэг нэмэгдэх бол...?
Хоёр талын харилцаа улс төрийн түвшинд нэлээд бэхжсэн, итгэмжилсэн шинжтэй байдаг. Айлчлалууд тогтмол хийгдэж ирсэн. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн түншлэл байгуулахаар шийдвэрлэсэн. Ерөнхийлөгч Ж.Байдены хувьд Дэд ерөнхийлөгчийн хувиар 2011 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилсан байдаг. Харин хамгийн сүүлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Монгол Улсад айлчлах байсан боловч Ерөнхийлөгч Д.Трамп цар тахлын халдвар авснаар энэ айлчлал хойшлогдсон. Тиймээс цар тахал дипломат айлчлалууд хийхэд хүндрэл учирч байна. Вакцинжуулалт явагдаж, цар тахлын аюул намжсны дараа айлчлалууд эргэн сэргэх болов уу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН