ОУВС: Өрийн хэмжээ нь хэт өссөн улс орнуудад анхаарал тавих хэрэгтэй

2021 оны 01 сарын 28

ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх төсөөллөө сүүлийн байдлаар  шинэчлэн танилцуулахдаа цар тахлын эсрэг хэд хэдэн вакцин зөвшөөрлөө авч байгаа нь найдвар төрүүлж буй ч вирусний шинэ давалгаа, шинэ төрлүүд түгшүүр төрүүлж буйг онцолжээ.

Дэлхийн эдийн засаг 2021 онд 5.5 хувь, 2022 онд 4.2 хувиар өснө гэж таамаглажээ.  2021 оны урьдчилсан таамаглалыг өнгөрсөн аравдугаар сарын таамаглалтай харьцуулахад 0.3 пунктээр өсжээ. Энэ нь коронавирусний эсрэг вакцины үр нөлөө  оны сүүлээр бодит эдийн засагт нөлөөллөө үзүүлэх байх гэсэн хүлээлттэй холбоотой аж. Харин 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн бууралтыг -3.5 хувь гэж тооцоолсон  нь өмнөх таамаглалаас 0.9 пунктээр илүү байна.

Цар тахлын эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эмчилгээний үр дүнгээс хамааран эдийн засгийн өсөлтийн тооцоолол улс орон бүрт мэдээж өөр байгаа. АНУ-ын эдийн засгийг энэ онд 5.1 хувь, Европын Холбооных  4.2 хувь, Хятадын эдийн засаг  8.3 хувь өснө гэж таамаглажээ.

Цар тахлыг хяналтад байлгахын тулд улс орнуудын олон талт хүчтэй хамтын ажиллагаа шаардлагатай байна. Вакцинд улс орнуудыг тэгш хамруулах, COVAX-ийн  санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмчилгээний хэрэгслийг хүн бүрт хямд үнээр хүртээмжтэй хүргэхэд анхаарах хэрэгтэй. 

Улс орнууд ялангуяа бага орлоготой, хөгжиж буй эдийн засагтай орнууд цар тахлын улмаас өрийн хэмжээ нь өндөр хувиар нэмэгдэж байна. Уг асуудалд дэлхийн хамтын нийгэмлэг анхаарч, нягт хамтран ажиллах шаардлагатай. Өрийн асуудал улс орны тогтвортой байдалд эрсдэл учруулсан тохиолдолд өрийн бүтцэд өөрчлөлт хийхэд анхаарах ёстой гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top