Н.Хуланг залуус “А year to remember” ном, “Gumuda concept store”-ийг үүсгэн байгуулагч гэдгээр нь сайн мэднэ. Youtube-д “Khulan Nemekhbayar” хуудсыг хөтлөгч, нийгмийн идэвхтэй бүсгүйтэй уулзлаа.
-“A Year To Remember” номынхоо санааг хэрхэн олсон бэ?
-Би Medium гэх сошиал платформ дээр блог бичдэг байсан юм. Тухайн үед амьдралаа сонирхолтой, дурсамжтай болгохоор бүтэн жил буюу 52 долоо хоногийн турш шинэ зүйлс суралцах хувийн зорилго тавьсан. Үүнийхээ явцыг тэмдэглэж, туршлага солилцох зорилгоор блог бичдэг байлаа. Нэг мэдэхэд л блог маань өсөж хөгжөөд "A Year To Remember" номын анхны гар бичмэлүүд болсон. Магадгүй блогоос үүдсэн учраас ном маань хөнгөн, уншихад амархан бичигдсэн байх.
-Ном бичих үйл явцад тань тохиолдсон бэрхшээл бий юу?
-Юуг ч хийж бүтээхэд тодорхой хэмжээний бэрхшээл тулгарах нь зайлшгүй асуудал. Гэхдээ нэг их зовоод, шантраад, бууж өгмөөр санагдсан үе огт байгаагүй ээ. Бичих нь миний хамгийн дуртай, хайрладаг ажил учраас ихэнх өдрийг жаргаж өнгөрүүлсэн.
-Хэрэв та өсвөр настан байсан бол өөрийнхөө номыг унших уу. Аль хэсэг нь илүү сонирхолтой байх бол?
-Өсвөр насны охин байхдаа дэргэд минь дэмжээд сонсоод өгөх том эгч байсан ч болоосой гэж хүсдэг байлаа. Харин одоо өөрөө бусдад тийм хуурай эгч нь байж чадах юмсан гэж хүсдэг болсон. Миний бодлоор 17 настай Хуланд "A Year To Remember" номын “Сэтгэл судлаачтай уулзсан нь”, “Хайртай хүнээсээ салсан нь” бичвэрүүд их таалагдах байсан байх.
-Та дахин ном бичих уу. Хэрвээ бичвэл ямар төрлийн ном бичих вэ?
-Яг одоогоор шинэ номон дээр ажиллаж байгаа. Өөрийгөө таньж мэдэх, олох тухай бичихийг хичээж байна.
-Минималист болсноор танд гарсан хамгийн том өөрчлөлт юу байв?
-Би бүрэн минималист болсон гэж хэлээгүй шүү. Туршилт хийсэн тухай бичвэр, видео байдаг. Минимализм ярих хэмжээний мэдлэггүй байна. Энэ асуултыг орхие.
-Монголын залуу загвар бүтээгч, дизайнеруудыг танилцуулдаг “Гүмүда”-г нээхээр шийдсэн нь санамсаргүй тохиолдол уу, бодлоготой алхам байв уу?
-Үргэлж хувийн бизнес эрхэлж, ажил бүтээмжийнхээ алдаа оноог энэ биеэрээ хариуцдаг байхыг хүсдэг байсан. Удаан бодсон хүсэл зорилгоо биелүүлж дөрвөн жилийн турш "Гүмүда концепт" дэлгүүрийг ажиллуулаад сая 2020 онд Ковид19-ийн улмаас хаасан байгаа.
-Хэрэв та сэтгүүлч болоогүй байсан бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ?
-Би дунд сургуулиа төгсөөд мэргэжил сонгохдоо сэтгүүлч, хувцас загвар зохион бүтээгч хоёрын дунд их эргэлдэж байж арай гэж шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр сэтгүүлч болж чадаагүй байсан бол яаж ийгээд хувцас хийдэг болох байсан байх. Гэхдээ би зураг зурах, цэвэрхэн сайхан оёх авьяасгүйгээ эртхэн мэдсэн л дээ. Магадгүй дан загвар дээрээ ажилладаг, санаа олдог, бүтээдэг дизайнер болох байсан.
-Өглөө босоод өөртөө хэлдэг үг?
-Би өглөөд биш оройд өөртэйгээ ярилцаж үйл явдалд дүгнэлт хийж суудаг юм байна. Орой унтахынхаа өмнө ширээнийхээ чийдэнг асаагаад өдрийн тэмдэглэлээ бичиж, маргааш хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, зорилго алсын хараагаа цэгцэлж авдаг. Миний бүх дэвтэр дээр бичигддэг үг бол “Амьдралын охь шимийг хүртэж яваарай”.
-Нийгмийн сүлжээнд өдөрт хэдэн цагийг зарцуулж байна?
-Нийгмийн сүлжээ нь өөрөө миний ажлын байр болсон учраас арай их цаг зарцуулдаг байж магадгүй. Чатанд хариулж, пост оруулж, захиалга авч, хүргэлтэнд дамжуулж бас хажуугаар нь видео оруулж, сэтгэгдэлд хариулсаар өдөрт гурван цаг гаруй лав зарцуулдаг шүү. Гэхдээ ажлаа хийгээд, дуртай контент бүтээгчээ үзэхээс бусдаар энэ интернэтийн хязгааргүй орчинд бүр ухаан санаагаа алдахгүй байхыг хичээдэг. Нэг мэдэхэд олон цаг утсаа үзчихдэг тохиолдол байдаг учраас помодоро арга буюу 25 минут ажиллаад таван минут амраадаг сэрүүлэгтэй апп хэрэглэдэг.
-Өсвөр насны уншигчдадаа юуг аминчлан зөвлөх вэ?
-Над руу маш олон хүмүүс ганцхан өсвөр насны амьдрал, өсвөр насны арьс арчилгаа, өсвөр насандаа унших номны талаар асууж бичдэг. Гэтэл өсвөр нас гэдэг чинь хүмүүжил, төлөвшлийн хувьд чухал цаг үе ч гэлээ бүр тийм тусдаа хүмүүс явдаг юм биш шүү дээ. Миний бодлоор битгий хэтэрхий их санаа зовоосой, бүхнийг битгий дэвэргэж бодоосой гэж хүсдэг. Өсвөр насандаа би ч гэсэн их санаа зовдог байсан. Хайр дурлал, үерхэл шохоорхол, мэргэжил сонголт, гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байх гээд асуудал зөндөө байдаг. Тэр бүхнийг тэвчээртэйгээр даваад гараарай. Юу ч тохиолдсон тэр бол хорвоогийн төгсгөл биш байх болно.
-Нууц биш бол 2021 оны төлөвлөгөөгөө дэлгээч.
-Энэ жил шинэ номоо гаргах гэдэг маш чухал ажил байгаа. "A Year To Remember" дээр би юу ч мэдэхгүй, бодохгүй их амар байжээ. Амжилтгүй болсон бол би харамсахгүй, санаа зовохгүй “Анхны ном шүү дээ” гээд мөрөө хавчаад өнгөрч болох байсан. Гэтэл анхны ном маань миний төсөөлснөөс амжилттай байж, тодорхой хүрээний хүмүүст их таалагдсан. Сая 10.000 дахь ном маань зарагдаж дууссан. Тэгэхээр хоёр дахь ном маань тодорхой хүлээлтийг давах шаардлагатай, эхний номыг таалсан хүмүүст бас таалагдах хэрэгтэй. Ийм хүлээлт өөртөө тавьчихаад шаналаад сууж байна. Мөн энэ онд видео контентоо таслалгүй хийх, чадвал хувийн шинэ бизнес эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Та видео контентийнхоо сэдвээ хэрхэн олдог вэ?
-Ихэвчлэн инстаграмаар ирсэн сэтгэгдэл, хувийн чатаар бичсэн санал бодлын дагуу хийдэг. Видео контент бол үзэл бодлоо илэрхийлэх маш сонирхолтой орчин шүү. Youtube дээр видео хийх шийдвэртээ их баяртай байдаг. Би өөрөө видео хийх, бас бусдын хийсэн видеог үзэх их дуртай.
-Яг өнөөдрийн Хуланг тодорхойлооч гэвэл…
-Яг өнөөдрийн Хулан үнэхээр хүсэж мөрөөдсөн амьдралаараа амьдарч байгаа. Би тайван амгалан, санаа зовох яарах зүйлгүй амьдрал мөрөөдсөн. Эд хөрөнгө, өндөр алдар нэр, амбиц ерөөсөө биш. Харин одоо гэртээ, өөрийнхөө цагийн хуваариар, хүссэн сэдвээрээ бичээд, видео хийгээд сууж байгаа минь ёстой л мөрөөдлийн амьдрал. Бас өнөөдрийн Хулан юу хүсэж, юуг хүсэхгүй байгаагаа яг таг мэддэг болсон нь ёстой амар шүү. Бусадтай барьцахгүй, өөрийгөө харьцуулахгүй амьдарч сурах нь их том сэтгэлийн амар амгалан юм байна лээ.
-Арван жилийн дараах Хуланг хэрхэн төсөөлж байна?
-Арван жилийн дараа би 38 настай байх юм. Тэр үедээ ч гэсэн өөрийнхөө сонголтоор, өөрийнхөө цагийн хуваариар амьдарч байхыг хүсэж байна. Мэдээж хүүхэдтэй, гэр бүлтэй болбол энэ эрх дураараа зан маань өөрчлөгдөх байх. Бас энд дурдахад, би заавал эмэгтэй хүн бүр эртхэн гэр бүлтэй болох хэрэгтэй, үр хүүхэд гаргах үүрэгтэй гэж боддоггүй. Болбол тэр биз, болохгүй бол бас тэр биз дээ, аз жаргалтай сэтгэл дүүрэн амьдрах юмсан л гэж боддог. Арван жилийн дараах, 38 настай Хулан ганц бие байсан ч, олон хүүхэдтэй эзэгтэй болсон ч ялгаагүй би тэр цаг хугацааг сэтгэл догдлон хүлээж байна.
Ярилцсан Г.Цэнгүүн
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
china book
od boloh odor irdeg yum baijee. sajhan nasanjargal bagshid hoogdoj yablaaa.
sain hairaa udaa ulzaagui...1 sabah uu
neg bavchii