Б.Сарантуяа: Агай хатныг амиа золиход нь би өөрөө уйлан хайлан үлдсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Монголын Зохиолчдын Эвлэл оны шилдгээ шалгаруулж “Алтан өд” наадмын эздээ тодрууллаа. Үргэлжилсэн үгийн томоохон хэмжээний төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Сарантуяа “Тогосын цөс” романаараа тэргүүн байр эзэлсэн билээ. “Алтан өд”-ийн шинэхэн эзэнтэй халуун сэтгэл хөдлөл, халгисан баяр хөөрийг нь хуваалцаж ярилцлаа6


 

-Юуны өмнө “Алтан өд” наадмын тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэхүү шагналыг хүртэж байх үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Энэ удаад оны шилдэг бүтээл “Алтан өд” шагналыг “Тогосын цөс” романаараа авлаа. Хубилай хааны байгуулсан Юань гүрний төгсгөл үед амьдарч асан Монголын нэн эртний яруу найрагч бүсгүй Агай гүнжийн түүхээс сэдэвлэн бичсэн энэ ном миний хувьд түүхэн сэдвээр бичсэн дөрөв дахь ном юм. Агай гүнжийн тухай дорно дахин, тэр дундаа Хятадын ард түмэн багагүй мэддэг, түүний тухай өгүүлсэн жүжиг дуурь Бээжин, Шанхайн театрт тавигдаж байсан. Нэн эртний яруу найрагч энэ бүсгүйн хайр дурлалын эмгэнэлт түүхийг Ази дорно дахины Ромео Жульетта хэмээн нэрлэдэг.

Гэвч түүний яруу найргийн бүтээлүүд хийгээд, хувь хүн амьдралынх нь түүх Хятадын түүхийн салшгүй нэгэн хэсэг болж өнөөг хүрсэн байдаг. “Тогосын цөс” номыг бичсэн зорилго нь тэрхүү нэн эртний яруу найргийг бүтээгч бүсгүй бол Хубилай хааны удам залгах алтан ургийн монгол бүсгүй байсан гэдгийг харуулахыг зорьсон. Мөн түүний түүхээс сэдэвлэн монгол зохиолчийн үүднээс уран зохиолын ном бичиж хэвлүүлсэн нь монголчуудын төдийлөн сайн мэддэггүй Агай гүнжийн түүхийг Хятадын түүхээс салган авч Монголын түүхтэй холбон, түүнийг монгол хүн байсан гэдгийг баримт нотолгоонд тулгуурлан уран зохиолын аргаар илэрхийлсэнд орших байх гэж бодож байна. Номын тухайд миний өмнөх номуудаас үг хэллэг, дүр дүрслэл, зохиомж драматургийн хувьд өмнөө болсон болов уу гэж боддог. Нэлээн их уянга, халил, дүр дүрслэл, үйл явдлын хурц тод өрнөлийг шигтгэж бичсэн юм.

-Таны уран бүтээлийн гараа хэдэн оноос эхэлж байсан бэ. Хамгийн анх ямар шүлэг бичиж байсан бэ. Гэгээн дурсамжаа эргэн сөхнө үү?

-Миний хувьд МЗЭ-ийн байгууллагын өндөр босгыг алхан орсон минь 30 жилийн тэртээд юм. 1991 онд МЗЭ-ийн хүсэлтээр УБИС-д утга зохиолын ажилтны анги нээгдэж 90-ээд оны залуусыг уран зохиолын чиглэлээр сургаж эхэлсэн анхны анги, анхны төгсөгчдийн нэг нь би юм. Арван жилийн сурагч байхаасаа л шүлэг бичдэг охин байлаа. Хамгийн анхны шүлэг маань эмээдээ зориулж бичсэн шүлэг байдаг юм. Тухайн үеийн “Найргийн даага”, “Болор цом” надмуудад шүлгээ уншаад л гүйж явсан үедээ уран зохиолын чиглэлээр суралцах боломж гарч утга зохиолын мэргэжил эзэмшсэндээ баярлаж явдаг юм. 2004 онд “Сансрын салхи” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлж байснаас хойш “Сорхугтан Хатан”, “Сайн хаан Бат”, “Самар хатан”, “Сэтгэл залгигч хот”, “Тогосын цөс” тэргүүт номуудыг хэвлүүлжээ.

-Яруу найраг, зохиол бүтээл гэдэг ямар мэдрэмжээс төрдөг зүйл гэж боддог вэ. Шүлэг, өгүүллэг төрөх сэрэл мэдрэмж огт өөр байх, тийм үү?

-Аливаа бүтээл төрөх нөхцөл, шалтгаан гэж байдаг санагддаг. Хүн хүний хувьд өөр байдаг байх. Миний хувьд сэтгэл хөдлөл, шаналал, ганцаардал гэх мэт зүйлс шүлэг төрөх шалтгаан болдог. Шүлгийн хувьд ихэнхдээ л тухайн агшны мэдрэмж, гүн сэтгэгдэл байдаг бол хүүрнэл зохиолын хувьд урт удаан хугацааны эрэл хайгуул, шаналал, төвлөрөл, хичээл зүтгэл, онгод гээд олон зүйлээс шалтгаалдаг санагддаг. Юун түрүүн нэг сайхан мөр цээжинд орж ирэхэд түүнээ эвлүүлж ургуулсаар сайхан шүлэг бүтдэг үе бий. Бас тэр сайхан мөрийг юу ч болгож чадалгүй алдах ч үе бий. Хүүрнэл зохиолд бол ондоо. Нэг мөрнөөс илүү нэгэн цул санаа анхлан төрж түүнээ тархиндаа ургуулан явсаар сая ханасан бодол болж биежихэд бичиж эхэлдэг. Шүлэг онгодоор урсаад л өөрөө гардаг бол хүүрнэл зохиол жинхэн зохиолч хүний чадал чансаа, мэдрэмж, авьяас, олж мэдсэн мэдлэг оюун бүхнийг шавхаж дуусгадаг. Зохиол бичээд дуусахад өөрөө ч мөн хоосорсон мэт мэдрэмж төрдөг. Тэр хоосныг дүүргэхэд дахиад л цаг хугацааг зарж, уншиж мэдэж, эрж хайж явсаар хэзээ тэр хоосон дүүрнэ, хэзээ цул санаа нь ханасан бодол болно тэр цагт дараагийн зохиолыг эхлүүлэх жишээтэй. Миний хувьд 2-3 жилд нэг ном бичсэн байна.

-Таныг МҮОНТВ-ийн дэлгэц­нээ “Гэрэлтэй цонх” нэвтрүүл­гээр нүүр дүүрэн инээмсэглэсэн дүр төрхөөр нь хүмүүс их санадаг. Телевизид ажилласан он жилүүд, өөрт хуримтлуулсан  туршлагаасаа хуваалцаач?

-Би телевизийн салбарт 20 гаруй жил ажиллажээ. Телевизийн урлаг бол миний төдийгүй олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдэн татсан хүчтэй салбар юм. Тэр дундаа Монголын ууган телевиз, 50 гаруй жилийн түүхтэй МҮОНТВ хэмээх их айлд багтаж, түүгээр овоглож, айл бүрийн зулын хойморт асах зурагт хэмээх мэдээллийн эрин зууны хүчирхэг хэрэгсэлээр дамжин үзэгч түмэнд хүрдэг телевизийн ажил амаргүй, цаг хугацаа их ордог, хичээл зүтгэл ихэд шаарддаг ажил юм. Энэ салбар ахмад дунд залуу үеийн залгамж холбоон дээр тогтдог. Мөн уран бүтээлч сэтгэлгээ, хийж бүхээхийн халуун хүсэл мөрөөдөл дээр оршдог учраас бусад уран бүтээлийн салбарын адил сэтгэл зүрхийг татна.  Эргээд бодоход телевизээс би маш их зүйлийг сурсан байна. Оюутны ширээнээс телевизийн эфирт шилжсэн энэ шилжилт надад хувь хүний хөгжлийн хувьд ч, мэргэжлийн уран бүтээлчийн хувьд ч, хурд хүчний тухайтад ч маш их зүйлийг зааж сургажээ. Шүлгээс өөр зүйлийг бичиж үзээгүй балчир шахам байхдаа энэ айлын хаалгаар орж, телевизийн зохиол текстэнд нухлуулж явсан нь хожим үг холбон бичих уран чадварт маань нөлөөлж байжээ. Эфирт сууж, цэгцтэй ярьж, бодол санаа, үг үйлдлээ алдаа мадаггүй илэрхийлж сурах бас нэгэн сургуулийг надад заажээ. Мөн орчин цагийн технологийн дэвшлийг ашиглах, ямар ч техник нэвтэрсэн түүнийг сурах гэж чармайх, хэний ч гар харалгүй өөрөө бичсэн текстээ уншиж, дуу дүрсний эвлүүлэг хийж, бодож санаснаа хүнд бүрэн дүүрэн хүргэхийг эрмэлзэх эрдэмд сургажээ. Мөн энэ их айл надад жинхэнэ хамт олон гэж юу байдгийг ойлгуулж, насан туршийн минь найз нөхдийг өгчээ. Тэгэхээр би телевизээс маш их зүйлийг сурсан, бас авсан учраас өртэй гэж сэтгэж явдаг аа.

-Анхны томоохон хэмжээний бүтээлээ бичих хүч оруулсан шалтгаан хийгээд хэдий хуга­цаанд бичиж байсан түүхээсээ хуваалцана уу?

-“Сорхугтани хатан” миний анхны томоохон хэмжээний бүтээл байсан. Бичих болсон шалтгаан нь ч бас л телевизээс эхтэй. Анх Сорхугтани хатны тухай баримтат уран сайхны кино зохиол бичих гэж судалгаа хийгээд бичиж дуусгасан юм. Гэтэл нэг л дутуу санагдаад судалгаагаа үргэлжлүүлээд яваад байсан чинь нэг сайхан тууж биччихмээр санагдаад эхний хорин хэдэн хуудсыг нэг амьсгаагаар бичив. Ойр хавийнхандаа уншууллаа. Урам өглөө. Тэгээд л цааш бичив. Би тэр үед хоёр настай жаахан охинтой, өдөр тутмын нэвтрүүлэгтэй маш их ачаалалтай байж таарсан ч дуртай зүйлээ хийх нь хэнд ч ямар ч шалтаг тоо­чих зай олгодоггүй, харин эсрэгээрээ энэ бүхнийг хурдхан шиг дуусгачихаад би номоо л үргэлжлүүлэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлийг төрүүлдэг юм билээ. Би Сорхугтанийг жаргаж бичсэн гэж боддог. Мэдээж судалгаа, зохиомж, найруулга гээд асуудал бэрх­шээлүүд гарч байсан ч тэр бүх­нийг даваад хагас жилийн хугацаанд л бичээд дуусчихсан байсан..

-“Самар хатан”, “Сорхугтани хатан” зэрэг романууд нь Монголын хүчирхэг эмэгтэй­чүүдийн төлөөлөл болсон, эмэгтэйчүүдийн мөн чанар хатан ухаан, тэвчээр, сайн сайхан бүх зүйлийг товойлгон харуулсан байдаг. “Тогосын цөс” роман нь юугаараа ялгаатай вэ?

-Өмнөх зохиолуудын гол дүрүүд түүхэн хүмүүс. Тийм ч учраас түүхэн үйл явдалтай уягдаж бичигдсэн. Ер нь бол түүхэн зохиол бичихийн төвөгтэй тал нь хөдөлшгүй баримтанд уягдаж бичигддэг. Уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээ, хийсвэрлэл гэх зүйлсийг өргөн ашиглаж болохгүй, хумигдмал орчинд бичигддэг гэсэн үг. Тэр утгаараа хэдийгээр түүхэн түүхэн зохиол өнгөц харахад амархан юм шиг боловч зөвхөн судалгааны ажлыг дурдахаас илүү тэр баригдмал нөхцөлд түүхэн үнэнийг ямар нэгэн байдлаар гуйвуулахгүй зохиол болгож өөрийнхөөрөө задалж бичих нь ёстой л чөмөг дундалсан ажил байдаг. Тэр тусмаа хэн бүхний мэддэг түүхийг бичих, өөрөөр хэлбэл баримт ихтэй түүхээр зохиол бичих нэн төвөгтэй байдаг. Түүний оронд орчин үеийн зохиол бол зохиолчийн баригдмал байдлыг үгүй хийж, чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог гэж боддог. Ер нь бол уран бүтээлч хүн ямар нэгэн байдлаар түүхэн сэдвээр бүтээл хийж үзэх ёстой юм. Тэгж байж л зовлон хийгээд жаргалыг нь мэднэ. Энэ салбар бол уран бүтээлчийн шандсыг сорьдог талбар юм. “Сорхугтани хатан”, “Самар хатан” зэрэг номууд нь дээр өгүүлсэнчлэн түүхэн судалгаа ихтэй, баримт олонтой, хэн бүхний мэддэг түүхийг уран зохиолын аргаар илэрхийлэх нь төвөгтэй байсан. Гэвч түүхэнд “Тэгсэн, ингэсэн” гэж л бичсэн байдгаас “Яагаад” гэдэгт хариулаагүй үлдээсэн байдаг. “Монголын нууц товчоо” гэхэд л олон утгаар тайлж болох үйл явдлын зангилгааг нэг өгүүлбэрт багтаагаад биччихсэн байдаг. Яагаад ийм зүйл болсон юм бол, яагаад ингэж хэлсэн юм бол гэсэн асуулт, түүндээ олох хариулт л үе үеийн түүхчид, эрдэмтэд мөн зохиолчдын эрэл хайгуулын үндэс болсоор ирсэн. Түрүүн өгүүлсэнчлэн миний түүхэн зохиолууд ч ялгаагүй тухайн үеийн түүхэн хүн, түүхэн үйл явдлуудад өөрийнхөөрөө хариулт  өгч гаргалгаа гаргаж бичихийг л зорьсон юм. Харин тэдгээр зохиолоор дамжуулан зохиолчийн өгүүлэн хэлэх гэсэн санаа, өгүүлэмж зохиолын туршид ханхалж, тэр нь уншигчдад хүрч, үүргээ биелүүлж байх учиртай бас нэгэн зорилго бий.  Сорхугтани хатнаар дамжуулан эмэгтэй хүн энэ орчлонд яах гэж ирдэг вэ, эх хүний мөн чанар, үүрэг зорилго нь юу вэ гэсэн асуултыг уншигчдад тавьж, түүндээ зохиолын туршид хариулахыг оролдсон илэрхийлэл маань тодорхой хэмжээнд үүргээ биелүүлж олон уншигчдад хүрсэн байх гэж боддог. Самар хатны хувьд ялгаагүй дээрх зорилгоос гадна монголчууд эв нэгдэлгүй үедээ юунд хүрдэг, хүнд хэцүү цагт айл гэрээс эхлээд төр улсын мөхөл доройтлын үед эмэгтэй хүн хэрхэн ухаан зарж, удам судар хийгээд улс гүрнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан бодит хүний түүхэн жишээн дээр аваачиж тавьсан энэ өгүүлэмж зохиолын турш нэвт ханхалж байгаа учраас мөн л уншигчдад, тэр дундаа охид бүсгүйчүүдэд үүргээ биелүүлэн уншигдаж байгаа гэж хардаг. Харин “Тогосын цөс” номын хувьд  хэдийгээр үнэн ариун хайр дурлалын эмгэнэлт түүхээр билэг тэмдгээ болгон бичсэн ч монголчууд бие биедээ итгэхгүй байснаар, бие биенийхээ эсрэг харж сууснаар, хэрхэн бусдын идэш болж болдог гашуун үнэнийг өгүүлэх гэсэн хэрэг. Мөн эндээс зохиолын туршид нэвт ханхалж байгаа бас нэгэн санаа нь өнөө цагийнханд, тэр дундаа залуучуудад чиглэсэн мэссэж явж байгаа. Миний хувьд өнөөгийн залуучууд үнэн ариун хайр дурлал гэдэг зүйлийн үнэ цэнийг төдийлөн мэдэхгүй байгаад сэтгэл эмзэглэдэг. Ихэнх нь дурлахаас, алдахаас айдаг. Амьдралдаа аз сорьсон ямар нэгэн алхам хийхээс болгоомжилдог, амиа хичээсэн байдал анзаарагдах болсон. Үнэндээ алдаж үзээгүй байж алдаанаас айж, дурлаж үзээгүй байж дурлалаас айж, амьдралдаа зоригтой алхам хийхгүй явсаар дуусна гэдэг харамсалтай. Түүнийг дагаад халуун сэтгэлийн үнэ цэнэ барагдаж байгаа юм. Чухамдаа бол чинхүү үнэн хайр дурлал гэдэг өгөхийн нэр байдаг агаад, хайртай хүнийхээ төлөө буй бүхнээ, тэр бүү хэл амиа өгөхөөс буцахгүйгээр дурлаж чадах сэтгэл, эр зориг, цэгц шийдэмгий байдал өнөө цагийнханд үгүй болж байгаад сэтгэл эмзэглэж, хайр дурлалын үнэнийг өвөг дээдсийн түүхээр нь жишээ барьж бичиж харуулахыг зорьсон бас нэгэн шугам бий.

-Заримдаа зохиолынхоо гол дүртэй зөрчилдөх үе гардаг уу?

-Зөрчилдөх үе байна аа. Хамгийн сүүлд гэхэд Агай хатны анхны хайр Чинтөмөрийг өөрөөс нь холтгохын тулд шивэгчин Мин Уйгаар дур өдөөгч үрлийг дарсанд нь хийн хайрт эрд нь өгч явуулчихаад Агайтай хамт харамсан шаналж байсан. Чинтөмөр тэр үрлийн үйлчлэлээр өөр бүсгүйтэй хамт хонож байгаа юм. Тэр шөнийн турш шаналж, түүнийг өөр бүсгүйтэй байсныг сонсохдоо хүртэл хамт бухимдаж, эцсийн мөчид Агай хатныг хайртай хүнийхээ араас амиа золиход нь өөрөө би уйлан хайлан үлдсэн. Ямар сайндаа л гол дүр минь үгүй болчихоод байхад зохиолоо дуусгамааргүй санагдаж, араас нь үл харагдахын тэртээд очоод үйл явдлыг нь үргэлжлүүлмээр санагдан шаналж байсан.

-Бичлэгийн хувьд түүхэн сэдвээс өөр төрөлд ямар ямар бүтээл сойж байна вэ?

-Би хотын романууд  гэж цуврал эхлээд “Сэтгэл залгигч хот” гэж орчин үеийн сэдэвтэй ном бичсэн. Энэ номонд хөгжим дэвшил гэдэг зүйл олон мянган жилийн туршид нүүдэллэн амьдарсан монголчуудын язгуур сэтгэлгээг хэрхэн өөрчилж байгаа тухай өгүүлдэг юм. Үргэлжлүүлэн “Эм хүйсэн”, “Хуруу шилний хүүхдүүд” гэж цуврал бичих төлөвлөгөөтэй байна. Ер нь орчин үеийн сэдэвтэй зохиол бичих их амар байдаг. Чөлөөтэй сэтгэж хаашаа л бол хаашаа эргүүлж, зохиомжилж болдог давуу талтай.

-Та өөрийнхөө бүтээлийг өөрөө уншиж сонсдог хэлбэрээр гаргадаг давуу талтай. Энэ талаараа яривал?

-Сонсдог ном гэдэг бол технологийн дэвшил л дээ. Бараг ном уншдаггүй, унших зав чөлөөгүй хүмүүсийг номонд татан оруулах, дурлуулах, номын садан болгох давуу талыг агуулж байдаг. Миний хувьд мөнөөх л телевизээс сурсан минь “Царцаа Намжил”-ын үлгэр шиг хэрэг болоод л явж байгаа юм. Өөрийнхөө бичсэн зүйлийг өөрөө уншиж бусдад хүргэхэд давуу тал байдаг гэж боддог. Зохиолоо мэдэрч уншиж чаддаг гэж хэлж бас болох юм. Хаана ямар сэтгэлээр, ямар байлаар хэрхэн унших, аль хэсэгт өргөлт өгч, аль хэсэгт бодлогошруулж, аль хэсэгт хүүрнэж, хаана зүгээр л шивнэх вэ гэдгээ мэдэрч чаддаг учраас л өөрөө уншдаг юм. Тэрнээс биш надаас сайн уншдаг зөндөө олон хүмүүс байна. Тэднээс дамжуулж хүргэж болно л доо. Одоогоор өөрөө л уншаад байна. Бас би өөрөө ингэж унших дуртай юм аа. Энэ бас миний хобби гэж хэлж болно.

-Оюуны хулгай гэдэг зүйл газар авсан. Энэ тал дээр дорвитой ямар ажлууд хиймээр санагддаг вэ?

-Одоогийн байдлаар ар, өвөр Монголгүй л оюуны хулгай газар аваад байна. Олон зохиолчдын олон бүтээлүүд цахимаар тарж, хулгайгаар хэвлэгдэн хөдөө орон нутагт борлуулагдаж байна. Миний номууд ч ялгаагүй ийм замаар орж, араас нь явсаар л байна. Гэхдээ энэ бүхэн цаг хугацааны л үйл явдал гэж хардаг. Оюуны хулгай гэдэг зүйлийг цэгцлэхийн тулд зохиолчид хэвлэн нийтлэгчид нэгдэх хэрэгтэй юм. Удахгүй дорвитой арга хэмжээнүүд авааД эхлэх байх гэж бодож байна.

-Таныг хамгийн их чилээж, дуншиж төрсөн ямар бүтээл байдаг вэ?

-Миний хувьд “Сайн хаан Бат” романыг хоёр жил гаран огт өөр зүйл бодох сөхөөгүй бичсэн. Маш их уншсан. Маш их шаналсан. Эмэгтэй хүний өнцгөөс эрэгтэй хүний дүр гаргах хэцүү байсан. Тэр дундаа орос европыг байлдан дагуулж явсан хүчирхэн Батхааны тухай, түүний мөн чанар, дотоод сэтгэхүй, үй олон дайн тулааныг бичих, тэдгээр түүхэн баримтуудаас гаргалгаа ургуулан зохиолоо өрнүүлэх нь амаргүй байсан. Зарим үед больё гэж бодож байсан удаа олон. Гэхдээ л бичсэн. Хүмүүс өөр өөрийнхөөрөө л үнэлж дүгнэдэг. Чи эмэгтэй хүн болохоор гол дүрээ арай л зөөлөн болгож бичсэн гэж хэлэх нь байх ч, чи баримтаас ургуулж, зохиомол дүрүүдийг гаргаж, дүр дүрслэл, үйл явдлыг тодруулж бичсэн гэж хэлэх нь ч байдаг. Ямар ч гэсэн Батхаан бол миний шандсыг сорьсон ном болсон гэж боддог.

-Оюуны үнэлэмж гэдэг зүй­лийг их ярьдаг болж, ярайсан их уншигчтай байх,  эсвэл цөө­хөн часхийсэн уншигчтай байх хоё­рын ялгааг та юу гэж хардаг вэ?

-Энэ бол хүн хүний л өөр өөрийн өнцөг байх гэж боддог. Миний хувьд нэгэнт эхэлчихсэн. Би байгаа бүхнээ хумиад цөөхөн уншигчийг сонгон тэдэндээ зориулж бичнэ гэдэг шийдвэрт хүрэхэд хэтэрхий оройтсон. Тэгээд ч намайг орчин үеийн сэдэвтэй зохиолоос илүү түүхэн зохиол бичихийг хүсдэг уншигчидтай, төдийгөөс өдий хүртэл уншсаар ирсэн хүмүүсээ ялгаж, чи бол миний шалгуур биш гэж хумина гэдэг хэтэрхий харгис бас амиа бодсон хэрэг болно. Манай зохиолчид янз бүр л байх. Хэдийгээр цөөн уншигчтай байна гэж өөрийгөө тодорхойлсон зохиолч ч номыг нь олон хүн уншаад ирэхээр тэдэн рүү чиглэсэн зохиол бүтээл ар араас нь хэвлүүлээд л эхэлдэг шүү дээ. Хэрвээ уншигчдаа ялгаварлаж хумиж байгаа л бол зөвхөн тэдэндээ л зориулж бичих хэрэгтэй. Гэхдээ энэ үзэл бодол дээрээ зогсдог хүн ховор. Хэрвээ тэгж зогсож чадаж байгаа хүн байвал тэр магад жинхэнэ уран бүтээлч.

-Монголын Зохиолчдын Эвлэл хэмээх байгууллагын өнөөгийн байдал болон хэтийн төлөвийг бодлогын түвшинд хэрхэн үнэлж дүгнэж явдаг вэ?

-МЗЭ-ийн байгууллага бол үе үеийн зохиолчдын гэр орон, эвлэн нийлэх шалтгаан гэж би боддог. Энэ байгууллага түүхийн туршид үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Өнөө ч гүйцэтгэж байгаа. Нийгмийн байдал ямар байгаагаас шалтгаалан Зохиолчдын Эвлэлийн байгууллага ч өгсөж уруудаж яваа. Өнөөдөр энэ байгууллагын байшингийн өнгө, хуучин дүр төрхөөр тэнд харьяалагддаг 800 гаруй хүний үйл хэргийг яаран дүгнэж болохгүй. Ерөөс энэ байгууллага ийм төрхтэй хэвээр байсан ч үүргээ гүйцэтгэсээр л явна. Их, бага ямар нэгэн хэмжээ­гээр уран зохиолын салбартаа олон зуун зохиолчдын эвлэн нэгдэх бүтээлийн нэгдэл болсоор л байна. Байгууллага нь шилэн байшинтай болсноор уран зохиол сайжирна гэж байхгүй л дээ. Аливаа юм мөн чанартаа л байдаг. Үе үеийн зохиолчид эвлэлээ залгамжлаад л авч явна. Цаашдаа ч байшин өөрлөгдөж болох ч уран зохиол, үзэл санаа, онол, тэндээс төрөн гарч байгаа бүтээлүүд хэвээр л байх болно гэж боддог.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (66.181.161.114) 2021 оны 01 сарын 30

Надад энэ хүний Сорхугтани хатан роман таалагдаагүй.тэгээд бусдыг нь уншаагүй. Харин үнэндээ л тас нэг эмэгтэй зохиолч байдаг радиогийн.ярилцлага авая гэж хэд хэдэн удаа хандсан. би ярилцлага өгөх хүн бишээ гээд зөвшөөрөөгүй.телевизээр л лав үгүй гэсэн. олоод ярилцлага авах гээд оролдоод үзээрэй.нэрийг нь хэлвэл энэ муухай атаархуу хүмүүс тэр даруухан өрөвдмөөр хүнийг таслаад хаячих байхаа айж байна. тэр эгч нэг өдөр ил гарч ирээсэй. туужууд нь үнэндээ л уйлмаар дуулмаар бас үхмээр амьдармаар шүү. та бол арай л муухай бичдэг шүү.\n

0  |  0
zochin(202.179.26.171) 2021 оны 01 сарын 29

dajgui mundag jujigchin schuu amjilt chusei

0  |  0
zochin(66.181.186.87) 2021 оны 01 сарын 29

FICTION

0  |  0
лаг шүү чи(59.153.87.6) 2021 оны 01 сарын 30

ХАРИН НАДАД ЗОХИОЛУУД ЧИНЬ ТААЛАГДСАН ШҮҮ. НОМЫГ ЧИНЬ ХУДАЛДАН АВЧ УНШСАН, ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ БАЙСАН, МУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЭГ БОЛ ЗОХИОЛЧИД , НЭГ БОЛ ЧИНИЙ ТАНЬДАГ МЭДДЭГ ХҮҮХНҮҮД Л АТААРХСАНДАА МУУЛЖ БАЙГАА БАЙХ, АМЖИЛТ БҮСГҮЙ МИНЬ

1  |  0
сүрэн(103.140.10.201) 2021 оны 01 сарын 29

мундаг байна.амжилт

0  |  0
зочин(202.179.25.179) 2021 оны 01 сарын 29

Түүхэн романуудыг нь уншсан, түүхийн судалгаа хийгээгүй, мнт дээр бичигдсэн, 10 жилийн түүхийн багш, у.з -ын багш нарын мэддэг зүйлс л бичигдсэн байна гэж бодогдсон

0  |  0
Болдоо(202.126.88.184) 2021 оны 01 сарын 29

Юань гүрний үеийн яруу найрагч Нэн эртний үед орох уу зохиолчоо

0  |  0
Top