Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул тал талаас заналхийлж байна. Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сард Франц улсын иргэнээс коронавирус илэрч, найман сарын дараа цар тахлыг дотооддоо алдав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусын эсрэг вакцинжуулалт хийж тэмцэхээс өөр аргагүй хэмээсэн. Олон улсад ч вакцинжуулалт эхэлчихсэн амжилттай явж байна. Тэгэхээр Монгол Улс ч яаралтай вакцин оруулж ирэхээс өөр аргагүй боллоо.
Дайн боллоо гээд нуувчинд хэвтэж байгаад турж үхэхгүйтэй адил ямар нэг байдлаар цар тахалтай тэмцэн, ажиллаж хөдөлмөрлөх учиртай. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэгчид болон бусад худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрсэн. Арга ч үгүй, өнгөрөгч аравдугаар сарын 11-нээс эхлээд хөл хорионы хатуу дэглэмд байна. Одоо бид халдвар хамгаалалт, горим дэглэмээ сахиад зэрэгцэн амьдрахаас өөр гарц үлдсэнгүй.
Өнөөдрийн хувьд хатуу хөл хориог аажим аажмаар сулруулан, ихэнх газрын үйл ажиллагааг нээж байгаа нь аргагүй үнэнд гүйцэгдэж байгаа хэрэг. Гэхдээ хөл хөдөлгөөн жирийн дэглэмд шилжих нь өндөр эрсдэлтэй учраас яаралтай вакцин хэрэгтэй болж байна. Монгол Улсын Эрүүл мэндийн яам гэж байдаг ч энэ тухай нэг ч үг цухуйлгахгүй хоёр оны нүүр үзэж байгаа нь хачирхалтай. Мэргэжлийн байгууллага, бүрэн улс төлөөлсөн яам дэлхийгээр нэг бадар барьж яваад вакцин олоод ирэх учиртай. Гэтэл Эрүүл мэндийн яам вакцин авчрах нь бүү хэл энэ тухай дурдах ч үгүй аж. Тэгэхээр анхнаасаа гадагшаа гэрээ хэлцэл хийж, вакцин оруулж ирэхээр санаа тавьсан Сангийн яам, Ч.Хүрэлбаатар сайдад найдахаас өөр аргагүй боллоо гэдгийг ч иргэд хэлж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тал дээр анхнаас нь гардан ажилласан хүний хувьд одоо яаравчлуулах хэрэгтэй. Тодотгож хэлбэл ард түмэн нийгмийн аюулгүй байдлыг хангах үүргийг Эрүүл мэндийн яам бус Сангийн яаманд даатгаж байна гэсэн үг. Бидний мэдэж байгаагаар Энэтхэг улсаас манай улсад вакцин бэлэглэсэн, түүнийг яаравчлан оруулж ирэх шаардлага бий. Зөвхөн энэ нь хангалтгүй учраас бас нэг өөр улстай гэрээ хэлцэл хийж ирэх хоёрдугаар сарын эхээр вакцин оруулж ирэх тухай баттай эх сурвалжийн мэдээлэл бий. Олон улсын байгууллагаас өгч байгаа мэдээллээс харахад шинэ төрлийн коронавирус нь урт хугацаанд үргэлжилнэ гэжээ. Тэгэхээр ямар ч улс орон аюулт өвчинг зөнгөөрөө илааршихыг хараад суухгүй нь ойлгомжтой. Вакцин ороод ирлээ гэхэд хүн цөөтэй манай улсын хувьд тэгтлээ нүсэр ажил болохгүй. Ямартай ч 2020, 2021 оны улсын төсөвт вакцинд зориулж тодорхой төсөв гаргасан байх учиртай. Үүнээс гадна Дэлхийн банктай 50 сая ам.долларын зээлийн асуудал ч яригдсан. Энэ бүх ажлыг Сангийн яам нугалж байгаа учраас эхэлсэн ажлаа дуусгах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг олон улсын байгууллага, үүний дотор “Ковакс” хөтөлбөрийг санаачлагч Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мөн гадаадын улс орнуудтай хамтрах зэргээр олон талд ажиллаж байгаа. Үүгээр ч зогсохгүй вакцин оруулж ирсэн тохиолдолд хамрагдах иргэдийг эрэмбэлжээ. Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг хууч өвчтэй хүн, онцгой байдал, хил, гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулж ажиллаж байгаа албан хаагчид, 55-аас дээш насны иргэд, эдийн засгийн суурь салбарын иргэдээ вакцинжуулна гэдгийг хүртэл төлөвлөснөө дуулгаж байсан.
Шинэ төрлийн коронавирус нь олныг цочирдуулж айдаст автуулсан шигээ үүний эсрэг гарч байгаа вакцины тухайд ч айдас бий. Тиймээс олон улсад үйлдвэрлэж байгаа болон туршигдаж хийгдэж байгаа цар тахлын эсрэг вакцины мэдээлэл олж авах гэсэн иргэд цөөнгүй байна. Үүнаас гадна вакцины талаарх мэдээлэл ташаарах нь ч элбэг аж. Иргэдийн энэхүү айдаст дөрөөлөн мушгин гуйвуулагчид ч олон болжээ. Тэгэхээр төрөөс иргэдийн айдсыг давж гарах шаардлага ч гарч ирнэ. Мэдээжийн хэрэг вакцин л болсон хойно их бага хэмжээгээр халуурч бүлээрэхээс эхлээд харшлах зүйл зөндөө гарна. Энэ бүх зүйлийг ухуулан таниулах, сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах зэрэг арга хэмжээ ч зэрэгцээд явж байх ёстой. Уг нь энэ мэт ажлыг Эрүүл мэндийн яам аль эрт эхлүүлсэн байх учиртай ч аанай л чимээгүй. Сангийн яам төсөв хөрөнгийг л шийдэх үүрэгтэй ч Эрүүл мэндийн яамны ажлыг давхар нугалж явааг нийгэм даяараа харж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 62 оронд ямар нэг вакцин сонгож аваад клиникийн туршилт хийж эхэлжээ. Тэгвэл Израил, Арабын нэгдсэн эмират, Их Британи, Бахрейн, АНУ, Итали, Герман, Франц, БНХАУ, ОХУ, Мексик, Энэтхэгт вакцинжуулалт нэгэнт эхэлжээ. Харин вакцин сонгохдоо тухайн улс орны онцлог, хүн амын эрүүл мэнд, бие бялдрын байдалд тохируулан сонгож байгаа аж. Олон улсын жишгээс харахад тухайн улсын бодлогоос шалтгаалаад ОХУ, БНХАУ, Латин Америкийн орнууд зөвхөн галын шугамд байгаа цагдаа, эмч, 60-аас дээш насныханд вакцинжуулалт хийж байна. Ингэхдээ вакциныг ихэнх улсуудад хоёр тунгаар хийж байгааг мэдээлжээ. Бидний мөнхийн хэмээн нэрлэдэг хойд өмнөд хөршүүдэд иргэдээ вакцинжуулж, тун амжилттай явж байгааг эх сурвалж дуулгалаа. Бид олон улсын жишиг дагаж, аргагүй нөхцөл байдалд тулгуурлан вакцин хийлгэхээс өөр сонголт байхгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Хотгор шанагын хулгайч зайлаа.
ajil hiij bgaa huniig zugeer hiilgej boldgui ymuu? dandaa eldweer helne.
Хотгор шанаг зайлаа.
Вакцинд найдаад хэрэггүй ээ
Энэтхэг улс Монголд цэвэр Энэтхэгт бүтээгдсэн ”Коваксин” гэж вакцин өгнө гэж мэдэгджээ. Гэтэл вакцин авах гэж гуйсан Хүк, сайд Хүрэлбаатар нар ”Астра-Зенекка” гээд вакцин авна гэж яриад байгаа. Альных нь зөв бол? Хэн нь худлаа яриад байгаа юм бол? ”Бахарат” компанийн ”Коваксин” болон ”Астра-Зенщкка” хочр бол тэс өөр хоёр зүйлийн вакцин