88 настайдаа нас барсан Ларри Кингийн тухай сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Америкийн алдарт хөтлөгч Ларри Кинг 88 насандаа энэ ертөнцөөс халин одлоо. Ларри коронавирусний халдвар авч, Лос-Анжелес хотын эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Тэр 2017 онд уушгины хорт хавдартай гэдгээ зарлаж байв.

Ларри Кинг бол дэлхийн хамгийн алдартай ток-шоутай байснаараа нэрд гарсан хүн.  Түүний ток-шоу "Larry King Live" 1985-2010 он хүртэл үргэлжилж, Владимир Путин, Доналд Трамп зэрэг олон алдартан оролцсон билээ. Ларри Кинг бол улсын Ерөнхийлөгч, кино од, орон гэргүй гуйлгачин, ер нь хэнийг ч яриулж чаддаг авьяастан байлаа. Ингээд түүний амьдралын сонирхолтой баримтуудаас танилцуулья.

ЛАРРИ КИНГ – бол ЛОУРЕНС ХАРВИ ЦАЙГЕР гэгч эрхмийн уран бүтээлийн нууц нэр юм.

Ларри Австри, Беларусын еврей цагаачийн гэрбүлд төрсөн.

Дунд сургуулиа арай ядан төгсөж, коллеж, их сургуульд суралцаж байгаагүй. Ларри  боловсрол эзэмшээгүйгээрээ бахархдаг. Аав нь багад нь нас барсан учир тэр сурах биш ажил хийж, мөнгө олох шаардлагатай байлаа.

Телевизэд орсон түүний анхны ажил нь тоос арчих, кофе зөөх байлаа. Нэг хөтлөгч гэнэт ажлаас гарсны дараа түүнийг хүчээр эфирт гаргасан юм. Ярилцлага хийж сурахын тулд Ларри кафед ажилд орж, бүх хүнээс юм асуун явдаг байлаа. Тэнд тэр оддоос ярилцлага авч сурсан. Түүний ажиллаж байсан кафед дуучин Бобби Дарин байнга ирдэг байжээ.

Ларри өөрийгөө супер еврей хүн гэж нэрлэдэг. "Би еврей хоол, соёл, хошин шогт дуртай. Би жинхэнэ еврей хүн. Еврей нар боловсрол, гэрбүлд их анхаарал тавьдаг. Би ч гэсэн. Намайг супер еврей гэж нэрлэж болно" гэж хэлж байв.

Нүдний шил, мөрөвч хоёр түүний гол гангараа. Сайхан залуу биш гэдгээ ойлгож байсан тул тэр бусдаас өвөрмөц байдлаараа ялгарах гэж үзсэн. Пиджакаа тайлахад мөрөвчийг нь харсан хүмүүс тайвшран, илэн далангүй ярьж эхэлсэн тул байнга зүүх болжээ. Харин нүдний шилийг тохитой томоотой харагдах гэж анх зүүжээ.

Ларри ярилцагч зочноо гол болгож, өөрөө ард үлдэх дуртай. "Би олон асуулт тавих дургүй. Миний дуртай асуулт бол Яагаад" гэж хэлж байжээ.

Түүний хамгийн хайртай зочин нь Фрэнк Синатра, Билл Клинтон байв. "Тэд хошин шогийн мэдрэмжтэй, юм ярих дуртай хүмүүс байсан" гэж дурссан байдаг.

Ларригийн "Larry King Live" шоу эфирт 25 жил гарахдаа 60 мянган хүнтэй уулзсан байдаг. Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх Ерөнхийлөгч, алдартай тамирчин, улстөрч, дуучид оролцож байлаа. Ларри шоугаа 2010 онд сайн дураар хаасан.

Ларрид дургүй хүмүүс түүнийг хурц асуулт тавьдаггүй гэж шүүмжилдэг.

"Larry King Live" хөтлөгчөө солилгүй хамгийн удаан үргэлжилсэн шоу гэж Гиннесийн номонд бүртгэгдсэн.

2007 оны 10 дугаар сард Доналд Трамп шоунд оролцсон. Трамп "Таны амнаас муухай үнэр ханхалж байна" гээд Ларригаас хол сууж байлаа.

Холливудын хэд хэдэн бүтээлд оролцоод авсан. Хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан  сэтгүүлч түүнээс өөр үгүй.

Ларри 8 удаа гэрлэсэн. Үүнээс нэг эмэгтэйтэй хоёр удаа гэрлэж байжээ. Түүний эхнэрүүд дунд PLAYBOY од, математикийн профессор ч байлаа.

1971 онд тэр санхүүгийн залилан хийсэн хэргээр баривчлагдсан. Учир нь тэр мөрийтэй тоглож, 300 мянган долларын өр тавиад төлөөгүй байлаа. Энэ явдлаас хойш Ларри 3 жил телевизийн дэлгэцээр гараагүй ч дахиж өрөнд ороогүй байна.

Нэвтрүүлгийн дараа заавал виски уудаг, өдөрт 4 хайрцаг тамхи татдаг. Энэ бүхнээс болж зүрхэндээ хэд хэдэн хагалгаа хийлгэсэн.

Нас барсных нь дараа  биеийг нь крионик аргаар хөлдөөхийг Ларри гэрээслэжээ.

Ларри Кингийн сэтгүүлчдэд өгсөн 7 энгийн зөвлөгөө

1. Жирийн, богино асуулт тавьж бай. Хэн? Юу? Яагаад? гэсэн асуулт хамгийн үр дүнтэй байдаг. Үзэгчдэд сонирхолтой мэт санагдвал тэнэг асуулт тавихаас ч бүү ай.

2. Зочныхоо хариултыг маш сайн сонс. Ингэж байж та түүнд эсрэг эвгүй асуулт тавьж чадна.

3. Юу асуухаа мэдэхгүй бол "Сүүлийн үед юу хийж байна даа" гэж асуу. Хүмүүс хувийн амьдрал, бизнесийн нууцаа дэлгэхгүй байж болох ч юу хийж байгаа талаараа бүгд ярих дуртай байдаг.

4. Ярилцагчийнхаа нүд рүү хар. Гэхдээ ширтэлцэж байгаа мэт хараад байж таарахгүй.

5. Хэрэв чи байнга л "Би" гээд байдаг бол ёстой хогийн сэтгүүлч.

6. Үргэлж тайван бай. Хариулах цаг, эсвэл нэмэлт асуулт тавих цаг, боломж өөртөө байнга үлдээж бай.

7. Сайхан ярилцахын тулд чамд ажил чинь таалагддаг, уулзсан хүмүүс чинь, тэдний ажил сонирхлыг чинь татдаг байх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top